Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2685

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ж.Б

Хариуцагч: С ХХК

Гэрээний үүрэгт 286.938 ам доллар буюу 708.183.069,66 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ж.Б, С ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч М.М, хариуцагч С ХХК-ийн захирал Х.Ч, өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Б нь С ХХК-нд анх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300000 ам долларыг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлэгч нь 226.145 ам долларыг дансаар шилжүүлсэн. 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73.855 ам долларыг бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Гэрээний хугацаанд хүүнд 15.000 ам доллар төлсөн. Ж.Б, С ХХК тохиролцон өмнөх зээлийн төлбөр төлөгдөөгүй учир 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг шинэчилж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 ам долларыг 6 сарын хугацаатай 3%-ийн хүүтэйгээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч бид эхний 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр тооцож нэхэмжилж байна. Энэ гэрээгээр бодоход тооцоонд өөрчлөлт орно. Нийтдээ хариуцагчаас Д.Оийн дансанд 2012 оны 02 дугаар сарын 18-наас 2013 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд шилжүүлсэн 120.000 ам долларыг нэхэмжлэгч авснаа зөвшөөрч хасаж тооцно.  Мөн Ж.Бын Н ХХК-ийн  нягтлан бодогч С.Б, Ж.Б нарт 2012 оны 10 дугаар сарын 18-наас 2012 оны 12 дугаар сарын 04-ны хооронд хүлээлцсэн нийт 20.000 ам долларыг зээлээс хасаж тооцсон. 2015 оны 10 дугаар сард С ХХК нь  233.104.000 төгрөгний орон сууцыг зээлийн хүү, алдангид тооцуулж өгсөнг тухайн үеийн ханшаар 120.162 ам долларт тооцож, мөн бараа материалын үнэ 4.196 ам долларыг зээлээс тус тус хассан. Д.Оийн дансанд шижлүүлсэн ам доллараас хүү, хугацаа хэтэрсэн алдангийг 0.5 хувиар тооцож хассан байгаа. Д.Оийн дансанд 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 15.000 ам доллар нь эхний сарын хүү, дараагийн 2012 оны 03 дугаар сарын 21, 05 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 15.000 ам доллар нийт шилжүүлсэн 30.000 ам долларыг сүүлийн 2 сарын хүүнд тооцож үүгээр 3 сарын хүү төлөгдсөн гэж үзсэн. 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш нэг өдрийн алданги 0,5% буюу 1.500 ам доллар болж байгаа. 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн хоног 109 өдөр болж байна. Хугацаа хэтэрсэн хоногийн алданги 163.500 ам доллар буюу үндсэн зээлийн 300.000 ам долларын 50%-иас хэтэрсэн учир алдангийг 150.000 ам доллар үүн дээр үндсэн зээл 300.000 ам доллар нийт 450.000 ам долларын зээлийн үлдэгдэл үлдсэн. Д.Оийн дансанд шилжүүлсэн 75.000 ам долларыг гэрээний алданги 150.000 ам доллараас хасч байгаа. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 20 хүртэл 375.000 ам доллар үлдэж байна. Л.Б, Ж.Б нарт шилжүүлсэн 20.000 ам доллар алдангиас хасагдаж алдангийн хэмжээ 55.000 ам доллар үлдсэн. Энэ нь үндсэн зээлийн хамт үлдэгдэл 355.000 ам доллар болж байна. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байж байгаад 2015 онд бараа материалын 4.196 ам долларын хасч 350.804 ам доллар болсон. 2015 оны 10 дугаар сард орон сууцыг 233.104.000 төгрөг буюу 120.160 ам долларыг хасаж үлдсэн төлбөр 230.642 ам доллар болж байна. Бид 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгааг тайлбарласан. Үндсэн зээл 300.000 ам доллар төлөгдөөгүй. Дээрх тооцоогоор нэхэмжлэлийн шаардлага багасаж байгаа юм. 94.000.000 төгрөгний хувьд Н ХХК, С ХХК-ийн хоорондын цемент, бараа материалын тооцоонд орж явна. Энэ мөнгө Н ХХК-ийн дансанд орсон, тусдаа тооцоотой. Нэмж тайлбарлахад материалын тооцоо 360.000.000 төгрөгийг 260.000 ам доллар болгож 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрөөс 94.000.000 төгрөг хасагдаж байгаа. С ХХК-наас Н ХХК-руу шилжүүлж байгаа мөнгө нь цементийн мөнгө. Энэ хоёр компанийн хувьд хамтарч ажилладаг. Дундын олон тооцоо байдаг. Цементийн үнэ нь зээлд ямар ч хамааралгүй. Гэрээ тус бүрийн төлбөр тусдаа бодогдож байсан учир энэ нэхэмжлэлийн шаардлагатай холих хэрэггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Учир нь зээлийн төлбөр 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Хариуцагч тал сар бүр 15.000 ам доллар төлөөд байгаа нь 300.000 ам долларын хүү гэдэг нь тогтоогдож байна. Иймд хариуцагч С ХХК-наас зээлийн үлдэгдэл 230.642 ам доллар буюу 569.240.600.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн захирал Х.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 3 гэрээ яригдаж байна. Анх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 ам долларыг 3 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч Ж.Б 226.145 ам доллар дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг би авсан. 226.145 ам долларын зээлийн хүү, алдангийг бүрэн төлсөн. 2 дахь гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 ам долларыг сарын 3%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай гэрээ хийгдсэн боловч энэ гэрээ хэрэгжих боломжгүй. Учир нь энэ зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө шилжүүлээгүй тул ямар нэг төлбөр яригдахгүй. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээгээр С ХХК-ийн хувьцааны 60%-ийг өгнө гэсэн заалт байна. Би ийм гэрээ хэзээч хийхгүй тул хуурамч гэрээ. Эхний гэрээ буюу 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний төлбөрийг 2012 онд нийт 5 удаагийн төлөлтөөр 25.000 ам доллар шилжүүлсэн. 120.000 ам долларыг Д.Оийн дансанд шилжүүлсэн. 94.000.000 төгрөгийг Н ХХК-нд төлсөн. 2013 оны 01 дүгээр сард 15.000.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сард 12.000.080 төгрөгийг цементийн төлбөрт тус тус шилжүүлсэн. 2015 онд орон сууц буюу 120.160 ам доллар, барааны үнэ 4.196 ам доллар тус тус шилжүүлсэн нь зээлээс хасагдах ёстой. Иймд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээд дууссан гэж үзэж байгаач 123.782 ам долларыг төлөхийг зөвшөөрч энэ үнээс цементийн төлбөрт шилжүүлсэн 150.000.000 төгрөг, 12.000.080 төгрөгийг тус тус хасаж үлдсэнгийг төлнө гэв.

 

Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 226.145 ам доллар зээлдэж авсан. Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан боловч мөнгөө шилжүүлээгүй. Зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4-т зааснаар мөнгө шилжүүлээгүй тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэдэг боловч талууд анх байгуулсан 300.000 ам долларын гэрээний үлдэгдэл 250.000 ам долларын гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ боловч энэ гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй гэдгийг дахин хэлье. Хоёр тал хоорондоо бизнесийн түншлэлийн байнгын харилцаатай байсан. Талууд жил бүрийн сүүлээр тооцоо нийлж төлбөр тооцоогоо хаадаг байсан. 2011 оны гэрээний шаардлага яригдаж байгаа тул  2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хүчингүйд тооцох шаардлага хамааралтай эсэхийг шүүх шийдэх байх гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт 286.938 ам доллар буюу 708.183.069.66 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 230.642 ам доллар буюу 569.240.600.94 төгрөг гаргуулах, хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ж.Бт холбогдуулж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.

            Хариуцагч С ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ж.Бтай зээлийн гэрээ байгуулж 300.000 ам долларыг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, зээлийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

            Зохигч 300.000 ам доллар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч Ж.Б гэрээ байгуулсан өдөр 226.145 ам долларыг зээлдэгч  С ХХК-д дансаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн депозит дансны хуулгаар тогтоогдсон тул зээлдэгчийн өмчлөлд шилжсэн 226.145 ам доллароос хүү алдангийг тооцох нь зүйтэй.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заажээ.

            Талуудын хооронд бодитоор 226.145 ам доллар зээлдүүлж түүний 3 сарын хүү 33.921.75 ам доллар нийт гэрээгээр хариуцагч 260.066.75 ам долларыг гэрээний үүрэгт төлөх ёстой байна.

Шүүх хуралдаанд зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Оийн дансанд 2012 оны 02 дугаар сарын 18-наас 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд шилжүүлсэн 120.000 ам доллар, 2012 оны 10 дугаар сарын 18-наас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Л.Б, Ж.Б нарын дансанд шилжүүлсэн нийт  20.000 ам доллар, 2015 оны барааны үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 4.196 ам доллар, 2015 оны 10 дугаар сард орон сууц шилжүүлэн тооцож түүний үнэ 233.104.000 төгрөг буюу 120.162 ам долларыг тус тус зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэнг зөвшөөрч үнийн дүнд маргаагүй, зээлээс хасаж тооцохыг зөвшөөрсөн болно.

Талуудын зөвшөөрч тайлбарласнаар хариуцагч гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 264.358 ам доллар төлсөн байна.

Хариуцагч тал шүүх хуралдаанд Н ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цементийн үнэд шилжүүлсэн 12.080.000 төгрөг /хх-124/, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цементийн орлогод шилжүүлсэн 15.000.000 төгрөг /хх-126/, М.Баярбямбын дансанд 2013 оны 02 дугаар сарын 05-наас 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл шилжүүлсэн 94.000.000 төгрөг /хх-128-139/-ийг тус тус зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн тул хасаж тооцогдоно гэж тайлбарласан боловч дээрх шилжүүлгийн баримтын гүйлгээний утгаас харахад хоёр компани хооронд цементийн төлбөрт шилжүүлсэн, зохигч шүүх хуралдаанд хоёр байгууллага хамтарч ажиллаж ирсэн, хоорондын олон тооцоо байдаг байсан хэмээн тайлбарладаг тул дээрх үнийн дүнг зээлээс хасаж тооцох боломжгүйгээс гадна,  эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлогдсон баримт  гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч гэрээний үүрэгт  үндсэн зээл, хүүгийн хамт 260.066.75 ам доллар төлөх бөгөөд  2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 15.000 ам долларыг 3 сарын хүү 33.921.75 ам доллараас хасаж үлдэх хүү 18.921.75 ам доллар дээр үндсэн зээл 226.145 ам долларыг нэмж 245.066.75 ам долларыг хариуцагч С ХХК төлөх үлдэгдэлтэй байна.

Хариуцагч гэрээ дуусгавар болсноос хойш 2015 оны 11 дүгээр сар хүртэл төлөлт хийсэн, энэ хугацаанд гэрээний 3-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй тул 245.066.75 ам долларын 50% буюу алданги 122.533 ам доллар нийт 367.599 ам доллар төлхөөс зохигчийн тайлбарласан зээлд тооцсон орон сууцны үнэ 120.162 ам доллар, барааны үнэ 4.196 ам доллар, Ж.Б, С.Б нарт шилжүүлсэн 20.000 ам доллар, Д.От шилжүүлсэн 118.959 ам долларыг хасаж тооцоход хариуцагч С ХХК 104.282 ам долларыг төлөх үлдэгдэлтэй байна.

2011 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний төлөлтийг хариуцагч С ХХК 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж байсан тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул нэхэмжлэгчийг энэ хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зохигч зээлийн гэрээгээр ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцоогүй тул үүрэг үүсэх үеийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн Монгол  банкны албан ёсны ханш 1 ам долларын төгрөгтэй харьцах ханш 2.468.07 төгрөгөөр тооцож хэргийг шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч С ХХК-иас 104.282 ам доллар буюу 257.375.276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгож, үлдэх 126.360 ам долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ж.Бт холбогдуулж С ХХК   Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэгч нь С ХХК-иас 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардсан тул хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан С.Б, Х.Үнар хоёр компанийн хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдаж байсан, төлбөр тооцоо олон удаа хийгдэж байсан, цементийн төлбөрт мөнгө шилжүүлж байсан, Д.Оийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан, компанийн дансанд орж ирж байгаа мөнгийг мэднэ, харин хувь хүний дансанд орж ирсэн мөнгийг мэдэхгүй талаар мэдүүлсэн, гэрч Д.О түүний нөхөр Ц.Бнар Ж.Бт мөнгө зээлдүүлсэн болон С ХХК нь 120.000 ам доллар дансаар шилжүүлсэн талаар мэдүүлсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон энэ талаар зохигч маргаагүй, Н ХХК, С ХХК-ийн 2013 онд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангүй бичилтээр нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас 104.282 ам доллар буюу 257.375.276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгож, үлдэх 126.360 ам долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.699.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 1.444.826 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар С ХХК, Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.245.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч С ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА