Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 281

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Хохирогч Ц.Ц.Сү-,

Шүүгдэгч Ц.Ц.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн 1918000290050 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой: мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /хувиараа таксинд явдаг/, Ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,  Ц.С-д

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.С- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 19 дүгээр байр 03 тоотод оршин суух Ц.Ц.Сү-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хадам ээжийндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ хайж орсон. Тухайн үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба тэнд байсан хоёр дүүгийн нэг нь хадам ээжийнд согтуу орж ирлээ гээд ноцолдож байгаад санаандгүй хохирогч буюу хадам ээжийг цохисон. Хохирогчид ийм гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Миний буруу гэв.

     Хохирогч Ц.Ц.Сү-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний охин Ц.Х- түүний нөхөр Э.Н- нар манай гэрт байсан. Тэгтэл шүүгдэгч буюу манай хүргэн хүү согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед би гутлаа өмсөхөөр хайж байтал араас юм шүргэх шиг болсон тэгээд би урагшаагаа өнхрөөд газар унасан. Хүргэн надаас уучлалт гуйсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо биеийн байдал гайгүй, хөлний бэртэл эдгэж байгаа. Иймд шүүгдэгч буюу манай хүргэнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн  1918000290050 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.Ц.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхнэр хүүхдээ хайгаад хадам ээж Ц.Сү-гийн гэрт очсон чинь Мөнхдалай гээд Ц.Х-ын охин хаалга тайлж өгөхөөр нь орсон чинь хадам ээж Ц.Сү-, Ц.Х-, нөхөр Э.Н- нь, тэр 2-н 2 хүүхэд нь нар байхаар нь би ороод эхнэр хүүхдээ асуусан чинь ирээгүй гэхээр нь Э.Н- рүү яриад эхнэрийгээ асуусан чинь мэдэхгүй гэхээр нь гэнэт миний уур хүрээд ширээн дээр байсан тогоотой хоолыг шидээд тэгээд юу болсон гэдгийг сайн санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь би ширээн доор дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь босоод ирсэн чинь хадам ээж Ц.Сү- хажууд байхаар нь өшиглөсөн. Харин яг хаана нь яаж өшиглөсөн гэдгээ санахгүй байгаа. Ямар ч байсан хөл хавьцаа нь өшиглөсөн байх. Бас хэдэн удаа өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Би нэг удаа өшиглөсөн байх гэж бодож байна. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа орж ирж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх 50/,

 

            Гэрч Э.Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дүүтэйгээ утсаар яриад Ц.Г- очсон уу гээд асуугаад байсан. Тэгснээ би өнөөдөр энд агсам тавинаа гээд яриад байсан. Би хонохгүй агсам тавиад эрүүлжүүлэхэд хононо гээд байсан. Тэгсэнээ гэнэт тогоо авч шидээд, халуун сав данх зэргийг авч шидээд орилж хашхираад байхаар нь яваад очтол миний 2 хөлнөөс хамаад ор луу түлхэж унагахаар нь би түүний дээрээс дараад хэвтсэн чинь намайг босгочих би чамтай юм ярихгүй харин босгохгүй бол би чамайг ална шүү гээд байхаар нь түүнийг босгосон чинь зурагтны шилэн тавиурыг өшиглөөд хагалчихсан. Тэгээд над руу төмөр сандал аваад шидэхээр нь дахин түүнийг дарж унагахад манай эхнэр хүүхдүүдээ аваад гарч зугтсан. “...цагдаа нарыг ирэхээр нь гэртээ яваад ороход манай хадам ээж үүдний босго дээр зүүн талаараа хажуулдаад хэвтчихсэн байсан. Тэр үед Ц.С- дүү Э.Д-гийнхоо хамт ээжийн ойролцоо зогсож байсан. Ингээд ээжээс юу болсон талаар асуухад хөл хөдөлж болохгүй, босож чадахгүй байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 21-22/,

            Гэрч Ш.Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.С- ахын гэрт нь хамт байдаг дүүтэйгээ ярьж байгаа бололтой Ц.Г- эгч чинь очсон уу би өнөөдөр очихгүй энд зодчихоод эрүүлжүүлэхэд хононо гэж ярьж дууссанаа ширээн дээр байсан хоолны түмбэн шидсэн халуун сав шидэхээр нь би шууд босоод нөхөртэйгөө хүүхдүүдээ хөнжилдөө ороогоод гарсан чинь араас манай дүү М- гарч ирээд эмээ бид нарыг гарч бай гэнээ гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь 10-аад минутын дараа цагдаа ирэхээр нь цагдаатай цуг гэр лүү орсон чинь ээж хаалганы босгоны ойролцоо толгой нь хаалга руу харчихсан хэвтэж байсан. Ц.С- цаана нь зогсож байхаар нь би ээжийг минь зодчихлоо гээд Ц.С- рүү орилсон чинь цагдаа нар Ц.С-г аваад гарахаар нь би араас нь гарсан чинь Ц.С-г барьж байсан цагдаа алдсан чинь Ц.С- цаашаа гүйгээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 24/,

            Гэрч Ш.Ц.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.С-д чи аягүй бол согтуу орж ирээд унтуулахгүй юм болно хэрвээ чамайг гарвал би гарлаа шүү гэсэн чинь Ц.С- юу гэж тийм юм байх вэ дээ гэж хэлээд гараад явахаар нь би 2 хүүхдээ хувцаслаж гараад өөрийн төрсөн ах А- гэрт очсон. Манай бэр эгч 2 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд би тэдний гэрт унтаж байсан шөнийн 00 цагийн орчимд хүн хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Ц.Х-, нөхөр хүүхэдтэйгээ орж ирээд Ц.С- ах орж ирээд агсам тавиад ээжийг өшиглөөд гэмтээчихлээ гэхээр нь цуг гарсан чинь таксинд ээжийг суулгачихсан байхаар нь би цуг эмнэлэг ороод үзүүлсэн чинь зүүн хөлнийх нь яс цуурсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх 26/,

            Насанд хүрээгүй гэрч Э.Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.С- ах 24 цагийн орчимд жоохон халамцуу ирээд анай чинь хайчсан юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь буцаад гараад явсан. Тэгээд 1 цаг орчмын дараа залгаад Ц.Сү- эмээгийнд очсон юм шиг байсан эднийхэн ийм пизда нар гэж хэлээд чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би 15 орчим минутын дараа очсон чинь Ц.Сү- эмээ гэрийн дотор талд үүдний хажууд газар уначихсан босох гээд байж байсан. Цаад талд Ц.С- ах лийсвааны тагаар хөргөгч цохиод гараараа ширээн дээр байгаа юм буулгахаар нь би очоод тэврээд боль гэсэн чинь чи цаашаа байж бай гэсэн. Тэгээд удалгүй гаднаас 2 цагдаа орж ирээд Ц.Сү- эмээгийн гэрийнхэн нь орж ирээд цагдаа Ц.С- ахыг авч гараад гэрийнхэн нь эмээг авч гараад би гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх 31/,

            Гэрч Ч.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 01 цагийн орчимд жижүүрээс 19 байрны 03 тоотод гэртээ агсам тавиад байна гэх дуудлага ирсний дагуу Турк сургуулийн урд талд байрлах 19-р байр руу ороход 03 тоот нь 1 давхарт чигээрээ хаалгатай байсан. Орцны гадна талд 30 орчим насны эмэгтэй манай ах агсам тавиад байна гээд хамт ороход 70 орчим насны эмээ нэрийг нь Ц.Сү- гэх гэрийн дотор талын үүдэнд газар уначихсан байдалтай гэрийн эд зүйлс нь газраар нэг цацагдаад зарим эд зүйлс нь эвдэрсэн байдалтай байсан. Мөн тэнд 40 орчим насны эрэгтэй том өрөөний орон дээр цээж нүцгэн сууж байсан. Тэгэхээр нь тухайн эрэгтэйг нэрийг асуухад өөрийгөө Ц.С- гэж байсан. Тэгээд Ц.С- гэрийнхэнтэйгээ хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Ц.С-г олон нийтийн цагдаа Гантөгсөд гадна үүдэнд аваад байж бай гэж гаргаад, би Ц.Сү-г босгоход зүүн хөл өвдөөд босож чадахгүй байна гэхээр нь би охинтой нь хамт өргөөд орон дээр тавьсан. Тухайн үед 103 дуудаад, эмээгээс юу болсон талаар асуухад манай хүргэн Ц.С- агсам тавиад сая намайг өшиглөчихлөө гэсэн” гэх мэдүүлэг /хх 32/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ц.Ц.Сү-гийн биед зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй унах үед үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 35/

 

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 1-р сарын 21-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 176 000 төгрөг байна” /хх 39/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Ц.С- нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 19 дүгээр байр 03 тоотод оршин суух Ц.Ц.Сү-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.Сү-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүгдэгч Ц.Ц.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд нэг мэдсэн чинь би ширээн доор дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь босоод ирсэн чинь хадам ээж Ц.Сү- хажууд байхаар нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх 50/, гэрч Э.Э.Н-ийн “...чамайг ална шүү гээд байхаар нь түүнийг босгосон чинь зурагтны шилэн тавиурыг өшиглөөд хагалчихсан. Тэгээд над руу төмөр сандал аваад шидэхээр нь дахин түүнийг дарж унагахад манай эхнэр хүүхдүүдээ аваад гарч зугтсан. “...цагдаа нарыг ирэхээр нь гэртээ яваад ороход манай хадам ээж үүдний босго дээр зүүн талаараа хажуулдаад хэвтчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх 21-22/, гэрч Ш.Ц.Х-ын “...цагдаатай цуг гэр лүү орсон чинь ээж хаалганы босгоны ойролцоо толгой нь хаалга руу харчихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх 24/,   гэрч Ш.Ц.Г-гийн “...Ц.С- ах орж ирээд агсам тавиад ээжийг өшиглөөд гэмтээчихлээ гэхээр нь цуг гарсан чинь таксинд ээжийг суулгачихсан байхаар нь би цуг эмнэлэг ороод үзүүлсэн чинь зүүн хөлнийх нь яс цуурсан байна гэсэн гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Ч.Одбаярын “...Орцны гадна талд 30 орчим насны эмэгтэй манай ах агсам тавиад байна гээд хамт ороход 70 орчим насны эмээ нэрийг нь Ц.Сү- гэх гэрийн дотор талын үүдэнд газар уначихсан байдалтай гэрийн эд зүйлс нь газраар нэг цацагдаад зарим эд зүйлс нь эвдэрсэн байдалтай байсан. Мөн тэнд 40 орчим насны эрэгтэй том өрөөний орон дээр цээж нүцгэн сууж байсан. Тэгхээр нь тухайн эрэгтэйг нэрийг асуухад өөрийгөө Ц.С- гэж байсан. Тэгээд Ц.С- гэрийнхэнтэйгээ хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Ц.С-г олон нийтийн цагдаа Гантөгсөд гадна үүдэнд аваад байж бай гэж гаргаад, би Ц.Сү-г босгоход зүүн хөл өвдөөд босож чадахгүй байна гэхээр нь би охинтой нь хамт өргөөд орон дээр тависан. Тухайн үед 103 дуудаад, эмээгээс юу болсон талаар асуухад манай хүргэн Ц.С- агсам тавиад сая намайг өшиглөчихлөө гэсэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц.С-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг, 3.1.2 дах хэсэгт “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч дүү”-г, 3.2 дахь хэсэгт гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамааруулан хуульчилсан байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг хэлэх бөгөөд  шүүгдэгч Ц.Ц.С-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогч Ц.Ц.Сү-той нэг гэр бүлд амьдардаггүй, өнөөдрийн байдлаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр асран хамгаалагчаар тогтоогдсон шийдвэргүй байна.

Харин шүүгдэгч Ц.Ц.С- согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Ш.Ц.Г-г хайж хохирогч Ц.Ц.Сү-гийн гэрт очин агсам согтуу тавьж, хохирогч Ц.Ц.Сү-г өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.С-гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.Сү-гийн эд хөрөнгийн санаатай устгаж, гэмтээсэн боловч хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учраагүй болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон Капитал зууч”ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна./хх-39/

Иймд шүүгдэгч Ц.Ц.С-г хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан хохирогч Ц.Ц.Сү-гийн “Миний бие Ц.Ц.Сү- надад хүргэн Ц.Ц.С- нь эмчилгээний зардалд нийт 2 350 000 төгрөг өгсөн” гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүргэн надаас уучлалт гуйсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо биеийн байдал гайгүй, хөлний бэртэл эдгэж байгаа.” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918000290050 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 8/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 17-18/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/,

Шүүгдэгч Ц.Ц.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 53-56/,

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 59/ зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц.С-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.С-д холбогдох эрүүгийн 1918000290050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

 

2.Шүүгдэгч Ц.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.С-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ