Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01896

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01896

 

 

Г.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02111 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Гансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Баттулга, Т.Загдсүрэн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 81 110 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирваань,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гансүх нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С.Баттулгад 17 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тодорхой хугацаанд хүү төлье, зээлийн гэрээний үүргээ сунгая гэсэн хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг Г.Гансүх нь хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн хүүг 4 хувиар тооцож, сар бүр 680 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Нотариатаар орж зээлийн гэрээний хугацаагаа сунгуулсан. Үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хүү авна гэж тохирсон учир 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу нийт 59 сарын хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүүнд 40 120 000 төгрөг, алданги 23 990 400 төгрөг нийт 81 110 400 төгрөгийг хариуцагч С.Баттулгаас нэхэмжилж байна, хариуцагч Т.Загдсүрэнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Гансүхтай найзууд 2012 онд 17 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай зээлсэн. Би Г.Гансүхэд мөнгөө өгчих боломж байсан боловч Г.Гансүх өндөр хүүтэй, алданги нэхэмжилдэг байсан. Нотариатын гэрээ гэдэг нь 2015 онд Г.Гансүх өөрөө намайг дагуулж нотариатаар орж байгуулсан. Би өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй. Бид хоёр найзууд байсан болохоор ийм өндөр хүү, алданги тооцно гэж бодоогүй. 81 110 400 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатарын Баттулгаас 16 320 000 төгрөг гаргуулж Ганхуягийн Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 64 790 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.Загдсүрэнд холбогдох 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттулгаас 239 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02111 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Баттулгаас 16 320 000 төгрөг гаргуулж 54 790 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын тогтоох зарчимд үндэслэгдэж хийгдсэн Иргэний сүүлийн 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлд заасантай бүрэн нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул гэрээнд заасан хугацаагаар буюу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 24 сарын хугацааны хүү 16 320 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 196, 281 дугаар зүйлд заасантай нийцнэ гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02111 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 16 320 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Гансүх нь хариуцагч С.Баттулга, Т.Загдсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 81 110 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Загдсүрэнгээс татгалзжээ.

 

Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 11ий өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Г.Гансүх нь 17 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар С.Баттулгад зээлдүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

Талууд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ... зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч С.Баттулгаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2012 оны 11 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас 16 320 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй байх боловч талуудын байгуулсан 2015 оны 10 сарын 10-ны өдрийн гэрээг буруу дүгнэж, энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх залруулан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, гэрээний талууд 2015 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгаж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар буюу үндсэн зээл, түүний хугацаа, зээлийн хүү, алданги зэрэг гэрээний гол нөхцөлийг тохирсон байх бөгөөд уг тохиролцоог 2016 оны 11 сарын 3-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хууль зөрчөөгүй, зохигчдын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2012 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 3 жилийн дараа гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон нь үндэслэлгүй гэж буруу дүгнэжээ. Учир нь: Гэрээний талууд Иргэний хуулийн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 2 жилийн хугацааны хүү болох 16 320 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд давж заалдах гомдолдоо дээрх гэрээгээр тохирсон алдангийг шаардаагүй тул хариуцагчаас нийт 32 640 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 ... гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1 гэж, ... 16 320 000 /арван зургаан сая гурван зуун хорин мянга/ төгрөг гэснийг 32 640 000 төгрөг гэж, ... 64 790 400 /жаран дөрвөн сая долоон зуун ерэн мянга дөрвөн зуу/ ... гэснийг 48 470 400 гэж,

3 дахь заалтын ... 239 550 төгрөг ... гэснийг 321 150 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ