Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 655

 

Ц.С-д холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны 77 дугаар магадлалтай, Ц.С-д холбогдох 1918000290050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Ү овогт Ц-н С.

Ц.С- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 19 дүгээр байр 03 тоотод оршин суух Ц.С-н гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Ц.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэн гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх магадлалдаа ...шүүх хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал энэ талаар шийтгэх тогтоолд хуулийг болон онолын үндэслэл бүхий тайлбар хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэжээ.

Анхан шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тодорхой дурдсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн хуулийн үндэслэлийг бичиж Ц.С-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогч Ц.С-той нэг гэр бүлд амьдардаггүй, өнөөдрийн байдлаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр асран хамгаалагчаар тогтоогдсон шийдвэргүй талаар ойлгогдохоор дүгнэлт хийсэн.

Хадам ээж нь гэр бүлийн хуульд зааснаар садан төрлийн хүн боловч хүчирхийлэл үйлдсэн хэргийн хохирогч субъект биш харин бусдад хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийн хохирогч субъект болж байгаа нь хавтаст хэргээс ойлгогдоно. Давж заалдах шатны шүүхээс хадам ээж нь ямар ч нөхцөлд дээрх хоёр хэргийн аль нэгийх нь хохирогч субъект болох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүйгээс холбогдогчийн хариуцлага, ял шийтгэл хүндэрч эрх зүйн байдал дордоход хүрч байна. Магадлалын агуулга нь Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндэрч зүйчлэхэд хүрч хууль буруу хэрэглэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийн гол шинжийн нэг нь байнгын болон давтан үйлдлээр хамаатан садандаа гэмтэл учруулдаггүй явдлаар илэрдэг. Гэтэл энэ хэрэгт дээрх шинж огт байдаггүй. Тохиолдлын шинж чанартай болсон байдаг.

Хадам эх Ц.С- нь Ц.С-гийн гэр орон, асрамж хараа хяналтанд буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх орчин нөхцөлд байдаггүй.

Хадам ээждээ хүчирхийлэл үйлдэх өс хонзон, өр авлага, мөнгө төгрөгийн болон эд хөрөнгийн маргаан хэрүүл болох сэдэл шалтгаан хавтаст хэрэгт байдагтүй.

Хэрэг учрал болдог орой Ц.С- хадам ээжийндээ очиход гэрт нь охин Хонгорзул 30 гаруй насных, түүний нөхөр Нямхишигт, Мөнх-Эрдэнэ гэх 23 насны залуучууд байсан байдаг. Хоёр нас биед хүрсэн залуучууд нь бие томтой, боксоор хичээллэдэг бөгөөд Ц.С-г дарж хэвтүүлж байгаад гараад явсан байдаг. Хэрэв гэр хүчирхийлэл үйлдэх нөхцөл харагдсан байвал тэд явцгаахгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нөхцөл боломж байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдад гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдоогүйг анхааран үзэж магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурор 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэнэ гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Прокурор 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг үндэслэн Ц.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Ц.С- нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 19 дүгээр байр 03 тоотод оршин суух Ц.С-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.С-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.С-гийн үйлдэлд “гэр бүлийн хүчирхийллийн шинж” байгаа эсэх талаар хуулийн болон онолын үндэслэл бүхий тайлбар хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь үндэслэлгүй байна.

Гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарлах нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг заавал гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг тайлбарлах нь буруу юм.   

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзвэл, Ц.С- нь хадам ээжийнхээ гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин согтуурсан үедээ өөрийн эхнэрийг гэртээ байхгүйд хардах сэдэл үүсч, улмаар түүнийг хайж хадам ээжийнхээ гэрт нь очиж хэрүүл маргаан өдүүлэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдад гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдоогүй, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны 77 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН