Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00019

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00019

 

 

2017 12 25 210/МА2018/00019

 

Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В.Ганбатад холбогдох

 

Гэм хорын хохиролд 25 506 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Шинэбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Одбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

Иргэн Ц.Дуламсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Номин даатгал ХХК-д Тоёота Ланд круйзер 200 маркийн 17-77 УНН улсын дугаартай автомашиныг  тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Энэхүү тээврийн хэрэгслийг  В.Ганбат нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт орох зам буюу Айдасын давааны орчимд жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчин замын хажуу руу унаж машины өмчлөгчид 25 506 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус 25 506 000 төгрөгийн хохирлыг Номин даатгал ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгохоор шийдвэрлэж, төлбөрийг бүрэн барагдуулсан. Номин даатгал ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлж иргэн Ц.Дуламсүрэнд 25 506 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443.7, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Дуламсүрэнтэй байгуулсан тээврийн хэрэгслийн гэрээний 3.6-д заасан заалтуудын дагуу гэм хорын хохирлыг  шаардах эрх Номин даатгал ХХК-д шилжсэн байна. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг үндэслэн  иргэн В.Ганбатаас 25 506 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Дуламсүрэн болон Номин даатгал ХХК нарын хооронд автомашины даатгалын гэрээ байгуулагдаж, 17-77 УНН улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг даатгасан. Энэхүү автомашиныг В.Ганбат нь жолоодож яваад замын тохиромжгүй байдлын улмаас осол гаргасан тул ослын газрын акт тавигдаагүй гэдэг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Хууль зүйн сайдын 2015 оны А/190 тоот тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-д зааснаар зохицуулагч нь осол гарах юм бол дараах арга хэмжээг авах эрхтэй байдаг. Үүнд: замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд  уг зөрчлийг арилгуулахаар акт тавих эсхүл цаашид материалжуулах шаардлагатай гэж үзэх юм бол шийдвэрлэх бүрэн эрхтэй. Гэтэл ослын газар дээр акт тавигдаагүй тул хариуцагч В.Ганбатыг гэм буруутай гэдгийг албан ёсоор тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа В.Ганбатыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд саад бэрхшээлтэй ослын байдал үүсгэхгүйгээр зорчино  гэснийг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн байна. Гэтэл энэ бол жолооч болгонд хүлээлгэсэн үүргийн заалт юм. Энэ заалтыг мөрдөж ажиллахын тулд ямар нэгэн гадны хүчин зүйл байх шаардлагатай. Гэтэл үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар замын үзэгдэх орчин хангалтгүй, 300 метрийн зайд зам харагдахгүй гэсэн  тодорхойлолт бүхийзам байснаас гадна уруу, уул жалгатай, хальтиргаатай, гэрэлтүүлэггүй зам байсан. Иймд В.Ганбатыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч В.Ганбатаас гэм хорын хохирол 25.506.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Номин даатгалХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдах гомдолдоо:

..."Номин Даатгал" ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч тал буюу В.Ганбат нь Номин Даатгал ХХК-ийн даатгуулагч Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 17-77 УНН улсын дугаартай Тоёота маркийн авто машиныг унаж яваад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт орох зам буюу Айдасын давааны орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчин замын хажуу руу осолдсон байдаг. Уг осол нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болсон нь Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1077 дугаартай актаар тогтоогдож байна Хэргийн материалаас үзэхэд нотлох баримт хангалттай байхад хэргийг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль тогтоомжийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул 2017 оны 10 дугаар сарын 17-ны 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч В.Ганбатаас гэм хорын хохиролд 25 506 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч В.Ганбат нь иргэн Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 17-77 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр жолоодож авахдаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтөөс Амгалан хотхон орох шороон замд онхолдож, уг ослын улмаас иргэн Ц.Дуламсүрэнд 25 506 000 төгрөгийн хохирол учирсан болох нь зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-19 тал/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжихээр заажээ.

 

Хэргийн 18 дугаар талд Номин даатгал ХХК-иас иргэн Ц.Дуламсүрэнд 25 506 000 төгрөгийг төлсөн баримт авагдсан байна. Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1077 дугаартай ослын  бүртгэлд 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 14 дүгээр хороо, Өлзийтөөс Амгалан хотхон орох шороон замд 17-77 УНН улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашины жолооч В.Ганбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан байна гэж тэмдэглэсэн байна. Иймд хариуцагч В.Ганбатыг даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн гэм хор учрахад буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Номин даатгал ХХК иргэн Ц.Дуламсүрэн нарын байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүсч, төлбөрийг Номин даатгал ХХК төлсөн учраас осол гаргасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Ганбат нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч В.Ганбат уг зам тээврийн осолд өөрийгөө гэм буруугүй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Ганбатаас 25 506 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин даатгал ХХК-д олгосугай гэж,

шийдвэрийн 2 дахь заалтыг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ганбатаас 285 480 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Номин даатгал ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 500 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО