Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02286

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02286

 

 

 

 

Ч.Ганзоригийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 101/ШШ2017/02880 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Ганзоригийн нэхэмжлэлтэй

 

Засгийн газрын нөөц сангаас 240 737 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн

Төрийг төлөөлж Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тээвэр- Ачлал ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компани эзэмшилд бүртгэгдсэн өөрийн өмч болох 57-75 улсын дугаар бүхий Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатараас Багануурын зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд 2014 оны 06 сарын 13-ны өдөр автобусны урд тэнхлэгийн баруун талын гарны татуурга нь арлаас салсан хуучин 0.8 см хуучин цав, 25х9 см хэмжээтэй эвдэрсэн байхад хөдөлгөөнд оролцсоноос автобусны урд тэнхлэгийг баруун талын дагуу гарны татуургыг бэхэлсэн үндсэн рамны суурийн хэсэг тасарч улмаар урд тэнхлэгийн байрлал өөрчлөгдөн автобусны жолоодлого алдагдаж, Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар замын хажуу руу хажуулдан осол гарч нэлээд хэдэн иргэнд хүнд хөнгөн гэмтэл учруулсан. Үүний улмаас жолооч намайг осол гарсан асуудалд буруутгаж, 2014 оны 6 дугаар сарын 13-наас 2016 оны 12 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн тогтоолоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тооцон, шалгагдсаны эцэст 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн прокурорын 502 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Шалгагдаж байх хугацаанд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар намайг гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж, надад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Дээрх байдлаар надад холбогдох эрүүгийн хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгосон, би гэм буруугүй тул миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 382, 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.3-т заасныг үндэслэн хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн 57-75 дугаар бүхий автобусыг битүүмжилж, үүний улмаас тухайн автобус 3 жилийн хугацаанд битүүмжлэлд байж дахин үйлчилгээнд гарах хугацаа, насжилт норм дууссан. Мөн эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тогтоолд автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, автобусны тээврийн гэрчилгээ, /000540621 тоот/ 0079232 тоот дугаартай автомашины албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг эзэмшигч Тээвэр-Ачлал ХК-д буцаан олгохоор заасан байна. Автобусыг хууль бусаар битүүмжлээгүй бол засвар үйлчилгээг хийж, үйлчилгээнд гаргаснаар хохирол учрахгүй байсан юм. Би өөрийн мөнгөөр 57-75 УБГ улсын дугаартай 45 хүний суудалтай Тээвэр-Ачлал ХК-ийн эзэмшлийн автобусыг худалдан авч, 20 сая төгрөгийг бэлнээр, 30 сая төгрөгийг 2014 оны 03 сарын 19-ний өдрийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээгээр авч нийт 60 сая төгрөг болгон төлсөн. Банкны зээл хүүтэйгээр 60 сая, бэлнээр 20 сая нийт 80 сая төгрөг болсон.

Миний бие осол болохоос өмнө Тээвэр-Ачлал компанийн жолоочоор ажиллаж байсан, осол болсон өдрөөс эхлэн хуулийн байгууллагад шалгагдан, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж, өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгийн хувьд асар их хохирч, 3 жил орлогогүй, ажилгүй, банкны өртэй гэр бүлээ тэжээхэд асар хүнд нөхцөлд байлаа. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх нийт 2 жил 6 сарын ажилгүй байсан хугацааны хохирлыг нэхэмжилнэ. 2014 оны 4 сард нийт 997 зорчигч тээвэрлэсэн ба нэг тээвэрлэгчийн үнэ 6 000 төгрөг. Нийт орлого 5 982 000 төгрөг, үүнээс зорчигчийн амь даатгалын 194 400 төгрөгийг суутган сарын нийт орлого 5 787 600 төгрөг болно. Үүнээс орлого буюу татварт 463 008 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 5 324 592 төгрөгний орлоготой ажилласан байна. Үүнийг ажилгүй байсан 30 сард тооцвол 159 737 760 төгрөгийн орлоготой байх байсан. Хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид 1 000 000 төгрөг төлсөн. Иймд өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, автобусны үнэ 80 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 159 737 760 төгрөг, нийт 240 737 760 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж оролцсон Цагдаагийн Ерөнхий Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид 1 сая төгрөг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан баримт болон Төв аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй хэрэгсэхгүй болгосон хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гарган үзлэг хийхэд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ мөнгө төлсөн баримт хэрэгт байгаагүй. Мөн автобусыг битүүмжилсэнээс хохирол учирсан гэх үндэсгүй. Учир нь битүүмжлэлээс чөлөөлж Ганзоригийн хадгалалтад өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж оролцсон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй болохыг хуульчилсан байх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь ЭБШХ-д заасан тодорхой төрлийн ажиллагаа юм. Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль бус болох нь тогтоогдохгүй бөгөөд Ч.Ганзоригт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялтай. Өөрөөр хэлбэл торгуулийн ял оногдуулах нөхцөлийг хангах зорилгоор битүүмжилсэн хуульд заасан ажиллагаа тул нэхэмжлэгч Ч.Ганзоригийн 159 737 760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан хууль ёсны гэрээ байхгүй. Ч.Ганзоригт холбогдох хэрэг нь заавал өмгөөлөгч авах зүйл анги биш бөгөөд өмгөөлөгчөө өөрөө сонгосон, өмгөөлөгчид хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Автобусны үнэ 80 сая төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

Шүүхийн тогтоолоор 35 хоног цагдан хоригдсон хохирлыг нэхэмжлэлд дурдсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хэлэлцэх шаардлагагүй. Ч.Ганзоригийн хэргийг прокуророос 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ч.Ганзоригийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэм буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 240 737 760 төгрөг гаргуулах Ч.Ганзоригийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх миний зүгээс бүрдүүлсэн нотлох баримтад огт ач холбогдол өгөлгүйгээр, Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа албан тушаалтнуудын тайлбар мэдүүлэгт ач холбогдол өгч, хэрэгт миний гарган өгсөн нотлох баримтуудыг үгүйсгэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт хангалттай өгсөөр байхад нотлогдохгүй байна хэмээн, яагаад тухайн нотлох баримтуудыг үгүйсгэж байгаагаа огт дүгнэхгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан үүргээ шүүх хангалтгүй хэрэгжүүлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Өмгөөллийн хөлс 1 сая төгрөгийг баримтгүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ. Гэрээ, баримт байхгүй болохыг би зөвшөөрнө. Гэхдээ үүнийг шүүх өмгөөлөгчөөс тодруулж авах бүрэн боломжтой.

Олох ёстой байсан орлогын талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд осол болохоос өмнөх 2 сар том оврын автобусаар Улаанбаатар-Багануур, Багануур-Улаанбаатар чиглэлд олж байсан миний өөрийн орлогыг ажиллаж байсан "Тээвэр ачлал "ХК болон Авто тээврийн үндэсний төвийн эх баримтаар тооцоог бодит хийсэн ажилд минь үндэслэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 сарын 01 хүртэл тооцоог Улаанбаатар-Багануур чиглэлд сард 2 856 300 төгрөг, үүнээс татварт 228 504 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 2 627 796 төгрөг, Багануур-Улаанбаатар чиглэлд сард 2 931 300 төгрөг, үүнээс татварт 234 504, тээвэрлэгч буюу жолоочид 2 696 796 төгрөг. Сарын нийт 5 787 600 төгрөг, татварт 463 008 төгрөг байна. Гэтэл шүүх нэг өдөрт хэдэн удаа явдаг, суудал дүүрсэн эсэх, хэдийг суутгадаг эсэх, нийгмийн даатгал төлдөг эсэх зэрэг огт өөр зүйлээр дүгнэн, нотлогдоогүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Жолооч буюу тээвэрлэгчид очих орлого хөлс гэж өдөр тутмын тооцооны хуудас рейс тутмыг бүртгэн сард нэг удаа тооцоог бодож улсад болон компанид өгөх татварыг суутган байгуулагын нягтлан жолооч буюу тээвэрлэгчид олгож ирсэн тооцоог шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч миний гаргаж өгсөн баримтыг үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа бол шүүх өөрөө тодруулах боломжтой.

Автобусны үнэ 80 сая төгрөгийн тухайд, шүүх хэрэгт байгаа баримтыг мөн л үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. Багануур дүүргийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 37 тоот эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхийн шийтгэх тогтооолд автобусыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн байсныг хүчингүй болгон, 00540621 тоот дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигчид олгох нь зүйтэй гэж дурдсан. Намайг гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар 1 жилээр эрх хасан, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэн, 35 хоног цагдан хоригдсон. Багануур дүүргийн прокурорт автобусыг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 сарын 27-ны өдөр 08 тоот Прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж шүүх үзсэн нь буруу. Багануур дүүргийн прокурорын тогтоол нь 2014 оны 11 сарын 27 өдөр битүүмжлэлээс гаргах, мөрдөн байцаагчийн битүүмжлэх тогтоол нь 2014 оны 11 сарын 28-ны өдөр гарсан учир үүнийг шүүх цаг хугацааны хувьд ч анхаарч үзсэнгүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Автобусыг битүүмжилснээс хойш энэ шийдвэрийг өөрчлөлгүйгээр давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу мөрдөн байцаалтад буцан, шалгагдаж байсан. 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 602 тоот тогтоолд автобусыг битүүмжилсэн байсныг хүчингүй болгон, 57-75 УБГ улсын дугаартай, 00540621 тоот дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт компанид шилжүүлсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 2014 оны 11 сарын 27-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр өөрийн хашаанд авч ирсэн болохоос биш надад битүүмжлэлээс чөлөөлсөн гэж ойлгуулаагүй, бичиг баримт тээврийн хэрэгслийн, жолооны үнэмлэх зэргийг олгоогүй, харин ч битүүмжлэлтэй хөрөнгийг хамгаалах үүрэгтэйг анхааруулж байсан. Миний бие нотлох баримтаар хохирлын тооцоогоо гаргасан бөгөөд энэ тооцоог бодох аргачлал хуульд нийцээгүй байх боломжийг би үгүйсгэхгүй, хэрэв би буруу тооцон алдаа гаргасан бол шүүх үүнийг хуульд нийцүүлэн залруулах эрх нь байх болохоос биш, нотлох баримт байсаар байтал хэт өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг зөвшөөрөхгүй байна. Дээр дурдсаныг анхааралтай хянан үзэж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэе гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ганзориг нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд олох байсан орлого 159 737 760 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1 000 000 төгрөг, автобусны үнэд 80 000 000 төгрөг, нийт 240 737 760 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт /огноо, дугааргүй/ албан бичгээр хандаж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэхийг даалгасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн ямар оролцогчоор оролцож байгааг тодруулахад гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож байгаа гэж тайлбарлаж байх боловч түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, ямар үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцсон болох нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт ...шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан бөгөөд энэ тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох тохиолдолд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар бие даасан хэргийн оролцогч гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Ч.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулагдсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь зөв хэдий ч Баянзүрх дүүргийн прокурорыг оролцуулахаар арга хэмжээ авсан нь /хх-ийн 124/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 101/ШШ2017/02880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ