Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00036

 

С.Бийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Булгантамир, хариуцагчийн өмгөөлөгч Р.Жавзандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.М нь С.Бээс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 140 000 000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд .... 114.5 м.кв талбайтай 4 өрөө Б.Мын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Мын төрсөн дүү Б.М01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 10 хоногийн хугацаатай зээлсэн. Б.М нь дээрх 140 000 000 төгрөгөөс Б.Мын төлөх 50 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг нийт 54 000 000 төгрөгийг суутгуулж төлье гэсэн хүсэлт гаргасан тул 86 000 000 төгрөгийг Голомт банк дахь данс руу шилжүүлж Б.М 140 000 000 төгрөгийг хүлээн авсан, Б.М 54 000 000 төгрөг төлсөн баримт үйлдэж баталгаажуулсан.

 

Б.М нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн хүүгийн төлбөрт 5 091 840 төгрөг төлсөн. Үүнээс хойш 1 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 4 500 000 төгрөг зэргээр зээлийн хүүгийн төлөлтүүдийг хийж байгаад сүүлийн 3, 4 жил огт зээлийн төлөлтийг хийгээгүй. С.Б Б.Мыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан.

 

Талууд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг харилцан тохиролцон 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл сунгаж, гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч нь төлөх хуваариа зөрчсөн тохиолдолд дараа сарын хүүг 4.6 хувиар тооцохоор заасан боловч хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан хүүг 3.6 хувиар тооцсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасны дагуу Б.Маас үндсэн зээл 140 000 000 төгрөг, хүү 89 733 493 төгрөг, алданги 114 844 746 төгрөг нийт 344 600 239 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн өмчлөлийн ... 114.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мын тайлбарт: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.Бтэй анх уулзсан. Манай дүү Б.М С.Бээс 50 000 000 төгрөгийг барьцаагүйгээр, 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлсэн байсан. Гэтэл С.Б нь Б.Мд зээлсэн 50 000 000 төгрөгөө 62 000 000 төгрөг болгож авна гэж байрны ордерыг нь авсан. Тус өдөр би С.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 140 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож миний Голомт банкны данс руу 86 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 54 000 000 төгрөгийг асуухад удахгүй учрыг нь олно гэсэн. Сарын дараа дахин асуухад танай дүү өмнө нь надаас 54 000 000 төгрөг авсан, бид хоорондоо яриад тохирчихсон тул зээлийн хүүг нь төл гэсэн. Би С.Бт үндсэн зээлээс хасуулахаар 5 091 840 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.М54 000 000 төгрөгийнхөө асуудлыг шийдсэн тохиолдолд зээлээ төлнө гэдэг шаардлагыг тавьхад С.Б 54 000 000 төгрөгийг чи аваагүй учраас хүү, алданги авахгүй, харин 86 000 000 төгрөгөө төл гэсэн бичгийг хэд хэдэн удаа хийж өгсөн. 86 000 000 төгрөгийг төлөхдөө тодорхой хэмжээний хүүг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5 091 840 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны 500 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг нийт 20 091 840 төгрөгийг С.Бт төлсөн.

 

Үүнээс хойш мөнгө төлөх боломжгүй болсон тул өөрийн төрсөн дүү Б.Өын 88 000 000 төгрөгийн үнэтэй .... 64.41 метр квадрат 3 өрөө орон сууцыг 79 000 000 төгрөгт тооцож С.Бийн нэр дээр шилжүүлсэн. Миний бие үндсэн зээл болох 86 000 000 төгрөгөөс 23 023 540 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бусад төлбөрийг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ......... 180 906 240 /нэг зуун наян сая есөн зуун зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулж ................. олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 163 699 999 /нэг зуун жаран гурван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.М нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ........... 30 тоот 4 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 880 952 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 1 062 481 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Шүүх зээлийн гэрээний хугацаа сунгасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Б.М 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.Бтэй 140 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч бодит нөхцөлд 86 000 000 төгрөгийг зээлүүлсэн. С.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 54 000 000 төгрөгийг Б.Мд шилжүүлээгүй тул талуудын дунд маргаан үүсч, зээлийн гэрээг цуцлах санал гаргасан боловч талууд харилцан тохиролцолд хүрээгүй тул зээлийн гэрээний 6.1.1-д заасан үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн үндэслэлээр цуцалсан. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан талаар уулзаж ярилцан талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг байгуулаагүйд тооцож, хүү алданги авахгүй, үндсэн зээлүүлсэн 86 000 000 төгрөгийг буцаан өгч, барьцааны байраа суллан авахаар харилцан тохиролцсон байдаг.

 

Түүнчлэн уг зээлийн гэрээний 5.7-д заасан хүсэлт гаргаагүй. С.Б нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Мыг дуудан төлөлт төлсөн болохыг танилцуулж, гарын үсэг зуруулсан болохоос зээлийн гэрээг сунгаагүй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгаж болно. Харин зээлийн гэрээний хугацаа дуусч гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээг нөхөж хийх хуулийн зохицуулалт байхгүй байтал шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 72 дугаар зүйлийн 72.7, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтуудыг дурдан, зээлийг гэрээг хугацаа дууссан хэдий ч гэрээг нөхөн байгуулж болох байдлаар үзэж, гэрээнд заасан үндэслэлээр 2 жил 1 сар өнгөрсөн байхад гэрээг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлээр дахин эхлүүлсэн буюу сунгасан байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийж, дээрх хуулийн зүйл заалтуудыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Б.Маас зээлийн төлбөрт тооцож С.Бт шилжүүлсэн Б.Өын байрыг зээлийн төлбөрт тооцолгүй хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй уг хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

 

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтэд нэхэмжлэгч талд үйлчилж хэрэгт хамааралгүй баримт болох .......... ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч талаас шаардаж гаргуулан авч, хэрэгт хавсаргаж, түүнийгээ үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Б.Мын дүү Б.М нь ............ ХХК-аас зээл авч, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг үүссэн, түүнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16986 дугаар, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №6242 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16986 дугаар захирамжаар 75 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6242 дугаар захирамжаар /Б.Ө байраа С.Бт шилжүүлснээс хойш/ 47 000 000 төгрөгийг график гарган хуваан төлөхөөр тохиролцсон, тохиролцсоны дагуу дээрх зээлүүдээ төлж байгаа тухай гэрч Б.М шүүх хуралдаанд хэлсэн. Мөн хэрэгт авагдсан .......... ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2018/61 тоот/ шүүхийн шийдвэрт тооцоо нийссэн акт гэх албан бичигт хууран мэхэлж, төөрөгдүүлэн гарын үсэг зуруулсан тухай мэдүүлсэн байдаг. Б.Ө шүүх хуралдаанд гэрчээр оролцож, Б.М эгч зээлийн төлбөрийг маань төлөөд өгөөч, байраа алдах гээд байна гэж надтай уулзсаны дагуу байраа Б.Мын зээлийг төлөхөөр шилжүүлсэн, ингээд Б.Мын нэр дээр байрыг шилжүүлээд дараа нь Б.Маас С.Бийн нэр дээр шилжүүлэх гэж байсан боловч хугацаа алдах гээд байсан. Б.Мтай худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан /хэрэгт авагдсан/ гэж мэдүүлэг өгсөн. Б.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр С.Бт мөнгө хүлээлцэх баримтаар үйлдэж, шилжүүлсэн. Старкредит ББСБ ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2018/61 тоот албан бичгийг Б.Ө, Ц.Мнарт танилцуулаагүй, өөр хүнээр гарын үсэг зуруулж, тооцоо нийлсэн мэтээр бичиж, хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Гэвч шүүх хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар үнэлэлгүй, хэрэгт хамааралгүй шүүгчийн захирамжуудыг үнэлж, орон сууцыг шүүгчийн захирамжтай хэргийн төлбөрт тооцсон байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16986 дугаар захирамжид заасан 75 000 000 төгрөгийн төлбөрөө графикийн дагуу төлөөд явж байсан. Б.Ө нь С.Бт орон сууцаа шилжүүлэх үед 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Мд 79 000 000 төгрөгийн үүрэг үүсээгүй байсан бөгөөд байр шилжүүлснээс хойш буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6242 дугаар захирамжаар 47 000 000 төгрөгийг графикийн дагуу төлүүлэхээр эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байтал үүсээгүй өрийг урьдчилж төлсөн байхаар тайлбарлаж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тооцооллыг буруу гаргасан. Энэ нь үндсэн зээл 86 000 000 төгрөг+3 096 000 төгрөг /эхний сарын хүү 3,6 хувь/+1 290 000 төгрөг /3 хоногийн алданги/=90 386 000-5 091 840 /2015 оны 05 сарын 12-ны өдөр төлсөн/=85 294 160+3 070 590 /2015 оны 05 сарын 09-өөс 2015 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэлх хүү/+3 070 590 /2015 оны 06 сарын 9-ий өдрөөс 2015 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хүү/+ 12 794 100 /2015 оны 06 сарын 09-өөс 2015 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх алданги/=104 229 440-15 000 000 = 89 229 440-79 000 000 /Б.Өын байр өгсөн/ 10 229 440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл шүүгч шийдвэр гаргахдаа эхний сарын хүүг үндсэн зээлийн төлөлтийн хамт 5 091 840 төгрөг төлсөн байхад хүүг хасч үндсэн зээлээс хасалгүй тооцож, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасны дагуу Б.Маас гаргуулж С.Бт олгохоор шийдвэрлэсэн 180 906 240 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 10 229 440 төгрөгийг хасч үлдэх 170 676 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 140 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ......... 4 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулсан байна./хх4-5/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх талаар маргажээ. /хх1,30-31/

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 46 000 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 86 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мын Голомт банк ХХК-ийн ........ тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны орлогын баримт болон талуудын тайлбараар тогтоогддог. /хх1,8,60/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 86 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас уг мөнгөн хөрөнгийн хэмжээнд үүргийг тодорхойлох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байхад 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл гэх баримт үйлдэж гэрээний хугацааг сунгасан нь хуульд нийцээгүй. Шүүх дээрх баримтыг үндэслэж гэрээний хугацааг сунгасан гэж дүгнээд энэ хугацааны хүүг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь буруу.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх боловч Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна, 72.7 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан тул хугацааны хувьд дуусгавар болсон гэрээнд сунгах тухай ойлголт байхгүй.

 

 

 

Иймээс зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, энэ хугацаанд хариуцагч үндсэн зээл 86 000 000 төгрөг, зээлийн хүү /3 096 000*5/=15 480 000 төгрөг, нийт 101 480 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас хариуцагчийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5 091 840 төгрөг /3 хоногийн алдангийн хамт/, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500 00 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, нийт 20 091 840 төгрөг төлснийг хасч, үлдэх 81 388 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /хх54/

 

Зохигчид зээлийн гэрээний 2.1.8-д зээл төлөх хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 81 388 160 төгрөгийн 50 хувь буюу 40 694 080 төгрөг гэж тооцон, хариуцагчийн хүлээх нийт үүргийг 122 082 240 төгрөг гэж тогтоох үндэслэлтэй байна.

 

Талууд хүүтэй зээл олгохоор тохиролцсон, мөн анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлах үндэслэлтэй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээ, тооцооллын болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Маас 122 082 240 төгрөг гаргуулж С.Бт олгож, үлдэх 222 517 998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцуулсугай гэснийг даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 647 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ