Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00396

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00396

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгионхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 184/ШШ2016/01570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ардчилалын гэгээ ХХК-д холбогдох

Гуравдагч этгээд П.Ганганбаатар

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг П.Ганганбаатар гэгч хүнээс орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн авч "Ардчилалын гэгээХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. П.Ганганбаатар нь тус байрыг бартер хэлбэрээр анх авсан ба би орон сууц захиалгын гэрээ хийх үедээ "Ардчилалын гэгээ" ХХК-ийн менежер М.Нямтулгаас асуухад П.Ганганбаатар манайхаас авлагатай, түүндээ байр авсан төлбөр тооцооны хувьд ямар ч асуудалгүй, танай гэрээг 100 хувь төлсөн гэж тусгасан байгаа гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Би одоогоор байрандаа амьдарч байгаа бөгөөд миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ямар нэгэн шалтаг шалтгаанаар одоог хүртэл өгөхгүй байна. Иймд намайг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.

 

Хариуцагч "Ардчилалын гэгээ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнхөлөг П.Лхагвадорж нар шүүх журалдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Уранцэцэгтэй гэрээ байгуулсан талаар маргахгүй байна. Манай компани иргэн П.Ганганбаатартай 50 719 500 ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг шилжүүлэн өгөх тухай бартерын гэрээг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Ажил гүйцэтгэл дутуу байсан учир ажлаа хийж дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тохирсон. 2016 оны 2 сард П.Ганганбаатарын хүсэлтээр Г.Уранцэцэгийг орон сууцандаа оруулсан. Г.Уранцэцэг нь бас манай компанид мөнгө төлөөгүй, П.Ганганбаатарт мөнгөө бүрэн төлсөн байдаг. Дутуу ажлуудаа хийж дуусгавал байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ганганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд "Ардчилалын гэгээ" ХХК-иас бартераар авсан орон сууцаа Г.Уранцэцэгт худалдсан. Гэтэл "Ардчилалын гэгээ" ХХК нь тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие "Ногоонланд инстолэшн" ХХК-ийн захирлын хувьд тус компанитай байгуулсан гэрээний дагуу хийх ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд миний хүсэлтийн дагуу орон сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлэх, энэ тухайд Г.Уранцэцэгтэй тусад нь гэрээ байгуулан үнийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгахаар тохиролцсон юм гэжээ .

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Уранцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 орон сууцны барилгын 1 дүгээр орц, 9 дүгээр давхрын 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч "Ардчилалын гэгээ" ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх Г.Уранцэцэгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнргө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Ардчилалын гэгээ" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалтах гол үндэслэл нь: гуравдагч этгээд "Ногоон Ланд Инстолшн" ХХК-ийн захирал П.Ганганбаатар нь "Субутын Гэгээ" ХХК /РД: 5441226/ -тай 2015 оны 3 дугаар сарын 24-ний дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж. уг гэрээгээр гүйцэтгэгч тал нь өөрийн ажиллах хүч техник технилоги, төхөөрөмж материалаар Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Залуус4 орон сууцны барилгад 115 050 000 төгрөгийн ажлыг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэхэээр тохиролцсон. Ажил хийж гүйцэтгэж дууссан тохиолдолд Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхон/13361/, Б.Доржийн гудамж, 28/5, Очир 1, 2-р орцны 7 давхарт 2 өрөө 40.83м2 117 тоот 82 678 050 төгрөгийн үнэ бүхий байрыг ажил гүйцэтгэлийн төлбөрт бартераар өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү гэрээ нь одоо хүртэл дуусгавар болоогүй байна. Гэтэл Г.Уранцэцэг нь "Ардчилалын гэгээ" ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 29-ний 14.201 дугаартай орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд байрлах Очир 2 хорооллын 67 тоот орон сууцыг шилжүүлж авахаар тохиролцсон. Иймд П.Ганганбаатар Субутын Гэгээ ХХК-тай хийсэн Г.Уранцэцэгийн "Ардчилалын Гэгээ" ХХК-тай хийсэн 2 өөр гэрээ, 2 өөр байрыг анхан шатны адитгаж шийдсэн нь буруу байна. "Ногоон Ланд Инстолшн" ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бартерийн шугмаар төлж барагдуулах гэрээг "Субутын Гэгээ ХХК-тай хйисэн нь компани, компанийн хооронд хийсэн гэрээ Г.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй "Ардчилалын Гэгээ хоёрын хооронд ямар ч хамааралгүй юм. "Субутын Гэгээ" ХХК, "Ардчилалын Гэгээ" ХХК-ууд үүсгэн байгуулагчтай, 2 тусдаа хуулийн этгээд эрх зүйн хувьд 2 өөр өөр үүрэг хариуцлагатай байхад Г.Уранцэцэгийн гэрээ хийсэн үзэж шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх тухайн хэргийн оролцогчдыг ямар тохиролцоотай байсныг нь дүгнээгүй нь буруу, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Г.Уранцэцэгийн гэрээ хийсэн байр нь "Ардчилалын Гэгээ" ХХК-ийн барьсан Сонигонохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 67 тоот байр юм. Мөн "Ардчилалын Гэгээ" ХХК нь П.Ганганбаатар гэрээ хийгээгүй байхад "Ардчилалын Гэгээ" ХХК Г.Уранцэцэг хоёрын гэрээтэй адитгаж шийдвэрлэсэн буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь хариуцагч Ардчилалын гэрээ ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллга эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ гуравдагч этгээд П.Ганганбаатар ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа дутуу гүйцэтгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Г.Ганбаатар нь Субутын гэгээ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Залуус 4 орон сууцны барилгад 115 050 000 төгрөгийн ажлыг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 82 678 050 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүгийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 28/5, Очир-1 орон сууцны 2 дугаар орц 117 тоотод байрлах 2 өрөө 40.38 м2 талбай бүхий байрыг гүйцэтгэгч талд шилжүүлэх, үлдэх 32 371 950 төгрөгийг бартерийн журмаар шийдвэрлэхээр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон тохиролцсон зүйлийн талаар маргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь гуравдагч этгээд П.Ганганбаатартай орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 34.125.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнүүдийг үндэслэн Ардчиллын гэрээ ХХК нь иргэн Г.Уранцэцэгтэй 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14/201 дугаартай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцныг Г.Уранцэцэгт хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь орон сууцны хөлсийг гуравдагч этгээд П.Ганганбаатарт бүрэн төлж барагдуулсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд хариуцагч болон П.Ганганбаатар нар уг асуудлаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх зааснаар Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Уранцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн Очир-2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэжмлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Очир-2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмлөгчөөр нэхэмжлэгч Г.Уранцэцэгийг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдолдоо П.Ганганбаатар Субутын Гэгээ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь Ардчилалын Гэгээ ХХК-тай гэрээг тус тус байгуулсан, хоёр өөр хуулийн этгээд, хоёр өөр үүрэг хүлээсэн байхад шүүх уг гэрээнүүдийг нэг гэрээ гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу болсон гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд дээрх хоёр компанийг үүсгэн байгуулагч нь нэг хүн, аль аль нь нэг хувьцаа эзэмшигчтэй компаниуд байх ба хариуцагч байгууллага нь П.Ганганбаатарын хүсэлтийг үндэслэн иргэн Г.Уранцэцэгтэй гэрээ байгуулж, орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн, энэ талаараа шүүхэд тайлбар гаргасан байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд өмчийн эрхийн харилцаанаас үүссэн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/01570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 гэснийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 182 дугаар зүйлийн 182.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ардчилалын гэгээ ХХК-ийн захирал П.Энхтөрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Ардчилалын гэгээ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА Ц.ИЧИНХОРЛОО