Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00602

 

                                                     Г.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/01570 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 396 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Г.Уранцэцэг,

Хариуцагч : Ардчилалын гэгээ ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : П.Ганганбаатар,

Нэхэмжлэлийн шаардлага : Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Хариуцагчийн төлөөлөгч П.Энхтөрийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баярсайхан, түүний өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэгч : 2015.6.16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг П.Ганганбаатар гэгч хүнээс орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн авч Ардчиллын гэгээ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. П.Ганганбаатар нь тус байрыг бартер хэлбэрээр анх авсан ба би орон сууц захиалгын гэрээ хийх үедээ Ардчиллын гэгээ ХХК-ийн менежер М.Нямтулгаас асуухад П.Ганганбаатар манайхаас авлагатай, түүндээ байр авсан төлбөр тооцооны хувьд ямар ч асуудалгүй, танай гэрээг 100 хувь төлсөн гэж тусгасан байгаа гэж  хэлээд гарын үсэг зуруулсан. Би одоогоор байрандаа амьдарч байгаа бөгөөд гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд тайлбартаа: Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Уранцэцэгтэй гэрээ байгуулсан талаар маргахгүй. Манай компани П.Ганганбаатартай 50.719.500 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг шилжүүлэн өгөх тухай  бартерын гэрээг 2015.6.29-ний өдөр хийсэн. Ажил гүйцэтгэл дутуу байсан учир ажлаа хийж дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тохирсон. 2016 оны 2 сард П.Ганганбаатарын өөрийнх нь хүсэлтээр Г.Уранцэцэгийг орон сууцандаа оруулсан. Г.Уранцэцэг нь бас манай компанид мөнгө төлөөгүй, П.Ганганбаатарт мөнгөө бүрэн төлсөн байдаг. Дутуу ажлуудаа хийж дуусгавал байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Ардчиллын гэгээ ХХК-иас бартераар авсан орон сууцаа Г.Уранцэцэгт худалдсан. Гэтэл Ардчиллын гэгээ ХХК нь тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Ногоонланд инстолэшн ХХК-ийн захирлын хувьд тус компанитай байгуулсан гэрээний дагуу хийх ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд миний хүсэлтийн дагуу орон сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлэх, энэ тухайд Г.Уранцэцэгтэй тусад нь гэрээ байгуулан үнийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгахаар тохиролцсон юм гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/01570 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Уранцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 орон сууцны барилгын 1 дүгээр орц, 9 дүгээр давхрын 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг Ардчилалын гэгээ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 396 дугаартай магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/01570 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2” гэснийг “Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 182 дугаар зүйлийн 182.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: П.Ганганбаатарын хүсэлтийн дагуу байрыг Г.Уранцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Гэрээний 2.4 дэх хэсэгт заасан төлбөр бүрэн төлөгдсөн гэх заалтыг оруулж өгнө үү би энэ Г.Уранцэцэгээс урьдчилгаа авч бартерийнхаа ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнээ 100 хувь ажлаа хийсний дараа орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж гэрээ хийсэн. Гэвч П.Ганганбаатар нь тохирсон барилгын ажлаа хийж дуусгалгүй өдий хүрсэн. 2016 оны 2 дугаар сард П.Ганганбаатарын хүсэлтээр Г.Уранцэцэгийг орон сууцанд оруулж түр амьдрах зөвшөөрөл олгосон. Бил доорх хүсэлтийг тавьсан боловч хэрэгсэхгүй болгосон.  Төлбөр төлсөн баримт гаргуулах  Гуравдагч этгээд одоо болтол дээрх байрны үнийн дүнд дүйцэхгүйц ажил гүйцэтгээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүйг авч хэлэлцээгүй. Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээний чухал заалт болох хавсралт хэсгийг бөглөөгүй, төлбөр төлөгч болон төлүүлэгчийн гарын үсэг,байгууллагын санхүүгийн тамга тэмдэг байхгүй авч хэлэлцээгүй Иргэн П.Ганганбаатарын Субутийн Гэгээ ХХК-тай хийсэн Г.Уранцэцэгийн Ардчилалын Гэгээ ХХК-тай хийсэн хоёр өөр гэрээ, хоёр өөр байрыг хооронд холбож адилтгаж хийсэн нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :    

Г.Уранцэцэг нь “Ардчилалын гэгээ” ХХК холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгах шаардлага тавьсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангасан байна. Давж заалдах шатны шүүх  шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн зүйл заалтыг өөрчилж, бусдыг нь хэвээр үлдээжээ. 

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Г.Уранцэцэг П.Ганганбаатартай орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 34.125.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь нотлогджээ. Түүнчлэн, П.Ганганбаатартай тохиролцсоны дагуу зохигчид 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хотхоны 67 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Г.Уранцэцэг хүлээн авсан үйл баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. Г.Уранцэцэг нь орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 14/201 дугаартай гэрээний 2.4-т заасан байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.    

 “Ардчилалын гэгээ” ХХК, П.Ганганбаатар нарын маргаан Г.Уранцэцэгийн нэхэмжлэлд хамааралтай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байх тухай Иргэний хуулийн 100 дугаар зүйлийг баримталсан нь буруу тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 396 дугаар магадлалыг тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...100 дугаар зүйлийн 100.1...” гэснийг “...101 дүгээр зүйлийн 101.1...” гэж өөрчлөн, магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР           

                                        ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ