Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 02111

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байрны тоотод оршин суух, регистр ЦЗ, Гансүхийг төлөөлж Л.Бат-Очирын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамжны дугаар байрны  тоотод оршин суух, регистр ЧЛ, Загдсүрэн,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамжны  дугаар байрны  тоотод оршин суух, регистр ЧЛ, Тайж нар овогтой Сүхбаатарын Баттулга нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань /үнэмлэх 2009/, хариуцагч С.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /үнэмлэх 0415/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Л.Бат-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гансүх нь 2012 оны 11-р сарын 11-ний өдөр С.Баттулгад 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2015 оны 10-р сарын 10-ны өдөр тодорхой хугацаанд хүү төлье, зээлийн гэрээний үүргээ сунгая гэсэн хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг Г.Гансүх нь хүлээн авч 2015 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл үндсэн хүүг 4 хувиар тооцож, сар бүр 680 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Нотариатаар орж зээлийн гэрээний хугацаагаа сунгуулсан. Үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хүү авна гэж тохирсон учир 2012 оны 12-р сарын 11-ний өдрөөс 2017 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл буюу нийт 59 сарын хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүүнд 40 120 000 төгрөг, алданги 23 990 400 төгрөг нийт 81 110 400 төгрөгийг хариуцагч С.Баттулгаас нэхэмжилж байна, хариуцагч Т.Загдсүрэнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч С.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Гансүхтай найзууд 2012 онд 17 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн. Би Г.Гансүхэд мөнгөө өгчих боломж байсан боловч Г.Гансүх өндөр хүүтэй, алданги нэхэмжилдэг байсан. Нотариатын гэрээ гэдэг нь 2015 онд Г.Гансүх өөрөө намайг дагуулж нотариатаар орж байгуулсан. Би өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй. Бид хоёр найзууд байсан болохоор ийм өндөр хүү, алданги тооцно гэж бодоогүй. 81 110 400 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гансүхийг төлөөлж Л.Бат-Очир нь С.Баттулга, Т.Загдсүрэн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд хариуцагч Т.Загдсүрэнд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх С.Баттулгаас 16 320 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Г.Гансүх нь 2012 оны 11-р сарын 11-ний өдөр С.Баттулгатай бичгээр тохирч 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 6/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлдүүлэгч нь 17 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 17 000 000 төгрөг, нэг сарын хүү 680 000 төгрөг нийт 17 680 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин зээлдэгч нь үүнээс 1 360 000 төлсөн, энэ талаар талууд маргаагүй, харин бусад үүргээ биелүүлээгүй, үүнтэй холбоотой 2015 оны 10-р сарын 10-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хийж 17 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сар бүр 4 хувийн хүү төлөхөөр тохирсон, энэ үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээл 17 000 000 төгрөг, зээлийн 59 сарын хүү 40 120 000 төгрөг, алданги 23 990 400 төгрөг нийт 81 110 400 төгрөг гаргуулахаар маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...хэт өндөр хүү, алданги шаардсан, би өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж тайлбарлажээ.

 

Талууд 2012 оны 11-р сарын 11-ний өдөр бичгээр гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохироогүй байх ба 2012 оны 12-р сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссанаар эрх нь зөрчигдсөн тал шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

 

Харин 2015 оны 10-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний сунгах тухай гэрээг 2015 оны 10-р сарын 10-наас 2017 оны 10-р сарын 10-ныг хүртэл 2 жилийн хугацаанд сар бүр 4 хувийн хүү төлүүлэхээр /хх 7/ тохирсон байна. Энэ гар бичвэрийг нотариатаар гэрчлүүлэхдээ тусгагдаагүй олон зүйл заалтыг нэмсэн, түүнчлэн 2015 оны 10-р сарын 10 гэсэн огноотой байхад 2016 оны 11-р сарын 03-ны өдөр гэрээний үнэн зөв-ийг гэрчилсэн нь 2 баримтыг хооронд нь нягтлан шалгаагүй, ямар хүсэл зориг байсныг шалгаж тогтоогоогүй, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Энэ нь Иргэний хуулийн 199-р зүйлийн 199.1-д заасан Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байх, 199.2-т заасан Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохих хэлбэртэй боловч үүрэг гүйцэтгэгч өөрөө хүссэн, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.

 

Нөгөө талаас, Иргэний хуулийн 193.1-д заасан Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ, 193.2-д заасан Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй байдаг хуулийн шаардлагатай нийцээгүй, өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан 2012 оны 12-р сарын 10-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 3 жилийн дараа гэрээний хугацаа сунгахаар тохирсон нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн хуулийн 222.5 дахь хэсэгт заасан Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэн хүү нэхэмжилж байгаа гэх боловч энэ заалт нь гэрээний бус үүрэгтэй холбоотой байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч үндсэн зээл 17 000 000 төгрөг, нэг сарын хүү 680 000 төгрөг нийт 17 680 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс төлсөн 1 360 000 төгрөгийг хасч 16 320 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатарын Баттулгаас 16 320 000 /арван зургаан сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Ганхуягийн Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 64 790 400 /жаран дөрвөн сая долоон зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.Загдсүрэнд холбогдох 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 600 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Баттулгаас 239 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА