Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1570

 

    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Уранцэцэг /РД:

Хариуцагч: “Ардчилалын гэгээ” ХХК. /РД:

Гуравдагч этгээд:  Ганганбаатар /РД:

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, түүний өмгөөлөгч Г.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнхөлөг, П.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Г.Ганганбаатар гэгч хүнээс орон сууц захиалгын гэрээг шилжүүллэн авч “Ардчиллын гэгээ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. Г.Ганганбааатар нь тус байрыг бартер хэлбэрээр анх авсан ба би орон сууц захиалгын гэрээ хийх үедээ “Ардчиллын гэгээ” ХХК-ийн менежер М.Нямтулгаас асуухад Г.Ганганбаатар манайхаас авлагатай, түүндээ байр авсан төлбөр тооцооны хувьд ямар ч асуудалгүй, танай гэрээг 100 хувь төлсөн гэж тусгасан байгаа гэж  хэлээд гарын үсэг зуруулсан. Би одоогоор байрандаа амьдарч байгаа бөгөөд миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ямар нэгэн шалтаг шалтгаанаар одоог хүртэл өгөхгүшй байна. Иймд намайг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. 

Хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Уранцэцэгтэй  гэрээ байгуулсан талаар маргахгүй байна.  Манай компани иргэн Г.Ганганбаатартай 50,719,500 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг шилжүүлэн өгөх тухай  бартерын гэрээг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Ажил гүйцэтгэл дутуу байсан учир ажлаа хийж дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тохирсон. 2016 оны 2 сард Г.Ганганбаатарын өөрийнх нь хүсэлтээр Г.Уранцэцэгийг орон сууцандаа оруулсан. Г.Уранцэцэг нь бас манай компанид мөнгө төлөөгүй, Г.Ганганбаатарт мөнгөө бүрэн төлсөн байдаг. Дутуу ажлуудаа хийж дуусгавал  байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд “Ардчиллын гэгээ” ХХК-иас бартераар авсан орон сууцаа Г.Уранцэцэгт худалдсан. Гэтэл “Ардчиллын гэгээ” ХХК нь тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие “Ногоонланд инстолэшн” ХХК-ийн захирлын хувьд тус компанитай байгуулсан гэрээний дагуу хийх ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд миний хүсэлтийн дагуу орон сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлэх, энэ тухайд Г.Уранцэцэгтэй тусад нь гэрээ байгуулан үнийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгахаар тохиролцсон юм.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэн Г.Уранцэцэг нь “Ардчилалын гэгээ” ХХК-тай  2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  байгуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Очир 2” орон сууцны барилгын 1 дүгээр орцны 67 тоот орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцжээ.

Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч тал орон сууцны үнийг хариуцагчийн заасан нөхцлөөр бүрэн төлсөн гэж, харин хариуцагч тал дутуу төлсөн гэж харилцан маргаж байна.

Энэхүү гэрээнд нэхэмжлэгч Г.Уранцэцэг, хариуцагч компанийн менежер М.Нямтулга нар гарын үсгээ зурж, тамга дарагдсан, мөн М.Нямтулгыг гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гуравдагч этгээд Г.Ганганбаатартай байгуулсан бартерийн гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн өгөх байсан, түүний хүсэлтийн дагуу Г.Уранцэцэгийг орон сууцанд оруулж, 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  гэрээ байгуулсан, Г.Уранцэцэг нь компанид төлбөр төлөөгүй, Г.Ганганбаатар нь ажлаа дутуу хийсэн тул байрыг шилжүүлэн өгөхгүй хэмээн тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдэгч этгээд Г.Ганганбаатар /“Ногоонланд инстолэшн” ХХК-ын захирал/ нь “Субутын гэгээ” ХХК /РД: 5441226/-тай 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 03/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал өөрийн ажиллах хүч, техик тоног төхөөрөмж, материалаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Залуус 4” орон сууцны барилгад 115 050 000 төгрөгийн ажлыг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.  

Гэрээний 3 дах заалтаар төлбөр тооцоо хийх журмын талаар тохиролцож, захиалагч тал ажил эхэлмэгц гүйцэтгэгч талын сонгосон 82 678 050 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 28/5, Очир-1 орон сууцны 2 дугаар орц, 117 тоотод байрлах 2 өрөө, 40,38 м.кв талбай бүхий байрыг гүйцэтгэгч талд шилжүүлэх, үлдэх 32 371 950 төгрөгийг бартерийн журмаар шийдвэрлэхээр заасан байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Субутын гэгээ” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч “Ардчиллын гэгээ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаас үзэхэд эдгээр компаниуд нь П.Хурц /ЧИ79120711/ гэсэн нэг үүсгэн байгуулагчтай болох нь тогтоогдох бөгөөд “Субутын гэгээ” ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, харин хариуцагч “Ардчиллын гэгээ” ХХК нь дурдсан гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Очир 2” орон сууцны барилгын 1 дүгээр орцны 67 тоот орон сууцыг Г.Ганганбаатарын хүсэлтийн дагуу Г.Уранцэцэгт шилжүүлэн өгөхөөр 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба хариуцагч “Ардчиллын гэгээ” ХХК нь нэхэмжлэгч Г.Уранцэцэгтэй  14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Г.Ганганбаатарт  ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрт шилжүүлэх байсан орон сууцыг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь уг орон сууцны төлбөрийг Г.Ганганбаатарт шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 196 дугаар зүйлийн 196.1. дэх хэсэгт бичгээр хийх хэлцлийн тухайд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр,  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заасан байна.

Хариуцагч компани “Ногоонланд инстолэшн” ХХК-ын захирал Г.Ганганбаатартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг буюу маргаж буй орон сууцыг түүний зөвшөөрлийн дагуу  Г.Уранцэцэгт хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасантай нийцэж байна гэж дүгнэлээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэх хэлцэл байгуулагдсан, хэлцлийн дагуу үүргийг гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч Г.Уранцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 орон сууцны барилгын 1 дүгээр орц, 9 дүгээр давхрын 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгч Г.Уранцэцэгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэлд дурдагдсан орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Уранцэцэг нь  2015 оны 6 дугаар сараас хойш уг байрыг эзэмшиж байгаа болохыг, энэхүү шийдвэр нь хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК нь “Ногоонланд инстолэшн” ХХК-ын захирал Г.Ганганбаатар нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй, энэхүү гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тус тус  дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Уранцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 орон сууцны барилгын 1 дүгээр орц, 9 дүгээр давхрын 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ