Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02450

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02450

 

 

 

Ж.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Батбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Суурь ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 230 542 ам.доллар буюу 569 240 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Ж.Батбаяр, Суурь ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Батбаяр нь Суурь ХХК-д анх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300 000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд мөн өдрөө 226 145 ам.долларыг дансаар шилжүүлсэн. 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73 855 ам.долларыг бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаанд хүүнд 15 000 ам.доллар төлсөн. Ж.Батбаяр, Суурь ХХК тохиролцон өмнөх зээлийн төлбөр төлөгдөөгүй учир 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг шинэчилж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250 000 ам.долларыг 6 сарын хугацаатай 3%-ийн хүүтэйгээр тохиролцож гэрээ байгуулсан.

Хариуцагчаас Д.Одончимэгийн дансанд 2012 оны 02 дугаар сарын 18-наас 2013 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд шилжүүлсэн 120 000 ам.долларыг нэхэмжлэгч авснаа зөвшөөрч хасаж тооцно. Мөн Ж.Батбаярын Налгар түшиг ХХК-ийн нягтлан бодогч С.Баярбямба, Ж.Батбаяр нарт 2012 оны 10 дугаар сарын 18-наас 2012 оны 12 дугаар сарын 04-ний хооронд хүлээлцсэн нийт 20 000 ам.долларыг зээлээс хасаж тооцсон. 2015 оны 10 дугаар сард Суурь ХХК нь 233 104 000 төгрөгний орон сууцыг зээлийн хүү, алдангид тооцуулж өгсөнг тухайн үеийн ханшаар 120 162 ам.долларт тооцож, мөн бараа материалын үнэ 4 196 ам.долларыг зээлээс тус тус хассан. Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн ам.доллараас хүү, хугацаа хэтэрсэн алдангийг 0.5 хувиар тооцож хассан. Д.Одончимэгийн дансанд 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 15 000 ам.доллар нь эхний сарын хүү, дараагийн 2012 оны 03 дугаар сарын 21, 05 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 15 000 ам.доллар нийт шилжүүлсэн 30 000 ам.долларыг сүүлийн 2 сарын хүүнд тооцож үүгээр 3 сарын хүү төлөгдсөн гэж үзсэн. 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш нэг өдрийн алданги 0,5% буюу 1 500 ам.доллар болж байгаа. 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн хоног 109 өдөр болж байна. Хугацаа хэтэрсэн хоногийн алданги 163 500 ам.доллар буюу үндсэн зээлийн 300 000 ам.долларын 50%-иас хэтэрсэн учир алдангийг 150 000 ам.доллар үүн дээр үндсэн зээл 300 000 ам.доллар нийт 450 000 ам.долларын зээлийн үлдэгдэл үлдсэн. Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн 75 000 ам.долларыг гэрээний алданги 150 000 ам.доллараас хасч байгаа. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 20 хүртэл 375 000 ам.доллар үлдэж байна. Л.Баярбямба, Ж.Батбаяр нарт шилжүүлсэн 20 000 ам.доллар алдангиас хасагдаж алдангийн хэмжээ 55 000 ам.доллар үлдсэн. Энэ нь үндсэн зээлийн хамт үлдэгдэл 355 000 ам.доллар болж байна. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байж байгаад 2015 онд бараа материалын 4 196 ам.доллар хасч 350 804 ам.доллар болсон. 2015 оны 10 дугаар сард орон сууцны 233 104 000 төгрөг буюу 120 160 ам.долларыг хасаж үлдсэн төлбөр 230 642 ам.доллар болж байна. Бид 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгааг тайлбарласан. Үндсэн зээл 300 000 ам.доллар төлөгдөөгүй. Дээрх тооцоогоор нэхэмжлэлийн шаардлага багасаж байгаа юм. 94 000 000 төгрөгийн хувьд Налгар түшиг ХХК, Суурь ХХК-ийн хоорондын цемент, бараа материалын тооцоонд орж явна. Энэ мөнгө Налгар түшиг ХХК-ийн дансанд орсон, тусдаа тооцоотой. Нэмж тайлбарлахад материалын тооцоо 360 000 000 төгрөгийг 260 000 ам.доллар болгож 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрөөс 94 000 000 төгрөг хасагдаж байгаа. Суурь ХХК-иас Налгар түшиг ХХК-руу шилжүүлж байгаа мөнгө нь цементийн мөнгө. Энэ хоёр компанийн хувьд хамтарч ажилладаг. Дундын олон тооцоо байдаг. Цементийн үнэ нь зээлд ямар ч хамааралгүй. Гэрээ тус бүрийн төлбөр тусдаа бодогдож байсан учир энэ нэхэмжлэлийн шаардлагатай холих хэрэггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Учир нь зээлийн төлбөр 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Хариуцагч тал сар бүр 15 000 ам.доллар төлөөд байгаа нь 300 000 ам.долларын хүү гэдэг нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Суурь ХХК-иас зээлийн үлдэгдэл 230 642 ам.доллар буюу 569 240 600.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Чинболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 3 гэрээ яригдаж байна. Анх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300 000 ам.долларыг 3 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч Ж.Батбаяр 226 145 ам.доллар дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг би авсан. 226 145 ам.долларын зээлийн хүү, алдангийг бүрэн төлсөн. 2 дахь гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай гэрээ хийгдсэн боловч энэ гэрээ хэрэгжих боломжгүй. Учир нь энэ зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө шилжүүлээгүй тул ямар нэг төлбөр яригдахгүй. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээгээр Суурь ХХК-ийн хувьцааны 60%-ийг өгнө гэсэн заалт байна. Би ийм гэрээ хэзээ ч хийхгүй тул хуурамч гэрээ. Эхний гэрээ буюу 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний төлбөрийг 2012 онд нийт 5 удаагийн төлөлтөөр 25 000 ам.доллар шилжүүлсэн. 120 000 ам.долларыг Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн. 94 000 000 төгрөгийг Налгар түшиг ХХК-д төлсөн. 2013 оны 01 дүгээр сард 15 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сард 12 000 080 төгрөгийг цементний төлбөрт тус тус шилжүүлсэн. 2015 онд орон сууц буюу 120 160 ам.доллар, барааны үнэ 4 196 ам.доллар тус тус шилжүүлсэн нь зээлээс хасагдах ёстой. Иймд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээд дууссан гэж үзэж байгаа ч 123 782 ам.долларыг төлөхийг зөвшөөрч, энэ үнээс цементний төлбөрт шилжүүлсэн 150 000 000 төгрөг, 12 000 080 төгрөгийг тус тус хасаж үлдсэнийг төлнө гэжээ.

 

Хариуцагч Суурь ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 226 145 ам.доллар зээлдэж авсан. Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан боловч мөнгөө шилжүүлээгүй. Зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлээгүй тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэдэг боловч талууд анх байгуулсан 300 000 ам.долларын гэрээний үлдэгдэл 250 000 ам.долларын гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ боловч энэ гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй. Хоёр тал хоорондоо бизнесийн түншлэлийн байнгын харилцаатай байсан. Талууд жил бүрийн сүүлээр тооцоо нийлж төлбөр тооцоогоо хаадаг байсан. 2011 оны гэрээний шаардлага яригдаж байгаа тул 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хүчингүйд тооцох шаардлага хамааралтай эсэхийг шүүх шийдэх байх гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Суурь ХХК-иас 104 282 ам.доллар буюу 257 375 276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаят олгож, үлдэх 126 360 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 699 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Суурь ХХК-иас 1 444 826 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Суурь ХХК, Ж.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.245.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Суурь ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Одончимэгийн дансанд 2012.02.18-2013.03.20-ны өдрийн хооронд шилжүүлсэн 120 000 ам.долларыг ...зээлийн гэрээний үүрэгт хасч тооцохыг зөвшөөрсөн болно" хэмээн дүгнээд зээлийн төлбөрөөс 2012.02.18-ны өдөр төлсөн 15 000 ам.долларыг хасаад, дараа нь дахин Д.Одончимэгт шилжүүлсэн 118 959 ам.долларыг зээлээс хассан. Зээлийн төлбөрөөс нийт 120 000 ам.доллар хасах ёстой байтал 133 959 ам.доллар буюу 13 959 ам.доллар илүү хасч шүүх тооцооллын алдаа гаргасан байна. Шүүхийн дүгнэснээр олгосон зээлийн дүнг 226 145 ам.доллар гэж тооцоход ...зээлийн нийт үлдэгдэл төлбөр 108 781.25 ам.доллар буюу 268 479 739,68 төгрөг болж байгаа. Иймээс шүүх 4 499,25 ам.доллар буюу 11 104 463,68 төгрөгийг зээлийн тооцооноос илүү хассан байгаа тул энэхүү төлбөрийн дүнг нэмж хариуцагчаас гаргуулахаар гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч талаас төлсөн нийт 121 080 000 төгрөг нь анхлан гүйлгээний утга дээрээ бараа материал буюу цементний үнэд зориулан шилжүүлсэн боловч зээлдүүлэгч талын хүсэлтээр дээрх буюу 2011.12.19-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт тооцогдон суутгагдсан төлбөр юм. Энэ нь "Налгар түшиг" ХХК-ийн нягтлан бодогч С.Баярбямбын "дээрх төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан гэдгээ зөвшөөрсөн" гэрчийн мэдүүлэг, "Суурь" ХХК-ийн нягтлан бодогч Х.Үржинчимэгийн "мөн эхлээд цементний үнэд тооцож шилжүүлсэн боловч хоёр компани тохиролцсоноор зээлийн гэрээний төлбөрт тооцсон" гэх гэрчийн мэдүүлэг болон хоёр байгууллагын 2013.01.01-ний өдрөөс 2013.04.31-ний өдөр хүртэлх хугацаанд бараа материалын тооцоо нийлсэн акт, мөн 2013 оны сүүийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, дээрх 121 080 000 төгрөгийг үнэхээр зээлийн гэрээний төлбөрт бус бараа материал, цементний үнэд тооцож "Налгар түшиг" ХХК авсан бол дээрх актын задаргаа хэсэгт гүйлгээ хийсэн он, сартай гүйлгээний үнийн дүн нь тооцоо нийлсэн актад тусгагдаж, бараа материалын тооцооны дүнгээс хасагдах учиртай. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлтээс авч үзвэл хариуцагч талаас төлсөн 121 080 000 төгрөг нь бодит байдал дээр нэхэмжлэгч талд шилжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсоор байтал зээлийн гэрээний төлбөрт ч тооцогдоогүй, бараа материалын үнэд ч тооцогдоогүй хохирч үлдэхээр болж байгаа бөгөөд зээлийн төлбөрт төлсөн гэдгийг нотолсоор байтал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна.

...Иргэн Ж.Батбаяр болон "Суурь" ХХК-ийн хооронд 2011.12.19-ний өдөр зээлийн гэрээний үндсэн төлбөр 226 145 ам.долларыг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох, улмаар гэрээ нэгэнт байгуулагдсан бол харилцан үүрэг хүлээх нөхцөл байдал бий болсон. Иймээс талуудын хооронд үүрэг үүсэх үе нь 2011.12.19-ний өдөр болохоос анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг нэхэмжлэл гаргах үеийг үүрэг үүсэх үе гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн үеийн ханшаар авч үзвэл 1 ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш нь 1 375 төгрөг байгаа юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тооцооны алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Батбаяр нь хариуцагч Суурь ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 230 542 ам.доллар буюу 569 240 600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ж.Батбаяртай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ж.Батбаяр нь 300 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Суурь ХХК нь зээлийг заасан хугацаанд төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар тооцохоор тус тус тохиролцсон ба зээлийн гэрээний зүйл болох 300 000 ам.долларыг бус 226 145 ам.долларыг зээлдүүлэгч Ж.Батбаяр нь өөрийн 1815003932 тоот данснаас зээлдэгч Суурь ХХК-ийн 1201067821 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 11/ болон зохигчийн тайлбараар /хэргийн 1 дүгээр хавтасны 1, 63/ тус тус тогтоогдсон байна.

Иймд зээлдүүлэгч Ж.Батбаяраас 226 145 ам.долларыг зээлдэгч Суурь ХХК-д шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь 226 145 ам.долларт холбогдох үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Зээлдэгч Суурь ХХК нь үндсэн зээл 226 145 ам.доллар, 3 сарын зээлийн хүүд 33 921,75 ам.доллар буюу нийт 260 066,75 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаанд 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 000 ам.доллар төлсөн байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 15 000 ам.долларыг зээлийн хүүд тооцож, гэрээний хугацаан дахь хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 245 066,75 ам.доллар гэж тодорхойлсон нь зөв байна.

 

Энэ үнийн дүнгээс зээлдэгчийн дараагийн төлбөр хийсэн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд алдангийг хоногийн 0,5%-иар бодож, хугацаа хэтрүүлсэн 2 хоногт тооцоход 2450,6 ам.доллар болж байна.

2012 оны 03 дугаар сарын 21нд хариуцагч 15 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 230 066,75 ам.доллар болжээ. Энэ үнийн дүнгээс 0,5%-иар алданги тооцож, зээлдэгчийн дараагийн төлбөр хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 34 хоногт бодоход алдангийн хэмжээ 39 111,3 ам.доллар байна.

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч 15 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 215 066,75 төгрөг болсон ба энэ үнийн дүнгээс алдангийг дараагийн төлбөр хийгдсэн 2012 оны 7 дугаар сарын 06-ний өдөр хүртэлх 71 хоногийн хугацаанд тооцоход 76 348,6 ам.доллар болж байна.

2012 оны 07 дугаар сарын 06-нд хариуцагч 15 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 200 066,75 төгрөг болсон ба энэ үнийн дүнгээс алдангийг дараагийн төлбөр хийгдсэн 2012 оны 08 дугаар сарын 02-ний өдөр хүртэлх 26 хоногийн хугацаанд тооцоход 26 008,6 ам.доллар байна.

2012 оны 08 дугаар сарын 02-нд хариуцагч 15 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 185 066,75 ам.доллар болсон ба энэ үнийн дүнгээс алдангийг дараагийн төлбөр хийгдсэн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 69 хоногийн хугацаанд тооцоход 24 058,6 ам.доллар болж байна.

2012 оны 10 дугаар сарын 11-нд хариуцагч 10 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 175 066,75 ам.доллар болсон ба энэ үнийн дүнгээс алдангийг дараагийн төлбөр хийгдсэн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд тооцоход 6 127,3 ам.доллар байна.

2012 оны 10 дугаар сарын 18-нд хариуцагч 10 000 ам.доллар төлсөн тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 160 066,75 ам.доллар болсон ба энэ үнийн дүнгээс алдангийг дараагийн төлбөр хийгдсэн 2012 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 29 хоногийн хугацаанд тооцоход 23 209,6 ам.доллар болж байна.

Ингээд нийт алданги 197 314,6 ам.доллар болж гүйцэтгээгүй үүрэг 160 066,75 ам.доллароос их болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал гүйцэтгээгүй үүрэг 160 066,75 ам.доллар, алданги 80 033,3 ам.доллар нийт 240 100,1 ам.доллар болж байна.

Үүнээс 11 сарын 17-нд 5000 ам.доллар, 12 сарын 4 нд 15 000 ам.доллар, 12 сарын 27-нд 15 000 ам.доллар, 2013 оны 03 сарын 20-нд 15000 ам.доллар, нийт 50 000 ам.доллар, үүн дээр талуудын маргаагүй, орон сууц төлбөрт тооцсон 120 162 ам.доллар, барааны үлдэгдэл гэх 4 196 ам.доллар нийт 169 358 ам.долларыг нийт гүйцэтгээгүй үүрэг, алдангийн дүнгээс хасч тооцоход 76 042,1 ам.доллар болж байгаа ба нэхэмжлэл гаргах үеийн ханш 2468 төгрөгт хөрвүүлэхэд 175 336 875 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид нийт 98 241 ам.долларыг төлөх үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тул талуудын зарчимд нийцүүлэн энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон хөрвүүлж, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь зөв байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан нь монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт болохоос гадна үүрэг үүсэх үе гэж мөнгөн төлбөрийн үүргийг буцаан төлөх үеийг ойлгоно.

Зохигчдын хооронд гадаад валютын зээлийн гэрээ хийгдэж, гэрээний зүйл болох төлбөрийг зээлдэгч хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх үед гадаадын тухайн валют монгол төгрөгтэй ямар харьцаатай байна тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх учиртай тул үүрэг үүсэх үеийн ханш буюу 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцох ёстой гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж дүгнэсэн нь зөв боловч уг сөрөг нэхэмжлэлийг шийдвэрээр хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаанаар тогтоогдсон тохиолдолд уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуагч Суурь ХХК-иас 98 241 ам.доллар буюу 242 465 664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188 697 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтад 1 444 826 гэснийг 1 370 278 гэж өөрчилж,

3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Суурь ХХК, Ж.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 192 650, хариуцагчаас төлсөн 1 375 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ