Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00267

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2057 дугаар магадлалтай,

А.Бын нэхэмжлэлтэй

Ё.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ё.Эгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ё.Эд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 800 000 төгрөгийг зээлдүүлсэн, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү гэж 180 000 төгрөгийг надад өгсөн, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг түүний эхнэр Соёлмаагийн Хаан банкан дахь 5009617639 тоот дансаар шилжүүлэн өгсөн ба 2017 оны 4 дүгээр сарын 05-нд эхний 2 сарын хүү гэж хэлээд 600 000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 800 000 төгрөгийн хүү болох 150 000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1 800 000 төгрөгийн 5 дугаар сарын хүү шүү гэж 150 000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс хойш хэд хоногийн дараа 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахиад 500 000 төгрөг зээлдүүлчих ах нь чиний мөнгийг өсгөж өгч байгаа ш дээ гэж хэлээд зээлж авсан. Ингээд нийтдээ 5 300 000 төгрөгийг Ё.Эд зээлдүүлсэн. Үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүүний мөнгө гэж 140 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүүний мөнгө гэж 500 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Бид нэг орон сууцанд оршин сууж амьдардаг ба үүнээс хойш таарах болгондоо ах нь мөнгийг чинь өсгөж байгаа санаа зоволтгүй, мөнгийг чинь өгнө гэж байнга хэлдэг байсан. Сүүлдээ мөнгө өгөхөө больж гуйж, гуйж 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 125 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн ба таарах болгондоо ах нь мөнгийг нь өгнө, машин өгье, үнэтэй гар утсаа өгье гэж хэлж өдөр хоногийг аргацааж өнгөрөөдөг байсан. 2018 он гарснаас хойш тааралдаад мөнгөө авья гэхээр ална шүү пиздаа минь, чи надаас юугаа авах гээд байгаа юм, ажил төрөл зогссон мөнгөгүй байна гэх болсон. Ё.Эд зээлсэн нийт 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулж өгөөгүй боловч сард 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр амаар тохиролцсон. Ё.Э нь мөнгө удаа дараа төлөх бүрдээ хүү гэж өгч байсан учир амаар тохирсон ёсоор зээлийн хүүнд нийт 8 удаа 1 945 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Иймд Ё.Эаас анх зээлдүүлсэн нийт 5 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Баас хариуцагч Ё.Э нь нийтдээ 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй зээлж авсан нь үнэн байдаг. Уг авсан мөнгөө нэхэмжлэгч А.Бт дансаар нь нийтдээ 1 945 000 төгрөгийг буцааж төлсөн нь банкны дансны хуулгын баримтаар тогтоогддог. Мөн гэрч Соёлмаагийн мэдүүлгээр 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Бт Сүхбаатар дүүргийн 8-р байрны гадаа Ё.Э, Баатар, Соёлмаа гурав байж байгаад өгсөн болох нь нотлогддог. Соёлмаа нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр лизингээр авсан Самсунг S8 маркийн шинэ гар утсаа 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр А.Бт авсан мөнгөний оронд 2 000 000 төгрөгөөр тооцож өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч А.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна. Иймд А.Б, Ё.Э хоёр мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү гэж авсан юм гэсэн Баатарын тайлбар үндэслэлгүй байх тул Ё.Эы дансаар нь төлсөн нийт 1 945 000 төгрөгийг тус тус тооцоход Баатарт нийтдээ 5 445 000 төгрөгийг төлсөн байх тул одоо төлөх төлбөргүй байна. Иймд А.Бын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул 5 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Эаас 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2057 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ё.Эаас 2 605 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 695 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ё.Эаас 56 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ё.Э хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Ё.Э би А.Баас 5 300 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд ямар нэгэн зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй юм. Түүнд дээрхи мөнгийг дансаар 1 945 000 төгрөгийг төлсөн ба энэ нь дансны хуулгаар нотлогддог. Бид үүн дээрээ маргадаггүй. Мөн 1 500 000 төгрөгийг бэлнээр өөрт нь эхнэр Соёлмаагийн хамт, аваачиж өгсөн бөгөөд үүнийг би эхнэр Соёлмаагийн гэрчийн мэдүүлгэзр нотлогдсон гэж үзэж байна. Харин А.Б нь аваагүй хэмээн шүүхэд худал мэдүүлээд байдаг. Би А.Быг залуу хүн учраас их итгэж харьцаж байсан ба тийм ч учраас тухайн үедээ гарын үсэг зуруулж аваагүй юм. Миний эхнэр Соёлмаа нь 2017.09.21-ний өдөр Юнител компаниас зээлээр худалдан авсан Самсунг С8 маркийн гар утсаа 2 000 000 төгрөгөнд тооцон өгсөн байдаг. Энэ нь гэрч Соёлмаа, Э.Отгонбаяр, Ж.Мөнхчимэг нарын мэдүүлгээр нотлогддог. Харин А.Б нь “би ийм гар утас энэ хүмүүсээс огт аваагүй” хэмээн мэлзэж, шүүхэд худал хэлж байснаа үүрэн телефоны компаниудаас лавлагаа авч тухайн гар утсыг олохоор хайх үед өөрөө хүсэлт гарган утас авснаа хүлээн зөвшөөрч 750 000 төгрөгөөр бусдад худалдсан хэмээн шүүх хурал дээр хэлдэг ч энэ талаараа нотлох баримт гаргаагүй, худалдан авсан хүнийг нь гэрчээр асуугаагүй, гар утасны зах ззэлийн үнийг гаргаагүй юм. Би дээрхи байдлаар А.Баас авсан мөнгөө 5 445 000 төгрөгийг өгснөөр бүрэн төлж дууссан болно. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд өгч байсан худал мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй, ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад шийдвэр гарган надаас 2 605 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Магадлал нь нэхэмжлэгчийн хуурамч, худал тайлбарт үндэслэн гарсан тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Эд холбогдуулан зээл 5 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлснээр, үүрэг дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2 605 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, хариуцагч үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг зөв тогтоосон хэдий ч хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлж чадаагүйг залруулах боломжтой байна. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэв.

А.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 8-ны өдөр 500 000 төгрөг нийт 5 300 000 төгрөгийг Ё.Эд зээлдүүлсэн, зээлдэгч нь 1 945 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтыг зохигчид маргаагүй, харин буцааж төлсөн мөнгийг нэхэмжлэгч нь зээлийн хүү гэж үзсэн бол хариуцагч нь бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөхгүй, зээлээс хасна гэснээс гадна 2018 оны 02 сард 2 000 000 төгрөгт тооцож Самсунг 8 маркийн гар утас, бэлнээр 1 500 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид өгсөн гэж маргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гар утас авснаа маргаагүй боловч 750 000 төгрөгөөр бусдад худалдсан гэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгснөө нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад нийцжээ.

Харин хариуцагчийн зүгээс 2017 оны 09 сарын 21-ний өдөр Мобиком ХХК-иас Самсунг маркийн гар утсыг 2 088 000 төгрөгөөр худалдаж авсан баримтыг шүүхэд ирүүлсэн, уг утсыг 2018 оны 02 сард нэхэмжлэгчид шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч өөр баримтаар үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж 750 000 төгрөгөөр тооцож, зээлийн өрөөс хассан нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэвэл хариуцагч нь гар утсыг худалдаж авснаас хойш 4 сарын дараа нэхэмжлэгчид өгсөн, гэрч Э.Отгонбаярын мэдүүлгээр 1 800 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид гар утас өгсөн гэх байдал тогтоогдсон тул зээл 5 300 000 төгрөгөөс буцааж төлсөн 1 945 000 төгрөг, 1 800 000 төгрөг /гар утасны үнэ/ хасч тооцвол хариуцагч нь 1 555 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2057 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2 605 000 ...гэснийг ...1 555 000...гэж,...2 695 000...гэснийг 3 745 000...гэж, ...56 630...гэснийг 39 830” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА