Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0620/З |
Дугаар | 221/МА2018/0150 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2018/0150
С.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, гуравдагч этгээд С.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд Т.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд Т.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Г-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: С.Г-н нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 дугаар 28-ны өдөр гардан авч, эс зөвшөөрч байгаа учраас шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг хянуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны үед тогтоогдсон үйл баримтыг бүрэн үнэлээгүй буюу маргаан бүхий актын үндэслэлд бодит нөхцөл байдлаас зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийлээ гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар маргаж буй үйл баримтад бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийгдсэнээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох бөгөөд 0884 дугаар шийдвэрийн үндэслэлээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, маргаан бүхий актын үндэслэлийг шүүхээр хянуулахыг хүсч холбогдох нотлох баримтыг зааж, тайлбараа гаргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Уг захиргааны хэрэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой байтал шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...маргаан бүхий газрын төлбөрийг давхардуулан төлүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна”, “... газар шилжүүлэхээс өмнө газрын хил , зааг тодорхой болсон байх ёстой”, “... гэтэл захиргааны байгууллага энэ .... үүргээ биелүүлээгүйгээс .... газрын байршил давхцалтай болох нь тогтоогдож байна”, “... дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ...Д.Б-с 400 м.кв газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан байхад С.Г-н эзэмшил газрын талбайн хэмжээ ямар үндэслэлээр нэмэгдсэн зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай.... шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул” гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь шүүх хуралдааны явцад захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцэхгүй болох нь өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй, Газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн зэрэг нь хангалттай тогтоогдсон.
Шүүхээс бүрэн дүгнэлт хийх боломжтой төдийгүй хариуцагчийн хууль бус үйлдэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон.
Хариуцагчаас хэрэгт хамааралтай бүх баримт, материалыг шүүхийн үзлэгээр шалгаж хэрэгт хавсаргасан буюу Газрын албаны архив өөр ямар нэг хамаарах баримт үлдээгүй, хариуцагчийн зүгээс өөр баримт байхгүй, өөр шалгагдах нөхцөл байдал байхгүй болох нь тайлбараар, нотлох баримтаар тогтоогдсон.
Хариуцагч байгууллага холбогдох материалаа хадгалах журмаа зөрчсөн үүргээ биелүүлээгүй, газар зохион байгуулалтаа зохих журмын дагуу хийгээгүй, маргаан бүхий 2003 оны 131 дүгээр болон 2009 оны 10 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуульд заасныг зөрчиж, хууль хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хуулийн хүчин төгөлдөр эрх, ашиг сонирхол хохирох ёсгүй гэж үзэж байна.
Энэхүү 0884 дүгээр шийдвэр Газрын тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байгаа учир хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Т.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц давж заалдах гомдолдоо: С.Г-н нэхэмжлэлтэй гуравдагч этгээд Т.М-д холбогдох Сүхбаатар дүүргийн Газрын албаны захирамжийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл нотлох баримтуудыг дахин хянуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үед тогтоогдсон бодит баримтуудыг дутуу үнэлж С.Г-н бичиг баримтууд хүчингүй байхад бодит нөхцөл байдлаас зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийж гуравдагч этгээд Т.М-н 2016 оны 263 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр 000654143 тоот гэрчилгээ олгогдон 1865032311489 тоот нэгэн талбарын дугаар бүхий газрыг Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны мэргэжилтэн Б.Д, газар эзэмшигчийг төлөөлөн Т.М нарын хооронд гэрээ хийж баталгаажсан, газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулсан Т.М-н талд шийдэгдэх ёстой байтал 10 жилийн дараа гэнэт гарч ирэн миний газар хэмээн зүтгэж байгаа С.Г-н тал руу хэтэрхий хэвийсэн дүгнэлт гарч, зөрүүтэй дүгнэлт хийлээ гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Т.М газрын эрхийг шилжүүлэн олгохдоо хууль, дүрэм журмын дагуу нягтлан, давхцал үүссэн, кадастрын зураг, захирамжууд нь хүчинтэй эсэхийг 1 сарын хугацаанд судалж байж 2016 оны 263 дугаар захирамжаар Бэлх зуслангийн зориулалтаар 600 м.кв талбайтай газрыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд олгосон нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны хурлын шийдвэрийг үндэслэн 400 м.кв талбай болгон 200 м.кв талбайгаар багасгаж байгаагийн хуулийн үндэслэлийг ойлгохгүй байна.
Энэ нь тухайн газрын албаны шууд буруугаас болж иргэн Т.М хохирох ёсгүй.
Тус дүүргийн Газрын албаны гэрээтэйгээр Т.М-д газрын эрх 600 М.кв талбайтайгаар үүссэн байхад захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, зохицуулалтыг зөрчиж эргэлтийн цэг, нэг талбарын заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг тэмдэгт хүлээлгэн өгсөн акт үйлдчихээд захирамж гарчхаад байхад хэмжээ, байрлалыг өөрчлөн дахин эзэмшүүлэн иргэний эрх ашгийг зөрчиж байна.
Гомдол гаргагчийн зүгээс хөндөгдөж байгаа эрхээ сэргээлгэх, давхардлыг арилгуулах захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагааг шүүхээр хянуулахаар гомдол гаргаж хандаж байна.
С.Г-н нэхэмжлэлийн хариунд: Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22/252 тоот албан бичигт түүний газар эзэмших эрх хүчингүй болохыг тодорхой заасан.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын шүүхэд өгсөн хариу албан тоотод анхнаасаа Б.Б-н нэр дээр газар эзэмших эрх үүссэнийг нотолсон.
Хил хамгаалах газраас шүүхэд өгсөн лавлагаагаар 2008-2017 оны хооронд 19 удаа ирж байсан нь газраа өөрийн болгож гэрээгээ хийж хөөцөлдөөгүйг нотолж байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй учраас С.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын алба, Засаг даргын албан тоотоор шүүхэд хүсэлтээ ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.
С.Г-н эрхийн гэрчилгээг хүчингүй болсон /хуулийн дагуу/ гэж ойлгож байна. Үүнд:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-ийг зөрчиж гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж шинээр гэрээ байгуулж газар эзэмших эрх үүсээгүй.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж /2 жил ашиглаагүй/ 10 жил ашиглаагүй.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг зөрчиж 10 жилийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2008-2017 оны газрын төлбөр болох 89320 төгрөг төлсөн. /давхцуулан төлсөн/
2009 онд Б.Б 52300 төгрөг, 2010-2014 онд Б.Б, С.Ц нар газрын төлбөрт 36960, 2016 онд С.Ц 13200 төгрөг, 2017 онд Т.М 7920 төгрөг тус тус гэрээний дагуу хугацаанд нь төлсөн байдаг.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар ажлын 10 хоногт багтаан гомдол гаргах ёстой байтал 10 жилийн дараа гомдол гаргасан.
5. С.Г-н 014245 тоот гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус. Үүнд:
А/ гэрчилгээнд н эгж талбарын дугаар бичигдээгүй энэ нь газрын албатай гэрээ хийж эрх үүсээгүй болохыг нотолж байна.
Б/Хороо нь зөрүүтэй бичигдсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо гэж уг газар нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай
В/ Гэрчилгээг хүлээж авсан дэвтэр дээр хүлээж аван гарын үсэг зурагдаагүй, энэ нь гэрчилгээгээ хэзээ авсан нь тодорхойгүй.
Г/ Б, Г нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй.
Харин н.Б, С.Г нарын хооронд гэрээ хийгдсэн нь газрын байршил нь хаана байгаа нь тодорхойгүй.
С.Г нь газрын үзлэгийн үеэр өөрийн эзэмшлийн газрынхаа байршлыг мэдэхгүй кадастрын зураг байхгүй учраас Т.М-н газрын өөрийн газар хэмээн тайлбарлан хэмжилт хийлгэж одоо кадастр хийлгэчих нь хэмээн ярьж байсан.
Газрын үзлэгт ерөнхий шүүгч Ц.Б, туслах Х.Э нар байлцсан.
6. С.Г нь газрын албатай гэрээ хийгээгүй , архивын газрын үзлэгээр С.Г газрын эрх үүс ч, архивт материал нь хадгалагдаагүй нь нотлогдсон.
-Харин өөрийн эцэг Ч.С-н 18650323107459 нэгж талбарын дугаар бүхий хувийн хэрэгт С.Г-н Т-с газрын эрх шилжүүлэн авахаар байсан өргөдөл хавсаргасан нь н.Т-с газрын эрх шилжүүлж авсныг нотолж байна.
-2003 оны 131 дүгээр захирамжаар Б.Б-д газар эзэмшүүлж 010406972 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож улмаар 2009 оны 10 дугаар захирамжаар газрын хэмжээ ихэс ч, 2012 онд бэр эгч С.Ц-д газрын эрхээ шилжүүлсэн гэрээ хийж 2014 оны 138 дугаар захирамжаар С.Ц-д газрын эрх шилжсэн.
2016 оны 05 дугаар сарын 30-нд Т.М С.Ц нарын хооронд газрын эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн.
2016 оны 06 дугаар сарын 04-нд нэгж талбарын дугаар бүхий 18650323116489 тоот нэгж талбарын дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх зусланд байрлалтай газарт “Ж.П.Э.Э” ХХК-ын инженер н.Э-р нэгж талбарын хил заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай акт үйлдүүлэн кадастрын зургийг гаргуулж төлбөрт нь 80000 төгрөг төлсөн.
Улмаар Засаг даргын 2016 оны 263 дугаар захирамжаар Т.Мирад 15 жил эзэмшүүлэхээр газрын эрх үүссэн. Тэгээд өнгөрсөн намар байшин бариулахаар 8 сая төгрөгөөр дүнзэн торх захиалж бариулах болтол маргаан үүсч одоог болтол эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаад байна.
Мөн С.Ц-с 600 м.кв газрыг 3 сая 500 мянган төгрөгөөр худалдан авч тухайн үед эдийн засгийн боломгүй учраас 6 хувийн хүүтэй мөнгө зээлэн авч одоо хүүгийн төлбөрт 3 сая 990 мянган төгрөг нийт 7 сая 490 мянган төгрөг болж газрын үнэлгээ өсч хохирол амсаад байна.
Т.М би өндөр настай охин Ж.Ц нь хөгжлийн бэрхшээлтэй хүн, бэрийн хүү, бэрийн хамт өрх толгойлон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг.
Т.М би уг газрыг хэмжээ томтой 600 м.кв нарлаг энгэрт үр хүүхэд, ач, зээ нартайгаа амьдарч цаашид үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх таатай боломж үүссэн болохоор хөрөнгө гарган өр зээл тавьж байж худалдаж авсан.
Иймд цаашид газрын хэмжээг 600 м.кв талбай бүхий тухайн байрлалд хэвээр нь /Засаг даргын 2016 оны 236 дугаар захирамжийг/ үлдээж хуулийн дагуу үнэн зөв, бодит дүгнэлт хийж бидний эрх ашгийг хамгаалан, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар маргаж буй захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Г-с “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, миний эзэмшлийн газрыг бусдад давхардуулан олгосон...” хэмээн маргажээ.
Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар[1] иргэн Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б нарт тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлх зусланд тус бүр 400 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 08 сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар[2] нэхэмжлэгч С.Г-д иргэн Д.Б-с эзэмшил газраа шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг үндэслэн 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 0142457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгосон болох нь тогтоогдож байна.
Харин энэ хэргийн гуравдагч этгээд болох Т.М-д газар эзэмших эрх дараах байдлаар үүссэн байна. Дээрх 2003 оны 131 дүгээр захирамжаар газар эзэмшсэн гэх иргэн Б.Б-д 600 м.кв газрыг мөн байршилд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамж[4] хэрэгт авагдсан байх бөгөөд улмаар Б.Б нь газар эзэмших эрхээ мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжаар[5] иргэн С.Ц-д, иргэн С.Ц нь мөн дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжаар[6] иргэн Т.М-д тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.Г-д анх газар эзэмших эрх нь иргэн Д.Б-н газрыг шилжүүлэн авснаар үүссэн байх бөгөөд Д.Б-н эзэмшил газар нь эдэлбэр газрын схем зурагт[7] А,Б,В,Г гэж тэмдэглэгдсэн 4 нэгж талбарын газрын баруун дээд талд нийт талбай 774 м.кв гэж тэмдэглэгдсэн, схем зурагны доод талд нийт талбай 700 м.кв гэж тэмдэглэгдсэн газар нь анх Б.Т-н эзэмшилд байж байгаад уг газраа нэхэмжлэгч С.Г-н аав Ч.С-н эзэмшилд шилжүүлсэн газар хэмээн тэмдэглэгдсэн байна.
Харин Т.М-д эзэмшүүлсэн газрын хувьд уг газрыг анх 2003 онд Б.Б-д эзэмшүүлсэн гэх боловч эдэлбэр газрын схем зураг байхгүй, газрын байршил тодорхойгүй байснаас гадна 2009 оны 10 дугаар захирамжаар Б.Б-д 600 м.кв газрыг дахин эзэмшүүлэхдээ 2007 онд нэхэмжлэгч С.Г-д эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн болох нь эдэлбэр газрын схем зураг, нэхэмжлэгч С.Г-н кадастрын зураг, Б.Б-н кадарстрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сан дахь зурган мэдээлэл зэргээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэн Б.Б-д 2009 оны 10 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газартай давхцуулан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хариуцагч Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, иргэн Б.Б-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч С.Г-н газартай давхцуулан олгосныг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд уг хууль бус захиргааны актуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага бий болсон, тодруулах нөхцөл байдлын цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл шүүхээс тухайн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөлд маргаж буй захиргааны актыг түдгэлзүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан бөгөөд энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал бий болоогүйн дээр хуульд нийцээгүй, хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдсон захиргааны актыг хариуцагчийн тайлбараас үл хамааран мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.
Иймд хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “маргаан бүхий акт хуульд нийцээгүй, Газрын тухай хууль болон журмыг зөрчсөн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэсэн үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээршийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ