Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02117

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02117

 

 

 

Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 65 482 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнцэцэг нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцыг барьцаалан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг зээлсэн. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 183 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 349 000 төгрөг, нийт 8 532 500 төгрөг төлсөн. Г.Мөнгөнцэцэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 32 350 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 132 400 төгрөг, нийт 64 482 900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Буман дусал ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ.14/0060 дугаар гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг авч өөрийн эгч н.Алтанцэцэгт өгсөн ба н.Алтанцэцэг нь дээрх зээлийг өөрийн барьж байсан барилгад зарцуулсан боловч эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын үйл явц удааширч, ашиглалтанд өгсөн боловч түрээслэгч нарын шахалтаар түрээсийн төлбөрөө бууруулсан нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн. 30 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 8 532 500 төгрөг төлсөн боловч хүүгээс нь 3 000 000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 5 532 500 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжилж байгаа 27 000 000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 26 648 100 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөхийг хүсье. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, үндсэн зээлд 27 000 000 төгрөг, хүүнд 22 365 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 283 100 төгрөг, нийт 53 648 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Буман дусал ББСБ ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 9 037 600 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Шүүхээс нэгэнт шийдвэр гарсан байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

  Хариуцагч М.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Буман дусал ББСБ-аас зээлж авсан 30 000 000 төгрөгийг бид өөрсдөө ашиглаагүй. Зээлийг авсан үеэс эгч Г.Алтанцэцэг нь зээлийн төлбөрт 15 104 200 төгрөг төлсөн гэдэг бөгөөд Буман дусал ББСБ нь 8 532 500 төгрөг төлсөн гэж тооцож үлдэх төлбөрийг нэхэмжилж, бидний өмчлөлийн орон сууцаар зээлийг төлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Буман дусал ББСБ-ын нэхэмжлэлийн үнийн дүнг Г.Алтанцэцэгээс төлсөн дүнтэй тооцоолон, үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс 50 055 056 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 427 844 төгрөгийг, хариуцагч М.Мөнхзаяад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2205020721 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоотод байршилтай, 30.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 408 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 24 738 100 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс шаардах эрхтэй байна. Талууд гэрээний 2.1, 2.2-т зээлийн хүүгийн хэмжээг нэг сарын буюу 30 хоногийн 3.5 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцсэн байна. Харин гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа зээлийн хүүг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тооцоолон 32 350 5000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 5 132 400 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэл муутай байх тул гэрээний үүрэг, хариуцлагыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр бодох нь зүйтэй" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, мөн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Тухайлбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй". Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т заасныг илтэд зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнгөнцэцэгт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 65 482 900 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаалуулагч М.Мөнхзаяаг хамтран хариуцагчаар татжээ.

 

Нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК, хариуцагч Г.Мөнгөнцэцэг нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ14/0060 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй хэтрүүлсэн тохиолдолд сарын үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байхаас гадна энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангажээ.

 

Дээрх зээлийн гэрээг байгуулсан өдөр зээлдэгч Г.Мөнгөнцэцэг нь гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь зээлдүүлэгч Буман дусал ББСБ ХХК-ийн зарлагын мэдүүлгээр тогтоогдсон байх уг 30 сая төгрөгийг бусдад дамжуулсан явдал түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйгээс үндсэн зээлийн үлдэгдлийг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь дээрх 30 сая төгрөгийн зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч байгууллагаас 40 сая төгрөг зээлсэн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1080 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан ба магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

Зохигчид аль аль нь 30 сая төгрөгийн энэ зээлийн гэрээний үүрэгт 8 532 500 төгрөг төлсөн талаар тайлбар гаргасан /хх-ийн 1, 25/ ба зээлийн гэрээний хугацаа дууссан 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК нь хэтэрсэн хугацааны хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хэтэрсэн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тооцоход нийт 34 сар 16 хоногт 32 634 000 төгрөг болох ба үүнээс хариуцагчийн төлсөн 1 984 500 төгрөгийг хасвал хариуцагч хэтэрсэн хугацааны хүү 30 649 900 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын хоорондын зээлийн гэрээний 2.2-т ...хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан зохицуулалтанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 30 649 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 129 900 төгрөг, нийт 63 779 400 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх хариуцагч М.Мөнхзаяа нь зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй талаар зөв дүгнэсэн ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс 63 779 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 703 500 төгрөгт болон хариуцагч М.Мөнхзаяад тус тус холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 408 225 гэснийг 476 847 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Буман дусал ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ