Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02156

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02156

 

 

Төгс наран ундарга констракшн ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мөнххан-Оргил ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 699 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэлд илүү төлсөн 7 059 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сард Мөнххан-Оргил ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компанийн Чонжинболдог дахь зочид буудлын барилгын 1-р давхрын бассейны засал чимэглэлийн ажил, А, С блокуудын гипсэн таазны заслын ажил, С блокийн таазны заслын ажил , Е, Р блокуудын таазны заслын ажил, А блок болон 2 пабны хэсэг дэх заслын ажил, 1-2 давхрын дотор засал зэрэг ажлуудыг нийт 61 299 940 төгрөгийн өртөгтэйгээр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Мөнххан Оргил ХХК нь гүйцэтгэлийн хөлсөнд 51 500 000 төгрөг олгосон бөгөөд 1-р давхрын байссейны ажлын засал чимэглэлийн ажлаас 424 200 төгрөг, А, С блокуудын гипсэн таазны ажлаас 2 233 500 төгрөг, С блокийн таазны засал ажлаас 1 704 980 төгрөг, Е, Р блокуудын таазны ажлаас 1 208 400 төгрөг, А блок болон 2 пабны хэсэг дэхь заслын ажлаас 3 874 700 төгрөг, 1-2 давхрын заслын ажлаас 354 140 төгрөг, нийт 9 799 920 төгрөгийг олгохгүй байна. Мөн ажлын хөлсний алдангийг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож үзэхэд 4 899 960 төгрөг болж байна. Иймээс гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9 799 920 төгрөг болон алданги 4 899 969 төгрөг, нийт 14 699 880 төгрөгийг Мөнххан Оргил ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх хууран мэхлэн замаар өөр компанитай нийлж манайхтай гэрээ хийсэн. Тэгээд нийлсэн компани нь явахад эхнэр, нөхөр хоёр үлдэж ажилласан. Нөхөр н.Цогт архи уугаад ажил хийхгүй байсаар 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажил хийгээгүй. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг авсан. 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирээд намайг байхад миний хажууд хуучин цахилгаан өрөм болон бусад багажуудаа аваад явсан. Гэрээнд ажлын байр хаяж явсан тохиолдолд алданги тооцно гэсэн заалт байгаа. Дунд нь маш их замбараагүй мөнгө авч байсан. Энэ нэхэмжлэлийн жагсаалтад эднийх авсан 8 000 000 төгрөг байхгүй байна. Мөн 6 000 000 төгрөг байхгүй. Иймд 14 600 000 төгрөгийг төлөх ёсгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгс наран ундарга констракшн ХХК нь нэхэмжлэлдээ ажлын төлбөр 61 299 940 төгрөгийг авах ёстой байхад гүйцэтгэлийн төлбөрт 51 500 000 авсан үлдэгдэл төлбөр 9 799 920 төгрөгийг төлөөгүй гэсэн байдаг. Гэтэл одоогийн байдлаар манай компаниас нийт 66 708 400 төгрөгийн санхүүжилт авсан. Гэтэл санхүү, тооцооны баримтаар 5 408 460 төгрөгийн илүү төлбөр авсан байна. 2014 оны 07 дугаар сарын 09-нд барилгын орох хэсгийн үүдний таазны хэсгийн гүйцэтгэлийг хийхдээ буруу хийсэн байсан учраас 86.9 м.кв таазны хэсгийг буулгаж нураасан. Иймд ажлын гүйцэтгэлд авсан 782 100 төгрөгийг, нураасан ажлын зардалд авсан 869 000 төгрөгийг авсан нь хууль бус байна. Иймд нийт 1 651 100 төгрөг, илүү авсан төлбөр 5 408 460 төгрөг, нийт 7 059 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 60 000 000 гаруй төгрөгийн ажил байсан бөгөөд 46 000 000 орчим төгрөгийг авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 6 591 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8 108 340 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-иас 7 059 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-иас төлсөн 231 145 төгрөг, хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн төлсөн 127 902 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 120 414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК-ийн илүү төлсөн 6,550 төгрөг, хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн илүү төлсөн 173,860 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Аанхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэмж нэгтгэхдээ алдаа гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хавтаст хэргийн 19-р хуудсанд зочид буудлын дотор заслын ажлын гүйцэтгэлийн төлбөрт 51 500 000 авсан гэх тооцоог гарган өгсөнтэй танилцаад хариуцагч Мөнххан-Оргил ХХК-аас уг баримтанд огт дурьдагдаагүй хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 01 сарын 29-ний өдрийн 8 000 000 төгрөгийн, 2014 оны 11 сарын 23-ны өдрийн 6 000 000 баримтыг, мөн гар бичмэл 1 000 000 төгрөгийн баримтыг гаргаж шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч уг баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоонд нэмж нийт төлбөрийг 66 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн

Шүүх ...хариуцагч нь 7 удаагийн гүйлгээгээр нийт 54 708 400 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ гэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэр гаргахдаа хавтас хэргийн 16-р талд авагдсан 2013 оны 12 сарын 25-ны өдөр 11 424 000 төгрөгөөс 11 000 000 төгрөгийг хүлээн авсан гэх баримт, мөн хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Төгс наран Ундарга ХХК-д төлсөн тухай гар бичмэл зэргийг шүүх үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хавтаст хэргийн 19 хуудаст авагдсан баримтад олговол зохих 16 424 200 төгрөгөөс 5 000 000 төгрөгөөр, мөн 11 000 000 төгрөгөөр авсан гэж тооцооны баримтанд тусгасан, мөн баримтыг гаргаж өгсөөр байхад хэргийн 16 хуудсанд авагдсан 11 000 000 төгрөг хүлээн авсан гэх баримтыг үнэлээгүй тооцоонд оруулаагүйд гомдолтой байна. Мөнхханргил ХХК нь Төгс наран ундарга констракшн ХХК-д нийт 10 удаагийн гүйлгээгээр нийт 66 500 000 төгрөг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Мөнххан-Оргил ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Төгс наран ундарга констракшн ХХК нь хариуцагч Мөнххан-Оргил ХХК-д холбогдуулж ажлын хөлс 9 799 920 төгрөг, алданги 4 899 969 төгрөг, нийт 14 699 880 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсөнд илүү төлсөн 5 408 460 төгрөг, ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гарсан зардал 1 651 100 төгрөг, нийт 7 059 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нийт 61 299 940 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч 61 299 940 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт гаргасныг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...61 299 940 төгрөгийн ажил хийсэн дээр маргахгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгчээс 61 299 940 төгрөгийн ажлыг хариуцагч хүлээн авсан, нотлогдсон гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч ажлын хөлсөнд захиалагчаас 51 500 000 төгрөг хүлээн авсан гэж, хариуцагч ажлын хөлсөнд 66 708 400 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн гэж тус тус маргажээ.

 

Талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 11 дүгээр сарын 17-нд хийгдэж, захиалагч нь урьдчилгаа гэж 2013 оны 11 сарын 23-нд 5 000 000 төгрөг төлж, үүнээс хойш гүйцэтгэгч компанийн захирал Ш.Цогтбаяр 2013 оны 12 сарын 25-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2013 оны 12 сарын 27-нд бассейны ажлын хөлс гэж 8 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2014 оны 1 сарын 29-нд гипсэн таазны гүйцэтгэлд 8 000 000 төгрөг, 2014 оны 02 сарын 27-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2014 оны 03 сарын 03-нд С болон Д блокийн гүйцэтгэлд 7 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 25-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2014 оны 4 сарын 29-нд бассейны 2 давхар, Д блокийн 2 давхрын гүйцэтгэлд 11 208 400 төгрөг, 2014 оны 07 сарын 09-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2014 оны 7 сарын 29-нд гипсэн таазны гүйцэтгэлд 5 500 000 төгрөг, 2014 оны 08 сарын 15-нд ажлын гүйцэтгэл гаргасны дараа 2014 оны 08 сарын 25-нд ажлын хөлс 4 000 000 төгрөг нийт 48 708 400 төгрөгийн ажлын хөлс авсан баримтыг нэхэмжлэгч талаас гаргажээ. /хх-ийн 11-24/

 

Хариуцагч талаас ажлын гүйцэтгэлд 2014 оны 11 сарын 23-нд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаас /хх-ийн 82, 111/ өөр баримт гаргаагүй тул нийт 54 54 708 400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгджээ.

 

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 6 591 540 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

Хариуцагч ажлын хөлсөнд 5 408 460 төгрөгийг илүү төлсөн гэх байдал дээрх байдлаар үгүйсгэгдсэн байхаас гадна нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүн доголдолтой байсан, энэ талаар түүнд мэдэгдэж шаардлага гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй үндэслэлээр алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулий 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн байх боловч уг алданги гаргуулах шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн, тогтоох хэсгийн 2 заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул тус тус өөрчлөх нь зүйтэй байна.

 

Хэргийн 17 дугаар талд авагдсан 8 000 000 төгрөгийн болон 111 дүгээр талд авагдсан 6 000 000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэн ба 16, 24 дүгээр талд авагдсан баримтад хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй байх тул уг гар бичмэлийг үнэлээгүй гэж хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт Төгс наран ундарга ХХК гэснийг Төгс наран ундарга констракшн ХХК гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2 гэж нэмж, уг заалтаас Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч гэснийг хасч, 2 болон 3 дугаар заалтыг нэгтгэж 2 дугаар заалт болгож, уг заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 238 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 301 489 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6 551 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 173 586 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай гэж, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгож тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөнххан-Оргил ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ