Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00280

 

Д.Н, Д.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2221 дүгээр магадлалтай                 

Д.Н, Д.Д нарын нэхэмжлэлтэй,

Б.С-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Б.С-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.     

Нэхэмжлэгч Д.Н, Д.Д нарын нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.С- нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19 удаагийн үйлдлээр нийт 162.500.000 төгрөгийг зээлж авсан. Б.С- нь дээрх мөнгийг зээлж авахдаа өөрийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 23 дугаар байр, 49 тоот хаягт байрлах байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэг зүйлд зарцуулна гэж авсан. Б.С-ын надаас зээлж авсан мөнгөнүүд нь миний аав Д.Д бид хоёрын мөнгө байсныг хариуцагч Б.С- нь сайн мэдэж байгаа бөгөөд аав, бид хоёрт буцааж өгнө гэж худал, үнэн ярьж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Харин 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600 ам.доллар өгсөн. Үүнийг хоорондоо ярилцаад 1.104.000 төгрөг гэж тооцоод хассан. Иймд хариуцагч Б.С-аас 161.396.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С-ын тайлбарт: 2016 оны 4 дүгээр сард хүүхдээ сургуулиас нь аваад явж байхад Д.Н эхнэрийн хамт ирж уулзсан. Тэгээд “бид байрнаасаа хөөгдөөд байна. Энэ бичиг дээр гарын үсэг зураад, үүнийг хуулаад өгөөч” гэж цаас үзүүлсэн. Тэгээд би хуулж өгсөн байгаа. Түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. Нэг удаа хуулуулчихаад маргааш нь дахиж хуулуулсан. Эгчдээ үзүүлэх гэсэн юм тоо нь зөрөөд байна гээд 2-3 удаа хуулуулсан. Яг бичиж байх үед өөрт нь хэлж байсан. Янз бүр болоод, шүүх, цагдаа гээд мөнгө төгрөг нэхэх юм болох вий гэсэн. Тэгэхэд “тийм зүйл байхгүй. Байрнаасаа хөөгдөх гээд байна. Үүнийг эгч рүүгээ явуулах гэсэн юм. Манай эгч АНУ-д байдаг. Тэнд хүний нэрээр хараар гараад явчихсан учир ийшээ ирэхгүй. Зүгээр энэ бичгийг өгчихөд болох юм байгаа юм, надад туслаач” гэсэн. Тэрнийх нь дагуу энэ бичгийг хуулж өгсөн. Энэ хүнээс ямарч мөнгө аваагүй. 2010 онд хэдэн сарыг нь санахгүй байна, Д.Нын аав, ээж нь ирсэн. Хоёулаа гэртээ дуудаж ирүүлээд, бид хоёроос аав нь нотариатын энд явж байна. Ирээд гарын үсэг зураад өгөөч хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн нотариат дээр ороход энийг хуулаад өг гэсний дагуу хуулж өгсөн. Энэ гэрээг хийхэд Д.Н охин дүүтэйгээ, аавтайгаа хамт явж байсан. Бид нар маргааш АНУ явах гэж байна. Үүнийг бичиж эгчид нь аваачиж өгөхгүй бол Д.Н маань хэцүү байдалд ороод байна. Чи тусалж гарын үсэг зураад өг гэсний дагуу гарын үсэг зурж өгсөн. Тэрнээс би Д.Д гэдэг хүнтэй уулзаж байгаагүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хувцагааны тайлбарт: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ хийгдсэн, өгсөн авснаа нотлох шаардлага байхгүй гэсэн агуулгаар ярьж байна гэж ойлголоо. Тийм зүйл байхгүй. Иргэний хуулинд зээлийн гэрээг маш тодорхой заасан. Д.Доос 102.000.000 төгрөгийг зээлж авсан зээлдэгч нар нь Д.Н, Б.С- хоёр гэж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан боловч мөнгө өгсөн, авсан гарын үсэг байхгүй. Мөн уг мөнгөний эх үүсвэр байхгүй. Амьдрал дээр Д.Д гуай өөрийн данснаас эсвэл хамаатан садан, охин, хүүгийнхээ данснаас 102.000.000 төгрөгийг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр, тийм дэвсгэртээр хүлээлгэж өглөө, хүлээж авлаа гээд зээлийн гэрээ хийсэн бол юм ярихгүй. Сая удаа дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн энэ гэрээ өмнөхөө тооцож үзээд хийсэн гэрээ гэж байна. Гэхдээ энэ бол мөнгө төгрөгөө өгч аваагүй гэдгийг давж заалдах шатны шүүх хурал дээр энэ хүний хариулсан хариулт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Сая ч гэсэн 2-3 удаа хэлсэн. Тэгээд тэр өдөр мөнгө, төгрөг аваагүй юм бол хэзээ авсан юм. Түүнийгээ нэхэмжлэгч тал нотлох ёстой. Нотолсон баримт өнөөдөр байхгүй. Эх үүсвэр нь байхгүй, мөнгө өгсөн баримт нь байхгүй. Ийм учраас энэ 102.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тухайн үед ийм бичгийн баримт үйлдсэн боловч энэ бодитой хэрэгжээгүй. Гэрээ хийснээс хойш 1-2 хоногт дансаар эсвэл бэлнээр өгөх тохиолдол байдаг. Өмнө өгсөн мөнгөнүүдээ нийлүүлж байгаа гэрээ хийсэн гэж байгаа бол эх үүсвэр, хуулийн үндэслэл нь байхгүй байна. Домофон хийлгэхэд 50.000.000 төгрөг өгөөд 70.000.000 гаруй төгрөг болчих байсан гэсэн өгүүлбэр хаана байгаа юм бэ. Бид цугларсан баримтын хүрээнд ярихаас өөрөөр зохиох боломжгүй. Домофон хаалга хийлгэхийн тулд СӨХ-ны даргатай ярьдаггүй юм. Би өөрөө тийм домофон хаалгатай байранд амьдардаг. Эхлээд домофон суулгах гэж байгаа компанитай гэрээ хийгээд, мөнгөө төлдөг. “Шинэчлэл 220” СӨХ-ны 2,3 байр чинь оршин суугчдын өмч. Оршин суугчдын амгалан тайван байдал, аюулгүй байдал, эд хөрөнгө, амь насыг нь хамгаалж тийм юм тавиад байгаа болохоор тэр зүйлийнхээ төлөө өөрсдөө зардалаа төлнө. Ажил гүйцэтгүүлэхийн тулд СӨХ гэрээ хийж болно. Гэхдээ гэрээнийхээ төлбөрийг төлсөн баримтыг манайх гаргаж өгсөн. Баримтан дээр үндэслэнэ. Харин эдний тал баримт гаргаж өгдөггүй. 30.000.000 төгрөгөөр байраа зараад, тэр мөнгөөрөө хөөрөгний чулуу захиж авчруулаад, хөөрөг хийлгээд авсан баримт нь хэрэгт байна. Гэрч хэлсэн энэ 2 хүн ирээд, хөөрөгийг үзэж байгаад аваад явсан гэж. Энэ хүн мөнгөө төлсөн, өөрөө авч байгаа. Орон сууцны асуудал дээр 11.500 долларыг энэ орон сууцны жинхэнэ өмчлөгчид нь дансаар шилжүүлж өгсөн. Гэрч А.Байгалмаа “н.Батсайхан байраа зараад хүүдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд мөнгө өгсөн” гэж хэлсэн. Д.Н өнөөдөр нас биед хүрсэн хүн ийм их мөнгө өгөхдөө, эгчээсээ мөнгө авч байгаа юм бол үүнийг гарын үсэг зуруулаад өгөхгүй яасан юм. Тэр баримт нь хаана байна. Бичгийг бичиж өгсөн гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ нь нотлогдсон. Эгчдээ үзүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн учраас бичиж өгсөн. Бичиж өгснийхөө төлөө хариуцлага хүлээдэг бол хүлээх байх, гэхдээ мөнгийг нь авсан гэх баримт байхгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй. Б.С- нь ах, дүүгээсээ дэмжлэг авч 3 хүүхдээ тэжээдэг. 380.000 төгрөг хаанаа ч хүрдэггүй. Тийм цалинтай хүн өнөөдөр хүнээс 102.000.000 төгрөг аваад, тэгээд яаж төлнө гэж суух юм. Тийм хэмжээний мөнгийг авч байсан бол өнөөдөр юмтай болох байсан. Энэ хэргийг бодит байдлаар нь аваад үзэх юм бол бичиж өгсөн хүн буруутай боловч авсан, өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. 30.000.000 төгрөгийн баримтыг манайх гаргаж өгсөн, нөгөө тал нэг ч баримт гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлээс Б.С-ын өгсөн 1.104.000 төгрөгийг хасаад, үлдэх хэсгийг нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.С-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөгийг гаргуулж, Д.Дд 102.000.000 төгрөг, Д.Над 59.396.000 төгрөгийг тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964.930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.С-аас 964.930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд 609.739 төгрөг, Д.Над 335.191 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2221 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-аас 102.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэгч Д.Нын гаргасан хариуцагч Б.С-аас 59.396.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хариуцагч Б.С-аас 964.930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд 609.739 төгрөг, Д.Над 335.191 төгрөгийг тус тус олгож” гэснийг “хариуцагч Б.С-аас 667.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2221 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлалд ”Хариуцагч уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй”, “Дээрх баримтад нэхэмжлэгч нар гарын үсэг зураагүй байдаг ба уг баримтад тусгагдсан мөнгөн хөрөнгийг хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн нь өөр баримтаар давхар нотлогдоогүй, 2-3 жилийн дараа хожим хийлгэж авсан баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэх боломжгүй байх тул талуудын хооронд 162.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь

1. 2016 оны 04 сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-ыг хариуцагч Б.С- нь өөрийн гараар Д.Нтай тооцоо нийлсний үндсэн дээр бичиж өгсөн. Хариуцагч Б.С- нь эхлээд бичиж өгснийхөө дараа “би чамд 600 доллар буцааж өгсөн биз дээ, тэрийгээ хасахгүй байсан юм уу” гэсний дагуу Д.Н тухайн баримтыг дахин бичүүлж 600 доллар буюу 1.104.000 төгрөгийг нь хассан. Гэтэл хариуцагч Б.С- “Д.Н, Д.Д нарын гуйлтаар бичиж өгсөн” гэж худал тайлбар гаргасаар байна. Тэрээр Д.Н, Д.Д нараас мөнгө зээлэхдээ “тухайн мөнгийг юунд зарцуулах” тухай хэлдэг байсныхаа дагуу 2016.04.11-ний өдрийн баримтыг бичихдээ “хэзээ, юунд зарцуулах гэж, хэдэн төгрөг авснаа” өөрөө нэг бүрчлэн дурьдаж ”Уг мөнгийг төлөх нь үнэн” гэж зээлдүүлэгч нарын өмнө хүлээх үүргээ тодорхой бичиж, мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл хийсэн баримт байхад нэхэмжлэгч Д.Ныг мөнгө хүлээлгэн өгснөө өөр баримтаар давхар нотлох үүрэгтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

2. Хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч Д.Наас мөнгө зээлэхээр гуйхдаа байраа зарчих гэж ятгаж, зар өгч, хамт явж заруулсан байдаг бөгөөд уг байр нь Хан-Уул дүүргийн 1-р хороо, 18-р байрны 5 тоот хаягт байрлах 1 өрөө байр юм. Энэхүү байрыг Б.Бүжинлхам, түүний нөхөр Н.Энхбаяр нарт нийт 58 сая төгрөгөөр худалдаж, 30 сая төгрөгийг нь хариуцагч Б.С-ын Голомт банкин дахь 2709158208 тоот дансруу шилжүүлэн авч, үлдэх 28 сая төгрөгийг нь бэлнээр авсан юм. Энэ мөнгө нь Д.Нын хариуцагч Б.С-аас нэхэмжилж байгаа 59.396.000 төгрөг юм. Цаашилбал, хариуцагч Б.С- нь дээрх байр зарсан 30 сая төгрөгийг өөрийнхөө дансаар хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанууд дээр хэлж, шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргахдаа ч уг дансныхаа албан ёсны хуулгыг гаргаж өгч байсан нь хэрэгт байгаа болно. Үүгээр нэхэмжлэгч Д.Н хариуцагч Б.С-т байрныхаа мөнгийг зээлдүүлсэн буюу бусдаар шилжүүлүүлсэн нь Д.Н, Б.С- нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Харин Б.С- өөрийнх нь дансанд орсон мөнгийг Д.Над буцаан төлснөө нотолж чадаагүй. Харин ч тэрээр уг мөнгийг данснаасаа зарлагадахдаа бэлнээр олон удаа мөнгөний машинаас авах, Улаанбаатар их дэлгүүр, “Urban fashion” дэлгүүрүүдээс бэлэн хувцас худалдан авах, Номин фүүдс, Мах импекс гэх мэт дэлгүүрүүдээс хүнсний зүйл худалдан авах, Iкеа- ийн нэрийн барааны дэлгүүрээс тавилга хэрэгсэл худалдан авах зэргээр зарлагдсан нь түүний 2709158208 тоот дансны зарлага хэсгээс бүрэн харагдаж байна. Тиймээс ч анхан шатны шүүх хуралдаан олон цаг үргэлжилж, хариуцагч талаас гаргасан тайлбарууд нь хэрэгт байгаа баримт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагдаж байсныг анхааралтай нягталж, нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэл бүхий зөв дүгнэлт өгч шудрага шийдвэр гаргасан юм.

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.09.25-ны өдөр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах үед хариуцагч Б.С- анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч 2 ч удаа “Шинээр илэрсэн нөхцөл байдал”-аар хэргийг хянуулах хүсэлт гаргаж байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг хянуулах хүсэлт гаргана гэдэг нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байдаг.

4. Нэхэмжлэгч Д.Д, Д.Н нар анх шүүхэд нэхэмжпэл гаргахаасаа өмнө хариуцагч Б.С-т зээлдүүлсэн мөнгөө нэхэхэд тэрээр байнга л “буцааж төлнө” гэж хэлдэг байсан бөгөөд тэр бүү хэл “хүүтэй төлнө” гэдэг байсан. Тэгээд та нараас зээлсэн мөнгөөрөө өөрийн орон сууцыг худалдаж авсны үлдэгдэл төлбөрөө төлсөн юм чинь мөнгөө төлтлөө уг байраа нэр дээр чинь байлгаж байя” гэж хэлээд нэхэмжлэгч Д.Дын нэр дээр өөрийнхөө 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн гэж “хуурамч байрны ордер" авчирч өгснийг хуурамч болохыг нь мэдээд түүний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож байсан юм. Тиймээс тухайн үедээ хариуцагч Б.С- дахин дахин мөнгө хүлээн авсан болон буцаан төлөхөө нотолсон баримтууд буюу 2016 оны 04 сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”, 2014 оны 10 сарын 10-ны өдөр хүүтэй зээлийн гэрээ, нотариатын хөлсөнд 102.000 төгрөгийг Б.С- төлж байсан баримт, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, хариуцагч Б.С- өөрийн гараар бичсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн гэх мэт олон удаагийн бичгэн баримтуудыг өөрийн гараар бичиж өгч байсан нь түүнийг нэхэмжлэгч Д.Н, Д.Д нараас мөнгө зээлж, тухайн мөнгөө хүлээн авсан гэдгийг хангалттай нотолсон баримт гэж үзэх үндэслэлтэй юм.

5. Хариуцагч Б.С-ыг анх шүүхэд дуудах үед тэрээр өөрөө огт ирдэггүй байсан бөгөөд 2016.09.25-ны өдрийн шүүхийн шийдвэрээс хойш гэнэт л “Д.Ныг гуйгаад байхаар нь 162.500.000 төгрөг авсан гэж бичиг бичиж өгсөн” гэсэн тайлбарыг гаргаж эхлэсэн. Цаашилбал, Д.Нтай “олон жил нөхөрлөсөн” гэж худал тайлбар гаргадаг бөгөөд мөнгө зээлж эхлэхээсээ 3-4 сарын өмнө л танилцсан, түүнийг их хэмжээний мөнгө хадгалж байгаа гэдгийг баттай сайн мэдэж байсан байдаг. Тэрээр АНУ-д ажиллаж, амьдарч байгаа өндөр настан, нэхэмжлэгч Д.Дыг “өөрөөс нь гуйж мөнгө зээлсэн баримт, гэрээнүүд дээр гарын үсэг зуруулсан” хэмээн түүнийг шүүх хуралдаанд оролцож чадахгүй байдлыг нь далимдуулж гүтгэж эхлэсэн. Хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч Д.Н, Д.Д нараас ямар нэгэн мөнгө зээлээгүй юм бол ийм баримтуудыг дахин дахин бичиж өгөх шаардлага байхгүй бөгөөд бусдын гуйлтаар ийм их хэмжээний мөнгө төлнө гэсэн баримтан дээр өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг маш сайн ойлгох чадвартай, насанд хүрсэн, бичиг үсэгт бүрэн тайлагдсан, дээд боловсролтой, хэн ч харсан эрүүлээр сэтгэж байгаа хүн өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулах үйлдлийг “найзын сэтгэлээр бодож” хийхгүй нь хэнд ч ойлгомжтой юм.

6. Хариуцагч Б.С- нь Д.Н, Д.Д нараас мөнгө зээлэхдээ юунд зарцуулахаа хэлж авдаг байсан нь 2016.04.11-ний өдөр түүний бичиж өгсөн баримтаас тодорхой харагддаг бөгөөд түүний зарцуулалтын талаар ч гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Тухайлбал, тэрээр нэхэмжлэгч нараас мөнгө зээлэхдээ хөөрөгний чулуу худалдан авах, хөөрөг хийлгэж, ашиг олоод мөнгийг чинь буцаан төлнө гэж мөнгө авсан. Гэтэл тухайн хөөрөгний чулуугаа өөрийн хадам ээж А.Уранчимэг, түүний нөхөр Б.Баттөмөр нарт ОХУ руу захиж авчруулан, чулуугаараа хөөрөг хийлгэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хадам ээж А.Уранчимэг нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.С- надад хөөрөгний чулуу худалдан авах мөнгө, замын зардал, урамшууллын мөнгө өгсөн, мэдээж түүнд ийм их хэмжээний мөнгө байхгүй” гэж мэдүүлж байсан. Мөн хөөргөө хийлгэсэн гэх Д.Баатарсүрэн нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.С- эхлээд ганцаараа ирж захиалга өгсөн, найзтайгаа ирж хөөргөө авсан” гэсэн бөгөөд “тэр найз нь гэх хүн энд байна уу” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн асуултанд “мэдэхгүй байна” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, Д.Н нь хөөрөгний чулууг Б.С-ын хадам талынханд захих, хөөрөг хийлгэх зэрэг үйлдлүүдийг хийсэн гэж хариуцагч талаас тайлбарлах боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон түүний хадам ээж А.Уранчимэг, хөөрөг хийж өгсөн гэх Д.Баатарсүрэн нар эдгээр үйлдлүүдийг “Б.С- өөрөө гардан гүйцэтгэж, мөнгөнүүдийг Б.Уранчимэг, Д.Баатарсүрэн нарт өгсөн” гэдэг нь бүрэн нотлогддог. Өөрөөр хэлбэл, хөөрөгтэй холбоотойгоор нийт 23.600.000 төгрөгийг зарцуулсан гэдгээ хариуцагч Б.С- шүүх хуралдаан, гомдол хэлэлцэх хуралдаанууд дээр дахин дахин хэлдэг нь хөөрөг захиалах, хөөргөө хүлээн авах зэрэг баримтууд дээр түүний гарын үсэг байгаа, хавтаст хэрэгт байгаа түүний эх баримтаар ч бүрэн нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбар, дээрх эх баримтуудыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх бүх нөхцөл байдлууд болон нотлох баримтуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.05-ны өдрийн 181/ШШ2017/02217 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 2221 тоот магадлалд “хариуцагч Б.С-аас нэхэмжлэгч Д.Над 59.396.000 төгрөг гаргуулах”-аар тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.05-ны өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 2221 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Талуудын хооронд 162.500.000 төгрөгийн үнийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хирнээ Д.Д нь Д.Н, Б.С- нарт 2014.10.10-н өдрөөс 2015.10.11 хүртэл 1 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Д.Н, Б.С- нарын хүсэлтээр өгсөн тэмдэглэл үйлдсэн байгаа тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. 2014.10.10 өдөр талууд гэрээ хийсэн гарын үсэг зурсан нь үнэн гагцхүү уг гэрээнд Б.С- гарын үсэг зурах болсон шалтгаан бол Д.Нтай найз бөгөөд түүний хүсэлт мөн аав Д.Дын хүсэлтээр ямарч эрсдэл байхгүй АНУ-д байгаа Д.Дын охин Д.Нын эгчээс Д.Н мөнгө зээлсэн түүнийгээ өгч чадахгүй байгаа учраас Д.Д маргааш нь АНУ-д явахдаа охиндоо үзүүлэх нотариатаар баталгаажуулсан гэрээ хэрэгтэй учир Д.Н, Б.С- нартай дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлийг хийсэн Б.С- тэр өдөр тус болооч гэж гуйхад нь та нар сүүлд нь ямар нэгэн шүүх цагдаа болох юм биш үү гэхэд юу гэж тийм юм байх юм бэ зөвхөн элчинд үзүүлээд болно гэсэн учир үгэнд нь итгэж гарын үсэг зурсан байна. 102.000.000 төгрөг өгсөн гэж уг мөнгөний эх үүсвэр байхгүй. Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэх нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгөнийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Тэгвэл гэрээнд Д.Н хэдэн төгрөг, Б.С- хэдэн төгрөг зээлж авсан юм. Яагаад гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй байхад үүргээ биелүүлэхийг шаардаагүй явсаар байгаад “2016.04.11-нд мөнгө зээлсэн” гэх бичиг хийлгэж авав гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг нягт нямбай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгээс шүүгч “энэ 102 сая төгрөгийн гэрээ хийхэд мөнгө өгсөн юм уу” гэсэн асуултанд 2014.10.10 өдөр Д.Д болон Д.Н Б.С- нартай байгуулсан зээлийн гэрээ бол “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж хариулсан нь хуралдааны тэмдэглэл хэргийн дотор байгаа. Мөн 2017.09.05-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр Ж.Болорцэцэг нь 2014.10.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ бас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж 2-3 удаа тайлбарласан байгаа нь хуралдааны тэмдэглэлд авагдсан юм. Үнэхээр Б.С- Д.Доос ямар ч мөнгө 2014.10.10 өдөр аваагүй, Д.Н түүнийг аав ээжийнхээ хамт дуудан урьсаар өөрийнхөө аавын нотариатч дээр очиж гэрээ гэх бичигт гарын үсэг зурсан болохоос тэнд ямар ч мөнгө зээлж аваагүй, гарын үсэг зураад гарч явсан. Ер нь тэр өдөр миний ойлгосноор Д.Н бид хоёр ямар ч мөнгө аваагүй харин уг бичгийн зөвхөн АНУ руу Д.Д авч явж охиндоо үзүүлж Д.Н охин хоёрын мөнгөний асуудлыг зохицуулах зорилготой хийсэн хэлцэл. Би эхнэр 3 хүүхдээ ганцаараа ажил хийж тэжээдэг. Хүнээс ийм их мөнгө өндөр хүүтэй зээлээд хожим нь юугаар төлөх гэж мөнгө авах билээ. Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй. Харин миний дансанд Д.Нын хүсэлтээр н.Энхбаяраас орж ирсэн 30 сая төгрөгөөс би 1.104.000 төгрөг зээлж аваад түүнийг 600 ам.доллар өгч өр төлбөргүй болсон. Иймд давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг буруу үнэлж, надаас 102 сая төгрөг гаргуулахаар нотлох баримтыг буруу үнэлж нэг талыг барьж шийдсэнийг хянан үзэж 102 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н, Д.Д нар нь хариуцагч Б.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нараас мөнгө зээлээгүй, Д.Нын гуйлгаар мөнгөний баримтыг бичиж өгсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.С-ын гар бичмэлээр бичигдсэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-ыг шаардлагынхаа үндэслэл болгосон байх бөгөөд уг баримтад “...Догсол овогтой Нанзад, Довжид овогтой Догсол нараас доорхи мөнгийг зээлж авсан нь үнэн болно. 1) Хаш чулуун хөөрөг авна гэж 41.900.000 төгрөг, 2) Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны 6 дугаар орцны баруун талд булангийн газрын эзэмших эрх авах болон кадастрын зураг хийлгэхэд 50.000.000 төгрөг, 3) Шинэчлэл 220 СӨХ-д домофон систем суулгах ажилд зориулж 50.600.000 төгрөг, 4) Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны урьдчилгаанд зориулж 20.000.000 төгрөг, нийт 162.500.000 төгрөг. Уг мөнгийг төлөх нь үнэн болно. Харин 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д.Над буцаан төлсөн 600 ам доллар буюу 1.104.000 (нэг сая нэг зуун дөрвөн мянган төгрөг) 1.840 төгрөг байв гэж бичсэн ба энэ баримтыг хариуцагч Б.С- өөрийн гараар бичсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4779 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн гуйлтаар ийм баримт үйлдсэн гэж хариуцагч тайлбар гаргажээ.

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2090 тоот зээлийн гэрээгээр Д.Доос Д.Н, Б.С- нар нь 102.000.000 төгрөгийг зээлийг гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээгээр “Зээлдүүлэгч Довжид овогтой Догсолоос ЦЕ49053014 регистрийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, 14а-73 оршин суух өөрийн мөнгө болох 102.000.000 зээлдэгч СБД-ийн 1 дүгээр хороо 220 мянгат 23 дугаар байр 49 тоотод оршин суух ХП75032277 Сансар би 2014 оны 10 дугаар сарын 10-нд зээлэн авсан болно” гэсэн баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч нь дээрх 2090 тоот зээлийн гэрээний дагуу үүрэг шаардаагүй буюу уг гэрээний дагуу үүрэг үүсээгүй, нөхөн байгуулсан гэсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь хууль зүйн үр дагавар үүсгэх “Мөнгө зээлсэн баримт”-ыг бусдын гуйлтаар бичсэн гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Мөнгө зээлсэн баримт, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн няцаах боломжгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-ыг хэргийн бусад баримттай харьцуулан үнэлж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т нийцсэн, хариуцагч Б.С-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөгийг гаргуулж, Д.Дд 102.000.000 төгрөг, Д.Над 59.396.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2090 тоот зээлийн гэрээг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу мөнгө өгч авалцаагүй гэсэн зохигчдын тайлбарыг харьцуулан үзээгүй байх тул магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж магадлалыг хүчингүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2221 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Нын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454.930 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН