Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00599

 

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлалтай,

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон зээлийн гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулан нийт 165,821,495.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Д  нь 2014 оны 03 сарын 20-ны өдөр   ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ2010008007 тоот ипотекийн гэрээ байгуулан 147,655,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 108 сарын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээл авсан. Мөн тус банканд ажиллаж байх хугацаандаа 2012 оны 02 сарын 18-ны өдөр байгууллагын хэрэгцээнд зориулж, ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээ, БГ120218001 тоот барьцааны гэрээ байгуулан 5000 ам.долларыг бэлэн бус гүйлгээний 2 хувь, бэлэн мөнгө авсны гүйлгээний 2.5 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэж зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийхгүй, олгосон хугацаанд үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд зээлдэгч Д аас ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 127,452,761.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 428,350.03 төгрөг, нийт 153,808,145.53 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгчийн зээлийн энэ гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг БГ2010008007 тоот ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 3 тоотод байрлах 88.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулж, мөн зээлдэгч нь ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5282.16 ам.долларыг гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байх бөгөөд уг гэрээний лимит хэтрүүлсэн дээрх төгрөгөөс түүний өөрийнх нь зөвшөөрсөн 5000 ам.долларыг гаргуулж, Банкны зүгээс хариуцагчтай зөвшилцөх гэж энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзаж, энэ гэрээний дагуу зээлдэгчээс нийт 31,406.29 ам.доллар гаргуулахаар шаардсан шаардлагаа 26,406.29 ам.доллараар багасгасан боловч хариуцагч нь 5000 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тохиролцоогоо зөрчсөн хэвээр байгаа юм. Иймд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, түүний зөвшөөрсөн хэмжээний зээлийн үүрэг болох 5000 ам.доллар буюу 12,013,350 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг БГ120218001 тоот барьцааны гэрээнд дурдагдсан зээлдэгчийн эзэмшлийн 1102082989 тоот дансны орлогоос хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Д  нь “Г ” ХХК-тай 2014 оны 03 сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл зохих ёсоор биелүүлж, нийт 104,572,222.12 төгрөг төлсөн. Гэвч 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш Д ын түрээсийн гэрээний орлого зогссон тул үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнээс хойш банкийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр гэрээ цуцлах хүртэл боломжит бүхий л аргаар төлбөрөө төлөх гэж оролдсон боловч өөр бусад этгээдүүдтэй шүүхийн маргаан үүсгэсэн нь эцэс болоогүй тул төлбөрөө төлж, зээлийн гэрээний үүргийг хуваарьт нь оруулж чадаагүй юм. Нэгэнт банк 2017 оны 10 сарын 12-ны өдөр гэрээгээ цуцалсан тул тухайн өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 127,452,761.20 төгрөг, зээлийн хүү 11,546,172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,759.93 төгрөг, нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээ цуцлагдсанаар хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох тул 2018 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. 2012 оны 02 сарын 18-ны өдрийн картын зээлийн эрх нээлгэх гэрээний тухайд Д  нь “Г ” ХХК-ийн найдваргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэх маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллах явцдаа маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээнд зориулж авсан зээлийн гэрээ юм. Энэ нь уг гэрээний 2.1-д зээлийн зориулалтыг байгууллагын хэрэгцээнд гэж заасан байгаагаар нотлогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал ч маргахгүй байгаа. Авсан зээлийг албаны үйл ажиллагаандаа зарцуулсан тул буцаан төлөх үүрэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх талаар олон удаа ярилцаж, тохиролцоонд хүрэхийг зорьж хариуцагчийн зүгээс 5000 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байсан боловч эвлэрээгүй тул одоо 5000 ам.долларыг төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д аас 165,821,495.53 төгрөгийг гаргуулж “Г ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д  нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах, Д ын эзэмшлийн “Г ” ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос төлбөр гаргуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,374,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,057,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                    

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “165,821,495.53” гэснийг “151,442,044” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,379,451 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “1,057,257” гэснийг ”915,160” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/02008 дугаар шийдвэр, 2018 оны 2385 дугаар магадлалын зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Анхан шатны шүүх “картын зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2014 оны 02 сарын 18-ны өдөр дууссанаас хойш тухайн гэрээний үүрэгтэй холбоотой “Г ” ХХК-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2017 оны 02 сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон боловч энэ гэрээний үүрэгт 5000 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн баталгааг 2018 оны 08 сарын 16-ны өдөр Д  гаргасан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн. Мөн хариуцагч дээрх зээлийг байгууллагын хэрэгцээнд зориулж авсан гэх боловч зээлийг ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хоолны газар, зочид буудал, саун, гоо сайхны газар, БНСУ болон Вьетнам зэрэг улсад зорчих үедээ зарцуулсан болох нь кредит картын хуулгаар тогтоогдож байна” гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх “Хариуцагч нь Картын зээлийн эрх нээх гэрээгээр мөнгийг байгууллагын хэрэгцээнд зарцуулсан гэх тайлбар, гомдол гаргах боловч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Түүнчлэн 5000 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна" гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч “Г ” ХХК болон хариуцагч Д  нар нь Картын зээлийн эрх нээх гэрээг “байгууллагын хэрэгцээнд" буюу тухайн үед тус банканд үүссэн сөрөг нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд ажлын хэсэгт орж ажиллаж байгаа хүмүүст зориулж байгуулсан. Тухайн ажлын хэсэгт багтсан ажилчид нь банканд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр холбогдох байгууллага, албан газрын хүмүүстэй уулзаж ярилцахад тодорхой хэмжээний зардал гаргах нь тодорхой байсан. Тиймээс хариуцагч Д  нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан тул дээрх гэрээг байгуулсан. Тус ажлын хэсгийг Г ны толгой компани болох Бодь интернэйшнл группын Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалыг хашиж байсан С.Энхтүвшин гэдэг хүн удирдаж байсан. Тиймээс С.Энхтүвшин гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх “нэхэмжлэгч уг зээлийг байгууллагын хэрэгцээнд зориулалтаар олгосон, зарцуулсан байдалд маргахгүй байгаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хүсэлтийн хүлээн авахаас татгалзав" гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжийг хариуцагчид олгоогүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Д ын хувьд 2018 оны 08 сарын 16-ны өдөр “Г " ХХК-ийг төлөөлж Т.Нямсүрэн гэдэг хүнтэй зөвхөн уулзалт хийсэн. Тус уулзалтаар хэрэв орон сууцны зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгвөл кредит картны 5000 ам.доллар болон орон сууцны зээлийг хэвийн болгох үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүд шаардлагатай 53 сая төгрөгийг тус тус төлж болох талаар зөвхөн тохиролцоо буюу санал гаргасан. Энэхүү саналыг “Картын зээлийн эрх нээх гэрээ”-ний үүргийн баталгаа гэж ойлгож болохгүй юм. Учир нь “Г ” ХХК-ийн албан ёсоор төлөөлөх гүйцэтгэх захирал, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий хүн тус саналыг хүлээн авч албан ёсоор шийдвэр гаргаагүй, мөн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах талаар “Г ” ХХК шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх тохиролцоо нэхэмжлэгчийн шат шатны удирдлагаас болж хэрэгжиж чадаагүй бөгөөд хариуцагч Д  нь картын зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/02008 дугаар шийдвэр, 2018 оны 2385 дугаар магадлалын “Картын зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлд гэх 5000 ам.доллар буюу 12,013,350 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Д ад холбогдуулан орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 127,452,761.20 төгрөг, үндсэн хүү 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,350.03 төгрөг буюу нийт 153,808,145.53 төгрөг, картын зээлийн эрх нээлгэх гэрээний үүрэгт 5,000.00 ам.доллар буюу 12,013,350.00 төгрөг, нийт 165,821,495.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон харилцах дансны орлогоос тус тус хангуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь “...орон сууцны зээлийн гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 127,452,761.20 төгрөг, хүү 11,546,172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,759.93 төгрөг, нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин гэрээ цуцлагдсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй, картын зээлийн эрх нээх гэрээний дагуу авсан ам.долларыг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан тул буцаан төлөх үүрэггүй” гэж маргасан.

Орон сууцны зээлийн гэрээний хувьд: Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ2010008007 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Г ” ХХК нь орон сууцны зээлийн зориулалтаар 147,655,000.00 төгрөгийг 108 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Д  нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцож, зээлдэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг БГ2010008007 тоот ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах барьцаа болгожээ. Дээрх зээлийн болон ипотекийн гэрээг хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.2-т нийцсэн байна.

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн 20100080007 тоот дансанд зээл гэж 147,655,000.00 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09/905 тоот мэдэгдлээр 2017 оны 9 дүгээр сарын 17-ны дотор, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09/1059 тоот мэдэгдлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор байхаар тус тус тогтоож байсан боловч энэ хугацаанд хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул 09/1148 тоот мэдэгдлээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалсан үйл баримтын талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгч нь зөрчил арилгах тухай бүрт мэдэгдэж, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүйгээс зээлийн гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдэл талуудын хооронд хийгдсэн орон сууцны зээлийн гэрээний 4.4.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг нэхэмжлэгч байгууллага хохирол шаардаагүй байхад хэтэрсэн хугацааны хүүг хохиролд тооцож нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, “Г ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/1148 тоот мэдэгдлээр зээлдэгчтэй байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан тул энэ өдрөөс хойш хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй, тэрээр гэрээ цуцлагдахаас өмнөх үүрэгт нийт 135,989,556.00 төгрөгийг төлөхөөр байгаа хэдий ч түүний зөвшөөрсөн 151,442,044.00 төгрөгийн хэмжээнд гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Картын зээлийн гэрээний тухайд: Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ЗГ120218001 тоот Картын зээлийн эрх нээх 2 жилийн хугацаагаар байгуулсан гэрээгээр зээлдүүлэгч “Г ” ХХК нь байгууллагын хэрэгцээнд зориулан 5,000.00 ам.долларын хэмжээ бүхий зээлийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 2.5 хувь, зээлийн эрхээс хэтрүүлж хэрэглэж болох хэмжээ нь нийт зээлийн эрхийн 5 хувь, зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсний хүү буюу лимит хэтрүүлсний хүү 2 хувь /5 хувиас дээш гарсан дүнд/, зарцуулалт эргэн төлөх хувь 20 хувь, нэмэгдүүлсэн хүүг 2 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Д  үүссэн өр төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх, лимит хэтэрсэн өр үүссэний хариуцлагыг хүлээхээр тохиролцсон байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр БГ120218001 тоот гэрээгээр Д  нь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос үл маргах журмаар “Г ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг хангуулахыг зөвшөөрчээ.

Хариуцагч Д  нь 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 34,029.23 ам.долларыг бэлэн болон бэлэн бусаар төлбөрийн гүйлгээ хийх замаар зарлагадаж зарцуулсан болох нь кредит картын хуулгаар тогтоогдсон, зээлдүүлэгч нь зээл олгох үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30,093.67 ам.долларын буцаан төлөлт хийсэн байна.

“Г ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,286.16 ам.доллар, зээлийн хүү 6,634.15 ам.доллар, зээлийн лимит хэтрүүлсний хүү 11,265.81 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 8,224.17 ам.доллар буюу бүгд 31,406.29 ам.долларын үлдэгдэл байгаа гэж хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 5,000.00 ам.долларыг шаарджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй картын зээлийн эрх нээх гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон боловч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Д  нь энэ гэрээний үүрэгт 5,000.00 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн баталгааг гаргасныг үндэслэн энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т нийцсэн гэж үзнэ.

Картын зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 5,000.00 ам.доллар буюу 12,013,350.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үнэлж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг маргааны үйл баримтад үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул “...шийдвэр, магадлалын 5,000.00 ам.доллар буюу 12,013,350.00 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Хариуцагч Д аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 207,170.00 /хоёр зуун долоон мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН