Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2008

 

      

  

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр          Дугаар 181/ШШ2018/02008            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатар талбай 5-д байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 3 тоотод оршин суух, Өзөд овогт Дашцэрэнгийн Рэнцэнханд /РД:ЧЖ68010801/-д холбогдох,   

 

Зээлийн гэрээний үүрэг болон зээлийн гэрээ цуцлагдсаны үр дагавар  арилгуулан нийт 229,267,096.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, Ч.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зээлдэгч Д.Рэнцэнханд нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ2010008007 тоот ипотекийн гэрээ байгуулан 147,655,000 төгрөгийг жилийн 19,8%-ийн хүүтэйгээр 108 сарын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээл авсан. Мөн тус банканд ажиллаж байх хугацаандаа 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын хэрэгцээнд зориулж, ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээ, БГ120218001 тоот барьцааны гэрээ байгуулан 5,000 ам.долларыг бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн мөнгө авсны гүйлгээний 2,5%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэж зарцуулалтыг хийсэн болно.

Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийхгүй, олгосон хугацаанд үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас нь өмнө цуцалсан.

Иймд зээлдэгч Д.Рэнцэнхандаас ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 127,452,761.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 428,350.03 төгрөг, нийт 153,808,145.53 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгчийн зээлийн энэ гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг БГ2010008007 тоот ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 3 тоотод байрлах 88,05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулж өгнө үү.

Мөн зээлдэгч нь ЗГ120218001 тоот картын зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,282.16 ам.долларыг гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байх бөгөөд уг гэрээний лимит хэтрүүлсэн дээрх төгрөгөөс түүний өөрийнх нь зөвшөөрсөн 5,000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Банкны зүгээс хариуцагчтай зөвшилцөх гэж энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзаж, энэ гэрээний дагуу зээлдэгчээс нийт 31,406.29 ам.доллар гаргуулахаар шаардсан шаардлагаа 26,406.29 ам.доллараар багасгасан боловч хариуцагч нь 5,000 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тохиролцоогоо зөрчсөн хэвээр байгаа юм.

Иймд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, түүний зөвшөөрсөн хэмжээний зээлийн үүрэг болох 5,000 ам.доллар буюу 12,013,350 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг БГ120218001 тоот барьцааны гэрээнд дурдагдсан зээлдэгчийн эзэмшлийн 1102082989 тоот дансны орлогоос хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Рэнцэнханд нь “Голомт банк” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохих ёсоор биелүүлж, нийт 104,572,222.12 төгрөг төлсөн байдаг. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Д.Рэнцэнхандын түрээсийн гэрээний орлого зогссон тул үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнээс хойш банкийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цуцлах хүртэл боломжит бүхий л аргаар төлбөрөө төлөх гэж оролдсон боловч өөр бусад этгээдүүдтэй шүүхийн маргаан үүсгэсэн нь эцэс болоогүй тул төлбөрөө төлж, зээлийн гэрээний үүргийг хуваарьт нь оруулж чадаагүй юм. Нэгэнт банк 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээ цуцалсан тул тухайн өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 127,452,761.20 төгрөг, зээлийн хүү 11,546,172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,759.93 төгрөг, нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээ цуцлагдсанаар хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох тул 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй.

2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн картын зээлийн эрх нээлгэх гэрээний тухайд Д.Рэнцэнханд нь “Голомт банк” ХХК-ийн найдваргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэх маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллах явцдаа маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээнд зориулж авсан зээлийн гэрээ юм. Энэ нь уг гэрээний 2.1-д зээлийн зориулалтыг байгууллагын хэрэгцээнд гэж заасан байгаагаар нотлогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал ч маргахгүй байгаа. Авсан зээлийг албаны үйл ажиллагаандаа зарцуулсан тул буцаан төлөх үүрэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх талаар олон удаа ярилцаж, тохиролцоонд хүрэхийг зорьж хариуцагчийн зүгээс 5,000 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байсан боловч эвлэрээгүй тул одоо 5,000 ам.долларыг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Рэнцэнхандад холбогдуулан орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэлд 127,452,761.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 428,350.03 төгрөг буюу нийт 153,808,145.53 төгрөг, картын зээлийн эрх нээлгэх гэрээний үүрэгт 5,000 ам.доллар буюу 12,013,350 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон харилцах дансны орлогоос тус тус хангуулах шаардлагыг гаргаж байх ба шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа 26,406.29 ам.долларын хэмжээгээр багасгажээ.

 

Хариуцагч нь орон сууцны зээлийн гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 127,452,761.20 төгрөг, зээлийн хүү 11,546,172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,759.93 төгрөг, нийт 139,128,693.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, гэрээ цуцлагдсан учир хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй, картын зээлийн эрх нээх гэрээний дагуу авсан ам.долларын зээлийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан тул буцаан төлөх үүрэггүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1.Зохигчид 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ЗГ120218001 тоот “Картын зээлийн эрх нээх гэрээ”-г 2 жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь байгууллагын хэрэгцээнд зориулан 5,000 ам.долларын хэмжээ бүхий зээлийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 2.5 хувь, зээлийн эрхээс хэтрүүлж хэрэглэж болох хэмжээ нь нийт зээлийн эрхийн 5 хувь, зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсний хүү буюу лимит хэтрүүлсний хүү 2 хувь /5 хувиас дээш гарсан дүнд/, зарцуулалт эргэн төлөх хувь 20 хувь, нэмэгдүүлсэн хүүг 2 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Д.Рэнцэнханд үүссэн өр төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх, лимит хэтэрсэн өр үүссэний хариуцлагыг хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

Талууд энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр БГ120218001 тоот барьцааны гэрээг байгуулж, энэ гэрээгээр Д.Рэнцэнханд нь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос үл маргах журмаар “Голомт банк” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн байна.

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар эдгээр нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 29 дүгээр зүйлийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Картын зээлийн эрх нээх гэрээний дагуу Д.Рэнцэнхандад эзэмшүүлсэн Олон улсын эрх бүхий 5243 3209 4109 6917 дугаартай Платиниум картыг ашиглан зээлдэгч нь 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийт 34,029.23 ам.долларыг бэлэн болон бэлэн бусаар төлбөрийн гүйлгээ хийх замаар зарлагадаж зарцуулсан болох нь кредит картын хуулгаар тогтоогдож байх тул шүүх зээлдүүлэгч “Голомт банк” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ биелүүлсэн гэж үзэв.

 

Харин зээлдэгч Д.Рэнцэнханд 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30,093.67 ам.долларын буцаан төлөлт хийсэн нь гэрээгээр тохирсон нөхцөл, журмын дагуу лимит хэтрүүлсний хүү, бэлэн мөнгөний болон бэлэн бус гүйлгээний хүү зэрэгт тооцогдсон бөгөөд зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн үндсэн зээлийн 5,286.16 ам.долларын төлбөрийн үүргээс хасагдаагүй байх тул шүүх түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлдүүлэгч “Голомт банк” нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,286.16 ам.доллар, зээлийн хүү 6,634.15 ам.доллар, зээлийн лимит хэтрүүлсний хүү 11,265.81 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 8,224.17 ам.доллар буюу бүгд 31,406.29 ам.долларын үлдэгдэл байгаа гэж үзэж, үүнээс зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэлд 5,000 ам.долларыг зээлдэгчээс шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн энэ тооцоололд хариуцагч маргаагүй.

 

Картын зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дууссанаас хойш тухайн гэрээний үүрэгтэй холбоотой “Голомт банк” ХХК-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон боловч энэ гэрээний үүрэгт 5,000 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн баталгааг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.Рэнцэнханд гаргасан тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд дээрх зээлийг байгууллагын хэрэгцээнд зориулж авсан гэх боловч зээлийг ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хоолны газар, зочид буудал, саун, гоо сайхны газар, БНСУ болон Вьетнам зэрэг улсад зорчих үедээ зарцуулсан болох нь кредит картын хуулга /гүйлгээний утга/-аар тогтоогдсон, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдоогүй тул хариуцагч нь үүссэн өр төлбөрийг Картын зээлийн эрх нээх гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагчаас 5,000 ам.доллар буюу 12,013,350 төгрөг /2018.05.02-ны Монгол банкнаас зарласан ханш 2,402.67 төгрөг/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Талууд БГ120218001 тоот барьцааны гэрээгээр Картын зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Рэнцэнхандын эзэмшлийн “Голомт банк” ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцсон тул барьцаалагчийн шаардлагыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх заалтын хүрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.” гэж заасны дагуу хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2010008007 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь орон сууцны зээлийн зориулалтаар 147,655,000 төгрөгийг 108 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Д.Рэнцэнханд нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн өдөр талууд БГ2010008007 тоот ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулжээ.

 

Зээлийн болон ипотекийн гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн зээлийн 20100080007 тоот зээлийн дансанд 147,655,000 төгрөгийн гүйлгээг хийсэн болох нь хүү тооцооллын хүснэгт болон зээл шилжүүлэн авсан байдалдаа маргаагүй хариуцагч талын тайлбараар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

Үүний улмаас нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09/905 тоот мэдэгдлээр 2017 оны 9 дүгээр сарын 17-ны дотор, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09/1059 тоот мэдэгдлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор байхаар тус тус тогтоож байсан боловч үр дүн гараагүй тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалж, энэ тухай 09/1148 тоот мэдэгдлийг хариуцагчид өгсөн байна. Зохигчид үүнд маргаагүй. 

 

Хариуцагч авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь тухай бүрд зөрчил арилгах тухай мэдэгдэж, зохих ёсоор үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүйгээс ийнхүү зээлийн гэрээг цуцалсан нь орон сууцны зээлийн гэрээний 4.4.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдлийг 127,452,761.20 төгрөг, үндсэн хүүг 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 428,350.03 төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийт 153,808,145.53 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч зээлийн үлдэгдэлд 127,452,761.20 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүүгийн төлбөрт 11,546,172.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129,759.93 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч, гэрээ цуцлагдсан үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй гэж маргасан байдаг.

 

Харин зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд хариуцагч маргаагүй.

 

Гэрээ цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан байдаг тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хуулиар хүлээсэн зээлдэгчийн төлөх ёстой байсан /2017.10.12-2018.04.30 хүртэлх хугацааны/ үндсэн хүү 14,380,861.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  298,590.1 төгрөгийг тус тус хохиролд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас үндсэн зээл 127,452,761.20 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд бодогдсон хүү 25,927,034.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,350.03 төгрөг буюу нийт 153,808,145.53 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Д.Рэнцэнханд нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Рэнцэнхандаас бүгд 165,821,495.53 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан Д.Рэнцэнхандаас 165,821,495.53 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Д.Рэнцэнханд нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Рэнцэнхандын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028138 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 88,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах, Д.Рэнцэнхандын эзэмшлийн “Голомт банк” ХХК дахь 1102082989 тоот ердийн харилцах дансны орлогоос төлбөр гаргуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,374,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,057,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           

                                     ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА