Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Э.Энэбиш, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А” СӨХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-д холбогдох

 

“1,050,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

 “нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний замд, орц гарц гаргах, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баасанбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, Д.Барсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон, гэрч М.Нэргүй, иргэдийн төлөөлөгч С.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Ч.Баасанбямба, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус СӨХ-нд захирлаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сонгогдож томилогдсон. Ажилтайгаа танилцаад хамгийн түрүүнд “А СӨХ-ны орчны газрыг эзэмших, ашиглахтай холбоотой орчны газрыг хөөцөлдөх нь зүйтэй гэж үзээд анх 2017.09.16-ны өдрийн №09 албан тоотоор Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд мөн 2015.03.05б-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Ганболдод газар ашиглах хүсэлт гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015.03.11-ний өдрийн -8/382 албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны албанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. “А” СӨХ нь 2015.03.10-ны өдрийн  №10 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар ашиглах хүсэлт гаргасан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015.03.17-ны өдрийн албан  тоотоор танайхаас ирсэн материалын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр буцаасан. Ингээд тус СӨХ нь 2015.12.28-ны өдөр №34 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсан. Нийслэлийн Засаг даргын хариуг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016.01.15-ны өдрийн №08/121 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн боловч газар ашиглуулах боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. Иймд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хуулиар хүлээсэн албан үүргээ эс үйлдэхгүйгээр биелүүлэхгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон үүргээ эс биелүүлж байгааг тогтоож, засаг даргад “А” СӨХ-ны орчны газрыг ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэрэг үүсгэж, 2016.06.24-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр орчны газрыг “А” СӨХ-нд олгохыг даалгасан шийдвэр гаргасан. Энэ газар ашиглахтай холбоотой албан тоотууд, хүсэлтүүд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмчийн харилцааны алба болон Нийслэлийн Засаг  дарга, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд процесс явагдаж байхад иргэн Д.Э гэдэг хүн Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Нэргүй гэдэг хүн мөн 2-3 залуутай орж ирээд манай СӨХ-ны блокон хашаа /урт 10 метр, өндөр 2,20 см/-г дур мэдэн буулгасан. Энэ үед Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч н.Нэргүйд би хандаж чи хүний хувийн өмчийг шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад эвдэж сүйтгэж байгаа юм бэ?, ингэж буулгах эрхийг хэн олгосон юм гэхэд Газрын тухай хуулийн 60.1, 60.2-т заасан байгаа гэсэн тайлбар өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2017.03.16-ны өдрийн №А/142 тоот захирамжаар газар ашиглах зөвшөөрөл олгож, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай 2017.03.27-ны өдрийн газар ашиглах 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Иймд Д.Эаас төмөр хашааны үнэ 800,000 төгрөг, нураасан блокийг тээвэрлэх зардал 250,000 төгрөг нийт 1,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...”гэв.

 

Хариуцагч Д.Э, түүний төлөөлөгч Д.Баатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч “А” СӨХ-ны барьсан хашаа нь зөвшөөрөлгүй баригдсан бөгөөд уг хашааг буулгахыг Нийслэлийн захиргааны бүх шатны байгууллагууд шийдвэр гаргасан. Иргэн Д.Э нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны алба миний өргөдлийн хариуг 14 хоногийн дараа өгсөн ба хариуцсан байцаагч нь н.Нэргүй гэдэг хүн томилогдсон.  Би тэр хүнтэй танилцаад учир байдлаа хэлэхэд тэрээр 2012 оноос хойш наад хашааг чинь буулгах гээд чадахгүй байгаа юм. Одоо буулгана гэж хэлээд улмаар баригдсан хашаан дээр н.Нэргүй байцаагч өөрийн биеэр очиж шаардах хуудас хашаан дээр нааж, манаачид нь хүлээлгэн өгсөн. Хашаа буулгах хугацаа болоход байцаагч н.Нэргүй болон 1 залуугийн хамт ирсэн. Мөн дээр нь би хашаа буулгах гэж хөлсөлж авсан 2 хүний хамтаар 5 хүн очсон. Тэр өдөр 5 дахь өдөр байсан очоод н.Нэргүй байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан.  Тэр үед байрны жижүүр болон байрнаас 10-аад хүн гарч ирээд ТВ-8 телевизийг дуудсан байсан. Ирэх 1 дэх өдөр нь би хогоо цэвэрлэх гээд очтол бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан. Би тэднээс энэ яагаад хашаа барьсан юм бэ гэхэд чамд хамаагүй Нийслэлээс бичиг авч ир гэж хэлсэн. Дахин М.Нэргүй байцаагч дээр очтол Нийслэлийн газар төлөвлөлт рүү бичиг хийж өгөөд үүнийг аваачиж өг гэсэн. Би тэр бичгийг нь аваад уг байгууллага руу очиж, бичиг хэрэгт нь хүлээлгэн өгсөн. Хорь хоногийн дараа намайг Нийслэлийн төлөвлөлтийн газраас дуудаад газар ашиглах тухай ярилцсан. Үр дүнд нь надад нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах арга хэмжээний тухай А/241 тоот албан бичгийн хэрэгжилтийг хангуулах” тухай утга бүхий, 10/2463 тоот “Захирамж хэрэгжүүлэх тухай” гэсэн албан бичгийг шуудангаар 7 хоногийн дараа ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас буюу улсын ахлагч байцаагч М.Мөнхгэрэлээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ж.Чимэдцогзолд Зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Дээрх албан шаардлагад Ил задгай хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэн зайлуулж, бохирдсон хөрсөнд халдваргүйжүүлэлт хийлгүүлэх шаардлагатай уг ажлыг 2015.06.01-ний дотор А СӨХ, Хүрээ хотхон СӨХ, иргэн Д.Э нарт үүрэг болгов гэсэн  заалт  байсан. Дээр шаардлагыг үндэслэн Засаг дарга Ж.Чимэдцогзол нь “А” СӨХ-ны удирдлагад 2015.05.29-ний өдөр үүрэг болгосон албан бичиг хүргүүлсэн. Ийнхүү иргэн Д.Э нь төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын гаргасан удаа дараагийн захирамж, тушаал, албан шаардлага, мэдэгдэл зэргийг “А” СӨХ-д албан ёсоор хүлээлгэн өгч, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан боловч энэхүү “А” СӨХ нь иргэн намайг болон төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр захирамжуудыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч Д.Э, түүний төлөөлөгч Д.Баатар, өмгөөлөгч Б.Цолмон нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23, 24, 25 дугаар байрнуудын дунд “А” СӨХ-ийн зүгээс дур мэдэн барьсан, хууль бус хашааг буулгаж, уг хашааны эргэн тойрон дахь нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 10/2463 тоот захирамжид үндэслэсэн албан бичгийг ЧД-ийн ЗДТГ-аас “А” СӨХ-д явуулж байсан ч уг шаардлагыг үл биелүүлсэн. 2017оны 3-р сарын 27- ны өдрийн Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Төмөрбаатар, А СӨХ-ийн захирал Ч.Баасанбямбатай байгуулсан “ Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-ний 2.2-т “Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 1,190м м.кв хэмээн зааж өгсөн. Гэтэл А СӨХ нь энэ хэмжээнээс даруй 300 м.кв талбай бүхий газрыг хууль бусаар илүү эзэмшиж байгаа болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 6-р сарын 24-ний өдрийн 470 дугаартай “Шийдвэр”-ээр тодорхойлсон. Тиймээс А СӨХ-ийн энэхүү хууль бусаар, илүү хэмжээгээр эзэмшиж байгаа, нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. ЧД-ийн Өмч, газрын харилцааны албанд хандаж, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгуулах тухай хүсэлт гаргасны хариу 14 хоногийн дараа гарсан ба Нэргүй гэж байцаагч томилогдсон байсан. Би тэр хүнтэй танилцаад учир байдлаа хэлэхэд тэрээр “тиймээ би мэдэж байгаа, 2012 оноос хойш наад хашааг чинь буулгах гээд чадахгүй байгаа юм. Одоо л буулгая” гэж хэлээд, улмаар уг хууль бус баригдсан хашаан дээр Нэргүй байцаагч өөрийн биеэр очиж уг хашааг 14 хоногийн хугацаанд буулгах шаардах хуудсыг уг хашаан дээр нааж, манаачид хүлээлгэн өгсөн. Хашаа буулгах хоног хугацаа нь болоход би байцаагч Нэргүйн хамтаар очсон. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. Нэргүй байцаагч “буулга” гэж хэлсэн ба би болон хоёр хүний хамт түлхсэн. Хашааны 5 м орчим нь ёзоороороо нуран унасан. Тэр үед байрнаас 10-аад хүн гарч ирээд, бүгд над руу дайрсан. “Хэл амаа ололцъё” гэж намайг хэлэхэд бүгд өөр өөрийнхөөрөө доромжилж дайрсан Тэр үед хэн нэг хүн ТВ-8 телевиз дуудсан ба уг телевизийн сэтгүүлч ирж сурвалжлага авсан. Тэр үед уур амьсгал намжаад ирсэн. Үр дүн нь 5 м орчим урттай хашааг бид нураасан. Орой нь би телевиз үзсэн ба уг сурвалжлагын утга нь: Нийслэлийн Засаг дарга болон түүний тамгын газраас авч явуулж буй “Хашаа” арга хэмжээний хүрээнд буюу НЗД бөгөөд УБ хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан А/76 тоот захирамжийн биелэлтэд зарим иргэд саад болж байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь эргэн харна уу” гэсэн утга бүхий сурвалжлага гарсан. Ирэх нэг дэх өдөр нь би хогоо цэвэрлэх гээд очтол, бидний нураасан хашааны оронд төмрөөр хашаа барьсан байсан. Ийнхүү төрийн захиргааны бүх шатны байгууллагууд нь удаа дараа “А” СӨХ-д зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгах үүргийг өгсөөр байхад үл тоомсорлосон. Түүгээр ч үл барахгүй 2015 оны 06 сарын 05-ны өдөр ЧД-ийн 3 дугаар хорооны Засаг даргын 68 тоот бичгийн хариу болгож, А СӨХ нь “Энэ хашаа бол манай байрныхны өмч” гэсэн тайлбар тавьсан. Харин 3-р хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол нь аргагүйн эрхэнд Чингэлтэй дүүргийн Өмч Газрын Харилцааны Албанд 2015 оны 06 сарын 08-ны өдөр 73 тоот “Хамтран ажиллах тухай” албан бичиг явуулж, дээрх “А” СӨХ-ийн барьсан зөвшөөрөлгүй хашааг буулгах тал дээр мэргэжлийн байгууллагын хувьд хамтран ажиллах бичгийг өгсөн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Өмч харилцааны Албанаас 2015 оны 04 сарын 10-ны өдөр 5/2042 тоот “Мэдэгдэл”-ийг “Ганьт” ХХК-д явуулж байжээ.

3. Сангийн яамнаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргад “Зам чөлөөлүүлэх тухай” албан бичиг явуулж байсан ба “Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам зэрэгт хяналт тавьж, хэрэв нийтийн эрх ашгийг үл хүндэтгэн, хууль бусаар хашаа, зам зэргийг тавьсан бол тухайн зам талбайг чөлөөлөх шаардлагатай” гэсэн үүргийг өгчээ. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар” нь НЗД-ын 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 10/2463 тоот захирамжийг хэрэгжүүлэх тухай саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн утга бүхий байсан. Мөн түүнчлэн “А” СӨХ нь хууль бус хашаа барьснаас үүдэн, маш аюултай нөхцөл байдал тухайн байрнууд болон 24-р сургуулийн ойр орчимд үүсээд 10 гаран жил болж байна. Учир нь: явган хүний зорчих ёстой зам, орц гарцыг хааснаас болж, дөнгөж нэг хүн багтах нарийхан, олон янзын бартаатай замаар иргэд, олон нийт, сургуулийн хүүхдүүд, өтгөс буурлууд аргагүйн эрхэнд явдаг ба ийнхүү зориулалтын бус, аюул осолтой замаар явснаас шалтгаалж, жил бүр олон зуун иргэд, хүүхдүүд унаж бэртэж, гэмтэл авдаг. Үүнийг тухай хорооны Засаг дарга, 24-р сургуулийн удирдлагууд бүгд гэрчилдэг. Мөн хууль бус хашаа барьснаас үүдэн, тухайн байрнуудын хоорондох завсар зайд маш их хэмжээний хур хог олон жилийн хугацаанд хуримтлагдаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Чингэлтэй дүүргийн 3-р хорооны Засаг дарга нараас өгч байсан удаа дараагийн албан бичгүүд нотлох болно уг албан бичгүүдийг нотлох баримтаар гарган өгч байна.

4. Ийнхүү иргэн миний бие нь төрийн бүх шатны байгууллагуудын гаргасан удаа дараагийн захирамж, тушаал, албан шаардлага, мэдэгдэл зэргийг “А” СӨХ-д албан ёсоор хүлээлгэн өгч, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгаж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөхийг шаардах зэрэг маш олон үйл ажиллагааг явуулахдаа, өмгөөлөгч Б.Цолмонтой гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байсан. Анх 2015/01/19ны өдөр өмгөөлөгч Б.Цолмонтой 5 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан бөгөөд, гэрээний 2 дахь хуудсын арын нүүрэнд уг 5 сая төгрөгийг өмгөөлөгч Б.Цолмонд хүлээлгэн өгсөн тухай баримтууд байгаа. Иймээс нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргуулах, уг хэрэг маргаануудтай холбоотой өмгөөлөгчид төлсөн зардал 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

2017 оны 03-р сарын 27-ны өдрийн Нийслэлийн газрын алба болон “А” СӨХ-ны хооронд байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Захиргааны хэргийн шүүхэд гаргах болно ...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баасанбямба, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “... “А” СӨХ нь 2014-9-16 өдрөөс эхлэн орчны газрыг ашиглах, эзэмших талаар холбогдох шат шатны байгууллагад хандаж ирсэн бөгөөд энэ процесс үргэлжилж байхад иргэн Д.Э гэгч 2015 оны эхээр түүний гарааш гээд нэрлээд байгаа объектоо худалдан авснаар анх маргаан үүссэн. Уг орчны газрыг ашиглах, эзэмших процесс 2-3 жил үргэлжилж 2016-06-24 өдрийн Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн №470 шийдвэрээр Нийслэлийн засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхгүйг тогтоож "А" СӨХ-д ашиглуулахыг даалгаж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017-03- 16 өдрийн № А/142 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж ,Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, мэргэжилтэн Б.Төмөрбаатар нартай 2017-03-27 өдөр "А" СӨХ-тэй газар ашиглах гэрээ байгуулж газар ашиглах кадастрт зүргаа оруулж баталгаажуулж авсан. Иймд манай СӨХ-н орчны газар албан ёсны эрхтэй зөвшөөрөлтэй тул газар чөлөөлүүлэх шаардлага хууль бус болно. “А” СӨХ 2014-09 сараас би орчны газрыг ашиглах талаар шийдүүлэх процесс эхлүүлж албан ёсоор Нийслэлийн засаг даргын 2017-03-27 өдрийн № А/142 тоот захирамжаар газар ашиглуулах зөвшөөрөл олгогдсон тул хашааг буулгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. “А” СӨХ анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015-03-19 өдрийн кадастрын зургаар 1,520 м.кв талбай нэхэмжилсэн бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С. Төмөрбат СӨХ орчны газарт хэргийн газрын үзлэг хийж танай одоо байгаа хашаалсан талбай 1,190 м.кв-аар шийдвэл зохимжтой байна. Танай хашаануудын өмнөх талбай нийтийн эзэмшлийн талбайд орох тул хасаж 300 м.кв талбай нь хэмжээг гаргах зүйтэй гэж үзлээ гээд орчны үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан болно. Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Б.Төмөр баатартай газар дээр үзлэг хэмжилт хийж одоо байгаа хашаалсан талбай нь хэмжээгээр 1,190 м.кв кадастрын зураг хийлгэж баталгаажуулсан болно. Иймд 300 м.кв илүү газар хашаалсан гээд байгаа хууль бус болно. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явган хүний орц гарцын №23 байрны оршин суугчид болон зорчигчдын орц гарцыг одоо явж байгаа замаар явуулахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016- 04-11 өдрийн № 02/1039 тоотоор тус №23 байрны гарааш гаргах гэж байгаа гарц нь хууль зөрчиж байгаа тул зөвшөөрөөгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар иргэний хэрэгт өмгөөллийн хөлс гаргуулахгүйгээр, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлс олгохоор хуульчилсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

                 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч “А” СӨХ хариуцагч Д.Эд холбогдуулан “төмөр хашааны үнэ 800,000 төгрөг, нураасан хашааны блок тээвэрлүүлэхэд төлсөн хөлс 250,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

       Хариуцагч тал “зөвшөөрөлгүй баригдсан хашаа, төрийн байгууллагын шийдвэрээр газрын албаны байцаагч буулгасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэ,лийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

       “А” СӨХ нь 2006 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авчээ.

       2014 оны 7 сарын 1-ний өдөр “А” СӨХ-ны захирлаар Ч.Баасанбямбыг томилсон нь “А” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2014.07.01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор тогтоогдож байх тул Ч.Баасанбямба “А” СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

                Чингэлтэй дүүрэг 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө Ганьт 25/4-р байрны “А” СӨХ нь тус байрны хойд хэсгээрээ 50 орчим метрийн урттай блокон хашаа барьсан байсныг 2015 оны 3 сард Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч М.Нэргүй, хариуцагч Д.Э нар 3 хүний хамт очиж блокон хашааны зарим хэсэг болох 10 метрийн урттай 2.20 метрийн өндөртэй блокон хашааг нь нураасан болох нь хариуцагч Д.Эын .... хашаа буулгах хугацаа болоход байцаагч н.Нэргүй болон 1 залуугийн хамт ирсэн. Мөн дээр нь би хашаа буулгах гэж хөлсөлж авсан 2 хүний хамтаар 5 хүн очсон. Тэр өдөр 5 дахь өдөр байсан очоод н.Нэргүй байцаагч буулга гэж бидэнд хэлсэн ба бид түлхсэн хашааны 5 метр орчим нь ёзоороороо нуран унасан... гэх тайлбар, гэрчээр мэдүүлэг өгсөн Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч М.Нэргүйгийн шүүх хуралдаанд өгсөн ... Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах арга хэмжээний хүрээнд “А” СӨХ-нд шаардах хуудас хүргүүлсэн. Одоо огноог яг сайн санахгүй байна. 2015 оны 3 сарын орчимд миний бие “А” СӨХ-ны барьсан маргаж байгаа хашааг буулгахаар Д.Э болон бусад хүмүүсийн хамт очиж, би буулга гэж хэлсэн нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хашааг М.Нэргүй байцаагчийн буулга гэсний дагуу Д.Э буулгасан нь тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч “А” СӨХ нь 10 метрийн урттай 2.20 метрийн өндөртэй нураасан хашааны үнэ нэхэмжлээгүй, түүний оронд барьсан, одоо байгаа төмөр хашааны үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

 “А” СӨХ нь Б.Байгалмаагийн эзэмшлийн 82-11 УНЛ улсын дугаартай авто машинаар нураасан блокон хашааны хогийг зөөлгөхөөр 1 удаагийн ресийг 50,000 төгрөгөөр 5 удаа зөөж бүгд 250,000 төгрөг төлөхөөр тохирч төлбөрийг “А” СӨХ-ийн Төрийн банкны данснаас зарлагадсан болох нь тогтоогдож байна.

Гэвч 2015 оны 3 сард хашааг нураах үеийн болон 2015 оны 4 сард төмөр хашааг барьсан үеийн байдлаар “А” СӨХ-нд тус байрны орчмын газрыг ашиглахыг зөвшөөрсөн Засаг даргын захирамж гараагүй байсан, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө Ганьт 25/4-р байрны “А” СӨХ нь тус байрны хойд хэсгээрээ барьсан байсан 50 орчим метрийн урттай блокон хашааг, нураасан 10 метр орчим блокон хашааны оронд төмөр хашааг зөвшөөрөлгүй барьсан болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, Чингэлтэй дүүрэг өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 3 сарын 24-ний өдөр “А” СӨХ-нд хүргүүлж байсан шаардах хуудас, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна.  

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 сары 29-ний өдрийн А/76, 2015 оны 4 сарын 2-ны өдрийн А/241 дугаартай газар зохион байгуулалтын чиглэлээр гарч байсан захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүрэг өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 3 сарын 24-ний өдөр “А” СӨХ-нд хүргүүлж байсан зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах талаарх шаардах хуудас хүргүүлсэн, улмаар газар зохион байгуулагч М.Нэргүйн зөвшөөрлөөр хариуцагч Д.Э “А” СӨХ-ны 10 метрийн урттай, 2.20 метрийн өндөртэй блокон хашааг буулгасанд хариуцагч Д.Эыг буруутган, хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч “А” СӨХ-ны хариуцагч Д.Эд холбогдуулан гаргасан “төмөр хашааны үнэ 800,000 төгрөг, нураасан хашааны блок тээвэрлүүлэхэд төлсөн хөлс 250,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “А” СӨХ-нд холбогдуулан “нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, өмгөөлөгчид төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг цуцлуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Баатар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “А” СӨХ-нд холбогдуулан “нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, өмгөөлөгчид төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах” гэсэн шаардлагаа дэмжиж байна.

 

Д.Эын төлөөлөгч Д.Баатар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй байна.

 

Д.Э 2015 оны 1 сарын 19-нд Чингэлтэй дүүргийн 3-р хороо 23/1-р байрны зоорийн давхарт байрлах тус бүр 37,36 м.кв талбайтай 2 ширхэг, 23/2-р байрны зоорийн давхарт байрлах тус бүр 37,36 м.кв талбайтай 2 ширхэг, нийт 4 ширхэг гараашийн зориулалттай авто зогсоол буюу үл хөдлөх хөрөнгийг худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-51-54/

 

Үзлэг хийхэд 23, 23/1, 23/2, 23/3 гэсэн дугаартай байр нь хойшоо харсан П хэлбэрийн үргэлжилсэн 1 байр байсан ба 23/1, 23/2-р байрны урд талын 1 давхрын урагшаа харсан хэсэгт автомашин орох зориулалттай бус, явган хүн орж гарах зориулалттай хаалга байгаа, түүнээс 5 орчим метрийн зайд Ганьт 25/4-р байр, түүний өмнөх талбайг 23, 23/1, 23/2, 23/3-р байрнаас зааглаж блок болон төмөр хашааг барьсан байв.

 

Үзлэг хийхэд 23, 23/1, 23/2, 23/3-р байрны баруун зүүн талд авто зогсоолоос гарах 3 гарц байгаа, Д.Эын дээр үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхэд “А” СӨХ-ны барьсан хашаа саад болж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр 23/1, 23/2-р байрны доор байрлах авто зогсоол уруугаа дээрх 3 хаалгаар орж, гарах боломжтой, явган зорчигч нар 23, 23/1, 23/2, 23/3-р байрны зүүн талын нарийн замаар урд зүг буюу төв зам, Энхтайван найрамдлын ордны чиглэлд нэвтрэх боломжтой нь тогтоогдсон ба 23, 23/1, 23/2, 23/3-р байрны баруун талаар явган зорчигч нэвтрэх орц, гарц гаргах шаардлагатай буюу нийтийн эзэмшлийн  талбайг хааж хашаа барьсан нь тогтоогдоогүй тул “орц, гарц нээх” гэсэн шаардлагыг хангах үндэсгүй.

 

Өмгөөлөгч Б.Цолмон ... 24-р сургуулийн сурагчид, 23, 23/1, 23/2, 23/3-р байрны оршин суугчид уг байрны баруун талаар зорчих боломжгүй, уг байрны урдах хэсэг болон хашааны хооронд хог цугларснаас оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна... гэж тайлбарлаж байх боловч Д.Э уг байрны оршин суугч биш, тус байрны оршин суугчдыг болон 24-р сургуулийн багш, сурагчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

 

23/1, 23/2-р байрны урд талын 1 давхрын урагшаа харсан хэсэгт автомашин орох зориулалттай бус, явган хүн орж гарах зориулалттай хаалгыг зөвшөөрөлгүй гаргасан болох нь зохигчийн тайлбар, “А” СӨХ-ноос уг явган хүний хаалгыг хууль бусаар гаргасан эсэхийг шалгуулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2016.03.09-нд хандсаны дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгаад хариу өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1039 тоот ... Авто машин орох гарах гарцыг батлагдсан ажлын зураг төсөл дээр тусгаж өгдөг. Төлөвлөгдөөгүй газраар орц гарц гаргахыг Орон сууцны тухай хуулиар хориглоно” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

 

 “А” СӨХ нь Захиргааны хэргийн шүүхэд тус байрны орчмын 1,520 м.кв газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 1 сард гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 470 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн газрын алба 1,190 м.кв  хэмжээтэй газрыг “А” СӨХ-нд ашиглуулахаар “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.24-ний 470 дугаартай шийдвэр, Нийслэлийн газрын алба, “А” СӨХ-ны хооронд байгуулагдсан гэрээ зэргээр тогтоогдож байх тул “А” СӨХ өөрийн ашиглах эрхтэй газар дээрээ өөрийн харьяалдаг Ганьтын 25/4-р байрыг “Хүрээ хотхон” СӨХ-нд харьяалдаг 23, 23/1, 23/2, 23/3-р байраас зааглаж барьсан 1 тал блокон болон төмөр хашааг буулгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх үндэслэлгүй.

 

Шүүх хуралдааны шатанд Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатар, өмгөөлөгч Б.Цолмон нар ... “А” СӨХ-ны хууль бус үйл ажиллагаатай холбоотой захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2015 оноос хойш өмгөөлөгчөөр ажилласан Б.Цолмонд 6,000,000 төгрөг төлсөн ... гэж тайлбарлаж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй, энэ эрхээ эдэлсний улмаас бусдад үүрэг үүсэх үндэслэлгүй тул Д.Эаас өмгөөлөгч Б.Цолмонд төлсөн хөлс 6,000,000 төгрөгийг “А” СӨХ хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Эын “А” СӨХ-д холбогдуулан гаргасан нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, өмгөөлөгчид төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Д.Эд буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон  

                                                                                                                                       ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” СӨХ-ны хариуцагч Д.Эд холбогдуулан гаргасан “1,050,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.2, 21.2.4, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Эын “нийтийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах, явган хүний зам, орц гарц гаргах, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч “А” СӨХ-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” СӨХ-ноос төлсөн 30,500 төгрөг, Д.Эаас төлсөн 29,750 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 110,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулан Д.Эд буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

                          ДАРГАЛАГЧ                                        Д.БАТЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                        Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                                                                                       Э.ЭНЭБИШ