Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2203

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨс

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Энхцэцэг, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед төвийн 7 давхарт байрлах “Н”ХХК /РД: 2679698/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамжны 371Б тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 117-1-3-30 тоотод оршин суух Тугчин овогт Ваанчигийн Г /РД: НЕ67091570/-д холбогдох,

            гэм хорын хохирол 25.506.000 төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагчийн төлөөлөгч М.Одбаяр, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Н”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг  дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн Ц.Дуламсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н”ХХК-нд Тоёота ланд круйзер-200 маркийн 1777 УНН улсын дугаартай автомашиныг  тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Энэхүү тээврийн хэрэгслийг  В.Г нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт орох зам буюу Айдасын давааны орчимд жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчин замын хажуу руу унаж машины өмчлөгчид 25.506.000 төгрөгийн хохирол учруулсан. Тус 25.506.000 төгрөгийн хохирлыг “Н”ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгохоор шийдвэрлэж төлбөрийг бүрэн барагдуулсан. “Н”ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлж иргэн Ц.Дуламсүрэнд 25.506.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443.7, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Дуламсүрэнтэй байгуулсан тээврийн хэрэгслийн гэрээний 3.6-д заасан заалтуудын дагуу гэм хорын хохирлыг  шаардах эрх “Н”ХХК-нд шилжсэн билээ. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг үндэслэн  иргэн В.Гаас 25.506.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн Ц.Дуламсүрэн болон “Н”ХХК нарын хооронд автомашины даатгалын гэрээ байгуулагдаж, 177-77 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг даатгасан. Энэхүү автомашиныг В.Г нь жолоодож яваад замын тохиромжгүй байдлын улмаас осол гаргасан тул осдын газрын акт тавигдаагүй гэдэг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Хууль зүйн сайдын 2015 оны А/190 тоот тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-д зааснаар зохицуулагч нь осол гарах юм бол дараах арга хэмжээг авах эрхтэй байдаг. Үүнд: замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд  уг зөрчлийг арилгуулахаар акт тавих эсхүл цаашид материалжуулах шаардлагатай гэж үзэх юм бол шийдвэрлэх бүрэн эрхтэй. Гэтэл ослын газар дээр акт тавигдаагүй. Иймд В.Гыг гэм буруутай гэдгийг албан ёсоор тогтоосон зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа В.Гыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино  гэснийг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн байна. Гэтэл энэ бол жолооч болгонд хүлээлгээн үүргийн заалт байдаг. Энэ заалтыг мөрдөж ажиллахын тулд ямар нэгэн гадны хүчин зүйл байж уг заалт мөрдөгдөж ажиллана. Гэтэл үзлэгийн тэмдэглэлд тухайн зам нь үзэгдэх орчин хангалтгүй гэдэг нь 300 метр зайд зам харагдахгүй гэсэн  тодорхойлолт бүхий зам байсан. Мөн уруу, уул жалгатай, хальтиргаатай, гэрэлтүүлэггүй зам байсан. Иймд В.Гыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Н”ХХК нь хариуцагч В.Гаас гэм хорын хохирол 24.506.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч “Н”ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 17-77 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 65.000.000 төгрөгөөр үнэлэн 1 жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээгээр тус тус нотлогдож байна.

            Хариуцагч В.Г нь иргэн Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 17-77 УНН улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр жолоодож яваад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтөөс Амгалан хотхон орох шорооны замд онхолдож, замын хажуугийн жалганд унасан  зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, ослын бүртгэл зэргээр тогтоогдож байх ба уг ослын улмаас иргэн Ц.Дуламсүрэнд 25.506.000 төгрөгийн хохирол учирсныг “Н”ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу төлж барагдуулсан, талууд энэ талаар маргахгүй байна.

            Харин  нэхэмжлэгч “Н”ХХК нь уг зам тээврийн ослыг гаргасан жолооч В.Гаас даатгалын гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг Ц.Дуламсүрэнгээс шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр даатгалын гэрээний дагуу төлсөн 25.506.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь зам орчны байдлын улмаас осол гаргасан, уг замын тээврийн осолд гэм буруугүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч В.Г нь иргэн Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн автомашиныг жолоодож яваад осол гаргасан боловч тухайн осол гаргасан үйлдэлд гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

            Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1077 дугаартай ослын  бүртгэлд “2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 14 дүгээр хороо, Өлзийтөс Амгалан хотхон орох шороон замд Тоёото ланд круйзер маркийн 17-77 УНН улсын дугаартай автомашины жолооч Ванчигийн Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан байна“ гэж бичсэний дагуу хариуцагч В.Гыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Уг зам тээврийн осолд жолооч В.Г нь гэм буруутай эсэхийг тогтоож замын тээврийн ослын акт үйлдээгүй байх бөгөөд дээрх ослын бүртгэлийн хуудсыг жолоочийн гэм бурууг тогтоосон зам тээврийн ослын акт гэж үзэх үндэслэлгүй.

            Хэдийгээр нэхэмжлэгч “Н”ХХК нь даатгуулагч Ц.Дуламсүрэнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж, шаардах эрхийг шилжүүлэн авсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол үүсээгүй байхад нэхэмжлэл гаргасан байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч В.Гын ямар буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутай гэж үзэн

 нэхэмжлэл гаргасан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан “даатгалын гэрээнд заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдох гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэсэнтэй нийцэхгүй байна. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 285.480 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч В.Гаас гэм хорын хохирол 25.506.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Н”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                                     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР                                

      ШҮҮГЧИД                                               Д.ЭНХЦЭЦЭГ

                                                                      Ж.СЭМЖИД