Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02221

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02221

 

 

Д.Нанзад, Д.Догсол нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Сансарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 161 396 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг

Хариуцагч Б.Сансар

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хувцагаан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сансар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19 удаа нийт 162 500 000 төгрөгийг зээлж авсан. Б.Сансар нь дээрх мөнгөнүүдийг зээлж авахдаа өөрийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 23 дугаар байр, 49 тоот хаягт байрлах байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэг зүйлд зарцуулна гэж цувуулан авдаг байсан. Б.Сансарын зээлж авсан мөнгөнүүд нь миний аав Д.Догсол бид хоёрын мөнгө байсныг тэрээр сайн мэдэж байгаа бөгөөд аав, бид хоёрт буцааж өгнө гэж худал, үнэн ярьж явсаар өнөөдрийг хүрсэн. Харин 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600 доллар өгсөн. Үүнийг хоорондоо ярилцаад 1 104 000 төгрөг гэж тооцоод хассан. Иймд хариуцагч Б.Сансараас 161 396 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сард хүүхдээ сургуулиас нь аваад явж байхад Д.Нанзад эхнэрийн хамт ирж уулзаад байрнаасаа хөөгдөөд байна, энэ бичиг дээр гарын үсэг зураад үүнийг хуулаад өгөөч гэж цаас үзүүлсэний дагуу хуулж өгсөн. Түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. Нэг удаа хуулуулчихаад маргааш нь дахиж хуулуулсан. Эгчдээ үзүүлэх гэсэн юм тоо нь зөрөөд байна гээд 2-3 удаа хуулуулсан бөгөөд манай эгч АНУ-д байдаг, тэнд хүний нэрээр хараар гараад явчихсан учир ийшээ ирэхгүй, зүгээр энэ бичгийг өгчихөд болох юм байгаа юм, надад туслаач гэсэн. Тэрнийх нь дагуу энэ бичгийг хуулж өгсөн. Энэ хүнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. 2010 онд Д.Нанзадын аав, ээж хоёулаа гэртээ дуудаж ирүүлээд, бид хоёроос аав нь нотариатын энд явж байна, ирээд гарын үсэг зураад өгөөч хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн нотариат дээр ороход энийг хуулаад өг гэсний дагуу хуулж өгсөн бөгөөд энэ гэрээг хийхэд Д.Нанзад охин дүүтэйгээ, аавтайгаа хамт явж байсан. Бид нар маргааш АНУ явах гэж байна. Үүнийг бичиж эгчид нь аваачиж өгөхгүй бол Д.Нанзад маань хэцүү байдалд ороод байна. Чи тусалж гарын үсэг зураад өг гэсний дагуу гарын үсэг зурж өгсөн. Тэрнээс би Д.Догсол гэдэг хүнтэй уулзаж байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Сансараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161 396 000 төгрөгийг гаргуулж, Д.Догсолд 102 000 000 төгрөг, Д.Нанзадад 59 396 000 төгрөгийг тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964 930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сансараас 964 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Догсолд 609 739 төгрөг, Д.Нанзадад 335 191 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайлбал, 2014.10.10-ны өдрийн "Зээлийн гэрээ" хүчин төгөлдөр бус гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017.07.21-ний өдрийн давж заалдах шатны шүүх хурал дээр хэлсэн үг нь хуралдааны тэмдэглэл болоод диск нотлох баримтаар авагдсан. Мөн 2017.09.25-ны өдрийн хурал дээр мөн энэ өдөр 2-3 удаа зээлийн гэрээ гэж бичиг үйлдсэн боловч мөнгө өгч авалцаагүй гэдгийг хэлсэн. 2016.04.11-ний өдрийн бичгийг хийж өгсөнд хариуцагч маргадаггүй. Д.Нанзадын хүсэлт, гуйлтаар хийж өгсөн болохоос биш мөнгө аваагүй. Догсол, Нанзад нарын Сансарт өгсөн гэх 161 396 000 төгрөгийг хэзээ ямар эх сурвалжаас гаргаж өгсөнөө нотлоогүй. Нөгөө талаар хариуцагч Б.Сансар нь 2014.10.10-ны өдрийн бичиг, 2015.08.25-ны өдрийн бичиг бичсэн нь үнэн боловч 2014.10.10-ны өдөр мөнгө авсан нь үнэн гэж 2015.08.25-ны өдөр Д.Нанзад, Д.Догсол нарын гуйлтаар бичсэн нь үнэн боловч 2014.10.10-ны өдөр хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 2015.08.25, 2016.04.11-ний хэлцэлүүд бүгд хүчин төгөлдөр бус.

...Домофон тавиулахад уг төхөөрөмжийг тавиулах аж ахуйн нэгж нь урьдчилан оршин суугчидтай гэрээ байгуулан төлбөрөө СӨХ-нд биш тэр ХХК-нд төлдөг. СӨХ бол зөвхөн орц тус бүрийн гадна хаалга хариуцан хийж төлбөрөө хийсэн. Үүнд 50 сая төгрөг хэзээ ч орохгүй. Мөн оршин суугчдын өмнөөс СӨХ хүнээс мөнгө зээлж домофон суулгах эрх хэмжээ, санхүүгийн чадвар байхгүй.

...Нэхэмжлэгч нь 2013.11.12-ны өдөр Б.Бүжинлхамд орон сууцаа 30 сая төгрөгөөр зараад Бүжинлхамын нөхөр Энхбаяр бэлнээр мөнгө өгөхгүй дансаар өгнө гэж хэллээ гээд Нанзад нь чиний дансанд хийлгүүлэх үү гэхээр нь би зөвшөөрч миний Голомт банкинд байдаг 2709158208 дугаар дансанд 2013.11.12-ны өдөр байрны төлбөр Энхбаяраас гэж 30 сая төгрөг орж ирсэн. Тэр өдрөө Нанзад дүүдээ 1 сая төгрөг авч өгсөн. Маргааш нь 19 сая төгрөг Нанзад надаар авахуулаад Баттөмөр, Уранчимэг нарт хөөрөгний чулуу ОХУ-аас авчируулахаар 10 сая төгрөгийг миний дэргэд өгсөн. Хөөрөгний чулуу ирсэний дараа "Тэнгэр угалз" ХХК-ийн дархан Баатарсүрэнд захиалга өгч 3 хөөрөг хийлгүүлсэн. Захиалгыг би өгсөн бөгөөд Нанзад бид 2 хамт очин тэр хөөргөө шалган хүлээж авсан. Захиалгын хуудас 200000350, 200000298 дугаарт хүлээн авсан. Нанзад бид 2-ын гарын үсэг, 9 900 000 төгрөг өгч авсан баримт байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал шүүх хурлаас бүр өмнө тайлбар болон захиалгын хуудсыг үзэж байсан бөгөөд гарын үсэг болон хөөрөг захиалсан болон гарын үсэг дээр огт маргаагүй. Гэрч Д.Баатарсүрэн мэдүүлэхдээ "Хоёулаа ирж авсан авахдаа Сансарын найз нь хөөргөө сайн харж авсан, найз нь сахалтай хүн л байсан" гэжээ. Гэтэл шүүх Б. Сансар хөөрөг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан, уг баримтад дурьдсан гарын үсэг Д.Нанзадын гарын үсэг болох нь баримтаар тогтоогдоогүй ...гэснийг эрс эсэргүүцэж байна. Гарын үсэг дээр нэхэмжлэгч огт маргаагүй. Хэрэв гарын үсэг мөн, биш гэж үзвэл шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах эрх нь нэхэмжлэгчид байсан. Тухайн үед Нанзад сахалтай байсан нь үнэн. Сансарт Монгол улсын хэмжээнд ямар ч эзэмшил болон өмчлөлийн газар байхгүй. Орон сууц худалдан авахад Нанзадаас 20 сая төгрөг аваагүй. Энхбаяраас миний дансанд орж ирсэн 30 сая төгрөгийг 2013.11.12-ноос 2013.11.30-ны хугацаанд миний данснаас бүх мөнгөө Нанзад авсан. Энэ мөнгөнөөс 1 104 000 төгрөгийг Нанзадын зөвшөөрлөөр авч хэрэглээд 600 ам.долларыг төлсөн.

Орон сууцны үлдэгдэл төлбөрт 2013.12.01-ний өдөр 11,500 ам.долларыг эгч Ариунгэрэлийн дансанд шилжүүлсэн. энэ мөнгө бол Сансарын төрсөн эцэг Батсайхан нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа зарж 20 сая төгрөгийг орон сууцандаа нэмэр болго гэж хүү, бэр хоёртоо өгсөн болохыг гэрч Байгалмаа гэрчээр шүүх хуралд орж мэдүүлсэн. Гэрч Уранчимэг нь Нанзадын хүсэлтээр ОХУ-ын Эрхүү хотоос 2 удаа хөөрөгний чулуу авч ирж өгсөн чулууны үнэд 10 сая төгрөг, замын зардал, ажлын хөлсөнд 4 сая төгрөгийг Нанзад өгсөн гэдгийг мэдүүлсэн. Гэтэл шүүх Уранчимэг, Байгалмаа нар нь хариуцагч Сансартай хамаарал бүхий этгээд ба гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. 2014.10.10-ны өдрийн мөнгө зээлсэн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд түүнийг үндэслэж хийсэн бичгүүд нь адилхан үүрэг үүсэхгүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж хууль буруу хэрэглэн зөвхөн гуйлтаар бичиж өгсөн бодит байдал дээр 161 396 000 төгрөгнөөс 30 сая төгрөг нь дансаар орж бусад 131 396 000 төгрөгний эх үүсвэргүй, хүлээлгэн өгсөн, авсан баримтгүй байхад ийм их хэмжээний төлбөр хариуцуулахаар ямар ч нотлох баримтгүй байхад хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нар нь хариуцагч Б.Сансарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 161 396 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нар нь хариуцагч Б.Сансарын гарын үсэг бүхий 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Мөнгө зээлсэн баримт гэх бичгийн баримтыг шаардлагын үндэслэлээ болгосон ба уг баримтад 2013- 2014 оны хооронд байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэгт нийт 162 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас зээлж авсан, буцаан төлөх тухай тусгагдсан байна. /хх-ийн 7/

 

Хариуцагч уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Дээрх баримтад нэхэмжлэгч нар гарын үсэг зураагүй байдаг ба уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн нь өөр баримтаар давхар нотлогдоогүй, 2-3 жилийн дараа хожим хийлгэж авсан баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэх боломжгүй байх тул талуудын хооронд 162 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Догсол нь Д.Нанзад, Б.Сансар нарт 120 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, талууд харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байхаас гадна уг зээлийн гэрээнд 102 000 000 төгрөгийг зээлдүүлэгч Д.Догсол нь зээлдэгч Д.Нанзад, Б.Сансар нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдэгдсэн байх тул талуудын хооронд энэ зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 205-206/

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, хариуцагч Б.Сансар нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Догсол нь өөрийн үзэмжээр хариуцагч Б.Сансараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хүү, алдангийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Хариуцагч Б.Сансар нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ гэх бичгийн баримтуудыг тус тус үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нанзад нь хариуцагч Б.Сансарт 59 396 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй тул түүний шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сансараас 102 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсолд олгож, 59 396 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Нанзадын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сансараас 102 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсолд олгож, нэхэмжлэгч Д.Нанзадын гаргасан хариуцагч Б.Сансараас 59 396 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын хариуцагч Б.Сансараас 964 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Догсолд 609 739 төгрөг, Д.Нанзадад 335 191 төгрөгийг тус тус олгож гэснийг хариуцагч Б.Сансараас 667 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсолд олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Сансар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ