Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02564

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02564

 

 

Эфремгэйт констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/03461 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эфремгэйт констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3108 дугаар шийдвэрээр Эфремгейт констракшн ХХК-иас 60 457 950 төгрөгийг гаргуулж Карьер ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг явуулахаар болж тухайн орон сууцны үнэлгээг 69 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас илт доогуур байгаа бөгөөд манай байгууллагын өмчийг үнэгүйдүүлсэн бодит бус үнэлгээ болсон байна. Шинжээч 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексээр хөрөнгийн үнэлгээг бодож гаргасан байна. Объектын бодит үнэ цэнэ өртгийг 69 200 000 төгрөгөөр бодсон нь тухайн обьектыг хэт үнэгүйдүүлсэн байх бөгөөд зах зээлийн өртөгийн үнэд ашиглалтанд орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг нөлөөлдөг байхад энэ байдлыг огт тооцоолоогүй байна. Дээрх үнэлгээг хийсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн бусад орон сууцны барилгуудад хийсэн үнэлгээний байдлыг  www.unegui.mn  сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 м.кв сууцны талбайд ногдох үнэ 1 784 900 төгрөг байна. Энэхүү үнийг 43,12 м.кв-аар бодвол 76 964 888 төгрөг болж байна. Дээрх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хамгийн бага ханшаар бодогдсон байхад доод үнэнд хүрэхгүй байна гэдэг нь хэтэрхий бодит бус үнэлгээ болсон нь харагдаж байна. Хуучин орон сууцны 1 м.кв-ын дундаж үнийг тодорхойлсон Мастер пропертис ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн худалдааны гаргасан судалгаагаар Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байршилтай 2 өрөө байрны 1 м.кв-ын үнэ 2 100 000 төгрөг байна, үүнийг 43.12 м.кв-аар бодоход 90 552 000 төгрөг болж байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй харьцуулахад даруй 21 000 000 гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь манай байгууллагын өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөөд байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3108 дугаар шийдвэрээр Эфремгейт констракшн ХХК-иас 45 457 900 төгрөгийг гаргуулж Карьер ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Эфремгейт констракшн ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө тодруулах зорилгоор холбогдох газруудад албан бичгээр хандахад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80А байр, 158 тоот хаягтай 43.12 м.кв талбайтай орон сууц тогтоогдсон. Дээрх үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, хурааж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал 129 360 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Карьер ХХК зөвшөөрөхгүй, дээрх хөрөнгөнд шинжээч томилуулж, албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцоогүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл болон 37 дугаар зүйлийг тус тус үндэслэн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон. Шинжээч дээрх хөрөнгийг 69 200 000 төгрөгөөр үнэлэн, тайлангийн хамтаар ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нөлөөлөх боломжгүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байна. Шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 48 440 000 төгрөгөөр тогтоосон тухай тус албаны 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 3/19994 дүгээр албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Эфремгейт констракшн ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг давж заалдах гомдолдоо:

... Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг буруу ойлгосон, шинжээчээр ажилласан "Мөнх-Оргил трейд" ХХК-ийн орон сууцны барилгуудад үнэлгээ хийсэн байдлыг илэрхийлсэн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгч байгууллагын өмчийг үнэгүйдүүлж, зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанитай харьцуулсан байдлыг анхаарч үнэлээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ямар үндэслэлээр "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг сонгосон, хөрөнгөд үнэлгээ хийлгэх компанийг ямар журмаар сонгодог тухай тайлбарлаагүй, түүнийгээ нотолж чадаагүй. Хэдийгээр хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нөлөөлөх боломжгүй ч хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах журам стандарт, хөрөнгийн үнэлгээ хийх байгууллагыг сонгох, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, үнэн зөв гаргах зэрэг ажиллагааг зохион байгуулах үүрэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан болохоо хангалттай нотолж чадаагүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг судалж, түүнд дүн шинжилгээ хийгээгүй байж, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэн зөв гаргасныг баталж чадаагүй, тухайн компанийг Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан үнэлгээ хийсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Эфремгэйт констракшн ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Мөнх-Оргил тоейд ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодит бусаар хэт багаар үнэлж, манай байгууллагын өмчийг үнэгүйдүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3108 дугаар шүүгчийн захирамжаар Эфремгэйт констракшн ХХК-иас 60 000 000 төгрөг гаргуулж Карьер ХХК-д  олгож шийдвэрлэсэн ба  уг  захирамжийн дагуу 2016  оны 1 дүгээр сарын 11-ний өдөр  273 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  үүсгэн,  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Эфремгэйт констракшн ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80А байрны 158 тоотод байрлах 43,12 м.кв талбай бүхий орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15/03 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04/27 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 32-35, 61-64 тал/

 

Төлбөр төлөгч Эфремгэйт констракшн ХХК нь барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80А байрны 158 тоотод байрлах 43,12 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 3 000 000 төгрөг, нийт 129 360 000 төгрөгөөр, төлбөр авагч Карьер ХХК нь 1 м.кв-ыг 900 000 төгрөг, нийт 38 808 000 төгрөгөөр тус тус үнэлж, саналаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна. /хх-ийн 78, 82/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээний үнийн талаар тохиролцоогүй гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг эд хөрөнгийн үнэлгээг 69 200 000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэн заалттай нийцжээ. /хх-ийн 84-92 тал/

 

Барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 80А байрны 158 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарын төлөөлөгч нарт танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 94 тал/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хуульд заасан хугацааны дотор төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 3/19994 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Эфремгэйт констракшн ХХК-д барьцааны хөрөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 69 200 000  төгрөгийн 70 хувиар тооцон  48 440 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг мэдэгджээ. /хх-ийн 95 тал/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр анхны дуудлага худалдааны үнийг хүчингүй болгуулах агуулга бүхий тайлбар гаргасан байх тул анхан шатны шүүх анхны дуудлага худалдааны үнэлгээ хүчинтэй эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгснийг буруу гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл буюу үнэлгээ тогтоолгохтой холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/03461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО