Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 00002

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” цогцолборын 23/2 дугаар байранд  байрлах, “Еврозиги инженеринг” ХХК-д холбогдох,

           худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17 308 044 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Т.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатаржав, хариуцагчийн өмгөөлөгч Х.Энхтайван, нарийн бичгийн даргаБ.Баянжаргал нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2011 оны 11 дүгээр сард “Еврозиги инженеринг” ХХК-тай Итали улсын “D.L Radiator” фирмийн үйлдвэрлэсэн орон сууцны халаалтын ган хэвлэмэл радиатор 164 ширхгийг 20,183,985 төгрөгөөр худалдан авахаар ХХ/11/191 тоот гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлснөөр радиаторыг худалдан авч Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцанд суурилуулсан. Гэтэл худалдан авсан радиаторын чанар муугаас ашиглалтын шаардлага хангахгүй задарч, барилгын ашиглалтад муугаар нөлөөлж байна. Бид чанаргүй бараа материал нийлүүлсний улмаас учирч буй хохирлын талаар тус компанид удаа дараа хандсан боловч манайд хамааралгүй хэмээн хохирлыг барагдуулахгүй, харин ч дахин бойлуур худалдан авах тохиолдолд гэмтсэн 6 ширхэг радиаторыг 50 хувийн хямдралтай өгөх буюу зөвлөгөө өгч туслах боломжтой хэмээн мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргасан. Худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “Худалдагч борлуулсан бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгнө” гэж заасан байдаг. Уг орон сууцын сантехникийн системийн зураг төслийн баримт бичигт 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн 206/2011 дугаартай магадлалын дүгнэлт хийгдсэн байдаг. Энэ магадлалд халаалт салхивч гэсэн хэсэгт барилгуудын халаалтын систем нь доороос үлээлттэй, 2 хоолой мухардмал системтэй болно. Мөн ажлын зураг төсөл нь халаалтын агаар сэлгэлт барилгын норм ба дүрэм 41-ийн 0202, барилгын дулаан хамгаалалт барилгын норм ба дүрмийн 23-ийн 0209 болон бусад холбогдох норм дүрмийн шаардлага хангасан байна гэж бичсэнээс үзэхэд уг барилга зургийн дагуу сантехникийн битүү болон мухардмал системтэй байна. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан. Уг комисс нь 610403 тоот акт үйлдсэн. Актын 2 дугаар зүйлийн 2.1-д “Барилга байгууламж холбогдох акт баримтуудыг шалгаад Улсын комиссоос шийдвэрлэсэн нь. Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд баригдсан 74 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг технологи норм дүрмийн дагуу чанартай болсон гэж үзэж комиссын бүх гишүүдийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв.” 2.2-д “Уг барилга байгууламж зураг төслийн дагуу бүрэн хийгдэж Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд бүрэн ашиглалтад авахад хангалттай гэж үзэн хөрөнгө оруулагч болон захиалагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдэлд 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ашиглалтад оруулах зөвшөөрөв.” гэж улсын комиссын актад бичсэн. Уг байрны сантехникийн системийн талаар шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0207095/02 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0710112 тоот дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүд өөр өөр гарсан учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч шүүхээс томилогдсон шинжээч нар шинжилгээ хийхээс татгалзсан байгаа. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0207095/02 тоот дүгнэлтэд тус барилга байрын буюу 2 дугаар контурын халаалттай гэсэн байна. Энэ нь зөвхөн  уг байрыг халаах битүү системтэй гэсэн үг юм. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0710112 тоот дүгнэлтэд зураг төсөл буруу хийгдсэн холбогдох норм стандарттай нийцээгүй. Алдаатай боловсруулагдсан зураг төслийн дагуу угсрагдаж зориулалтын бус нөхцөлд ашигласнаас цоорч ашиглалтын шаардлага хангахгүй болсон байх үндэслэлтэй гэсэн байна. Зураг төслийг Улаанбаатар төмөр замын техникийн бодлого зураг төслийн төв боловсруулсан. Энэ барилгад зураг төслийн дагуу панелан радиаторыг суурилуулсан. Уг барилга нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөл магадлал хийх дүрэмд зааснаар боловсруулагдаж, хянагдсан зураг төслийн дагуу баригдсан. 2012 оны 151 дүгээр хавсралтаар баталсан барилгын ажлыг эхлүүлж үргэлжлүүлэх ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.12.3.3-д барилга байгууламж тоног төхөөрөмжийн угсралт технологийн дамжлага инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл барилга техникийн норм дүрэм стандартын шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж үнэлэлт дүгнэлт гаргах” 4.12.3.5, 4.12.7-д тус тус заасны дагуу зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан гэж ойлгож байгаа. Хариуцагч компани техникийн нөхцөл хангаагүй, даралт тогтворжуулагч тавиагүйгээс болсон гэсэн тайлбар хийсэн байдаг. Гэтэл Улсын комисс хүлээж авахад тухайн байранд даралт тогтворжуулагч шаардлагатай гэсэн дүгнэлт бичээгүй. Хариуцагч тайлбар хийхдээ нотлох баримтаар баталгаажуулаагүй байгаагаас үзэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Радиаторууд бүгд гагнасан хэсэгтээ цооролт үүссэн байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Улаанбаатар төмөр замын мэргэжлийн байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг үзлэг хийж акт үйлдсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Батбаярын дүгнэлтэнд дурдагдсан байна. Эрх бүхий байгууллагуудаас магадлал хийгдсэн зураг төслийн дагуу барилгын норм дүрэм стандартын шаардлага хангаж баригдсан гэдгийг нотолж Улсын комисс акт үйлдэж барилгыг ашиглалтад хүлээн авсан. Уг барилгад тохирох панелан радиаторыг “Еврозиги инженеринг” ХХК-иас гэрээний үндсэн дээр худалдан авсан боловч тус компани шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохирол болох 14 061 200 төгрөгийг гаргуулж өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатаржав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2014 оныг дуустал нийт 11,755 ширхэг панелан радиатор Италийн “De longhi” фирмээс импортолсноос нийт 11,025 ширхгийг худалдаалсан байдаг. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 2011 сард радиатор худалдаж авсан. 2011 онд нийт 5,860 ширхэг радиатор импортолсон. Гэтэл эдгээр радиатороос зөвхөн тус байгууллагын нэг обьектод худалдан авсан төрөл бүрийн хэмжээтэй 164 ширхэг радиатороос 136 ширхэг радиатор олноор нэгэн ижил гэмтсэн явдал нь панелан радиаторын хэвийн ажиллах техникийн нөхцөл хангагдаагүйгээс болсон гэж үзэж байна. 2010 оноос 2014 он хүртэл манай байгууллагаас “De longhi” фирмийн радиатор худалдан авсан бусад байгууллагад ийм асуудал огт гараагүй. Уг фирмийн радиаторын дээж болгон 22-500-0400 С4 маркийн радиаторыг “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт”-ын “Барилгын материалын Сорил шинжилгээний итгэмжлэгдсэн төв лаборатори”-д шинжлүүлэхэд уг радиаторын металлын сорьц ISO 9001 стандартад нийцэж байна гэсэн дүн гарсан. 2013 оны 12 сард радиатор цоорсон, ирээд үзээд өгнө үү гэсэн  албан бичиг ирсэн. Манай компаниас баг гарган уг барилгад үзлэг хийсэн. Узелийг нь үзсэн. Уг узельд тухайн радиатор нийцэхгүй байна гэж хэлсэн. Хариу албан бичгийг өгсөн. Бид тэрийг сольж өгөх үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтад хандсан. Батбаяр гэдэг хүн очсон. Зэвэрдлээс үүдэлтэй гэмтэл үүссэн, цэгэн гагнуур нь зэвэнд идэгдсэнээс цоорсон гэсэн дүгнэлт гаргасан. Энэ Батбаяр байцаагчийн өгсөн баримт зарим зүйлтэй нийцэхгүй гээд дахин шинжээч томилогдсон. Улсын хяналтын газрыг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг томилогдсон. Иймд мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Монголын-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч тал 2014.09.19-ний өдрийн нэхэмжлэлдээ чанарын шаардлага хангаагүй бүтээгдхүүн нийлүүлсний улмаас учирсан хохиролд 17 308 044 төгрөг гаргуулахыг шаардсан байх боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 14 061 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

            Хариуцагч тал “...гэрээний 4.5 дахь заалтыг үл хүндэтгэн зөрчиж техникийн нөхцөлийг хангаагүйгээс болсон, мөн хөөн хэлэлцэх хугцацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2011.10.04-ний өдрийн  худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний нийт дүн 20 183 985 төгрөг, гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ 164 ширхэг панелан радиотарыг нийлүүлэхээр гэрээний гол нөхцөлийг тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

         Гэрээний 1.1-д  худалдагч тал нь чанар стандартын шаардлага хангасан Итали улсын “D.L RADIATORS” фирмийн үйлдвэрлэсэн байрны халаалтын ган хэвлэмэл шинэ радиоторыг дагалдах бичиг баримтын хамт худалдах, худалдан авагч тал нь бүтээгдхүүний төлбөрийг худалдагчийн нэхэмжлэлийн дагуу гэрээнд заасан хугацаанд саадгүй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

            Нэхэмжлэгч нь “чанарын шаардлага хангаагүй радиатор нийлүүлсэн” гэж худалдагч талыг буруутгасан, улмаар Сайншанд 70 айлын радиаторыг солиход гадны компаниас авсан радиаторын үнэ 14 061 200 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхийг хүссэн бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан  худалдан авагч нь доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254.6 дахь хэсэгт заасан худалдагч нь баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

          Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д “худалдан авагч талын сантехник нь стандартын дагуу Техникийн нөхцөлийг бүрэн хангасан, сантехникийн битүү системийн угсралттай бол худалдагч нь тухайн борлуулсан бүтээгдхүүндээ 3 жилийн баталгаа өгнө” гэсэн заалтаар эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

         УБТЗ-ын орон сууц ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн хүсэлтийн дагуу Сайншанд дахь 70 айлын орон сууцны халаах хэрэгсэлд үзлэг хийсэн байх бөгөөд  нэр бүхий 7 хүний бүрэлдхүүнтэй комиссын зүгээс “нийлүүлэгчийн гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бүтээгдхүүн нийлүүлэгдээгүй байна” гэж үзсэн байна.

         Нэхэмжлэгч талын  хүсэлтээр удаа дараа шинжээч томилсон байх бөгөөд 2015.02.11-ний өдрийн 02-07-095/02 тоот Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт, 2015.07.10-ны өдрийн 07/101/12 дугаартай МХЕГ-ын шинжээчийн  дүгнэлтээс үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцны барилгын халаалтын системийн /панелан радиатор/ халаах хэрэгсэл, холигч узелын зураг төслүүдийг тооцоо, судалгаа дутуу хийгдэж алдаатай боловсруулагдсаны улмаас зориулалтын бус нөхцөлд ашиглагдсанаас цоорч ус гоожиж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтүүд  гарсан байна.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй боловч энэ нь худалдан авагчийн хүссэн тохиолдолд хэрэгждэг байна.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д “худалдан авагч талын сантехник нь стандартын дагуу Техникийн нөхцөлийг бүрэн хангасан, сантехникийн битүү системийн угсралттай бол” гэсэн заалт, мөн УБТЗ-ын орон сууц ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн даргад хүргүүлсэн гэх  “Еврозиги инженеринг” ХХК-ийн 2013.12.20-ний өдрийн 020/12-01 дугаартай албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд тухайн барилгын дулааны узель шаардлагатай техникийн нөхцөлийг хангаагүй, энэ талаар худалдагч талаас мэдэгдэж байсан байна.

             Иймд нэхэмжлэгч тал “чанарын шаардлага хангаагүй бүтээгдхүүн нийлүүлсэн” гэх үндэслэл, өөрийн шаардлага тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

            Хэргийн 118-121 дүгээр хуудсанд  авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй 4 хуудас хуулбар баримтыг нотлох баримтаас хассан болно.      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар“Еврозиги инженеринг” ХХК-иас гэрээний үүрэг 14 061 000 төгрөг гаргуулахыг хүссэн Монголын-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 490 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                                ДАРГАЛАГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ