Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00429

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2450 дугаар магадлалтай,

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 230.642 ам доллар буюу 569.240.600 төгрөг гаргуулах үндсэн,

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад  тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр, өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК-ийн захирал Х.Чинболдтой 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 ам долларыг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлэгч нь 226.145 ам долларыг дансаар шилжүүлсэн. 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73.855 ам долларыг бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Гэрээний хугацаанд хүүнд 15.000 ам доллар төлсөн. Ж.Б-, С ХХК тохиролцон өмнөх зээлийн төлбөр төлөгдөөгүй учир 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг шинэчилж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 ам долларыг 6 сарын хугацаатай 3%-ийн хүүтэйгээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч бид эхний 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр тооцож нэхэмжилж байна. Ж.Б-ын “Налгар түшиг” ХХК-ийн нягтлан бодогч С.Баярбямба, Ж.Б- нарт 2012 оны 10 дугаар сарын 18-наас 2012 оны 12 дугаар сарын 04-ны хооронд хүлээлцсэн нийт 20.000 ам долларыг зээлээс хасаж тооцсон. 2015 оны 10 дугаар сард С ХХК нь 233.104.000 төгрөгийн орон сууцыг зээлийн хүү, алдангид тооцуулж өгснийг тухайн үеийн ханшаар 120.162 ам долларт тооцож, мөн бараа материалын үнэ 4.196 ам долларыг зээлээс тус тус хассан. Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн ам доллараас хүү, хугацаа хэтэрсэн алдангийг 0.5 хувиар тооцож хассан, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 15.000 ам доллар нь эхний сарын хүү, дараагийн 2012 оны 03 дугаар сарын 21, 05 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 15.000 ам доллар нийт шилжүүлсэн 30.000 ам долларыг сүүлийн 2 сарын хүүнд тооцож үүгээр 3 сарын хүү төлөгдсөн. 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссан. 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн хоног 109 өдөр ба алданги 163.500 ам доллар буюу үндсэн зээлийн 300.000 ам долларын 50%-иас хэтэрсэн учир алдангийг 150.000 ам доллар үүн дээр үндсэн зээл 300.000 ам доллар нийт 450.000 ам долларын зээлийн үлдэгдэл үлдсэн.

Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн 75.000 ам долларыг гэрээний алданги 150.000 ам доллараас хасч байгаа. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 20 хүртэл 375.000 ам доллар үлдэж байна. Л.Баярбямба, Ж.Б- нарт шилжүүлсэн 20.000 ам доллар алдангиас хасагдаж алдангийн хэмжээ 55.000 ам доллар үлдсэн. Энэ нь үндсэн зээлийн хамт үлдэгдэл 355.000 ам доллар болж байна. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байж байгаад 2015 онд бараа материалын 4.196 ам долларын хасч 350.804 ам доллар болсон. 2015 оны 10 дугаар сард орон сууцыг 233.104.000 төгрөг буюу 120.160 ам долларыг хасаж үлдсэн төлбөр 230.642 ам доллар болж байна. 94.000.000 төгрөгний хувьд Налгар түшиг ХХК, С ХХК-ийн хоорондын цемент, бараа материалын тооцоонд орж явна. Энэ мөнгө Налгар түшиг ХХК-ийн дансанд орсон, тусдаа тооцоотой. Нэмж тайлбарлахад материалын тооцоо 360.000.000 төгрөгийг 260.000 ам доллар болгож 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрөөс 94.000.000 төгрөг хасагдаж байгаа. С ХХК-наас Налгар түшиг ХХК-руу шилжүүлж байгаа мөнгө нь цементийн мөнгө. Энэ хоёр компанийн хувьд хамтарч ажилладаг. Цементийн үнэ нь уг зээлд ямар ч хамааралгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Учир нь зээлийн төлбөр 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Хариуцагч тал сар бүр 15.000 ам доллар төлөөд байгаа нь 300.000 ам долларын хүү гэдэг нь тогтоогдож байна.

Иймд дээрх тооцоогоор нэхэмжлэлийн шаардлага багасаж хариуцагч С ХХК-наас зээлийн үлдэгдэл 230.642 ам доллар буюу 569.240.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нийт 3 гэрээ яригдаж байна. Анх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 ам долларыг 3 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч Ж.Б- 226.145 ам доллар дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг би авсан. 226.145 ам долларын зээлийн хүү, алдангийг бүрэн төлсөн. 2 дахь гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 ам долларыг сарын 3%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай гэрээ хийгдсэн боловч энэ гэрээ хэрэгжих боломжгүй. Учир нь энэ зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө шилжүүлээгүй тул ямар нэг төлбөр яригдахгүй. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээгээр С ХХК-ийн хувьцааны 60%-ийг өгнө гэсэн заалт байна. Би ийм гэрээ хэзээ ч хийхгүй тул хуурамч гэрээ. Эхний гэрээ буюу 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний төлбөрийг 2012 онд нийт 5 удаагийн төлөлтөөр 25.000 ам доллар шилжүүлсэн. 120.000 ам долларыг Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн. 94.000.000 төгрөгийг Налгар түшиг ХХК-нд төлсөн. 2013 оны 01 дүгээр сард 15.000.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сард 12.000.080 төгрөгийг цементийн төлбөрт тус тус шилжүүлсэн. 2015 онд орон сууц буюу 120.160 ам доллар, барааны үнэ 4.196 ам доллар тус тус шилжүүлсэн нь зээлээс хасагдах ёстой. Иймд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээд дууссан гэж үзэж байгаач 123.782 ам долларыг төлөхийг зөвшөөрч энэ үнээс цементийн төлбөрт шилжүүлсэн 150.000.000 төгрөг, 12.000.080 төгрөгийг тус тус хасаж үлдсэнийг төлнө гэжээ.

Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 226.145 ам доллар зээлдэж авсан. Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан боловч мөнгөө шилжүүлээгүй тул  2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэдэг боловч талууд анх байгуулсан 300.000 ам долларын гэрээний үлдэгдэл 250.000 ам долларын гэрээг байгуулсан. Хоёр тал хоорондоо бизнесийн түншлэлийн байнгын харилцаатай байсан. Талууд жил бүрийн сүүлээр тооцоо нийлж төлбөр тооцоогоо хаадаг байсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас 104.282 ам доллар буюу 257.375.276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгож, үлдэх 126.360 ам долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.699.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 1.444.826 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар С ХХК, Ж.Б- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.245.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2450 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С ХХК-иас 98.241 ам.доллар буюу 242.465.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188.697 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “1.444.826” гэснийг “1.370.278” гэж өөрчилж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар С ХХК, Ж.Б- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 192 650, хариуцагчаас төлсөн 1.375.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаартай шийдвэр. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-12.01-ний өдрийн 2450 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж гаргаж байна.

“С”ХХК нь иргэн Ж.Б-тай 2011.12.19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 226.145 ам долларыг хүлээн авсан болно. “С”ХХК нь Д.Одончимэгийн дансанд 120.000 ам доллар, бэлэн мөнгөөр иргэн Ж.Б-т 5000 ам доллар, “Налгар түшиг” ХХК-ийн болон нягтлан бодогч нарт тус бүр 4 удаа бэлэн мөнгөний баримтыг үндэслэн 20.000 ам доллар, нийт бэлэн мөнгөөр 25.000 ам доллар, 2015 онд барааны үлдэгдэл төлбөрт шилжүүлснийг дээрх зээлийн гэрээний төлбөрт тооцож авсан 4.196 ам доллар, 2015 оны 10 дугаар сард 120.162 ам доллараар үнэлэгдэх орон сууц нийт 269.358 ам доллар, 2013 оны 07 сарын 25-ны өдөр цементийн үнэд шилжүүлсэн төлбөрийг зээлдүүлэгчийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээнд тооцож авсан 12.080.000 төгрөг, мөн ижил нөхцлөөр 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цементийн үнэд шилжүүлсэн 15.000.000 төгрөг, зээлдүүлэгчийн хүсэлтээр зээлдүүлэгчийн өмчлөлийн “Налгар түшиг”ХХК-ийн нягтлан бодогч С.Баярбямбын хувийн дансанд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл шилжүүлсэн нийт 94.000.000 төгрөг нийт 121.080.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хэсэгчлэн төлсөөр ирсэн болно. “С”ХХК-ний нийт төлсөн төлбөрийн хэмжээ 269.358 ам доллар, 121.080.000 төгрөг болно. Бодит байдлыг авч үзвэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, хариуцагч талаас 98 мянган ам доллар хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлээгүй, харин ч эсрэгээрээ хариуцагч талын зүгээс дээрх төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар маргаж, холбогдох тооцооллыг баримтаар тайлбарласаар байтал давж заалдах шатны шүүхээс хариуцагч талыг дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, буруу дүгнэлт болохыг онцлон тэмдэглэж анхааралдаа авахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл дээрх 121.080.000 төгрөгийг үнэхээр зээлийн гэрээний төлбөрт бус бараа материал, цементийн үнэд тооцож “Налгар түшиг” ХХК авсан бол дээрх актын задаргаа хэсэгт гүйлгээ хийсэн он сартай гүйлгээний үнийн дүн нь тооцоо нийлсэн актад тусгагдаж, бараа материалын тооцооны дүнгээс хасагдах учиртай юм. Ж.Б- болон “С”ХХК-ын хооронд 2011.12.19-ний өдөр зээлийн гэрээний үндсэн төлбөр 226.145 ам долларыг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох, улмаар гэрээ нэгэнт байгуулагдсан бол харилцан үүрэг хүлээх нөхцөл байдал бий болсон юм. Иймээс талуудын хооронд үүрэг үүсэх үе нь 2011.12.19-ний өдөр болохоос анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг нэхэмжлэл гаргах үеийг үүрэг үүсэх үе гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн үеийн ханшаар авч үзвэл 1 ам долларын төгрөгтэй тэнцэх ханш нь 1375 төгрөг байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээн дээр алдаа гаргаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.13-ны өдрийн 102/ШШ2017/02685 дугаартай шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын шүүхийн магадлалд заасан хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 230.642 ам.доллар буюу 569.240.600 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “С” ХХК нь нэхэмжлэгчээс 300.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан  тохиролцжээ.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн эсэх, хариуцагч зээлийн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар зохигч маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх гэрээний дагуу 226.145 ам.доллар хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй бөгөөд харин нэхэмжлэгч 73.855 ам долларыг бэлнээр шилжүүлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй байна. 

Гэрээний хугацаа 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдөр дууссан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 226.145 ам.доллар, 3 сарын  хүүд 33.921,75 ам.доллар 260.066.75 ам доллар төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцон, үлдэх төлбөрөөс хүү, алдангийг цаг хугацаагаар нарийвчлан тооцож, төлбөл зохих төлбөрийн хэмжээг 76.042.1 ам доллар буюу 175.336.875 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн боловч хариуцагч нэхэмжлэлээс 98.241 ам доллар төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч “...98.241 ам долларын хувьд зөвшөөрч байгаа, харин төгрөгийн тооцоо нь тусдаа байгаа” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгагүй байна.

Сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т нийцжээ.

Иймд нэхэмжлэлээс 76.042 ам доллар буюу 175.336.875 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2450 дугаар магадлалын тогтоох хэсгийн “...98.241 ам доллар буюу 242.465.664...” гэснийг “...76.042 ам доллар буюу 175.336.875...” гэж, “...188.697 ам доллар...” гэснийг “...154.600 ам доллар” гэж, “1.370.278” гэснийг “1.034.634” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1.370.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ