Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00641

 

   С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

С ийн нэхэмжлэлтэй,

Б д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 344,600,239.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Булгантамир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболор, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Б  нь С ээс 2015 оны 04 сарын 09-ний өдөр 140,000,000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельс гудамж, Алтай хотхон, 27-р байрны 30 тоот 114.5 м.кв талбайтай 4 өрөө Б ын өмчлөлийн орон сууцыг  барьцаалсан. 2015 оны 03 сарын 10-ны өдөр Б ын төрсөн дүү Б.Мөнх-Оргилтой 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 10 хоногийн хугацаатай зээлсэн. Б  нь дээрх 140,000,000 төгрөгөөс Б.Мөнх-Оргилын төлөх 50,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг нийт 54,000,000 төгрөгийг суутгуулж төлье гэсэн хүсэлт гаргасан тул 86,000,000 төгрөгийг Голомт банк дахь данс руу шилжүүлж Б  140,000,000 төгрөгийг хүлээн авсан. Б.Мөнх-Оргил 54,000,000 төгрөг төлсөн баримт үйлдэж баталгаажуулсан. Б  нь 2015 оны 04 сарын 09-ний өдрөөс 2015 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн хүүгийн төлбөрт 5,091,840 төгрөг төлсөн. Үүнээс хойш 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг зэргээр зээлийн хүүгийн төлөлтүүдийг хийж байгаад сүүлийн 3, 4 жил огт зээлийн төлөлтийг хийгээгүй. С  Б ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан. Талууд 2017 оны 08 сарын 14-ний өдөр зээлийн гэрээг харилцан тохиролцон 2015 оны 09 сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл сунгаж, гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч нь төлөх хуваариа зөрчсөн тохиолдолд дараа сарын хүүг 4.6 хувиар тооцохоор заасан боловч хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан хүүг 3.6 хувиар тооцсон. Гэрээний 3.2.4-т заасны дагуу Б аас  үндсэн  зээл  140,000,000.00  төгрөг, хүү 89,733,493.00 төгрөг, алданги 114,844,746.00 төгрөг нийт 344,600,239.00 төгрөгийг нэхэмжилж байна.  Хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельс гудамж,  Алтай хотхон, 27 дугаар байр, 30 тоот хаягт байршилтай 114.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 04 сарын 09-ний өдөр С тэй анх уулзсан. Манай дүү Б.Мөнх-Оргил С ээс 50,000,000 төгрөгийг барьцаагүйгээр, 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлсэн байсан. Гэтэл С  нь Б.Мөнх-Оргилд зээлсэн 50,000,000 төгрөгөө 62,000,000 төгрөг болгож авна гэж байрны ордерыг нь авсан. Тус өдөр би С тэй зээлийн гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож миний Голомт банкны данс руу 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 54,000,000 төгрөгийг асуухад удахгүй учрыг нь олно гэсэн. Сарын дараа дахин асуухад танай дүү өмнө нь надаас 54,000,000 төгрөг авсан, бид хоорондоо яриад тохирчихсон тул зээлийн хүүг нь төл гэсэн. Би С т үндсэн зээлээс хасуулахаар 5,091,840 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Мөнх-Оргилтой 54,000,000 төгрөгийнхөө асуудлыг шийдсэн тохиолдолд зээлээ төлнө гэдэг шаардлагыг тавихад С  54,000,000 төгрөгийг чи аваагүй учраас хүү, алданги авахгүй, харин 86,000,000 төгрөгөө төл гэсэн бичгийг хэд хэдэн удаа хийж өгсөн. 86,000,000 төгрөгийг төлөхдөө тодорхой хэмжээний хүүг төлсөн. 2015 оны 05 сарын 12-ны өдөр 5,091,840 төгрөг, 2016 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 10 сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 11 сарын 18-ны өдөр 4,500,000 төгрөг, 2016 оны 12 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-ны 500,000 төгрөг, 2017 оны 06 сарын 06-ны 500,000 төгрөг, 2017 оны 07 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг нийт 20,091,840 төгрөгийг С т төлсөн. Үүнээс хойш мөнгө төлөх боломжгүй болсон тул өөрийн төрсөн дүү Б.Өнөрбаярын 88,000,000 төгрөгийн үнэтэй Баянзүрх дүүргийн Хоршоолол хотхон 65/4-р байрны 41 тоотод байрлах 64.41 метр квадрат 3 өрөө орон сууцыг 79,000,000 төгрөгт тооцож С ийн нэр дээр шилжүүлсэн. Миний бие үндсэн зээл болох 86,000,000.00 төгрөгөөс 23,023,540.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бусад төлбөрийг төлсөн гэжээ.                                               

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Батсайханы Мөнхцацралаас 180,906,240 төгрөг гаргуулж Сандагийн Баярцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 163,699,999 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б  нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 27-р байрны 30 тоот 4 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,880,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аас 1,062,481 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б аас 122,082,240 төгрөг гаргуулж С т олгож, үлдэх 222,517,998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцуулсугай” гэснийг “даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.26-ны өдрийн 36 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх боловч Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна. 72.7 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан тул хугацааны хувьд дуусгавар болсон гэрээнд сунгах тухай ойлголт байхгүй. Иймээс зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн” нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 222.4 дэх хэсэг хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, мөн зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж заасан. Талууд гэрээний сунгалтыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж, бичгээр хэлцлийг хийсэн. Уг хэлцэлдээ зээлдэгчийн гүйцэтгэх үүргийг өөрөөр заасан буюу гүйцэтгэх үүргийн хамрах хугацааг, түүнд тооцогдох үг тодорхой зааж, түүнийгээ сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож баталгаажуулсан гарын үсэг зурсан. Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтын хэлцэлд өөрөөр заагаагүй бол гэсэн гол нөхцөлийг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, 3.5-д Энэхүү гэрээнд заасан зээлийн хүү, алданги, зээлдүүлэгчид гарсан зардал ба учирсан хохирол нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлт дуусгавар болох өдөр хүртэлх хоногоор тооцогдоно, 5.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, алдангийг үндсэн зээл хүүн дээр нэмж төлөх үүрэгтэй ба зээлдүүлэгч учирсан хохирол, зардлын хамт нэмж төлнө, 5.5-д Гэрээний хугацаа дууссан, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь зээлийг буцаан төлөх хүртэлх хугацааны хүү, алданги, хохирол, зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй зэргийг харгалзан үзээгүй тул давж заалдах шатны шүүх 2018 оны 36 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3405 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Р.Жавзандулам нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3405 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 36 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа болно.

1. Шүүхүүд зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн тухайд: Б  2015 оны 04 сарын 09-ний өдөр иргэн С тэй 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч бодит нөхцөл байдал дээр иргэн С  86,000,000 төгрөгийг зээлүүлсэн байдаг. С  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 54,000,000 төгрөгийг Б д шилжүүлээгүй тул талуудын хооронд маргаан үүсч, талууд харилцан тохиролцолд хүрээгүй. Зээлийн гэрээний 6.1-т “дараах үндэслэлүүдээр зээлийн гэрээг дуусгавар болгох ба цуцална”, 6.1.1-т “үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн” гэж тус тус зааснаар зээлийн гэрээ цуцлагдсан болно. Учир нь 2015 оны 07 сарын 10-ны өдөр талууд уулзан зээлийн гэрээг цуцалсан талаар ярилцаж, талууд аль аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг байгуулаагүйд тооцож, хүү алданги авахгүй, зээлүүлсэн 86,000,000 төгрөгийг буцаан өгч, байраа барьцаанаас суллан авахаар харилцан тохиролцсон боловч тохиролцооны дагуу хийгдээгүй. Б  нь С тэй 2015 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 05 сарын 12-ны өдөр 5,091,840 төгрөгийг С т шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш 2016 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 6.1.1-т заасны дагуу үндсэн зээл төлөх хугацаа 30 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тул зээлийн гэрээ 2015 оны 07 сарын 09-ний өдөр цуцлагдсан болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг 2015 оны 09 сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэн шууд 5 сарын хүү тооцож, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож төлүүлэхээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Б аас зээлийн төлбөрт тооцож С т шилжүүлсэн Б.Өнөрбаярын байрыг зээлийн төлбөрт тооцолгүй хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, уг хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтэд нэхэмжлэгч талд үйлчилж, хэрэгт хамааралгүй баримт болох “Старкредит” ББСБ-тай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч талаас шаардаж гаргуулан авч, хэрэгт хавсарган түүнийгээ үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Б ын төрсөн дүү болох Б.Мөнх-Оргил нь “Старкредит” ББСБ-с зээл авч, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг үүсэн, түүнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 16986 дугаар, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 6242 дугаар захирамжуудаар талуудын эвлэрлийг баталж, шийдвэрлэсэн байдаг. 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 16986 дугаар захирамжаар 75,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 6242 дүгээр захирамжаар /Б.Өнөрбаяр байраа С т шилжүүлснээс хойш/ 47,000,000 төгрөгийг график гарган хуваан төлөхөөр тохиролцсон, тохиролцсоны дагуу дээрх зээлүүдээ графикийн дагуу төлж барагдуулж байгаа тухай гэрч Б.Мөнх-Оргил шүүх хуралдаанд хэлсэн. Мөн хэрэгт авагдсан “Старкредит” ББСБ-ын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 2018/61 тоот /шүүхийн шийдвэрт тооцоо нийлсэн акт гэх/ албан бичгийг хуурч мэхлэн төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан тухай мэдүүлсэн байдаг. Иргэн Б.Өнөрбаяр шүүх хуралдаанд гэрчээр оролцож, “Б  эгч зээлийн төлбөрийг маань төлөөд өгөөч, байраа алдах гээд байна гээд надтай уулзсаны дагуу би байраа Б ын зээлийг төлөхөөр шилжүүлсэн байраа Б ын нэр дээр шилжүүлээд, дараа нь Б аас С ийн нэр дээр шилжүүлэх гэж байсан боловч хугацаа алдах гээд байсан юм ... Б тай худалдах, худалдан авах гэрээ хүртэл байгуулж байсан ...” гэж мэдүүлэг өгсөн. Б.Өнөрбаяр нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр С т "Мөнгө хүлээлцэх баримт”-аар шилжүүлсэн. “Старкредит” ББСБ-ын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 2018/61 тоот албан бичгийг Б.Өнөрбаяр, Ц.Мөнхцацрал нарт танилцуулаагүй, өөр хүнээр гарын үсэг зуруулж, тооцоо нийлсэн мэтээр бичиж, хууран мэхэлж гарын үсэг зуруулсан хуурамч баримт юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2018 оны 03 арын 21-ний өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” зэргийг нотлох баримтаар үнэлэлгүй, хэрэгт хамааралгүй шүүгчийн захирамжуудыг үнэлж, 2018 оны 04 сарын 24-ний өдөр шилжүүлсэн байрыг шүүгчийн захирамжтай хэргийн төлбөрт тооцсон байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С  нь уг маргааны дундаас иргэн Б.Өнөрбаярын 3 өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэж байна. Учир нь Б.Мөнх-Оргил нь 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 16986 дугаар захирамжид заасан графикийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан. Б.Өнөрбаяр нь С т байраа шилжүүлэх үед буюу 2018 оны 04 сарын 24-ний өдөр Б.Мөнх-Оргилд 79,000,000 төгрөгийн үүсээгүй байсан бөгөөд, байр шилжүүлснээс хойш буюу 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 6242 дугаар захирамжаар 47,000,000 төгрөгийг график дагуу төлүүлэхээр эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байтал үүсээгүй өрийг урьдчилж төлсөн байхаар тайлбарлаж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдсон энэ үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байна.

3. Шийдвэр, магадлалыг гаргахдаа тооцооллыг буруу бодсон тухайд: Үндсэн зээл 86,000,000+3,096,000 /2015.04.09-нөөс 2015.05.09-ний өдрийг хүртэлх эхний сарын хүү 3.6%+1,290,000 /хугацаа хэтэрсэн 3 хоногийн алданги/=90,386,000-5,091,840/ 2015.05.12-нд төлсөн/=85,294,160+3,070,590 /2015.05.09-нөөс 2015.06.09-нийг хүртэлх хүү/ + 3,070,590 /2015.06.09-нөөс 2015.07.09-нийг хүртэлх хүү/ +12,794,100 /2015.06.09-нөөс 2015.07.09-нийг хүртэлх алданги/=104,229,440-15,000,000 төлсөн =89,229,440-79,000,000 /Б.Өнөрбаярын шилжүүлсэн байрны үнэ хасагдаад/ 10,229,440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалаа гаргахдаа эхний сарын хүүг үндсэн зээлийн төлөлтийн хамт 5,091,840 төгрөг төлсөн байхад хүүг хасч, үндсэн зээлээс хасалгүй тооцож, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу магадлалд өөрчлөлт оруулж, Б аас гаргуулж С т олгохоор шийдвэрлэсэн 122,082,240 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 10,229,440 төгрөгийг хасч, үлдэх 111,852,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С  нь хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344,600,239.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...3 өрөө орон сууцыг 79,000,000.00 төгрөгт тооцож С ийн нэр дээр шилжүүлсэн. ....үндсэн зээл 86,000,000.00 төгрөгөөс 23,023,540.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бусад төлбөрийг төлсөн” гэж маргажээ.

2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 140,000,000.00 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлийг тохиролцсон, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянгол дүүргийн, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 27 дугаар байрны 30 тоотын 4 өрөө орон сууцыг барьцааны зүйл болгожээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх талаар маргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 46,000,000.00 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр 40,000,000.00 төгрөг, нийт 86,000,000.00 төгрөгийг хариуцагч Б ын  “Голомт банк” ХХК-ийн 1805101949 тоот данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны орлогын баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох тул нэхэмжлэгч нь хариуцагчид 86,000,000.00 төгрөгийг шилжүүлснээр энэ хэмжээнд үүргийг тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн боловч 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл гэсэн баримтаар хугацааг сунгасан тухай дүгнэлт хийж, энэ хугацааны хүүг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тухай дүгнэхдээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 72 дугаар зүйлийн 72.3, 72.7 дахь заалтыг үндэслэл бүхий хэрэглэжээ. 

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, 81,388,160.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 2.1.8-д “зээл төлөх хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги тооцох”-оор тохиролцсон байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 81,388,160.00 төгрөгийн 50 хувь буюу 40,694,080.00 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, тооцоолол болон найруулгын өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч С ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,070.00 /дөрвөн зуун тавин хоёр мянга дал/ төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Жавзандуламын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,361.00 /долоон зуун жаран найман мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН