Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02385

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02385

 

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаар шийдвэртэй, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Рэнцэнхандад холбогдох, зээлийн гэрээий үүрэг болон зээлийн гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулан нийт 229 267 096.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итггэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч Д.Рэнцэнханд нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ2010008007 тоот ипотекийн гэрээ байгуулан 147 655 000 төгрөгийг жилийн 19.8%-ийн хүүтэйгээр 108 сарын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээл авсан. Мөн тус банканд ажиллаж байх хугацаандаа 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын хэрэгцээнд зориулж, ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээ, БГ120218001 тоот барьцааны гэрээ байгуулан 5 000 ам.долларыг бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн мөнгө авсны гүйлгээний 2.5%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэж зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийхгүй, олгосон хугацаанд үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд зээлдэгч Д.Рэнцэнхандаас ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 127 452 761.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 25 927 034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 428 350.03 төгрөг, нийт 153 808 145.53 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгчийн зээлийн энэ гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг БГ2010008007 тоот ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 3 тоотод байрлах 88.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулж, мөн зээлдэгч нь ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5 282.16 ам.долларыг гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байх бөгөөд уг гэрээний лимит хэтрүүлсэн дээрх төгрөгөөс түүний өөрийнх нь зөвшөөрсөн 5 000 ам.долларыг гаргуулж, Банкны зүгээс хариуцагчтай зөвшилцөх гэж энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзаж, энэ гэрээний дагуу зээлдэгчээс нийт 31 406.29 ам.доллар гаргуулахаар шаардсан шаардлагаа 26 406.29 ам.доллараар багасгасан боловч хариуцагч нь 5 000 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тохиролцоогоо зөрчсөн хэвээр байгаа юм. Иймд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, түүний зөвшөөрсөн хэмжээний зээлийн үүрэг болох 5 000 ам.доллар буюу 12 013 350 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг БГ120218001 тоот барьцааны гэрээнд дурдагдсан зээлдэгчийн эзэмшлийн 1102082989 тоот дансны орлогоос хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Рэнцэнханд нь Голомт банк ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохих ёсоор биелүүлж, нийт 104 572 222.12 төгрөг төлсөн. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Д.Рэнцэнхандын түрээсийн гэрээний орлого зогссон тул үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнээс хойш банкийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цуцлах хүртэл боломжит бүхий л аргаар төлбөрөө төлөх гэж оролдсон боловч өөр бусад этгээдүүдтэй шүүхийн маргаан үүсгэсэн нь эцэс болоогүй тул төлбөрөө төлж, зээлийн гэрээний үүргийг хуваарьт нь оруулж чадаагүй юм. Нэгэнт банк 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээ цуцалсан тул тухайн өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 127 452 761.20 төгрөг, зээлийн хүү 11 546 172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129 759.93 төгрөг, нийт 139 128 693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээ цуцлагдсанаар хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох тул 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн картын зээлийн эрх нээлгэх гэрээний тухайд Д.Рэнцэнханд нь Голомт банк ХХК-ийн найдваргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэх маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллах явцдаа маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээнд зориулж авсан зээлийн гэрээ юм. Энэ нь уг гэрээний 2.1-д зээлийн зориулалтыг байгууллагын хэрэгцээнд гэж заасан байгаагаар нотлогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал ч маргахгүй байгаа. Авсан зээлийг албаны үйл ажиллагаандаа зарцуулсан тул буцаан төлөх үүрэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх талаар олон удаа ярилцаж, тохиролцоонд хүрэхийг зорьж хариуцагчийн зүгээс 5 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байсан боловч эвлэрээгүй тул одоо 5 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 139 128 693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Рэнцэнхандаас 165 821 495.53 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Рэнцэнханд нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Рэнцэнхандын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах, Д.Рэнцэнхандын эзэмшлийн Голомт банк ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос төлбөр гаргуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 374 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 057 257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Картын зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дууссанаас хойш тухайн гэрээний үүрэгтэй холбоотой Голомт банк ХХК-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон боловч энэ гэрээний үүрэгт 5 000 ам.долллар төлөхийг зөвшөөрсөн баталгааг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.Рэнцэнханд гаргасан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж үзнэ гэж дүгнэсэн. Мөн хариуцагч дээрх зээлийг байгууллагын хэрэгцээнд зориулж авсан гэх боловч зээлийг ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хоолны газар, зочид буудал, саун, гоо сайхны газар, БНСУ болон Вьетнам зэрэг улсад зорчих үедээ зарцуулсаи болох нь кредит картын хуулгаар тогтоогдож байна гэж үзсэн. Гэтэл хариуцагч Д.Рэнцэнхандын хувьд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Голомт банк ХХК-ийг төлөөлж Т.Нямсүрэн гэдэг хүнтэй зөвхөн уулзалт хийсэн. Тус уулзалтаар хэрэв орон сууцны зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгвөл кредит картны 5 000 ам.доллар болон орон сууциы зээлийгхэвийн болгох /үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү/-д шаардлагатай 53 000 000 төгрөгийг тус тус төлж болох талаар зөвхөн тохиролцоо буюу санал гаргасан. Энэхүү саналыг Картын зээлийн эрх нээх гэрээ-ний үүргийн баталгаа гэж ойлгож болохгүй юм. Учир нь Голомт банк ХХК-ийг албан ёсоор төлөөлөх /гүйцэтгэх захирал, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч/ эрх бүхий хүн тус саналыг хүлээн авч албан ёсоор шийдвэр гаргаагүй, мөн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Д.Рэнцэнханд нь Картын зээлийн эрх нээх гэрээ-ний дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус төлбөрийг хувийн хэрэгцээнд бус байгууллагын хэрэгцээнд зарцуулсан болохыг удаа дараа тайлбарласан. Д.Рэнцэнханд нь тус хэрэгт дээрх картын зээлийг ямар зориулалтаар ашигласан болохыг нотлохоор Голомт банк ХХК-ийн толгой компани болох Бодь интернэйшнл групп ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалыг хашиж байсан С.Энхтүвшин гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ингэснээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжийг хариуцагчид бүрэн олгож чадаагүй.

Орон сууцны зээлийн гэрээ-ний талаар: Анхан шатны шүүх үүний улмаас нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09/905 тоот мэдэгдлээр 2017 оны 9 дүгээр сарын 17-ны дотор, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09/1059 тоот мэдэгдлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор байхаар тус тус тогтоож байсан боловч үр дүн гараагүй тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалж, энэ тухай 09/1148 тоот мэдэгдлийг хариуцагчид өгсөн байна. Зохигчид үүнд маргаагүй" гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болох гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд зөвлөмжид: хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана гэж тусгасан. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа мэдэгдлийг авсан. Тиймээс тус өдрөөр гэрээ цуцлагдаж, дээрх гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байтал шүүх өөрийн санаачлагаар шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлоогүй байтал шүүгч түүнийг тодорхойлж нотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/1148 дугаар мэдэгдлийн дагуу гэрээг цуцлагдсан тул 139 128 693 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 14 679 451 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс Картын зээлийн эрх нээх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд гэх 5 000 ам.доллар буюу 12 013 350 төгрөг болон Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд гэх 14 679 451 төгрөг, нийт 26 692 801 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Д.Рэнцэнхандад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 229 267 096.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Голомт банк ХХК болон Д.Рэнцэнханд нар нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ЗГ120218001 тоот Картын зээлийн эрх нээх гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр БГ120218001 тоот барьцааны гэрээ байгуулсан талаар үйл баримт хэрэгт авагдсан картын зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээ талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-17 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчидын хооронд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь орон сууцны зээлийн зориулалтаар 147 655 000 төгрөгийг 108 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, БГ2010008007 тоот ипотекийн гэрээг байгуулсан ба хариуцагч нь өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохиролцсон. /хх-ийн 8-13 дугаар тал/

Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 29 дүгээр зүйлийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Д.Рэнцэнханд 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 34 029.23 ам.долларыг бэлэн болон бэлэн бусаар төлбөрийн гүйлгээ хийх замаар зарлагадаж зарцуулсан болох нь кредит картын хуулгаар тогтоогдсон бөгөөд зээлдүүлэгч Голомт банк ХХК-ийг гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ биелүүлсэн болно.

Зээлдэгч нь 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30 093.67 ам.долларын буцаан төлөлт хийснээс үзэхэд тэрээр гэрээгээр тохирсон нөхцөл, журмын дагуу лимит хэтрүүлсний хүү, бэлэн мөнгөний болон бэлэн бус гүйлгээний хүү зэрэгт тооцогдсон бөгөөд зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн үндсэн зээлийн 5286.16 ам.долларын төлбөрийн үүргээс хасагдаагүй байх ба зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 23-24 дүгээр тал/

Хариуцагч нь Картын зээлийн эрх нээх гэрээгээр мөнгийг байгууллагын хэрэгцээнд зарцуулсан гэх тайлбар, гомдол гаргах боловч өөрийн тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Түүнчлэн Д.Рэнцэнханд 5 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүх дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин хэргийн 20 дугаар талд авагдсан Голомт банк ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/1148 тоот мэдэгдлээр зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болохоо мэдэгджээ. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан өдрөөс хойш хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй.

Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан хугацаагаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоход 135 989 556 төгрөгийг хариуцагч төлөхөөр байгаа хэдий ч хариуцагчийн зөвшөөрсөн дээрх хэмжээнд шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгуулага хохирол шаардаагүй байхад хэтэрсэн хугацааны хүүг хохиролд тооцож шийдвэрлэсэн нь буруу болно.

Эдгээрээс дүгнэхэд шүүхийн шийдвэрт хариуцагчийн хүлээвэл зохих үүргийг 151 442 044 төгрөгөөр тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 165 821 495.53 гэснийг 151 442 044 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 379 451 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 1 057 257 гэснийг 915 160 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ