Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2463

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02463

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* ХХК, 

Хариуцагч: *******,******* тоотод оршин байхлах “Мөнххан-Оргил” ХХК,

14,699,880 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 7,059,560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Компани 2013 оны 11 дүгээр сард Мөнххан Оргил ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компаний Чонжинболдог дахь зочид буудлын барилгын 1-р давхарын бассейны засал чимэглэлын ажил, A , С блокуудын гипсэн таазны заслын ажил, С блокын таазны заслын ажил , E,F блокуудын таазны заслын ажил, А блок болон 2 пабны хэсэг дэхь заслын ажил, 1-2давхарын дотор заслын ажил зэрэг ажлуудыг нийт 61,299,940 төгрөгийн өртөгтэйгээр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Мөнххан Оргил ХХК нь гүйцэтгэлийн хөлсөнд 51,500,000 төгрөг олгосон бөгөөд 1-р давхарын байссейны ажлын засал чимэглэл ажлаас 424,200 төгрөг, A, С блокуудын гипсэн таазны ажлаас 2,233,500 төгрөг, С блокын таазны засал ажлаас 1,704,980 төгрөг, E,F блокуудын таазны ажлаас 1,208,400 төгрөг, А блок болон 2 пабны хэсэг дэхь заслын ажлаас 3,874,700 төгрөг, 1-2 давхарын заслын ажлаас 354,140 төгрөг, нийт 9,799,920 төгрөгийг олгохгүй удаж байна. Мөн ажлын гүйцэтгэлийн хөлсны алдангийг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож үзхэд 4,899,960 төгрөг болж байгаа бөгөөд манай компани алдангийг, ажлын хөлсны хамтаар Мөнххан Оргил ХХК-аас гаргуулж авах хүсэлтэй байна Иймээс гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9,799,920 төгрөг болон хуульд заасан гэрээний алданги 4,899,969 төгрөг, нийт 14,699,880 төгрөгийг Мөнххан Оргил ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Мөнххан-Оргил ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1. ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан манай компанийн ажилтан Алтан орд зочид буудлын дүүжин таазны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээгээр тохирсон ажлгүй бүрэн гүйцэтгээгүй бөгөөд ажлаа хүлээлгэн өгөлгүй 2014 оны 08 дугаар сарын 29-нд ажлаа хаяад алга болсон. ХХК нь нэхэмжлэлдээ ажлын төлбөр 61,299,940 төгрөгийг авах ёстой байхад гүйцэтгэлийн төлбөрт 51,500,000 авсан үлдэгдэл төлбөр 9,799,920 төгрөгийг төлөөгүй гэсэн байдаг. Гэтэл одоогийн байдлаар манай компаниас нийт 66,708,400 төгрөгийн санхүүжилт авсан. Гэтэл санхүү, тооцооны баримтаар 5,408,460 төгрөгийн илүү төлбөр авсан байан.

2.  ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 09-нд барилгын орох хэсгийн үүдний таазны хэсгийн гүйцэтгэлийг хийхдээ буруу хийсэн б айсан учраас 86,9 м.кв таазны хэсгийг буулгаж нураасан. Иймд ажлын гүйцэтгэлд авсан 782,100 төгрөгийг, нураасан ажлын зардалд авсан 869,000 төгрөгийг авсан байгаа нь хууль бус байна. Иймд ний 1,651,100 төгрөг, гүйцэтгэлийн илүү авсан төлбөр 5,408,460 төгрөг, нийт 7,059,560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сард “Мөнх хан оргил” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Цонжин болдог”-ийн дотор засвар хийсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 14,699,880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийт ажил гүйцэтгэх гэрээ 60,000,000 гаруй төгрөгийн ажил байсан. 46,000,000 орчим төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эднийх анх хууран мэхлэн замаар өөр компанитай нийлж манайхтай гэрээ хийсэн. Тэгээд нийлсэн компани нь явахад эхнэр нөхөр хоёр үлдэж ажилласан. Нөхөр н. архи уугаад ажил хийхгүй байсаар 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажил хийгээгүй. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг авсан. 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирээд намайг байхад миний хажууд хуучин цахилгаан өрөм болон бусад багажуудаа аваад явсан. Гэрээнд ажлын байр хаяж явсан тохиолдолд алданги тооцно гэсэн заалт байгаа. Дунд нь маш их замбараагүй мөнгө авч байсан. Энэ нэхэмжлэлийн жагсаалтад эднийх авсан 8,000,000 төгрөг байхгүй байна. Мөн 6,000,000 төгрөг байхгүй. Ийм учраас бид нар 14,600,000 төгрөгийг төлөх ёсгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл өөр компанитай нийлээд намайг хуурсан. 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажил хийгээгүй. Эхнэр нь ажлаа хийж байсан. Ингэсээр байгаад 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүрсэн. Ингээд ажлаа хаяад явсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч констракшн ХХК, хариуцагч Мөнххан оргил ХХК-д холбогдуулан 14,699,880 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь 7,059,560 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, илүү төлөлт хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрчээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талууд гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажил эхлэхээр тохиролцсон, гүйцэтгэх ажлыг хөлсийг урьдчилан тохиролцоогүй, ажлын гүйцэтгэлээр дүгнэхээр тохирсон талаар шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж, энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 61,299,940 төгрөгийн ажил гүйцэтгэж 51,500,000 төгрөгийг хариуцагчаас авсан, 9,799,920 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг хариуцагч, нэхэмжлэгч 61,299,940 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талар маргаагүй, харин 51,500,000 төгрөг бус 66,708,400 төгрөг төлсөн гэж маргажээ.

Гэрээний 1.1, 1.2, 4.1-д тус тус заасны дагуу зохигч ажлын үр дүнгээр ажлын хөлсийг тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцнэ.

Хэргийн 11, 13, 15, 17, 20, 22, 82 дахь талд нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримтаар хариуцагч нь 7 удаагийн гүйлгээгээр нийт 54,708,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Хариуцагч 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай гар бичмэлийг нотлох баримтаар гаргасан нь хариуцагч мөнгө хүлээн авсныг нотлохгүй, хариуцагч татгалзжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа өгч авалцсан мөнгөний дүнгийн хэмжээний талаар маргасан ба зохигчийн хэн аль нь тус бүрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 54,708,400 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, хариуцагч төлсөн нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч нийт 61,299,940 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчаас 4,899,960 төгрөгийн алданги нэхэмжилж Иргэний хуульд заасныг үндэслэсэн гэх боловч талууд байгуулсан гэрээндээ анз төлөхөөр тохироогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн 61,299,940 төгрөгөөс хариуцагчийн төлсөн хөлсийг хасч, /61,299,940-54,708,400=6,591,540/ хариуцагч Мөнххан оргил ХХК нь нэхэмжлэгч констракшн ХХК-д 6,591,540 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч 66,708,400 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлж 5,408,460 төгрөгийг илүү төлсөн гэснийг шүүх дээр дурдсан үндэслэлээр, үндэслэлгүй болохыг дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч таазны хэсгийн ажлын гүйцэтгэлийг буруу хийсэн атлаа 782,100 төгрөгийн, нураалтын 869,000 төгрөгийн хөлсийг тус тус авсан нь үндэслэлгүй гэж буцаан шаардсаныг нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбар гаргасан, гэрчээр няцаажээ. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр няцаасныг үгүйсгээгүй байна.

Хэрэгт хариуцагч Мөнххан оргил ХХК, ХХК-ийн нарын хооронд таазны чигжээс, замаск татах, зүлгэх ажил гэрээ байгуулсан, хариуцагч тус компанид хөлс төлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шууд нотлохгүй буюу шүүх хуралдааны явцад “хариуцагчийн зөвшөөрөл заавраар дотоод заслын ажлын гүйцэтгэл, загварыг гаргаж гүйцэтгэсэн” талаар зохигч маргаагүй, гэрч шүүх хуралдаанд “хариуцагч анхнаасаа зураг төсөлгүй явж байсан зөвлөлдөөд ажлаа хийдэг байсан, хариуцагчтай зөвшилцөн нураасан” гэж мэдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчид хууль сануулж мэдүүлэгч авчээ.

Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-д заасны тохиролцсон ажлын зургийг нэхэмжлэгч зөрчиж гүйцэтгэсэн, үндэслэлгүйгээр илүү хөлс авсан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэгч констракшн ХХК-ийн нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 6,591,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч констракшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,108,340 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн нэхэмжлэгч констракшн ХХК-иас 7,059,560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч констракшн ХХК-иас төлсөн 231,145 төгрөг, хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн төлсөн 127,902 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 120,414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч констракшн ХХК-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч констракшн ХХК-ийн илүү төлсөн 6,550 төгрөг, хариуцагч Мөнххан оргил ХХК-ийн илүү төлсөн 173,860 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ