Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03405

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03405

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.М-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А /үнэмлэх 2610/, Р.Ж /үнэмлэх 2676/, гэрч Б.М, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б, Б.М нар нь 2015 оны 4-р сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.М нь С.Б-ээс 140 000 000 төгрөгийг 3,6 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар баталгаажуулсан.  Мөн барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельс гудамж, Алтай хотхон, 27-р байрны 30 тоот 114,5 м.кв талбайтай 4 өрөө Б.М-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалуулсан. Ингээд зээлийн гэрээ хийж, 140 000 000 төгрөгийг олгох өдөр Б.М нь өөрийн төрсөн дүү Б.М-лтой хамт ирсэн. Б.М-л нь С.Б-тэй 2015 оны 3-р сарын 10-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 10 хоногийн хугацаатай зээлсэн байдаг. Энэ 50 000 000 төгрөгийг Б.М-лын дансанд шилжүүлсэн баримт нь байгаа. Б.М нь зээлэх 140 000 000 төгрөгөөсөө дүү Б.М-лынхоо төлөх 50 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг нийт 54 000 000 төгрөгийг суутгуулж төлье гэсэн хүсэлт гаргасан. Ингээд 3-уулаа тохироод 54 000 000 төгрөгийг Б.М-д олгох 140 000 000 төгрөгөөс тооцож, 86 000 000 төгрөгийг Голомт банк дахь данс руу нь 40 000 000 төгрөг, 46 000 000 төгрөгөөр нийт 2 удаагийн шилжүүлгээр өгсөн.  Эдгээрийг Б.М 140 000 000 төгрөгийг хүлээн авсан, Б.М-л 54 000 000 төгрөг төлсөн баримт үйлдэж баталгаажуулсан. Б.М-д мөнгө шилжүүлснээс хойш 2015 оны 4-р сарын 09-ний өдрөөс 2015 оны 5-р сарын 09-ний өдрийн зээлийн хүүгийн төлбөрт 5 091 840 төгрөгийг төлсөн. Энэ нь 140 000 000 төгрөгийн хүүд төлсөн байдаг. Үүнээс хойш 1 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 4 500 000 төгрөг зэргээр  зээлийн хүүгийн төлөлтүүдийг хийж байгаад сүүлийн 3, 4 жил огт зээлийн төлөлтийг хийгээгүй. С.Б Б.М-ыг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгөө төлөхийг байнга шаардаж ирсэн. Б.Мын нөхцөл байдлыг харгалзаж үзээд хүү, алданги авахгүйгээр 140 000 000 төгрөг дээрээ шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж асуудлаа шийдвэрлье гэхэд тохиролцоогүй. Талууд зээлийн гэрээний сунгалтыг 2017 оны 8-р сарын 14-ний өдөр харилцан тохиролцсоноор хийж, 2015 оны 9-р сарын 09-ний өдрөөс 2017 оны 9-р сарын 09-ний өдөр хүртэл сунгаж, талууд гарын үсгээ зурсан. Ингээд 2017 оны 9-р сарын 09-ний өдөр хүртэлх зээлийн төлөгдөөгүй төлбөр, хүү, алдангийг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.7 дахь хэсэгт зээлдэгч нь төлөх хуваариа зөрчсөн тохиолдолд дараа сарын хүүг 4,6 хувиар бодохоор заасан боловч зээлдэгчийн  төлөгчийн нөхцөл байдлыг харгалзан 3,6 хувийн хүүтэйгээр төлбөрөө тооцсон. Гэрээний 3-р зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу Б.Маас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 140 000 000 төгрөг, 2015 оны 9-р сарын 09-ний өдрөөс 2017 оны 9-р сарын 09-ний өдөр хүртэлх зээлийн хүүгийн төлбөрт 89 733 493  төгрөг, алданги 114 844 746 төгрөг нийт 344 600 239 төгрөгийг нэхэмжилж байна. Түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельс гудамж, Алтай хотхон, 27-р байр, 30 тоот хаягт байршилтай 114,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4-р сарын 09-ний өдөр С.Б-тэй анх уулзсан. Өмнө би түүнийг таньдаггүй байсан, надад мөнгөний хэрэг гарсан учир манай дүү Б.М-л миний таньдаг эгч байгаа гээд уулзуулсан. Манай дүү Б.М-л өмнө нь С.Б-ээс 50 000 000 төгрөгийг барьцаагүйгээр, 10 хоногт 8 хувийн хүүтэйгээр зээлсэн байсан. Гэтэл С.Б нь Б.М-д зээлсэн 50 000 000 төгрөгөө 62 000 000 төгрөг болгож авах гээд байрны ордер аваад ир гэсэн байдаг. Тэр өдөр би С.Б-тэй зээлийн гэрээ хийж, 140 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Би тухайн үед надад бэлэн мөнгө өгнө гэж ойлгоод баримтад гарын үсэг зурсан. Маргааш нь миний Голомт банкны данс руу 86 000 000 төгрөгийг 40 000 000 төгрөгөөр нэг удаа, 46 000 000 төгрөгөөр нэг удаа нийт 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би 54 000 000 төгрөгийг яах вэ гэхэд удахгүй учрыг нь олно гэсэн. Ингээд сарын дараа дахиад асуухад танай дүү өмнө нь 54 000 000 төгрөг авсан, бид хоорондоо яриад тохирчихсон, би зээлийнхээ хүүг төл гэсэн. Би С.Б т 5 091 840 төгрөг шилжүүлсэн, гэхдээ үүнийг хүүнд биш, үндсэн зээлээс хасна гэсэн. Үүнээс хойш Б.М-той 54 000 000 төгрөгийнхөө асуудлыг шийдсэн тохиолдолд би мөнгөө төлнө гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл С.Б өөрөө манай ажил дээр ирээд 54 000 000 төгрөгийг чи аваагүй учраас хүү, алданги авахгүй, харин 86 000 000 төгрөгөө төл гэсэн бичиг хэд хэдэн удаа үйлдэж өгсөн. Би 86 000 000 төгрөгийг төлөхдөө тодорхой хэмжээний хүүг төлсөн. 2015 оны 5-р сарын 12-ны өдөр 5 091 840 төгрөг, 2016 оны 6-р сарын 30-ны өдөр  1 000 000 төгрөг, 2016 оны 8-р сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 08-ны өдөр  3 500 000 төгрөг, 2016 оны 11-р сарын 18-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 12-р сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 3-р сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 30-ны 500 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 06-ны 500 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 24-ний өдөр 500 000 төгрөг нийт 20 091 840 төгрөгийг С.Б төлсөн. Үүнээс хойш мөнгө төлөх боломжгүй тухайгаа хэлэхэд С.Б “зээлийн төлбөрт юу ч өгч болно” гэсэн боловч санал болгосон машин, байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байсан. Дараа нь дүү Б.Ө-хаа ажлын хөлсөнд нь орж ирсэн Баянзүрх дүүргийн Хоршоолол хотхон 65/4-р байрны 41 тоотод байрлах 64.41 метр квадрат 3 өрөө орон сууцыг 88 000 000 төгрөгийн үнэтэй байрыг санал болгосон боловч 79 000 000 төгрөгт тооцож С.Б өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан.  Би авсан 86 000 000 төгрөгийн зээлээс 23 023 540 төгрөгийг л төлөх үүрэгтэй байгаа, бусад төлбөрийг нь төлсөн гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад                      

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь Б.М-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх Б.М-аас 180 906 240 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

С.Б нь Б.М-тай 2015 оны 4-р сарын 09-ний өдөр 1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 140 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон, Энельсийн гудамж, 27-р байрны 30 тоот 4 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр /хх 4-6/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь хүү тохирсон бол зээлийг ашигласан хугацааны хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Зээлдүүлэгч С.Б нь 2015 оны 4-р сарын 09-ний өдөр Б.М-ын Голомт банк дахь 1805101949 тоот дансанд 46 000 000 төгрөг, 2015 оны 4-р сарын 10-ны өдөр 40 000 000  сая төгрөгийг тус тус /хх 8, 40, 41/ шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй, харин 54 000 000 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгч үүнийг дүү Б.М-ын зээлийн төлбөрт хаасан талаар талууд маргажээ.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл, хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхээр заажээ.

 

С.Б нь Б.М-лтой байгуулсан 2015 оны 3-р сарын 10-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь зээлдэгчийн гарын үсэгтэй, гарын үсэггүй өөр өөр байдлаар хэрэгт авагдсан /хх 15, 37/, гэрч Б.М-лын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Б-гийг Старкредит ББСБ-аар нь мэднэ, хэд хэдэн удаа зээл авч байсан, 2015 оны 3-р сард Баярцэцэгээс хувиас нь 50 сая төгрөг зээлсэн, тухайн үед гэрээ үйлдээгүй, 2018 оны 8-р сард уулзахад 2015 оны 3-р сарын гэрээнд гарын үсэг зуруулсан, би 2015 оны 4-р сарын 9-нд 54 000 000 төгрөгийг төлөөгүй, хоосон баримтанд гарын үсэг зуруулсан, миний зээлийг  М-аар төлүүлэхээр тохироогүй, би Бг эгчид зээлээ төлнө” гэсэн мэдүүлэг, 2015 оны 4-р сарын 09-ний өдрийн Б.М-лоос 54 000 000 төгрөг авсан тухай “Бэлэн мөнгөний  орлогын баримт” /хх 54/, Б.М-д 54 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай “Бэлэн мөнгөний зарлагын баримт” зэргээс дүгнэвэл   Б.М нь С.Б-ээс Б.М-лын зээлсэн 50 000 000 төгрөгийн үүргийг тэдний гэрээ хийсэн хэлбэрээр шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.   

 

Иймд зээлдүүлэгчийн шилжүүлж өгсөн 86 000 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлох нь зүйтэй. Үүнээс тооцвол зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 86 000 000 төгрөг, сарын 3.6 хувийн хүүг 5 сараар тооцож 15 480 000 төгрөг нийт 101 480 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин зээлдэгч нь үүнээс 2017 оны 7-р сарын 27-нийг хүртэлх хугацаанд 20 091 840 төгрөг төлснийг 2017 оны 8-р сарын 14-ний өдөр баталгаажуулсан /хх 53/, энэ талаар маргаагүй байна.

 

Улмаар тухайн өдөр талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээний гол нөхцөлөөр зээл, зээлийн хүүг 1.9 хувиар төлүүлэх, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 9-р сарын 09-нөөс 24 сар  буюу 2017 оны 9-р сарын 09-нийг хүртэл сунгахаар тохирсон нь Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1 “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 72-р зүйлийн 72.7 “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно”, 189-р зүйлийн 189.1 ”Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 Иймд хариуцагч нь гэрээг сунгасан 24 сарын хугацааны хүүг сарын 1.9 хувиар тооцож 39 216 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, талууд гэрээний 2.1.8 дахь заалтаар зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна.

 

Хариуцагч Б.М нь үндсэн зээл 86 000 000 + 15 480 000 /5 сарын хүү/ = 101 480 000 - 20 091 840 /төлсөн/ = 81 388 160 + 39 216 000 /24 сарын хүү/ = 120 604 160 төгрөг + 60 302 080 /алданги/  нийт 180 906 240 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь төрсөн дүү Б.Өн-ын ажлын хөлсөнд авсан гэх Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон, 65/4-р байрны 41 тоотод байрлах 64.41 м. кв 3 өрөө орон сууцыг 79 000 000 төгрөгийн төлбөрт тооцож С.Б-т шилжүүлсэн гэж маргадаг, гэрч Б.Ө шүүх хуралдаанд “...эгч Б.М-ын зээлд ажлын шугамаар ирсэн байрыг 79 сая төгрөгт тооцож шилжүүлсэн, байр нь А-ын нэрнээс Б-т шилжүүлж нотариатаар орсон” гэж мэдүүлдэг боловч   тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12-р сарын 19-ний өдрийн 16986 дугаар захирамжтай Х.Б, Б.М-л нарт холбогдох, 2018 оны 4-р сарын 30-ны өдрийн 06242 дугаар захирамжтай Б.М-д холбогдох Старкредит ББСБ-ын нэхэмжлэлтэй хэргийн төлбөрт тооцож шилжүүлсэн нь 2018 оны 8-р сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар /хх 47-52/ тус тус тогтоогджээ. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Б.М, Б.А нарын хооронд 2018 оны 3-р сарын 21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч энэ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжээгүй нь зохигчийн тайлбараар тогтоодсон байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-аас 180 906 240 /нэг зуун наян сая есөн зуун зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулж С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 163 699 999 /нэг зуун жаран гурван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.М нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон, Энельсийн гудамж, 27-р байрны 30 тоот 4 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 880 952 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж,  хариуцагч Б.М-аас 1 062 481 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА