Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02244

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02244

 

 

Ван Вэндүсүгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07ы өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ван Вэндүсү /Wang Wendusu/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Баясгаланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Базарсад

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баясгалан нь БНХАУ-аас төмөр замын моторын поршень худалдан авах зорилгоор Ван Вэндүсү надаас 63 500 ам.доллар зээлэх хүсэлт тавьсан. Миний бие Б.Баясгалан болон түүний нөхөртэй олон жил бизнесийн түншүүд байсны хувьд Б.Баясгаланд итгэж 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг БНХАУ-ын Бээжин хотод байгуулан 63 500 ам.долларыг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөнгийг гэрээ байгуулсан өдөр Б.Баясгаланд хүлээлгэн өгсөн. Б.Баясгалан нь 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Ван Вэндүсү надад баталгаа бичиг гарган өгсөн бөгөөд тус баталгаа бичигт 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан 63 500 долларыг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Миний бие удаа дараа Б.Баясгаланд хандан зээлсэн 63 500 ам.долларыг төлж барагдуулахыг мэдэгдэж байсан бөгөөд Б.Баясгалан нь удахгүй төлнө, төлөх гэж байна гэсээр өнөөдрийг хүртэл төлөлгүй намайг хохироож байна. 63 500 ам.долларыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2420,51 төгрөгөөр тооцож 153 702 385 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 63.500 ам.доллар буюу нийт 153 702 385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд Б.Баясгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллаж байх хугацаандаа Малайз улсын Tenaga National Berhard компанид томилолтоор 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 5-ны өдрүүдэд ажиллаад буцах замдаа Бээжин хотод сурдаг хүү Д.Галмандахтайгаа уулзах зорилгоор 2 хоносон. Тухайн үед манай нөхөр Д.Дашцэрэн над руу утасдаж Сүхбуянгаас зээлсэн мөнгөө авах гэтэл Хятад Улсын иргэн Ван Вэндүсүгийн компанийн дансанд саатсан, нааш нь шилжүүлэхгүй байна гэсэн. Иймд чи тэр Ван Вэндүсүтэй уулзаж тэдний компаниас Монгол руу шилжүүлсэн боловч буцаж орсон, саатсан мөнгөний учрыг олоод гадаад гуйвуулга дээр нь ямар нэг алдаа байна уу үз гэсэн. Би тэр шалтгаанаар Ван Вэндүсүгийн оффист очиход тэрээр би мөнгийг нь эхлээд шилжүүлсэн боловч буцаад орсон, одоо харин танай нөхрийн найз Сүхбуянгаас авлагатай тэрэндээ энэ мөнгийг суутгалаа гэж хэлсэн. Энэ тухай буцаад нөхөртөө хэлэхэд манай нөхөр Сүхбуян Ван Вэндүсүтэй яриад ойлголцсон гэж байна. Ер нь бол наад мөнгө чинь Улаанбаатар төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу Ван вэндүсүгийн компани руу шилжсэн мөнгө, тэр хоёрын бизнесийг хийхдээ бизнес нь ашигтай, гэрээ нь хийгдсэн байгаа, харин бараа нийлүүлэхэд урьдчилсан санхүүжилт шаардлагатай гээд надаас мөнгө зээлээд гэрээний үүргээ биелүүлж бараагаа бүрэн нийлүүлчихсэн. Тийм учраас наад мөнгө чинь надаас зээлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж өгч байгаа, манайх Сүхбуянгаас авах авлага бүрэн аваагүй, дахиад ч мөнгө авах ёстой гэдгийг Ван Вэндүсүд сайн тайлбарлаад яаралтай шилжүүлэх арга хэмжээ аваадах гэсэн. Би энэ талаар Ван Вэндүсүтэй ярилцахад тэд энэ байдлыг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ Сүхбуянгаас мөнгө авахад тусална гэсэн баталгаа өгвөл шилжүүлье гэсэн. Бид ярьж ойлголцсон, миний Бээжинд байх хугацаа богино, хувийн ажлуудаа амжуулах шаардлагатай байсан учир би ярилцаж ойлголцоод Сүхбуянд хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн. Тухайн үед бид харилцан ойлголцож, тэр дансанд байршсан мөнгө нь өмнөх авлагатай холбоогүй тухайн үед хийсэн бизнесийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөлцсөн, хүн ёсоор хандаж Сүхбуянгаас авлагаа авахад нь дэмжлэг болж хэлж өгнө гэсэн баталгаа өгч байна гэж ойлгоод Ван Вэндүсү ч мөнгөө шилжүүлэх болоод үлдсэн. Энэ үед би Ван Вэндүсүгээс ямар ч мөнгө бэлнээр аваагүй, мөн мөнгө шилжүүлэхэд нь ч оролцоогүй. Тухайн үед би ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, нэг ч доллар, нэг ч төгрөг бэлнээр аваагүй. Ван Вэндүсү нь зээлийн гэрээ, мөнгө авсан баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Би төрийн байгууллагад ажилладаг, эрдэм судлалын ажил эрхэлдэг, ямар ч бизнс эрхэлж үзээгүй, гадаадын болон дотоодын ямар ч иргэнээс мөнгө зээлж байгаагүй байтал ийм зээлийн гэрээ, мөнгө авсан баримт хуурамчаар үйлдсэн байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай Ван Вэндүсү /Wang Wendusu/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926 00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Б.Баясгалан нь зээлийн гэрээ болон баталгаа бичгэнд дурьдсан хугацаанд үүргээ биелүүлээгүй байж Зээлийн гэрээ болон мөнгө авсан баримтанд гарын үсэг зураагүй, харин Баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтанд гарын үсэг зурсан гэж шүүх хурал дээр худал тайлбар өгч дээрх тайлбараа ИХШХШТХуулийн 25-р зүйлийн 25.2.2, мөн 38-р зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэг өдөр үйлдэгдсэн 3 ширхэг баримтын 1 баримтанд гарын үсэг зурсан, 2 баримтанд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй шалтгаант холбоогүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Хариуцагч талын зурсан Баталгаа гаргаж өгөх тухай баримтад 2014 оны 06-р сарын 06-ны өдөр төмөр замын поршинг худалдан авах зорилгоор 63 500 ам.долларыг 2 сарын хугацаатай нэхэмжлэгч талаас зээлж 2014 оны 08-р сарын 06-ны дотор Ван Вэндүсүд өгнө, баталгаа гаргаж байна гэж зээлийн хэмжээ, эргэн төлөх хугацааг тодорхой заасан баримтанд /хх-12/ хариуцагч тал гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар болон Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх 2014 оны 06-р сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтанд зурагдсан Б.Баясгалангийн гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилж, дээрх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтыг эх хувиар нь нэхэмжлэгч талаас шаардсан. Хариуцагч Б.Баясгалан нь зээлийн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч нь 2015 оны 05-р сард нэхэмжлэл гаргахаар эрх зүйч н.Алтанхуягаас зөвлөгөө авахад ИХШХШТХуулийн 44-р зүйлийн 44.2-т шүүхэд нотлох баримтыг эх хувиар нь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгөхөөр хуульчилсан гэж зөвлөгөө өгсний дагуу "нэхэмжлэгч нь 2015 оны 05-р сарын 07-ны өдөр хариуцагч Б.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээ болон мөнгө авсан баримт, баталгаа гаргаж өгөх тухай албан бичгийг хуульд заасны дагуу нотариатаар хуулбар үнэн даруулж гэрчлүүлэн шүүхэд хандахад бэлэн болгосон. Үүний дараа хариуцагч Б.Баясгалан, түүний нөхөр Д.Дашцэрэнтэй уулзахад хариуцагч нь зээлсэн 63 500 ам.долларыг удахгүй төлнө шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэсний дагуу нэхэмжлэгч нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Улаанбаатар дахь гэртээ үлдээгээд эх баримтыг БНХАУлс дахь ажлын байрандаа хадгалсан бөгөөд дээрх үйл явдал болсон 2015 оноос хойш 2 жил өнгөрсөн энэ хугацаанд нэхэмжлэгч талын БНХАУ дахь ажлын байр нүүж өөрчлөгдөж тухайн зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтын эх хувь олдохгүй байгаа. Бодит байдал дээр талууд дээрх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтыг 2 хувь үйлдэж гэрээ болгон дээр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулж тус бүр нэг хувийг авч хадгалсан. Б.Баясгаланд зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтын нэг хувь өөрт нь хадгалагдаж байгаа боловч зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж огт үндэслэлгүй, гүжирдлэгийн шинжтэй ямар ч баримтгүй тайлбар гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ван Вэндүсү нь БНХАУ-аас анхан шатны шүүх дээр өөрийн биеэр хоёр ч удаа хүрэлцэн ирж шүүгчийн туслах Б.Анхцэцэгийн дэргэд хариуцагч талтай уулзаж маргаантай асуудлыг шийдвэрлэх саналыг хариуцагч талд тавихад чамтай ярих зүйл байхгүй гэж уулзахаас зайлсхийдэг байсан. Хариуцагч Б.Баясгалан нь анхан шатны шүүхэд 2017 оны 05-р сарын 26-ны өдөр гаргаж өгсөн хариу тайлбар болон 2017 оны 06-р сарын 15-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талаас авсан 63 500 ам.долларыг 2014 оны 08-р сарын 06-ны дотор төлж барагдуулна гэж баталгаа бичиж, гарын үсгээ зурсан гэсэн байгаагаас харахад 63 500 ам.долларыг гарын үсэг зурж хүлээн авсан болох нь ИХШХШХТХуулийн 37-р зүйлийн 37.2-т заасан өөрийн нь тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримт, баталгаа нь хэргийн бодит үнэнийг эргэлзээгүй үнэн зөв талаас нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэнгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа тул ИХШХШТХуулийн 167-р зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ван Вэндүсү /Wang Wendusu/ нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 63 500 ам.долларыг зээлдүүлсэн гэсэн үндэслэлээр буцаан гаргуулах шаардлагаа тайлбарлаж, зээлийн гэрээ, уг гэрээний дагуу мөнгө өгсөн авсан баримт, баталгаа гаргасан бичгийн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаар гаргасан байна.

Хариуцагч нь нөхөр Д.Дашцэрэнгийн даалгаснаар Улаанбаатар төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу Ван Вэндүсүгийн компани руу шилжсэн мөнгийг Монгол руу шилжүүлэх зорилгоор нэхэмжлэгчтэй Бээжин хотод уулзсан болохоос Ван Вэндүсүгээс ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зураагүй гэж маргасан ба шүүх эдгээр баримтанд зурагдсан гарын үсэг Б.Баясгалангийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон боловч хэргийн оролцогчийн хэн аль нь шинжилж буй баримтыг эх хувиар нь ирүүлээгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасан шинжилгээний объект нь дүгнэлт гаргах шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /хх-ийн 70, 72/

Анхан шатны шүүх бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн атлаа жинхэнэ эхийг нэхэмжлэгч гаргаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгохдоо баталгаа гаргасан баримтад хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй байгааг анхаараагүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

Хариуцагч Б.Баясгалангийн гарын үсэг бүхий баталгаа гаргасан баримтад тусгагдсан Ван Вэндүсүгээс авсан мөнгөний хэмжээ, түүнийг буцаан төлөх хугацаа, уг баримтыг үйлдсэн хугацаа зэрэг агуулга хариуцагчийн гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтад тусгагдсан мэдээлэлтэй агуулгын хувьд адил байна.

Хариуцагч нь ...би ярилцаж ойлголцоод Сүхбуянд хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн... гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт дээрх байдлаар тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус нийцэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч Ван Вэндүсү нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөө зээлдэгч Б.Баясгалангаас буцаан шаардах, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.Баясгалангаас 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07ы өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баясгалангаас 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ван Вэндүсү /Wang Wendusu/-д олгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, үлдээж гэсний дараа хариуцагч Б.Баясгалангаас 926 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ван Вэндүсү /Wang Wendusu/-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 926 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ