Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02194

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02194

 

 

Монголын төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2017/01827 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Энжелик ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 318 905 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энжилек ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ТГ201526/07 дугаартай Хөдлөх бүрэлдэхүүнийг түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, нэг хөдлөх бүрэлдэхүүнийг хоногийн 54 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээний дагуу 8 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, үлдсэн 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Энжилек ХХК-д тус тус хүлээлгэж өгсөн. Хөдлөх бүрэлдэхүүнүүдийг буцааж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. Энжелик ХХК нь 8 хөдлөх бүрэлдэхүүнийг 397 хоног, 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 377 хоног түрээсээр эзэмшсэн бөгөөд түрээсээр эзэмшснээс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй. Гэрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэж өгөх зардлыг Энжилек ХХК хариуцна гэсэн заалт байсан ч Энжелик ХХК зардал гаргаагүй, манайх 575 000 төгрөгийн зардал гаргаж очиж авсан. Энжелик ХХК вагоныг бүрэн ашиглаагүй гэсэн тайлбар хийж байгаа нь түрээслүүлэгчээс хамаараагүй, манай зүгээс гэрээ цуцлах санал тавихад түр хүлээж байгаач гэсэн хариу өгсөн. Түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлөх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн Энжелик ХХК-ийн нягтлан бодогч н.Сосорбурам гэдэг хүний гарын үсэгтэй, тус компанийн тамга тэмдэгтэй бичиг байдаг. Иймээс түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212 220 000 төгрөг, алдангид 106 110 000 төгрөг, хөдлөх бүрэлдэхүүнийг авч ирсэн тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 318 905 000 төгрөгийг Энжилек ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энжелик ХХК-ийн хувьд хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглаж чадаагүй, нийтдээ 10-аад хоног л ашигласан байдаг. Түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй нь тухайн үед Эрээнээс олон улсын зөвшөөрөл авдаг байсантай холбоотой бөгөөд энэ зөвшөөрөл нь сүүлд ирсэн. Гэрээнд түрээсийн төлбөр төлөх хугацааг 2 сар дараалан хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлахаар заасан, нэхэмжлэгч энэ талаар мэдсэн атлаа түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэсгүй юм. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 35 349 696 төгрөгийн өглөг, авлага байгаа талаар тооцоо нийлсэн. Үүнээс хойш тооцоо нийлээгүй, манайх ашиглаж чадаагүй байхад бүх түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энжелик ХХК-ийн зүгээс гэрээ цуцлахгүй байж байгаач, хүлээгээч гэсэн албан бичиг өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч талаас 2 сар дараалан түрээсийн төлбөрөө төлсөнгүй, гэрээгээ цуцлая гэж ярьж байгаагүй. Энжелик ХХК нь ашиг олоогүй тул түрээсийн мөнгөө өгөх боломжгүй болсон талаараа түрээслүүлэгчид мэдэгдэж байсан. Иймд Энжелик ХХК-ийн хувьд тооцоо нийлсэн актын дагуу 35 349 696 төгрөгийг, хөдлөх бүрэлдэхүүнийг буцааж татсан тээврийн зардал 575 000 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Энжелик ХХК-иас вагон ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 212.220.000 төгрөг, алдангид 85.110.00 төгрөг, тээврийн зардалд 575.000 төгрөг, нийт 297.905.000 /хоёр зуун ерөн долоон сая есөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж Монголын төмөр зам ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.753.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Энжелик ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.647.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл талууд тооцоо нийлж "...2015 оны 07-р сарын 07-ны өдөр байгуулсан ТГ№201526/03 тоот Хөдлөх бүрэлдхүүний түрээсийн гэрээний дагуу 2015 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан 2 байгууллагын ня-бо бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй дансны бичилтээр нэг бүрчлэн нийлж..." зөвшилцөн баталгаажуулсаныг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн гэрээний 1.6-д "...түрээслэгч гэрээнд заасны дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан, төлбөр тооцоог..." төлөхөөр заасан бөгөөд гэрээнд заасны дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглаагүй байтал ашиглаагүй хугацааны төлбөрийг хариуцагчид хариуцуулсан нь үндэслэлгүй. Түүнчлэн шүүх гэрээний 5.1.1, 5.1.4, 10-р зүйлд заасныг анхаарч, түүнд ач холбогдол өгөөгүй атлаа нэхэмжлэгчид ашигтай заалт болох 3.4-т заасан заалтад ач холбогдол өгсөн нь учир дутагдалтай болно. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт "...хөлслөгч эд хөрөнгийг ашигласны хөлс төлнө", гэрээний 1.6-д ...түрээслэгч гэрээнд заасны дагуу ашиглан хөлс төлнө" гэж тус тус заасан байх бөгөөд Энжилек ХХК нь өөрөөс үл шалтгаалах байдлаар бүрэн ашиглаж чадаагүй, 2016 оны 2 сарын 25-наас 2016 оны 05-р сарын 25 хүртэлх хугацаанд 5 вагон 10 гаруй удаа тээвэрлэлт хийж ашиглагдсан байдаг. Гэтэл шүүх түрээсийн төлбөрийг календарийн хоногоор тооцож, дээр нь алданги тооцож 85 110 000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д "хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах" эрхийг олгосон бөгөөд Эрээн хотоос тээвэрлэлт хийхэд Хятадын талаас 2016 оны 01-р сарын 07-ны өдөр зөвшөөрөл олгосон талаарх баримтыг шүүхэд гарган өгөхөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж баримтаас хассан. Улаанбаатар төмөр замаас нотлох баримт гаргуулах гэтэл хадгалагдаагүй талаар хариу ирсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "212 220 000" гэснийг "35 349 696 төгрөг" гэж, "алдангид 85 110 000" гэснийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь хариуцагч Энжелик ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 212 220 000 төгрөг, алдангид 106 110 000 төгрөг, тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 318 905 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан хугацаанд түрээсийн зүйлийг бүрэн ашиглаагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь өөрийн эзэмшлийн вагоныг хариуцагч Энжелик ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт нэг хоногийн 54 000 төгрөг төлөхөөр тохиролцсон /хх 6-12/ байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээн байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд дээрх гэрээний 7.1-д түрээслэгч хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Түрээслүүлэгч нь Монголын төмөр зам ТӨХК байх ба уг хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 431, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн бусдад түрээслүүлсэн, түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Ийнхүү зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, мөн түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийн дагуу эрх үүрэг үүсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бол, түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Түрээслэгч Энжелик ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор нэхэмжлэгчийн вагоныг ашиглахаар гэрээ байгуулсан нь тогтоогдсон байхад шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

 

Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан болон түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Түрээсийн гэрээний зүйлийг ашигласан эсэхээс үл хамааран түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэсэн байх бөгөөд гэрээний зүйлийг ашиглаагүй нь түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй үндэслэл болохгүй юм.

 

Иймд талууд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Вагон хүлээлцэх акт үйлдэж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээгээ дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх гэрээ байгуулагдсанаас хойш гэрээ дуусгавар болсон өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч Энжелик ХХК төлөх үүрэгтэй гэж үзэж, хариуцагчаас 212 220 000 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ

 

Талууд тооцоо нийлж түрээсийн төлбөрийг 35 349 696 төгрөгөөр баталгаажуулсан /хх-ийн 19/, гэрээний 4.3 дах хэсэгт түрээсийн төлбөрийг вагон хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцаан хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд тооцохоор тохиролцсон байх тул хариуцагчийн ... гэрээнд заасан хугацаанд түрээсийн зүйлийг бүрэн ашиглаагүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн гэрээний 4.7 дах хэсэгт ...түрээслэгч тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой төлбөр тооцоог хариуцахаар заасан бөгөөд хариуцагч Энжелик ХХК нь түрээсийн зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь вагоныг өөрийн зардлаар тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь вагоныг тээвэрлэхтэй холбогдуулан гаргасан 575 000 төгрөгийн зардлаа хохиролд тооцож, арилгуулахаар шаардсныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Харин хохирол гаргуулахтай холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй байгааг шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй.

 

Талууд түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн, хариуцагч Энжелик ХХК нь түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагч нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах эрхтэй.

Иймд хэрэгт авагдсан Энжелик ХХК-иас Монголын төмөр зам ТӨХК-д хүргүүлсэн ...зохих зөвшөөрөл аваагүйн улмаас ачаа тээвэрлэх хугацаа өнгөрсөн, түрээсийн төлбөрийг хойшлуулах агуулгатай албан бичиг хүргүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан 212 220 000 төгрөгт ногдох хуулиар тогтооосон алдангийн хэмжээ болох 106 110 000 төгрөгийн 50 хувиар тооцож, хариуцагчаас алдангид 53 055 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж, 289 дүгээр зүйлийн 289.1.2 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 232.4 гэснийг 232.8 гэж, 85 110 00 гэснийг 53 055 000 гэж, 297 905 000 гэснийг 265 850 000 гэж, 21 000 000 гэснийг 53 055 000 гэж,

2 дах заалтад 1 647 475 гэснийг 1 487 200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Энжелик ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 470 726 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ