Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00897

 

Ч.П, П.Л, Б.Бнарын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.П, П.Л, Б.Бнар НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар ...ХХК-аас 300 000 000 төгрөг гаргуулж Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч ...ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П, П.Лнарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн ...560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараажийг 317 240 000 төгрөгөөр үнэлсэн, Ч.П, П.Лнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй .... 224 м.кв талбайтай хувийн сууц, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, 128 200 000 төгрөгөөр үнэлсэн, Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... 30.3 м.кв орон сууцыг 48 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба энэ тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 151/01 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

 

Ч.П, П.Л, Б.Бнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараажийн зах зээлийн дундаж үнэ нь 600 000 000 төгрөг, эрхийн ............. дугаарт бүртгэлтэй .............. 224 м.кв талбайтай хувийн сууц 350 000 000 төгрөг, Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ............ 30.3 м.кв орон сууц нь 70 000 000 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдан борлогдож байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий 1 талыг баримтлан зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар захирамжаар ...ХХК-аас 487 155 250 төгрөг гаргуулж ......... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ...ХХК-ийн захирал Б.Бд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ........... нарын өмчлөлийн ............ 700 м.кв газар өмчлөх эрх, ................380 м.кв газар өмчлөх эрх, ..................560 м.кв хувийн сууц, 80 м.кв гарааж, ............... 224 м.кв хувийн сууц, ......... өмчлөлийн ............... 30,3 м.кв орон сууцыг тус тус битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.П, П.Лнарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн ................224 м.кв талбайтай хувийн сууц, 380 м.кв талбайтай газрыг 128,200,000 төгрөгөөр, ................560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааж, 700 м.кв талбайтай газрыг 317 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Б.Бийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн ............. 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.П, П.Лнарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дүгээр шийдвэрээр ...ХХК-аас 300 000 000 төгрөг гаргуулж .........ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа эд хөрөнгө болох .................. 30,3 м.кв талбайтай орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон 48 400 000 төгрөгөөр үнэлсэнд гомдол гаргасан. Хөндлөнгийн шинжээч дээрх хаягт байрлаах орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримтлан, адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдаж байгааг үндэслээгүй. Шүүгч тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланг нягтлан үзэж, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хэрхэн нийцэж байгаа талаар тодорхойлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, үүргээ хэрэгжүүлээгүй гэх өнгөцхөн дүгнэж шийдвэр гаргасан. Хөдлөнгийн шинжээчийн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3, 9.3.6, 9.3.8-д заасан зохицуулалтад нийцээгүй байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 

 

Нэхэмжлэгч Ч.П, П.Л, Б.Бнар хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дугаартай захирамжаар ...ХХК-аас 487 155 250 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ................... өмчлөлийн 700 м.кв, 380 м.кв газар өмчлөх эрх, .............. өмчлөлийн дээрх хаягт байрлах 224 м.кв болон 560 м.кв талбай бүхий хувийн сууц, ................ Б.Бийн өмчлөлийн 1 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх6-10/

 

 

 

Хариуцагч НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөх хугацааг тогтоосон, мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хураасан ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллага 2018 оны 12 дугаар сарын 12, 2018 оны 12 дугаар сарын 28, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 224 м.кв хувийн сууц, 380 м.кв газрын хамт 128 200 000 төгрөгөөр, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гарааж, 700 м.кв газрын хамт 317 200 000 төгрөгөөр, 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48 480 000 төгрөгөөр үнэлжээ. Шүүх ..................30,3 м.кв талбай бүхий орон сууцнаас бусад үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4, 9 дүгээр зүйлд нийцсэн байна. /хх70-125/

 

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн ................. 30,3 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд үнэлгээг гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа хийж өртгийн болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэн, Хан-Уул дүүргийн .......... хороололд байрлах хийц өрөөний хувьд ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа 1 м.кв нь 1 462 141 төгрөг, 38,3 м.кв талбайтай 56 000 000 төгрөгийн, 1 м.кв нь 1 700 000 төгрөг, 50 м.кв талбайтай 85 000 0000 төгрөгийн үнэ бүхий орон сууцтай харьцуулах замаар 1 м.кв талбайн дундаж үнийг 1 600 000 төгрөг, нийт 48 480 000 төгрөг гэж тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн шинж байдал, онцлогт үндэслэх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцсэн бөгөөд 9.3 дахь хэсэгт заасан тайланд тусгагдвал зохих зүйлсийг тусгасан байна.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдаж байгааг харгалзан үзээгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн орон сууцны үнэлгээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

 

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

 

А.МӨНХЗУЛ