Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00064

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/0211 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаар магадлалтай

Г.Гийн нэхэмжлэлтэй,

С.Б, Т.З нарт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 81 110 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, хариуцагч С.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С.Бд 17 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тодорхой хугацаанд хүү төлье, зээлийн гэрээний үүргээ сунгая гэсэн хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг Г.Г нь хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн хүүг 4 хувиар тооцож, сар бүр 680 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Нотариатаар орж зээлийн гэрээний хугацаагаа сунгуулсан. Үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хүү авна гэж тохирсон учир 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу нийт 59 сарын хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүүнд 40 120 000 төгрөг, алданги 23 990 400 төгрөг нийт 81 110 400 төгрөгийг хариуцагч С.Бас нэхэмжилж байна, хариуцагч Т.Зд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Гтэй найзууд, 2012 онд 17 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн. Би Г.Гэд мөнгөө өгчих боломж байсан боловч Г.Г өндөр хүүтэй, алданги нэхэмжилдэг байсан. Нотариатын гэрээ гэдэг нь 2015 онд Г.Г өөрөө намайг дагуулж нотариатаар орж байгуулсан. Би өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй. Бид хоёр найзууд байсан болохоор ийм өндөр хүү, алданги тооцно гэж бодоогүй. 81 110 400 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/0211 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатарын Баттулгаас 16 320 000 төгрөг гаргуулж Ганхуягийн Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 64 790 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.Зд холбогдох 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бас 239 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 ...” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэж, “... 16 320 000 /арван зургаан сая гурван зуун хорин мянга/ төгрөг” гэснийг “32 640 000 төгрөг гэж”, “... 64 790 400 /жаран дөрвөн сая долоон зуун ерэн мянга дөрвөн зуу/ ...” гэснийг “48 470 400” гэж,

3 дахь заалтын “... 239 550 төгрөг ...” гэснийг “321 150 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/0211 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлд заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015.10.10-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын тогтоох зарчимд үндэслэгдэж хийгдсэн Иргэний хуулийн 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлд заасанд нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2017.10.10-ны өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу нэг өдрийн алданги 163 200 төгрөг, 61 хоногийн алданги нийт 10 000 000 төгрөгийг гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ннйслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. С.Бас 32 640 000 тогрөг гаргуулж Г.Гэд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь: Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 32 640 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ дараах зүйлийг анхааралгүй шийдвэрлэсэн.

Г.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С.Бтай тохирч 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирсон. Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацааг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сунгаагүй. Гэрээний хугацаа дууссанаар эрх нь зөрчигдсөн тал шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ эрхээ нэхэмжлэгч Г.Г хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний сунгах тухай гэрээг 2015 оны 10 дугаар сарын 10-наас 2017 оны 10 дугаар сарын 10-ыг хүртэл 2 жилийн хугацаатай 4 хувийн хүү төлүүлэхээр тохирсон.

Гурван жилийн дараа гэрээний хугацааг сунгахаар тохирсон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеээс шинэ хугацааг тоолно” гэж тодорхой заасан. Тиймээс хүү тооцох боломжгүй юм.

Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2-д заасан хуулийн шаардлагатай нийцээгүй.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн 02111 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Баттулгын гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь С.Б, Т.З нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 81 110 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.З энэ гэрээнд хамааралгүй гэж, хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагаас 17 680 000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 16 320 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх 32 640 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

С.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г.Гээс 17 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 4%-ийн хүүтэй зээлж авсан талаар баримт үйлдсэн, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохигч “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, 2012 онд авсан “Зээлийн гэрээ”-ний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж, нэг сарын зээлийн хүүг 4 хувиар тооцохоор харилцан тохиролцсон, зээлдэгч гэрээний үүрэгт 1 360 000  төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж зохицуулсан тул үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө хугацааг сунгаж, хугацаа дууссан үеэс сунгасан хугацааг тоолох учиртай.

Хариуцагчийн 17 000 000 төгрөгийг хүлээн авсан зээлийн гэрээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан байхад 2015 оны 10 дугаар сард гэрээний хугацаа сунгасан тухай нэмэлт гэрээ байгуулсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй болно.

Давж заалдах шатны шүүх талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгасан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул тус гэрээг үндэслэн алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн “Зээлийн гэрээ”-ний эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний хугацааг сунгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг үндсэн гэрээний хүрээнд тодорхойлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх боловч хариуцагч Т.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нийт 81 110 400 төгрөгийн нэхэмжлэл гаргасан, шүүх хариуцагч С.Бд холбогдуулан дээрх үнийн дүн бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн атлаа Т.Зд холбогдох 81 110 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь заалтад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/0211 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Т.Зд холбогдох 81 110 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч...” гэснийг “...нэхэмжлэгч нь Т.Зд холбогдох нэхэмжлэлээсээ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Баттулгын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирвааниас төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Бас төлсөн 321 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД