Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 433

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0518 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ”М” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0518 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй хэмээн маргаж байх боловч хариуцагчийи зүгээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хяналт шалгалтын ажлын талаар болон уг шалгалтын үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм...” гэсэн дүгнэлт хийж “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжид нийцээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэснийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчээс түүний Налайх дүүрэг дэх 33,78 гектар талбай бүхий уурхайи талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах эрх бүхий МҮ-..... тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийи талбайн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

5. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эрхээр хангаагүй, нэхэмжлэгч болон барьцаалагч ‘”Голомт банк” ХХК-д тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй.

6. Уг асуудлаар анхан шатны шүүх “...олон иийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн... ” гэж дүгнэсэн. Гэтэл уг мэдээлэл нь яг нэхэмжлэгч рүү чиглэсэн эсэх, түүний ямар эрхийг хэрхэн зөрчих гэж байгаа талаар тодорхой мэдэгдээгүй /тусгай зөвшөөрлийг цуцлах, эсвэл газрын хэвлий ашиглах эрхийг хүчингүй болгох/, зөвхөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийгдэх гэж байгаа ажлыг мэдээ хэлбэрээр гаргасан байхад шүүх үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй, сонсох ажиллагаа хийх тухай Захиргааны ерөнхий хуулийп 27 дугаар зүйлийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн.

7. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон холбогдох зүйл, заалт, бусад мэдээлэл үндэслэлийн талаар заагаагүй, тэдгээрт тайлбар гаргах боломж, хэлбэрийг зааж өгөөгүй нь сонсох ажиллагаа явуулах тухай хуулийн агуулгад нийцээгүй тул уг захиргааны актыг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хангахгүй байна.

8. “... Монгол Улсын Их Хурлаас 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталж, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 3 дугаар зүйлийи 3.1-д “энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” хэмээн хуульчилсанаар өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тусгайлан зохицуулах болсон байна. Ингэснээр аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй болжээ... ” хэмээн дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

9. Тухайлбал, маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийи үндэслэлд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсгийг дурдаж, “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж заасан бөгөөд “М” ХХК-ийн МҮ-014483 тоот ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл маргаан бүхий захиргааны актаар цуцлагдаагүй харин тус зөвшөөрлийн үндсэн дээр газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох эрхийг хязгаарлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон юм.

10. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын “М” ХХК-ийи газрын хэвлийг ашиглах эрхгүй гэсэн шийдвэрийн үр дагавар нь “М” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг дуусгавар болгосон.

11. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө цуцлах буюу ашигт малтмал ашиглахыг зогсоох, болиулах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг ба нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах эрх дуусгавар болгох байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй юм.

12. Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “газрын хэвлий ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж зохицуулсан.

13. Нийслэлийн Засаг дарга нь газрын хэвлий ашиглах эрхийг уурхайн олгосон акт, газрын хэвлий ашиглах тухай зөвшөөрлийг олгосон нөхцөлд л түүнийгээ хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж ойлгогдож байна.

14. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн үндэслэлд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсгийг дурдаж, “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” тул газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон.

15. Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжид “тусгай зөвшөөрлийг олгосноос хойш” гэсэн бол хуульд “газрын хэвлийг олгосноос хойш” гэсэн байна.

16. Гэтэл шүүх “... шалгалтын дүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/1462 дугаар албан бичгээр “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх /газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй/ заалтыг зөрчсөн”...”, “...33 аж ахуй нэгжид хамаарах асуудлыг нь “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож...” хэмээн дүгнэлт гаргасан атлаа маргаан бүхий захирамжийн үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт болон түүний агуулгын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

                 17. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дээрх хуульд нийцээгүй дүгнэлтүүдийг хууль зөрчөөгүй гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийи 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бодитойгоор хянан үзэж чадаагүй гэж үзэж байна.

18. Дээр дурдсан үндэслэлүүдээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0486 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0518 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

            19. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр “М” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...уг тусгай зөвшөөрөл нь “Голомт” банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан, үүний дагуу тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл хязгаарлагдсан байхад ... тусгай зөвшөөрлийг цуцалсан, ... манайд цуцлах үндэслэл бүрдсэн талаар хуульд заасны дагуу мэдэгдээгүй, хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийг эзэмшсэнээс хойш 3 жил ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон ... тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ... нь хууль зөрчөөгүй “ гэж маргажээ.

            20. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 14483А тусгай зөвшөөрлийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Налайх” нэртэй 33.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг эзэмшсэн, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайдаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оноос хойш төлөөгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

21. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” тохиолдлыг “зөрчил” гэж үзэхээр, ийм зөрчил гаргасан тохиолдолд, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014) хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .....А тусгай зөвшөөрлөөр газрын хэвлийг ашиглуулахаар олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй “М” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг хариуцагч нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн, шүүхүүд хуулийн энэ заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

22. Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “... /нийслэлийн Засаг дарга нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”-аар, 11.2.5-д “/нийслэлийн Засаг дарга/ харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус заасан байх тул хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн “... нийслэлийн Засаг дарга нь газрын хэвлий ашиглах тухай зөвшөөрлийг олгосон нөхцөлд л түүнийгээ хүчингүй болгох замаар дуусгавар болгоно, ... шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

            23. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “сонсох ажиллагаа явуулах” журмыг тогтоосон, мөн зүйлийн 27.2.2-т сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-ээр заасан, маргаан бүхий захиргааны актаар 21 буюу түүнээс дээш тооны (1 дүгээр хавсралтаар 62 аж ахуйн нэгж, 2 дугаар хавсралтаар 33 аж ахуйн нэгж) этгээдэд хамаарах шийдвэр гаргасан, хариуцагч уг асуудлаар 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлсэн нь сонсох ажиллагаа явуулах журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эрхээр хангаагүй, ... уг мэдээлэл нь яг нэхэмжлэгч рүү чиглэсэн эсэх, түүний ямар эрхийг хэрхэн зөрчих гэж байгаа талаар тодорхой мэдэгдээгүй байхад ... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

            24. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон .....А тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд “2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Голомт банкны зээлийн барьцаанд бүртгэгдээгүй”, энэ тохиолдолд, хариуцагч нийслэлийн Засаг даргыг “... Голомт банкинд мэдэгдээгүй” гэж буруутгах үндэслэлгүй юм.

            25. Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцлийг тусгайлан заахдаа “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... /тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх” гэж тодорхойлсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч  “М” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй, уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, энэ тохиолдолд, “М” ХХК тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах нөхцлийг биелүүлээгүйгээс уг эрхээ 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс алдсан гэж үзэх үндэслэлтэй, нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “хөндөгдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

            26. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцээгүй, ... хэргийг бодитойгоор хянан үзэж чадаагүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0518 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч “М”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА