| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 185/2019/0543/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 42
Л.Г т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Алтанцэцэг, иргэний хариуцагч Д.М, түүний өмгөөлөгч Д.Амгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 968 дугаар магадлалтай, Л.Г т холбогдох эрүүгийн хэргийг иргэний хариуцагч Д.М, шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ...овогт Л.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Г ийг төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5 400 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ээс нийт 34 202 000 төгрөгийг гаргуулан хохирогч М-ийн харьяа “О Ө Ц” (Н.О-)-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ээс 17 101 000 төгрөг, иргэний хариуцагч Д.М (“Ц Х” ХХК)-иас 17 101 000 төгрөг тус тус гаргуулан хохирогч М-ийн харьяа “О Ө Ц” (Н.О-)-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.М гаргасан гомдолдоо “...Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” байх тул гомдол гаргаж байна.
1. Д.М миний бие “Ц Х” ХХК-иас М ...С-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЦХ/02 дугаартай гэрээ /1хх-ийн 231-232/-ний үндсэн дээр бараа нийлүүлж, гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэн авсан. Энэ гэрээг байгуулахаас өмнө шүүгдэгч Л.Г т санал болгож байгаа угаалгын машины техникийн гэрчилгээ, танилцуулга болон үнийн саналыг зохих ёсоор хүргүүлсэн. Энэхүү саналыг Л.Г хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь Иргэний хуульд заасан хэлцэлд тавигдах шаардлагыг бүрэн хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд одоо ч хуулийн хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээг анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй. Ийм ч учраас анхан шатны шүүхээс ...“Ц Х” ХХК-ийн захирал Д.Маас гаргуулах төлбөргүй” гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх ...хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч, иргэний хариуцагч нараар төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг илтэд буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.М миний бие Л.Г ийн үйлдсэн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар хамтран оролцоогүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд намайг гэмт хэргийн хамтран оролцогчоор тогтоогоогүй, ийм үндэслэл ч байхгүй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвап зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолд ...зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна дээрх хуулийн заалтад заасан иргэн, хуулийн этгээд байх нь тодорхой байна.
Дээрх эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдэд Д.М миний бие хамаарахгүй тул нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан Л.Г ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “О Ө Ц”-т учирсан хохирлыг шүүгдэгч Л.Г ээс бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр юм.
Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотолбол зохих байдлыг орхигдуулснаар анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь бүхэлдээ алдаатай болж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ илт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн хариуцан барагдуулбал зохих төлбөрийг бүхэлд нь хариуцвал зохих этгээд нь байсаар байхад тал хагасыг нь шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул дээрх эргэлзээ бүхий байдлыг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн прокурорын алдаатай зүйчилсэн зүйл ангиар Л.Г ийн үйлдлийг зүйлчилж, өмгөөлөгчийн хүсэлт болох Л.Г ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой үндэслэлийг няцаасан дүгнэлт нь алдаатай болсон. Учир нь хэрэгт авагдсан баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, Сангийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас удаа дараа ирүүлсэн албан тоотоор Л.Г ийн угаалгын машин авсан мөнгө нь төр, хувийн хэвшлийн нийлсэн 27 их, дээд сургуулийн оюутнуудын төлсөн байрны төлбөр буюу төсвийн бус хөрөнгө гэж нотлогдсон байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг тусад нь авч гэм буруутайд тооцсон нь алдаатай байна. Нотлох баримт болох .... оюутны “О” цогцолбор нь төр, хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр баригдсан уу, эсвэл дан төрийн өмчийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан уу гэдгийг заавал тогтоосон, мөн төрийн өмчид албан ёсоор /С яамны баланс/-д бүртгэгдсэн эсэх гол нотлох баримт байхгүй, хэрэгт энэ талаар шалгаж тогтоогоогүй, ямар ч нотлох баримт авагдаагүй байгаа нь дээрх зүйлчлэлийг зөв хэрэглэсэн эсэхэд шууд ноцтой эргэлзээ төрүүлж байна. Харин шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 эсхүл 272.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хангаж байгаа бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэлдэхүүний шинжийг энэ зүйлчлэл нь илүү хангаж байгаа болно.
Хэрэг гарсан хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж тооцсонтой маргахгүй боловч яг энэ өдөр “О Ө Ц” 1000 оюутны байрны өмчлөлийн байдал тодорхойгүй, тогтоогдоогүй, шалгаж тогтоосон баримт байхгүй.
Хэрэв анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэг “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг тусад нь авч гэм буруутайд тооцож байгаа бол ерөнхий байдлаар биш маш нарийн шууд нотлох баримтыг үнэлэн тогтоох ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нотлогдсон байдлын талаар дүгнэлт хийхдээ шууд төрийн өмч гэж дүгнэсэн нь нотлох баримтгүй, нотлогдоогүй буюу нотолбол зохих байдлыг шууд нотлогдсон мэтээр хийсвэрлэн хэт ерөнхий дүгнэлт хийсэн. Хууль ёсоор бол дээрх байдал нь эргэлзээтэй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг илт хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалт байхгүй нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв баримталсан эсэхэд шууд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэхүү хууль буцаан хэрэглэх заалтыг үндэслэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г ийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ.
2. Хохирлын үнэлгээ, хэн хариуцах ёстой талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтаар “Ц Х” ХХК /Д.М/ нь угаалгын машины төлбөрт 40 сая төгрөгийг шууд авсан, захиран зарцуулсан, ашиг олсон баримт болон энэ мөнгөнөөс Л.Г хувьдаа авсан нэг ч төгрөг байхгүй болох нь хангалттай тогтоогдсоор байхад анхан шатны шүүх “Ц Х” ХХК /Д.М/-д иргэний эрх зүйн хариуцлага тооцох үндэслэлгүй, төлбөр гаргуулахгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Хэдийгээр бизнесийн байгууллага ашиг олох эсэх асуудал нь хуулиар хориглогдоогүй боловч хуульд үндэслэлгүй хөрөнгөжих заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт маш тодорхой тусгагдсан байхад анхан шатны шүүх нийлүүлэх барааны үнэ, чанар байдал, үйлдвэрлэгдсэн улсын талаар зориуд худал мэдээлэл өгсөн этгээд болох “Ц Х” ХХК /Д.М/-аас барааны илүү төлөлтийн төлбөрт 34 202 000 төгрөгийг бүхэлд нь гаргуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчаас төлбөр гаргуулахгүйгээр, /эсвэл тал хагасыг нь гаргуулахаар/ шийдэж байгаа бол шүүгдэгч Л.Г , “Ц Х” ХХК /Д.М/ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хууль ёсны дагуу хийгдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт гарч байгаа бөгөөд энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхэд ноцтой эргэлзээг бий болгож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг анхан болон давж заалдах шатны шүүх баримтлаагүй гэж маргаж байна. Энэ хэрэгт хохирлын тооцоог нарийн тогтоосон эсэх нь эргэлзээтэй бөгөөд угаалгын машины үнэлгээ, эдэлж хэрэглэж актлагдсан байдал, гааль татварын хураамж зэргийг тогтоосон зүйлгүй байх тул хэдэн төгрөгийн үнэлгээтэй, хил, гаалиар мэдүүлсэн баримтууд, хэдэн төгрөгийг торгууль, татвар хэлбэрээр улсын төсөвт оруулсан зэргийг нь нотлох баримтаар үнэлж байж хохирол төлбөрийн тооцоог гаргах ёстойг орхигдуулсныг залруулж, засах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирлын тооцоонд эдгээр татвар, торгууль нэмэгдэх эсэх, энэ нь хохирлын хэмжээнээс хасч тооцогдох эсэх асуудлыг орхигдуулсан байна. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “...Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах эсвэл хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр сууринаас гомдлоо танилцуулъя. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг зүйлчилсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг авсан бөгөөд төсвийн бус хөрөнгө гэдэг нь баримтаар тогтоогдсон. Тухайн үед өмчийн байдал тодорхойгүй байсан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн гэмт хэрэг байхгүй. Гэтэл хууль хэрэглээ тодорхойгүй болж ирэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг авсан. Төрийн өмч гэдэг нь нотлогдоогүй болохоор шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордсон. Энэ нь тухайн үеийн хуулиар шийдэгдсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдах байсан. Үүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан прокурорын тогтоол ч хэрэгт байгаа. Иймд Л.Г т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү. Хяналтын шатны шүүхэд гаргасан хэргийг прокурорт буцаах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудыг заасан бөгөөд 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Амгалан хэлсэн саналдаа “...Д.Мын гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар өөрчилж саналаа танилцуулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээрх заалтыг Улсын дээд шүүх 2009 оны 15 дугаар тогтоолоороо тайлбарлаж, хэрэглэж ирсэн шүүхийн практик тогтсон буюу тухайн гэмт хэргийг үйлдээгүй, уг хэрэгт яллагдагчаар татагдаагүй этгээдийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэний хариуцагч гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд заасан хувь хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох ёстой. Иргэний хариуцагч Д.М ын эрх зүйн байдал дордож, нийтийн эрх ашгийг төлөөлөн шийдвэр гаргаж байсан Л.Г ийн гэм буруутай үйлдлээс учирсан хохирлыг хувь тэнцүүлэн хүлээх үр дагавар үүссэн. Энэ нь эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэхийг хориглосон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу иргэний хариуцагч ямар гэм буруутай үйлдэл хийсэн, ямар шалтгаант холбоотой талаар дүгнэлт хийгээгүй. Бизнесийн үйл ажиллагаанд хэт их ашиг олохыг хориглосон хууль зүйн үндэслэл дурдаагүй. Мөн ямар баримтыг үндэслэж худалдан авагчид илт хохиролтой гэрээ байгуулсан гэж дүгнэсэн талаар дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, магадлалдаа дурдаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, нэхэмжлэл шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх Л.Г т холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Л.Г т холбогдох хэргийн зүйлчлэл буруу гэж үзэж байна. Мөн улсад учирсан хохирлыг төлөөгүй, төлөх санаачилга гаргаагүй байхад 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь гэм бурууд тохироогүй байна. Энэ гэмт хэргийн хохирол 40 сая төгрөгийн хэмжээгээр яригдах ёстой, гэтэл үнийн зөрүүгээр ялласан нь үндэслэлгүй байна. Уг үйл баримт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байгаа бөгөөд зүйлчлэлийг шүүх шууд өөрчлөн шийдвэрлэхэд ял шийтгэлийн хувьд хүндэрхээр байна. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хариуцагч Д.М, шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Г т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Л.Г ийг М-ийн санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлалгүй “Ц Х” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шууд гэрээ байгуулан, “О” цогцолборын “... оюутны байр”-нд MIDEA MWJ-1020-1002 загварын хагас автомат угаалгын машин нэг бүрийг 289 900 төгрөгийн үнэтэй байсаар байтал зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу нэг бүрийг 2 000 000 төгрөгөөр тооцон 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40 000 000 төгрөгийн санхүүжилт олгон М-ийн “О” цогцолборт 34 202 000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхүүд Л.Г ийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж “Төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдэгдсэн, тэрхүү гэмт хэргийн шинж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаад огт дүгнэлт өгч чадаагүй байна.
Дээрх алдаа мөрдөн байцаалт болон прокурорын шатнаас эхлэн гарсан бөгөөд мөрдөгч, прокурор Л.Г ийн үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон ямар харилцааг зөрчсөнийг зөв тодорхойлоогүйгээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн хэрэглээ, хууль буцаан хэрэглэх зарчмын талаар гаргасан гомдолд эцэслэн хариу өгөх боломжгүй нөхцөл бүрдэж, улмаар өдийг хүрчээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтууд нь прокуророос тогтоосон хэргийн үйл баримтыг бүрэн тодорхойлж байгаа гэж үзвэл уг үйл баримт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 273 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдийн аль алиныг хангаж байгаа буюу нийлмэл гэмт хэрэг эсэх, өөр бусад өрсөлдөх хэм хэмжээний агуулгатай нийцэж байгаа эсэх, улмаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд аль гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа зэрэгт яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.
Л.Г нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа зах зээлийн дунджаас дээгүүр буюу 289 900 төгрөгийн үнэтэй барааг 2 000 000 төгрөгөөр буюу даруй 7 дахин илүү үнээр худалдан авах ажиллагааг хийхэд дан ганц өөрийнх нь үйлдлээс гадна зайлшгүй худалдагч тал буюу Д.М /Ц Х ХХК/-ийн оролцоотой хийгдсэнээр үйлдэл төгсөхөөр байхад гэмт хэрэгт хамтран оролцогчийн талаар шалгалтын ажиллагаа, үнэлгээ, дүгнэлт хийгдээгүй байна.
Түүнчлэн Л.Г ийн албаны эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлээрээ тухайн байгууллагын хөрөнгөөс зарцуулсан хөрөнгийн зарим хэсгийг хууль ёсны, зарим хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хуралдаанд оролцсон прокурорын хохирлын хэр хэмжээний талаарх санал үндэслэлтэй гэж үзнэ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж эцэслэн шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл хүндэрч өөрчлөгдөж болзошгүй байгаа тул шүүх хуралдаанаар энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой.
Эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хууль зүйн дүгнэлт хийгдээгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил мөн бөгөөд энэхүү зөрчлийг тогтоолгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг мөн адил хангаагүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, иргэний хариуцагч Д.М, шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг прокурорт буцааж байгаа тул гэм буруутай холбоотой гомдолд эцэслэн хариу өгөх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 968 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Г т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР