Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02452

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02452

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, хариуцагч Еврозиги инженеринг ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 14 061 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, А.Оюунзаяа, Ж.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2011 оны 11 дүгээр сард Еврозиги инженеринг ХХК-тай Итали улсын D.L Radiators фирмийн үйлдвэрлэсэн орон сууцны халаалтын ган хэвлэмэл радиатор 164 ширхэгийг 20 183 985 төгрөгөөр худалдан авахаар ХХ/11/191 тоот гэрээ байгуулж, төлбөрөө 100 хувь төлснөөр радиаторыг худалдан авч Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцанд суурилуулсан. Гэтэл худалдан авсан радиаторын чанар муугаас ашиглалтын шаардлага хангахгүй задарч, барилгын ашиглалтанд муугаар нөлөөлж байгаа ба 2014 оны 5 дугаар сарын байдлаар 13 971 762 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд цаашид өвөлжилтөд бэлтгэх ажлын хүрээнд 3 336 282 төгрөгийн зардал бүхий ажлыг одоогоор хийж байна. Бид чанаргүй, бараа материал нийлүүлсний улмаас учирч буй хохирлын талаар тус компанид удаа дараа хандсан боловч манайд хамааралгүй хэмээн хохирлыг барагдуулахгүй, харин ч дахин бойлуур худалдан авах тохиолдолд гэмтсэн 6 ширхэг радиаторыг 50 хувийн хямдралтай өгөх буюу зөвлөгөө өгч туслах боломжтой хэмээн мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 4.5-д худалдагч борлуулсан бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгнө гэсэн байх тул чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас доголдлыг арилгахад гаргасан зардал болох 17 308 044 төгрөгийн шаардлагаа багасгаж 14 061 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2011 оны 11 сард манай компаниас ХХ/11/191 тоот гэрээний дагуу бараа материал худалдан авсан. Уг гэрээний 4.5-д заасны дагуу худалдан авагч талын сантехникийн систем нь стандартын дагуу техникийн нөхцөлийг бүрэн хангасан, сантехникийн битүү системийн угсралттай бол тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүндээ гурван жилийн чанарын баталгаа өгнө гэж хоёр тал харилцан тохиролцсон. Тухайн үед манай худалдагч төвлөрсөн халаалттай зуухны системд панелан радиатор холбож болохгүй гэдгийг удаа дараа сануулсан боловч худалдан авагч техникийн нөхцөлийг бүрэн хангаад угсарна гэж хэлээд авсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгууллагаа төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баатаржав миний бие уг объект дээр очиж үзэхэд 6 ширхэг радиаторын цэгэн гагнуур гэмтсэн бусад радиатор хэвийн ажиллаж байсан. Уг барилгын сантехникийн инженерийн хамт узелийн өрөөнд орж үзэхэд уурын зуухнаас ирж буй даралт өндөр, тогтворгүй байсан. Үүнээс бол гидро-удар буюу ус хийн хүчтэй цохилт үүсэн радиаторын цэгэн гагнуур гэмтэх гол шалтгаан болдог. Дулааны узельд даралт тогтворжуулагч тавиагүй, техникийн шаардлагатай нөхцөлийг бүрэн хангаагүй зэрэг шалтгаанаас радиаторууд гэмтсэн байсан. Энэ талаар албан бичгийг 2013 оны 12 сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт хүргүүлсэн. Манай компани тус нийгэмлэгт инженерийн зөвлөгөө, тусламж санал болгож байсан ч энэ өдрөөс хойш Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн зүгээс манай компанид ахин хандаагүй, техникийн талаар зөвлөгөө хүсээгүй, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Гэтэл одоо ямар үндэслэлээр 17 308 044 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манай нийлүүлэгч Итали улсын De Longhi фирм нь ISO 14001:2004 стандартын дагуу панелан радиатор үйлдвэрлэдэг, дэлхийд тэргүүлэгч компани юм. Дээрх маркийн радиаторыг борлуулах хугацаанд ийм асуудал огт гарч байгаагүй. Уг асуудал нь гэрээний 4.5 дах заалтыг үл хүндэтгэн зөрчиж, техникийн нөхцөлийг хангаагүйгээс болсон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тус тус зааснаар Еврозиги инженеринг ХХК-иас 13 571 000 төгрөгийг гаргуулж Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шинжээч нарын 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдөр гаргасан дүгнэлтийн тайлбар, болон дүгнэлт хэсэгт "...барилгын дулааны үүсвэрт ус зөөлрүүлэх, даралт тогтворжуулах зэрэг зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд тавигдаагүй ба байхгүй байна", "зураг төсөлд тооцоо судалгаа дутмаг боловсруулагдсан, халаалтын усыг зөөлрүүлэх арга хэмжээ аваагүй, дулааны эх үүсвэрийн төрлөөс хамаарч халаах хэрэгслийн төрөл маркийг зөв сонгоогүй" хэмээн тодорхой бичжээ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч усны хатуулаг хэт өндөр гэж тайлбарлаж техникийн нөхцөлөө тодорхойлж байгаа боловч энэ талаар нотлоогүй, уурын зуухнаас ирж буй даралт өндөр байхад даралт тогтворжуулагч зайлшгүй тавих ёстой гэж тайлбарласан боловч даралт тогтворжуулагч зайлшгүй тавих шаардлагагүй нь шинжээчийн тайлбараар тогтоогдож байна" хэмээн дүгнээд зохигчдын хооронд байгүулагдсан 11/10/04-01 тоот гэрээний 4.5-д заасан "техникийн нөхцөлийг бүрэн хангасан" гэдэгт зөвхөн даралт тогтворжуулагч суурилуулсан байхыг ойлгох мэтээр тайлбарлажээ. Шинжээч Х.Баатарсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас даралт тогтворжуулагч нь даралтын хэлбэлзэл бий болоход түүнийг зогсоох зориулалттай багаж гэдгийг, хэлбэлзэл бий болохгүй тохиолдолд зайлшгүй суурилуулах шаардлагагүй гэж хэлсэн нь тодорхой ажиглагддаг. Гэтэл шүүх үүнийг даралт тогтворжуулагч огт шаардлагагүй мэтээр ойлгож шийдвэрлэжээ. Маргаан бүхий орон сууцны дулааны хийн даралтын хэлбэлзэл өндөр байсныг нотлох баримтаар баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь техникийн шаардлага бүрэн хангасан байх гэрээний нөхцөлийг хангаагүй тул ийнхүү хохирол нэхэмжлэх эрхгүй байна.

Мөн шүүх биднийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасны дагуу үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн хэмээжээ. Гэтэл ИХ-ийн 243.2 дах заалт нь худалдан авагч мэдээллийг авахыг хүссэн тохиолдолд хэрэгждэг. Худалдан авалт хийх бүрт заавал мэдээлэл өгөх үүрэг хэрэгждэг бол энгийн хүнсний дэлгүүрээс бараа авахдаа ч бид ихээхэн цаг хугацаа зарах шаардлага гарах нь ойлгомжтой. Иймд худалдан авагч нь мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд худалдагч заавал мэдээлэл өгөх шаардлагагүй. Цаашилбал бид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед амаар зөвлөгөө өгсөн, дагалдах паспортыг өгсөн гэдгээ мэдүүлсэн. Нэхэмжлэгч үүнд няцаалт өгөөгүй тул зөвлөгөө өгснийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах заалтыг заавал хэрэгжих заалт мэтээр, мөн хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагагүй байхад заавал бичгээр мэдээлэл өгөх ёстой мэтээр тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Еврозиги инженеринг ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 14 061 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Еврозиги инженеринг ХХК нь Итали улсын D.L Radiators фирмийн үйлдвэрлэсэн байрны халаалтын ган хэвлэмэл 164 ширхэг радиаторыг дагалдах баримт бичгийн хамт худалдах, худалдан авагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь бүтээгдэхүүний үнэд 20 183 985 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

Сайншанд өртөөн дэх 70 айлын орон сууцны 154 дүгээр байрны барилга угсралтын ажлыг 2011 онд гүйцэтгэх явцад барилгын дотор халаалтын системд дээрх гэрээний зүйл болх Итали улсын D.L Radiators фирмд үйлдвэрлэгдсэн 164 ширхэг панелан радиаторыг угсарч гүйцэтгэсэн боловч 2013 оны 12 дугаар сараас халаах хэрэгслүүд цоорч ус гоожсоноос болж БНХАУ-д үйлдвэрлэсэн ширмэн радиатороор бүрэн сольж дуусгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...техникийн шаардлагыг бүрэн хангасан байхад баталгаат хугацааны дотор нийт 136 ширхэг радиатор эвдэрсэнээс уг доголдлыг арилгуулахад 14 061 000 төгрөгийн зардал гарсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...усны хатуулаг хэт өндөр, даралт өндөр байхад хатуулаг бууруулагч болон даралт тогтворжуулагч тавиагүй, техникийн нөхцөлийг бүрэн хангаагүй, нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдлоос бус хэрэглэгч ашиглалтын шаардлага, норм үзүүлэлтийг баримтлаагүйгээс болсон гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нар ...радиаторуудын ихэнх гэмтэл нь ялтсан хавтанг хооронд нь гагнасан цэгэн гагнууруудын хэсэгт байна, ялтсан хавтанг хооронд нь гагнасан цэгэн гагнуур зэвэнд идэгдсэнээс цооролт үүсч гэмтсэн, цэгэн гагнуур зэвэрсэн нь юунаас болсныг тогтоох боломжгүй, ...орон сууцны узелийн өрөөн дэх халаалтын өгөх буцах шугамуудад таслах хаалтууд, хог шүүгч, манометр термометр угсрагдсан байгаа нь халаалтын системийн холигч узелийн техникийн шаардлага, холбогдох норм, дүрэм, стандарттай нийцэхгүй байна, ...панелан радиаторыг ашиглах горим, паспортод заасан зориулалт болон холбогдох бусад шаардлага нөхцөлүүдийг зөрчсөн, радиаторууд нь алдаатай боловсруулагдсан зураг төслийн дагуу угсрагдаж, зориулалтын бус нөхцөлд ашиглагдсанаас шалтгаалж цоорч шаардлага хангахгүй болсон байх үндэслэлтэй гэж тус тус дүгнэснийг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримттай харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ...ашиглах журам зөрчсөнөөс, ... үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар худалдагч Еврозиги инженеринг ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасан худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд эд хөрөнгийн доголдол арилгахад нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учирсан хохирол нь зохигчийн хэн алины буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж учирсан гэж үзэж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж хохирлыг буюу эрсдлийг тэнцүү хувиарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч байгууллага доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардалд 17 308 044 төгрөг нэхэмжилсэн боловч шаардлагаа багасгаж 14 061 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үүнтэй холбоотой зардлын баримтууд болох Сайншанд 70 айлын радиатор солихтой холбоотой гадны компаниас авсан радиаторын жагсаалт, санхүүгийн баримтуудыг /хх-ийн 213-239/ гаргасан байх ба эдгээр нотлох баримтыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн доголдлыг арилгахад гаргасан зардлын хэмжээг шүүхийн тогтоосон 13 571 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол 13 571 000 төгрөгийн 50 хувиар тооцож, хариуцагч байгууллагаас 6 785 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01818 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.3-т тус тус зааснаар хариуцагч Еврозиги инженеринг ХХК-иас 6 785 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 275 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад 225 805 гэснийг 123 518 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 225 900 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ