Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00552

 

Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00019 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

В.Г-д холбогдох,

25.506.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дуламсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н”ХХК-д Тоёота ланд круйзер-200 маркийн 1777 УНН улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Энэхүү тээврийн хэрэгслийг В.Г- нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт орох зам буюу Айдасын давааны орчимд жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчин замын хажуу руу унаж машины өмчлөгчид 25.506.000 төгрөгийн хохирол учруулсан. Уг  хохирлыг “Н”ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгохоор шийдвэрлэж төлбөрийг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгч  нь даатгалын гэрээний үүргээ  биелүүлж  иргэн Ц.Дуламсүрэнд 25.506.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон  тул  Иргэний хуулийн  443.7, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Дуламсүрэнтэй байгуулсан тээврийн хэрэгслийн гэрээний 3.6-д заасан заалтын дагуу гэм хорын хохирлыг шаардах эрх “Н”ХХК-нд шилжсэн. Иймд В.Г-аас 25.506.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Дуламсүрэн болон “Н”ХХК нарын хооронд автомашины даатгалын гэрээ байгуулагдаж, 1777 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг даатгасан байна. Энэхүү автомашиныг В.Г- нь жолоодож яваад замын тохиромжгүй байдлын улмаас осол гаргасан боловч ослын акт тавигдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа В.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино  гэснийг зөрчсөн гэм буруутай гэж үзжээ.   Гэтэл энэ нь жолооч бүрт  хүлээлгэсэн үүргийн заалт. Үзлэгийн тэмдэглэлээс үзвэл  тухайн зам нь үзэгдэх орчин хангалтгүй өөрөөр хэлбэл   300 метр зайд зам харагдахгүй байсан. Иймд В.Г-ыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй туд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч В.Г-аас гэм  хорын хохирол 25.506.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00019 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Г-аас 25.506.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Г-аас 285.480 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.500 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00019 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц.Дуламсүрэн нь В.Г-ад холбогдуулан хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх ч эрх байхгүй атал ИХ-ийн 443.7 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь гэвэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан "Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай” зохицуулалт нь тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаар “бусдад” хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл Ц.Дуламсүрэн нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг В.Г-ад ашиглахыг зөвшөөрч шилжүүлэн, ашиглаж байсан этгээдийн буруугаас бусдад бус өөрийнх нь эд хөрөнгөнд хохирол учирсан байдаг. ИХ-ын 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч Ц.Дуламсүрэн нь өөрөө хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, мөн хуулийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу В.Г-аас хохирлыг Ц.Дуламсүрэн шаардах эрхгүй байна. Мөн В.Г-ыг гэм буруутай гэж тогтоосон ослын газрын акт байхгүйн дээр уг осол гарах болсон шалтгаан нөхцөл нь жолоочийн буруугаас бус замын байдал, үзэгдэх орчинтой холбоотой буюу цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн нөлөө болох талаар хэрэгт авагдсан баримтаас харагдаж байхад шүүхээс гэм буруугүй болохоо хариуцагч нотолсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа  давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч В.Г-аас 25.506.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...гэм хорыг даатгуулагчид төлснөөр шаардах эрх даатгагчид шилжсэн” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

“Н” ХХК болон Ц.Дуламсүрэн нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр байгуулагдсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нэхэмжлэгч нь иргэн Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 17-77 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашиныг 65.000.000 төгрөгөөр үнэлэн, 1 жилийн хугацаагаар даатгасан, даатгуулагч даатгалын хураамж төлжээ.

Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан ба зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч В.Г- нь 2017 оны 3 дугаар сарын 25-ний өдөр дээрх автомашиныг жолоодон явж байхдаа Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт тосгоноос Амгалан хотхон орох замын хажуугийн жалганд унаснаас машин эвдэрч гэмтжээ.

“Н” ХХК машинд учирсан хохиролд 25.506.000 төгрөгийг даатгуулагч Ц.Дуламсүрэнд төлсөн бөгөөд уг төлбөрийг хариуцагчаас шаарджээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”,  даатгалын гэрээний 3.8-т даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилнэ гэж тус тус заасан.  

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй хэдий ч  гуравдагч этгээдийн гэм буруугаас хохирол  учирсан  байх, мөн түүний гэм буруу  тогтоогдсон байх шаардлагатай. Нөгөө талаар  хариуцагч нь гэм хор учирсан  этгээдийн эсрэг гаргах аливаа татгалзлыг  даатгалын байгууллагад гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас хохирол учирсан  болохыг  нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “...тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан шуургатай байсан, ...хэн нэгний буруугаас осол гараагүй, ...ослын акт тогтоогдоогүй” гэж маргажээ.   

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-т зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй талаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заажээ.  

Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед түүний шалтгаан нөхцлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулахаар гэрээний 3.4-т заасан, нэхэмжлэгч  дээрх ослын шалтгаан нөхцлийн талаар эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй бөгөөд Замын цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 847 тоот албан бичигт “...тухайн үед ослын акт тавиагүй, хохирлыг тээврийн хэрэгслийн даатгалаар шийдвэрлүүлэхээр Нд шилжүүлсэн” гэжээ. Үүнээс үзвэл В.Г-ын буруугаас даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн баримтад осол гарсан талаар бүртгэсэн, үүнийг хариуцагчийн гэм бурууг тогтоосон баримт гэж үзэх нь учир дутагдалтай болно.

Тус дүүргийн замын цагдаагийн тасаг ослын газар дээр хэмжилт хийхдээ даатгагч, даатгуулагч мөн хариуцагч нарыг оролцуулаагүй, уг баримтыг тэдэнд танилцуулаагүй байх тул энэ нь  хариуцагчийн гэм бурууг нотлохгүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах зохицуулалтыг тухайн тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.         

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00019 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг  баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 285.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ