Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02057

 

 

 

 

А.Баатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч И.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Баатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ё.Энхтайванд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 300 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ё.Энхтайванд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 800 000 төгрөгийг зээлдүүлсэн, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү гэж 180 000 төгрөгийг надад өгсөн, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг түүний эхнэр Соёлмаагийн Хаан банкан дахь 5009617639 тоот дансаар шилжүүлэн өгсөн ба 2017 оны 4 дүгээр сарын 05-нд эхний 2 сарын хүү гэж хэлээд 600 000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 800 000 төгрөгийн хүү болох 150 000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1 800 000 төгрөгийн 5 дугаар сарын хүү шүү гэж 150 000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс хойш хэд хоногийн дараа 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахиад 500 000 төгрөг зээлдүүлчих ах нь чиний мөнгийг өсгөж өгч байгаа ш дээ гэж хэлээд зээлж авсан. Ингээд нийтдээ 5 300 000 төгрөгийг Ё.Энхтайванд зээлдүүлсэн. Үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүүний мөнгө гэж 140 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүүний мөнгө гэж 500 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Бид нэг орон сууцанд оршин сууж амьдардаг ба үүнээс хойш таарах болгондоо ах нь мөнгийг чинь өсгөж байгаа санаа зоволтгүй, мөнгийг чинь өгнө гэж байнга хэлдэг байсан. Сүүлдээ мөнгө өгөхөө больж гуйж, гуйж 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 125 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн ба таарах болгондоо ах нь мөнгийг нь өгнө, машин өгье, үнэтэй гар утсаа өгье гэж хэлж өдөр хоногийг аргацааж өнгөрөөдөг байсан. 2018 он гарснаас хойш тааралдаад мөнгөө авья гэхээр ална шүү пиздаа минь, чи надаас юугаа авах гээд байгаа юм, ажил төрөл зогссон мөнгөгүй байна гэх болсон. Ё.Энхтайванд зээлсэн нийт 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулж өгөөгүй боловч сард 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр амаар тохиролцсон. Энхтайван нь мөнгө удаа дараа төлөх бүрдээ хүү гэж өгч байсан учир амаар тохирсон ёсоор зээлийн хүүнд нийт 8 удаа 1 945 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Иймд Ё.Энхтайванаас анх зээлдүүлсэн нийт 5 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч А.Баатараас хариуцагч Ё.Энхтайван нь нийтдээ 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй зээлж авсан нь үнэн байдаг. Уг авсан мөнгөө нэхэмжлэгч А.Баатарт дансаар нь нийтдээ 1 945 000 төгрөгийг буцааж төлсөн нь банкны дансны хуулгын баримтаар тогтоогддог. Мөн гэрч Соёлмаагийн мэдүүлгээр 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Баатарт Сүхбаатар дүүргийн 8-р байрны гадаа Энхтайван, Баатар, Соёлмаа гурав байж байгаад өгсөн болох нь нотлогддог. Соёлмаа нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр лизингээр авсан Самсунг S8 маркийн шинэ гар утсаа 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр А.Баатарт авсан мөнгөний оронд 2 000 000 төгрөгөөр тооцож өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч А.Баатарын шүүхэд болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна. Иймд А.Баатар, Ё.Энхтайван хоёр мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү гэж авсан юм гэсэн Баатарын тайлбар үндэслэлгүй байх тул Энхтайваны дансаар нь төлсөн нийт 1 945 000 төгрөгийг тус тус тооцоход Баатарт нийтдээ 5 445 000 төгрөгийг төлсөн байх тул одоо төлөх төлбөргүй байна. Иймд А.Баатарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул 5 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Энхтайванаас 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Баатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А.Баатар миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үйл явдлын хувьд А.Баатар миний бие зүс таних Ё.Энхтайван гэгчтэй нэг орон сууц, нэг орцонд дээр, доор давхарт хамт амьдардаг. Ё.Энхтайван нь би 100 айлд барилгын материалын дэлгүүр ажлуулдаг мөнгө зээлээч өсгөж өгье нэг сарын 10 хувийн хүүтэй, харилцан тохиролцоё гэж гуйгаад байхаар нь 2017 оны 01 дүгээр сарын 20, 21-нд 2 300 000 төгрөгийг Хаан банкны 5009031772 тоот данс, 2017 оны 4 дүгээр сарын 03-нд араб азарга авах гэсэн юм хүүтэй мөнгө зээлчих гэж гуйхаар нь 3 000 000 төгрөгийг эхнэрийнх нь Хаан банкны 5009617639 тоот дансанд тус тус шилжүүлэн өгсөн. Ё.Энхтайван тааралдах болгондоо ах нь мөнгийг чинь өсгөж байгаа санаа зоволтгүй мөнгийг чинь өгнө гэж байнга хэлдэг байсан ба сар бүр хүү шүү гээд дараа сард нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд 180 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-нд 600 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 150 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 03-нд 150 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-нд 140 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 03-нд 500 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 22-нд 125 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-нд 100 000 төгрөг тус тус буцаан өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэхээр ажил зогссон, мөнгөгүй байна гээд 2018 оны 2 дугаар сард S8 маркын гар утсаа мөнгөний хүүд шүү зараад ав гээд өгсөн. Тэр утсыг зарахад 750 000 төгрөг болсон ба өндөр үнэ хүрээгүйг Ё.Энхтайванд хэлж зээлсэн мөнгөө нэхэхэд төлөхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх бидний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан хийж, шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Учир нь А.Баатар миний бие 2017 онд 3 удаагийн үйлдлээр 5 300 000 төгрөгийг шилжүүлэн өгч Ё.Энхтайван авсан баримттай. Ё.Энхтайван надад мөнгө өгнө өртэй гэж тайлбар гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Болормаа гэх хүн орж ирснээр мөнгө өгөхгүй болж, Ё.Энхтайваны эхнэр н.Соёлмаа, хүү н.Отгонбаяр, хамт ажилладаг Ж.Мөнхчимэг нартай хуйвалдан үгсэн тохирч надад 1 500 000 төгрөг, гар утсаа 2 000 000 төгрөгөөр үнэлэн өгсөн гэж мэдүүлэг өгүүлэн надаас хүүтэй авсан мөнгөө хүүгүй болгож, үндсэн авсан мөнгийг төлсөн болгож шийдүүллээ. Миний бие хуулийн мэдлэг дутуугаас зээлийн гэрээг бичгээр байгуулаагүйдээ харамсаж, хүүд авсан 1 945 000 төгрөгийг зээлсэн 5 300 000 төгрөгөөс хасч тооцохыг зөвшөөрч байна. Харин шүүхийн шийдвэрийн дараах байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Энхтайван мөнгөө нэхэхээр сайн дураар гар утсаа өгсөн гар утсыг зээлээр 2 000 000 төгрөгөөр авсныг миний бие мэдээгүй, шүүхэд баримт гаргахад мэдсэн гар утсыг миний бие 750 000 төгрөгөд зарсан. Ё.Энхтайван гар утас нь өндөр үнэ хүрээгүй 750 000 төгрөг болсныг хэлж байсан. Миний бие Ё.Энхтайванаас нийт 1 945 000 төгрөг дансаар, 750 000 төгрөгийг гар утсыг нь зарж нийт 2 695 000 авсан. Харин 2 605 000 төгрөг аваагүй болно. Ё.Энхтайван надад 1 500 000 төгрөг өгсөн гэж худал хэлж байна. Тэр үед би машингүй, машинаа хүнд зарчихсан байсан ба нэг байранд нэг орцонд дээр, доор давхарт байдаг хүмүүс. Хэрэв тэд мөнгө өгсөн бол би гэртээ орж аваад, баримт үйлдэх байсан. Гэтэл эдгээр хүмүүс нэг гэр бүл үргэлж хамтдаа байдаг намайг гүтгэн худал ярьж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч А.Баатар надаас авсан 2 605 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Баатар нь хариуцагч Ё.Энхтайванд холбогдуулан 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Баатар нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 8-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус Ё.Энхтайванд зээлдүүлсэн байх бөгөөд хариуцагч Ё.Энхтайван нь нэхэмжлэгч А.Баатарт Хаан банк дахь түүний дансанд 9 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийт 1 945 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-5, 15-22-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхээ алдсан талаар зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэх боловч гэрчийн мэдүүлэг өгсөн хариуцагчийн эхнэр Н.Соёлмаагийн мэдүүлгээр хариуцагчийг 1 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Уг гэрчийн мэдүүлэг нь нотолгооны бусад хэрэгслээр давхар нотлогдоогүй, 1 500 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдоогүй байхад зээлийн эргэн төлөлтөөс хассан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болно.

 

Түүнчлэн хариуцагч нь татгалзалдаа Н.Соёлмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2 088 000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг маркийн гар утсыг, 2018 оны 2 дугаар сард нэхэмжлэгч А.Баатарт 2 000 000 төгрөгөөр тооцож өгсөн гэх боловч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд талууд гар утсыг 2 000 000 төгрөгөөр зээлийн төлбөрт тооцохоор тохиролцсон болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх гэрчээр мэдүүлэг өгсөн хариуцагчийн хүү Э.Отгонбаяр болон Ж.Мөнхчимэг нарын мэдүүлгээр талуудыг 2 000 000 төгрөгт тооцож гар утсыг өгсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Гар утсыг 2017 оны 9 сард 2 088 000 төгрөрөөр худалдан авсан гэх байдал нь утасны үнэ 2018 оны 2 дугаар сард буюу 5 сарын дараа адил үнэтэй байсан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй.

 

Харин нэхэмжлэгч А.Баатар нь хариуцагч Ё.Энхтайванаас Самсунг маркийн гар утас авснаа үгүйсгээгүй бөгөөд 750 000 төгрөгөөр бусдад худалдсан гэх тайлбар гаргасанаас үзэхэд зээлээс 750 000 төгрөг төлөгдсөн гэх үндэслэлтэй.

 

Иймд талуудын зээлийн гэрээгээр шилжлүүлсэн нийт 5 300 000 төгрөгөөс хариуцагч нь 1 945 000 төгрөгийг буцаан төлсөн ба энэ талаар зохигчид маргаагүй тул үлдэх 3 355 000 төгрөгөөс гар утсаар тооцож авсан 750 000 төгрөгийг хасаад үлдэх 2 605 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ё.Энхтайванаас 2 605 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Баатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 695 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ё.Энхтайванаас 56 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ И.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ