Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00146

 

"Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2156 дугаар магадлалтай,       

            “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “М” ХХК-д холбогдох

             14.699.880 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

             7.059.560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлд: Манай Компани 2013 оны 11 дүгээр сард “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компанийн Цонжинболдог дахь зочид буудлын барилгын 1-р давхрын бассейны засал чимэглэлийн ажил, А, С блокуудын гипсэн таазны заслын ажил, С блокын таазны заслын ажил, Е, Р блокуудын таазны заслын ажил, А блок болон 2 пабны хэсэг дэх заслын ажил, 1-2 давхарын дотор заслын ажил зэргийг нийт 61.299.940 төгрөгийн өртөгтэйгөөр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу “М” ХХК нь гүйцэтгэлийн хөлсөнд 51.500.000 төгрөг олгосон бөгөөд 1-р давхарын бассейны ажлын засал чимэглэл ажлаас 424.200 төгрөг, А, С блокуудын гипсэн таазны ажлаас 2.233.500 төгрөг, С блокын таазны засал ажлаас 1.704.980 төгрөг, Е, Р блокуудын таазны ажлаас 1.208.400 төгрөг, А блок болон 2 пабны хэсэг дэх заслын ажлаас 3.874.700 төгрөг, 1-2 давхарын заслын ажлаас 354.140 төгрөг, нийт 9.799.920 төгрөгийг олгохгүй удаж байна. Мөн ажлын гүйцэтгэлийн хөлсний алдангийг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож үзэхэд 4.899.960 төгрөг болж байгаа бөгөөд манай компани алдангийг ажлын хөлсний хамтаар “М” ХХК-иас гаргуулж авах хүсэлтэй байна. Иймээс гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9.799.920 төгрөг болон хуульд заасан гэрээний алданги 4.899.969 төгрөг, нийт 14.699.880 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “М ХХК-ийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: “Т” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан манай компанийн ажилтан Алтан орд зочид буудлын дүүжин таазны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэтгээгүй бөгөөд ажлаа хүлээлгэн өгөлгүй 2014 оны 08 дугаар сарын 29-нд ажлаа хаяад алга болсон. “Т” ХХК нь нэхэмжлэлдээ ажлын төлбөр 61.299.940 төгрөгийг авах ёстой байхад гүйцэтгэлийн төлбөрт 51.500.000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөр 9.799.920 төгрөгийг төлөөгүй гэсэн байдаг. Манай компаниас нийт 66.708.400 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд санхүү, тооцооны баримтаар 5.408.460 төгрөгийн илүү төлбөр авсан байна. “Т” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 09-нд барилгын орох хэсгийн үүдний таазны хэсгийн гүйцэтгэлийг хийхдээ буруу хийсэн байсан учраас 86,9 м.кв таазны хэсгийг буулгаж нураасан. Иймд ажлын гүйцэтгэлд авсан 782.100 төгрөгийг, нураасан ажлын зардалд 869.000 төгрөгийг авсан байгаа нь хууль бус байна. Иймд 1.651.100 төгрөг, гүйцэтгэлийн илүү авсан төлбөр 5.408.460 төгрөг, нийт 7.059.560 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Н.Чинбатын тайлбарт: 2013 оны 11 дүгээр сард “Мөнххан Оргил” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Цонжин болдог”-ийн дотор засвар хийсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 14.699.880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийт ажил гүйцэтгэх гэрээ 60.000.000 гаруй төгрөгийн ажил байсан. 46.000.000 орчим төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаярын тайлбарт: Эднийх анх хууран мэхлэх замаар өөр компанитай нийлж манайхтай гэрээ хийсэн. Нийлсэн компани нь явахад эхнэр нөхөр хоёр үлдэж ажилласан. Нөхөр н.Цогт архи уугаад ажил хийхгүй байсаар 08 дугаар сарын 29-ний өдрийг хүргэсэн. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг авсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирээд намайг байхад миний хажууд хуучин цахилгаан өрөм болон бусад багажуудаа аваад явсан. Гэрээнд ажлын байр хаяж явсан тохиолдолд алданги тооцно гэсэн заалт байгаа. Дунд нь маш их замбараагүй мөнгө авч байсан. Энэ нэхэмжлэлийн жагсаалтад эдний авсан 8.000.000 төгрөг байхгүй байна. Мөн 6.000.000 төгрөг байхгүй. Ийм учраас бид 14.600.000 төгрөгийг төлөх ёсгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

                Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-иас 6.591.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8.108.340 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-ийн нэхэмжлэгч “Т” ХХК-иас 7.059.560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХХК-иас төлсөн 231.145 төгрөг, хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-ийн төлсөн 127.902 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-иас 120.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХХК-ийн илүү төлсөн 6550 төгрөг, хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-ийн илүү төлсөн 173.860 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж буцаан олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2156 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт “Төгс наран ундарга” ХХК” гэснийг “Т” ХХК гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2” гэж нэмж, уг заалтаас “Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч” гэснийг хасч, 2 болон 3 дугаар заалтыг нэгтгэж 2 дугаар заалт болгож, уг заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 238.000 төгрөг, хариуцагчийн төлсөн 301.489 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6551 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 173.586 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай” гэж, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгож тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/02463 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2156 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Манай компани 2013 оны 11 сард “Мөнххан Оргил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж заслын ажлыг 61.299.940 төгрөгийн өртөгтэйгөөр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу “Мөнххан Оргил” ХХК нь гүйцэтгэлийн хөлсөнд 51.500.000 төгрөг олгосон” гэж хавтаст хэргийн 19-р хуудсанд авагдсан зочид буудлын дотор заслын ажлын гүйцэтгэл гэх тооцоог нотлох баримтаар гаргаж өгөхдөө уг тооцоогоо нотолж хэргийн 16-р хуудсанд авагдсан гүйцэтгэлийн төлбөр болох 11.424.200 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг хүлээн авсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байсан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хэргийн 16, 24 хуудсанд авагдсан баримтад хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байх тул гар бичмэлийг үнэлээгүй гэж “Мөнххан Оргил” ХХК-иас 6.591.540 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч “Төгс наран ундрага констракшн” ХХК нь хэргийн 16 талд авагдсан 11.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж нотлох баримтыг өөрөө гаргаж өгсөн мөн хэргийн 19 хуудсанд авагдсан Зочид буудлын дотор заслын ажлын гүйцэтгэл гэсэн тооцоондоо олговол зохих 16.424.200 төгрөгөөс 5.000.000, 11.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 424.000 төгрөг гэж тооцоог гаргаж шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүх үнэлээгүйд гомдолтой. Мөн шүүх хурал дээр гэрч нэг сая төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй гэсэн үндэслэлээр хасч “Мөнххан Оргил” ХХК-иас 6.591.540 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 37.1, 37.2-т заасан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Т” ХХК нь ажлын гүйцэтгэлд 66.708.400 төгрөгийг авсан атал 61.299.940 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн тул илүү төлсөн 5.408.460 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хэрэгт авагдсан баримтад үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулж ажлын хөлс 9.799.920 төгрөг, алданги 4.899.969 төгрөг, нийт 14.699.880 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсөнд илүү төлсөн 5.408.460 төгрөг, ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гарсан зардал 1.651.100 төгрөг, нийт 7.059.560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

             Нэхэмжлэгч нийт 61.299.940 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухай хариуцагч маргаагүй, харин нэхэмжлэгч ажлын хөлсөнд захиалагчаас 51.500.000 төгрөг хүлээн авсан гэж, хариуцагч ажлын хөлсөнд 66.708.400 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн гэж маргацгаажээ.

             2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн ба гэрээний 1.1, 1.2, 4.1-д тус тус заасны дагуу зохигч ажлын үр дүнгээр ажлын хөлсийг тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцсэн байх бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэл тус бүрээр нэхэмжлэгчид хөлс төлж байсан тухай нэхэмжлэгчийн гаргасан тооцооны баримтууд хэргийн 11-24 дэх талд авагджээ.

              Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн 11, 13, 15, 17, 20, 22, 82 дахь талд нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримтаар хариуцагч нь 7 удаагийн гүйлгээгээр нийт 54.708.400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэсэн нь зөв боловч хэргийн 16 дахь талд авагдсан 2013 оны 12 сарын 25-ны өдөр талуудын үйлдсэн “Зочид буудлын дотор заслын ажлын гүйцэтгэл” гэсэн баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.8, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцээгүй байна.

             Дээрх баримтын дээд болон доод талд нэхэмжлэгч компанийн тамга дарагдсан, тооцоог захирал Ш.Цогтбаярын баталгаажуулсан гарын үсэг баримтын дээд талд нь зурагдсан, урьдчилгаа 5.000.000 төгрөг, үлдэгдэл олгогдох 11.424.000 төгрөг гэж тооцоо нийлсэн актад “424.000 төгрөг үлдсэн, 11.000.000 төгрөг авав” гэсэн бичиглэл хийгдсэн байна. Уг баримтыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзвэл 22 дахь талд энэ баримттай адил баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “11.208.400 төгрөгийн  11.000.000 авсан, 208.400 дутуу авсан” гэж тэмдэглэжээ. Иймээс 16 дахь хуудсанд авагдсан 11.000.000 төгрөгийн баримтыг үнэлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хяналтын шатны шүүхээс хангах нь зүйтэй гэж үзэв. 

            Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын нийт гүйцэтгэлийн төлбөр 61.299.940 төгрөг төлөхөөс 65.708.400 төгрөг төлж, 4.408.460 төгрөг илүү төлсөн байх тул  сөрөг нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

             Харин 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай гар бичмэлийг хариуцагч нотлох баримтаар гаргасан нь хэргийн 112 дахь талд авагдсан байх бөгөөд энэ баримтыг нэхэмжлэгчийн дээрх мөнгийг хүлээн авсныг нотлохгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

              Анхан шатны шүүх зохигчдын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байх боловч алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

              Нэхэмжлэгч таазны хэсгийн ажлын гүйцэтгэлийг буруу хийсэн атлаа 782.100 төгрөгийн, нураалтын 869.000 төгрөгийн хөлсийг тус тус авсан нь үндэслэлгүй гэж буцаан гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан нөхцөл үүссэн гэх байдлаа баримтаар нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхисон нь хуульд нийцсэн байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02463 дугаар шийдвэрийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2156 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 14.699.880 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар “Т” ХХК-иас 4.408.460 төгрөг гаргуулж “Мөнххан Оргил” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1.651.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтын “хариуцагч “Мөнххан Оргил” ХХК-иас 120.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай” гэснийг “Т” ХХК-иас 85.485 төгрөг гаргуулж “Мөнххан Оргил” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 226.206 /хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН