Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1818

 

2017 оны 08 сарын 30 өдөр

       Дугаар 183/ШШ2017/01818

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Шинэ өглөө цогцолбор 23/2 дугаар байр “Еврозиги инженеринг” ХХК-д холбогдох

Хохиролд 14,061,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Д.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, Б.Сарангэрэл, А.Оюунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 2011 оны 11 дүгээр сард “Еврозиги инженеринг” ХХК-тай Итали улсын “D.L Radiators” фирмийн үйлдвэрлэсэн орон сууцны халаалтын ган хэвлэмэл радиатор 164 ширхэгийг 20,183,985 төгрөгөөр худалдан авахаар ХХ/11/191 тоот гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу 100 хувь төлбөрөө төлснөөр радиаторыг худалдан авч Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцанд суурилуулсан. Гэтэл худалдан авсан радиаторын чанар муугаас ашиглалтын шаардлага хангахгүй задарч, барилгын ашиглалтанд муугаар нөлөөлж байгаа ба 2014 оны 5 дугаар сарын байдлаар 13,971,762 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд цаашид өвөлжилтөд бэлтгэх ажлын хүрээнд 3,336,282 төгрөгийн зардал бүхий ажлыг одоогоор хийж байна. Бид чанаргүй, бараа материал нийлүүлсний улмаас учирч буй хохирлын талаар тус компанид удаа дараа хандсан боловч манайд хамааралгүй хэмээн хохирлыг барагдуулахгүй, харин ч дахин бойлуур худалдан авах тохиолдолд гэмтсэн 6 ширхэг радиаторыг 50 хувийн хямдралтай өгөх буюу зөвлөгөө өгч туслах боломжтой хэмээн мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 4.5-д худалдагч борлуулсан бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгнө гэсэн байх тул чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас доголдлыг арилгахад гаргасан зардал болох 17,308,044 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж 14,061,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Еврозиги инженеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2011 оны 11 сард манай компаниас ХХ/11/191 тоот гэрээний дагуу бараа материал худалдан авсан. Уг гэрээний 4.5-д заасны дагуу худалдан авагч талын сантехникийн систем нь стандартын дагуу техникийн нөхцөлийг бүрэн хангасан, сантехникийн битүү системийн угсралттай бол тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүндээ гурван жилийн чанарын баталгаа өгнө гэж хоёр тал харилцан тохиролцсон болно. Тухайн үед манай худалдагч төвлөрсөн халаалттай зуухны системд панелан радиатор холбож болохгүй гэдгийг удаа дараа сануулсан боловч, худалдан авагч техникийн нөхцөлийг бүрэн хангаад угсарна гэж хэлээд авсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгууллагаа төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баатаржав миний бие уг объект дээр очиж үзэхэд 6 ширхэг радиаторын цэгэн гагнуур гэмтсэн бусад радиатор хэвийн ажиллаж байсан. Уг барилгын сантехникийн инженерийн хамт узелийн өрөөнд орж үзэхэд: уурын зуухнаас ирж буй даралт өндөр, тогтворгүй байсан. Үүнээс бол “гидро-удар” буюу ус хийн хүчтэй цохилт үүсэн радиаторын цэгэн гагнуур гэмтэх гол шалтгаан болдог. Дулааны узельд даралт тогтворжуулагч тавиагүй, техникийн шаардлагатай нөхцлийг бүрэн хангаагүй зэрэг шалтгаанаас радиаторууд гэмтсэн байсан. Энэ талаар албан бичгийг 2013 оны 12 сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт хүргүүлсэн. Манай компани тус нийгэмлэгт инженерийн зөвлөгөө, тусламж санал болгож байсан ч энэ өдрөөс хойш Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн зүгээс манай компанид ахин хандаагүй, техникийн талаар зөвлөгөө хүсээгүй, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй болно. Гэтэл одоо ямар үндэслэлээр 17,308,044 төгрөг нэхэмжилж байгаа нь огт ойлгомжгүй байна. Манай нийлүүлэгч Итали улсын De Longhi фирм нь ISO 14001:2004 стандартын дагуу панелан радиатор үйлдвэрлэдэг, дэлхийд тэргүүлэгч компани юм. Дээрх маркийн радиаторыг борлуулах хугацаанд ийм асуудал огт гарч байгаагүй. Уг асуудал нь гэрээний 4.5 дахь заалтыг үл хүндэтгэн зөрчиж, техникийн нөхцөлийг хангаагүйгээс болсон учир энэхүү 20/1443 тоот нэхэмжлэлийн 14,061,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Еврозиги инженеринг” ХХК-д холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардалд 17 308 044 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 14 061 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.  

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Еврозиги инженеринг” ХХК-тай  2011 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Итали улсад үйлдвэрлэсэн халаалтын ган хэвлэмэл 164 ширхэг радиаторыг 20 183 985 төгрөгөөр  худалдан авахаар тохирчээ. /х.х-ийн 6-8  хуудас/.

 

         Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт заасан “... сантехникийн битүү системийн угсралттай бол Худалдагч нь тухайн борлуулсан бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа өгнө” гэж харилцан тохиролцсон бөгөөд худалдан авсан халаалтын ган хэвлэмэл радиаторыг битүү системээр угсарсан техникийн шаардлагыг бүрэн хангасан байхад баталгаат 3 жилийн хугацаан дотроо нийт 136 радиатор эвдэрсэн, чанарын шаардлага хангаагүй  тул доголдлыг арилгахад гаргасан зардлаа нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

         Хариуцагч “Еврозиги инженеринг” ХХК нь усны хатуулаг хэт өндөр, уурын зуухнаас ирж буй даралт өндөр байхад даралт тогтворжуулагч тавиагүй мөн усны хатуулаг бууруулагч хэрэглээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч техникийн нөхцөлийг бүрэн хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

     

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагчийн үүрэг нь эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх мөн эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хэрэглэх журмын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.

       

         Хариуцагч “Еврозиги инженеринг” ХХК нь нэхэмжлэгчид эд хөрөнгийг худалдахдаа техникийн ямар нөхцөл хангаж ажиллахтай холбоотой барааны техникийн баримт бичгийг шилжүүлээгүй, техникийн нөхцлийн талаар худалдах-худалдан авах  гэрээнд тусгаагүй байна.

 

         Өөрөөр хэлбэл хариуцагч техникийн нөхцөлөө тодорхойлоогүй, нэхэмжлэгчийг техникийн нөхцөл зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч техникийн ямар нөхцөл зөрчсөн талаарх  баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

  

         Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч усны хатуулаг хэт өндөр гэж тайлбарлаж техникийн нөхцлөө тодорхойлж байгаа боловч энэ талаар нотлоогүй,  уурын зуухнаас ирж буй даралт өндөр байхад даралт тогтворжуулагч зайлшгүй тавих ёстой гэж тайлбарласан боловч даралт тогтворжуулагч тавих шаардлагагүйн шинжээчийн тайлбараар тогтоогдож байна. /2 хавтас хх-55/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт “... гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт “... сантехникийн битүү системийн угсралттай бол Худалдагч нь тухайн борлуулсан бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа” өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч халаалтын радиаторыг сантехникийн битүү системийн угсралттайгаар угсрах гэрээний шаардлагыг ханган эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах явцад баталгаат хугацааны дотор халаалтын радиаторт доголдол илэрсэн бол эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед доголдолтой байсан гэж үзнэ. Учир нь худалдагч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө техникийн ямар нөхцөлийг хангаж ажиллах талаар дагалдах баримт бичиг зааврыг өгөөгүйн доголдолтой бүтээгдэхүүн шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           

           Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах эсхүл доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, мөн гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 254.6-д зааснаар дээрх гэрээнд заасан баталгаат хугацаанд  хэрэгжүүлэх юм.

 

           Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр доголдлын талаар мэдэгдсэн байх бөгөөд үүнээс хойш гэрээгээр тохиролцсон баталгаат хугацаанд халаалтын радиаторт гарсан  доголдлыг арилгахад гарсан зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан 13 571 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, баримтын шаардлага хангаагүй 489 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ. /хх 231-239/

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тус тус зааснаар “Еврозиги инженеринг” ХХК-иас 13 571 000 төгрөгийг гаргуулж Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 490 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ