Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02440

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02440

 

 

 

Хатагтай Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ернөхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02224 дүгээр шийдвэртэй, Хатагтай Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууц, хувийн сууц болон газрын үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2017/00259 дугаар захирамжаар Хатагтай Фүүдс ХХК-аас 268 533 690 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Т.Тулгын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах, 3 өрөө орон сууц, Т.Батжаргалын өмчлөлийн Сүхбаатар сумын 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц, 672 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимейт ХХК-аар үнэлүүлэн үнэлгээ тогтоолгож, орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, хувийн сууцыг газрын хамт 113 000 000 төгрөгийн үнэтэй байна гэж тус тус тогтоосон байх бөгөөд энэхүү үнэлгээг тус гараас Хатагтай Фүүдс ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдлээ. Гэтэл 150 000 000-160 000 000 төгрөгийн үнэ ханштай байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур буюу тус бүр 113 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Ямар учраас 150 000 000-160 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 130 000 000-140 000 000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц газрыг 113 000 000 төгрөгийн үнэтэй болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулсан талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөхгүй, үнэлгээ тогтоосон тайлан дүгнэлтийг хавсаргаж өгөөгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийг 40 000 000-50 000 000 төгрөгөөр бууруулан үнэлж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ойлгомжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр үнэлгээг бууруулсан тухай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжилсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гаргана гэж заасны дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Хатагтай Фүүдс ХХК-аас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц болон 672 м.кв талбай бүхий газрыг 113 000 000 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр 226 300 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ, Б.Мөнгөнцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжаар Хатагтай Фүүдс ХХК-аас 269 283 999 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Хатагтай Фүүдс ХХК-ийн захирал Т.Батжаргалд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байр, 57 тоот орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/02 тогтоолоор, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 190/04 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17290414/01, 17290414/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч Хатагтай Фүүдс ХХК-ийн захирал Т.Батжаргал болон өмчлөгч Т.Тулгад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/28309, 4/28308 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг Хатагтай Фүүдс ХХК-ийн захирал Т.Батжаргалд мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 113 300 000 төгрөгийн 70 хувь буюу 79 310 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийг 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 113 000 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13716 дугаар захирамжаар иргэний хэрэг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр болох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Дээрх хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас бага үнэлээгүй харин ч өндөр үнэлсэн нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гаргасан шинжээчийн дүгнэлт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэхгүй. Тиймээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Хатагтай Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Хатагтай Фүүдс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг доорх байдлаар зөрчиж хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хатагтай Фүүдс ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг хурааж, битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн гаргасан. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Гэтэл нэхэмжлэгчид нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах. эвлэрэх эрхийг хуулиар олгосон. Энэ эрхийг нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхтэй. Шүүх ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, шаардлага үндэслэл нотлогдохгүй байна... гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн. Мөн ...нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж төлбөр төлөгчийн битүүмжлэн хураагдсан эд хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэхэд Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 хороолол, 58 байрны 57 тоотод байрлах орон сууцыг, Сүхбаатар дүүргийн 15 хороо Шарга морьт 3 хэсгийн 25 тоот хувийн сууцыг газрын хамт 191 236 079 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч дээрх эд хөрөнгийг 226 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, шаардлага үндэслэл нотлогдохгүй байна. " дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгүүдийг 226 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шүүхээс томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг 191 236 079 төгрөг гэж үнэлсэн. Энэ 2 үнэлгээ нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болохыг мөн шаардлага үндэслэл нотлогдохгүй байгааг харуулж байна гэж шүүх дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчин шийдвэрлэсэн.

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнийг дахин тогтоолгохоор 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 7572 дугаар захирамж гарган дахин шинжээч томилсон захирамжийн дагуу томилогдсон Лендс ХХК 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...обьекттой танилцахын тулд нэхэмжлэгч хариуцагчтай байнга холбоо барьж, үнэлгээний объектыг үзүүлэхийг хүссэн... ...үнэлгээний объекттой танилцах нөхцөлийг бүрдүүлж... өгөх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт гаргасан Сэлэнгэ эстимейт ХХК болон Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээнүүд тус тус хоорондоо эрс зөрүүтэй, ойлгомжгүй үнэлгээнүүд байгаа учраас шүүхийн шүүгчийн 7572 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгө газрын үнэлгээг дахин гаргуулах хүсэлтэй байгаа талаар хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлт мөн шинжээчийн ...үнэлгээний объекттой танилцах нөхцөлийг бүрдүүлж... өгөх тухай хүсэлт болон 7572 дугаар захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хатагтай фүүдс ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, хувийн сууц болон газрын үнэлгээг хүчингүйд тооцуулахахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 259 дугаартай шүүгчийн захирамжаар Хатагтай фүүдс ХХК нь 268 533 690 төгрөгийг Голомт банк ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 15-р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 15р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоот 675 м.кв зуслангийн зориулалттай газар, Баянгол дүүргийн 19-р хороо 4 хороолол 58-р байр 57 тоот Ү-2205001127 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 17290414 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 51-52, 54 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу Вендо ХХК №В18-76 дугаар дүгнэлтийг ирүүлжээ. /хх-ийн 128-129 дүгээр тал/

Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй, эргэлзээтэй, тодорхой бус, зөрүүтэй дүгнэлт гарсан гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Лэндс ХХК-ийг шинжээчээр томилжээ. Гэвч Лэндс ХХК-аас шинжилгээ хийх боломжоор хангах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байхад шүүх дүгнэлт гаргах боломжгүй, захирамжийн биелэлт хангагдсан гэх өөр үндэслэл заан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-ийн 168-169, 192, 197 дугаар тал/

Хэргийн баримтаас үзвэл зохигчдоос тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт бүрэн шийдвэрлэгдсэн буюу шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба тухайн хүсэлтийг шүүх хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан атал уг захирамж хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүгч захирамж гаргана гэж заасныг зөрчсөн ба тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /хх-ийн 123-124 дүгээр тал/

Мөн уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй байхад түүний хуульд заасан эрхийг хязгаарласан байна.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гарга\ж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ