Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2213

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 33 дугаар байр, 38 тоотод байрлах, “Буман дусал ББСБ” ХХК /РД: 5476658/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоотод оршин суух, Боржгон овогт Галсаннамжилын Мөнгөнцэцэг, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Мөнхзаяа нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 64 482 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагч буюу хариуцагч М.Мөнхзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч З.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнцэцэг нь манай байгууллагад 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хандаж өөрийн эгчийн эрхэлдэг барилгын бизнест хөрөнгө оруулах гэж байгаа тул 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Г.Мөнгөнцэцэгийн зээлийн хүсэлт болон бусад холбогдох бичиг баримттай танилцаад Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг байгуулж 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны  өдөр хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийн зээлийг түүнд бэлнээр олгосон. Зээл олгосоноос хойш үндсэн зээлийн төлбөрөөс 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 183 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 349 000 төгрөг,  нийт 8 532 500 төгрөг төлсөн. Г.Мөнгөнцэцэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 32 350 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 132 400 төгрөг, нийт 64 482 900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Буман дусал  ББСБ” ХХК-тай ЗГ.14/0060 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг авч өөрийн эгч н.Алтанцэцэгт өгсөн ба н.Алтанцэцэг нь дээрх зээлийг өөрийн барьж байсан барилгад зарцуулсан боловч сүүлийн жилүүдэд болж байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын үйл явц удааширч, ашиглалтанд өгсөн боловч түрээслэгч нарын шахалтаар түрээсийн төлбөрөө бууруулсан нь зээлийн эргэн төлөлтөнд нөлөөлж, санхүүгийн алдагдалд орж байгаа. Зээл 30 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 8 532 500 төгрөг төлсөн боловч хүүгээс нь дөнгөж 3 000 000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 5 532 500 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Одоо нэхэмжилж байгаа 27 000  000 төгрөг дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү нь 22 365 500 буюу нийт 53 648 100 төгрөг болсон байна. Анх авсан зээлээсээ 2 дахин илүүг төлөх болж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж, надаас нэхэмжилж байгаа 27 000 000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 26 648 100 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөхийг хүсье. Мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, үндсэн зээлд 27 000 000 төгрөг, хүүнд 22 365 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 283 100 төгрөг, нийт 53 648 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. “Буман дусал ББСБ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 9 037 600 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Шүүхээс нэгэнт шийдвэр гарсан байхад ингэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн ээж Г.Мөнгөнцэцэг бидний өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцаа барьцаалан, “Буман дусал” ББСБ-аас 30 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд уг зээлийг манай ээжийн эгч Г.Алтанцэцэгийн барилгад оруулсан. Зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс болж “Буман дусал” ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид энэ зээлийг өөрсдөө ашиглаагүй юм. Зээлийг авсан үеэс эгч Г.Алтанцэцэг нь зээлийн төлбөрт 15 104 200 төгрөг төлсөн гэдэг бөгөөд “Буман дусал” ББСБ нь 8 532 500 төгрөг төлсөн гэж тооцож үлдэх төлбөрийг нэхэмжилж, бидний өмчлөлийн орон сууцаар зээлийг төлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд “Буман дусал” ББСБ-ын нэхэмжлэлийн үнийн дүнг Г.Алтанцэцэгээс төлсөн дүнтэй тооцоолон, үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д хариуцагч Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 64 482 900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээний үүрэгт нийт 15 104 200 төгрөг төлсөн, ...зээлийн өөрсдөө хэрэглээгүй, ...барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК болон хариуцагч Г.Мөнгөнцэцэг нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ЗГ.14/0060 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Г.Мөнгөнцэцэг нь зээлдүүлэгч “Буман дусал ББСБ” ХХК-иас 30 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх, зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь гэрээний дагуу зээлийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэгт шилжүүлэх, хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь үндсэн зээл 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь нэхэмжлэгч байгууллагын 000458 дугаартай зарлагын мэдүүлэг /хх-19 дүгээр талын арын нүүр/-ээр нотлогдож байхаас гадна хариуцагч Г.Мөнгөнцэцэгийн “...уг зээлийг хүлээн авч, бусдад шилжүүлсэн” гэх тайлбараас үзвэл тэрээр нэхэмжлэгчээс зээлийг бодитоор шилжүүлсэн авсан гэж үзэх бөгөөд уг тайлбар нь зээлийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийг зээл 30 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Мөнгөнцэцэгийг үндсэн зээлийн төлбөрөөс 3 000 000 төгрөгийг төлсөн, 27 000 000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Хавтаст хэрэгт хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс зээлийн төлбөрт 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 134 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4 760 900 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 4 127 900 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2 438 200 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 644 100 төгрөг, нийт 15 105 100 төгрөг төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгч байгууллагын орлогын мэдүүлэг тус тус авагдсан байна. /хх-16-19 дүгээр тал/.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1080 дугаар магадлалаар “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Мөнгөнцэцэг, М.Мөнхзаяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 78 529 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 71 656 462 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг магадлалаар хариуцагч Г.Мөнгөнцэцэгийг үндсэн зээлийн төлбөрт 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2 438 200 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 644 100 төгрөгийг тус тус төлсөн гэж дүгнэсэн байна. Уг магадлалд тусгагдаагүй, зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1 134 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 4 127 900 төгрөг, нийт 5 261 900 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэг үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр н.Алтанцэцэгээс 4 760 900 төгрөг төлсөн талаарх төлөлтийг хариуцагч Г.Мөнгөнцэцэгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд нийт 24 738 100 төгрөгийг төлөөгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 24 738 100 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээний 2.1, 2.2-т зээлийн хүүгийн хэмжээг нэг сарын буюу 30 хоногийн 3.5 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцсэн байна.

 

Гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа зээлийн хүүг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тооцоолон 32 350 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 5 132 400 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэл муутай байх тул гэрээний үүрэг, хариуцлагыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр бодох нь зүйтэй байна. Зээлийн хүүг гэрээний хугацаа дууссан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 24 сар 11 хоногоор тооцоход нийт 21 097 463 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь зээл 30 000 000 төгрөгийг ашигласны төлбөрт, түүнчлэн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч болохгүй тул зээлийн гэрээний хариуцлагад 21 097 463 төгрөгийн 20 хувь болох 4 219 493 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч болон хариуцагч М.Мөнхзаяа нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх үүргийг хариуцагч М.Мөнхзаяагаас шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч М.Мөнхзаяа, Г.Мөнгөнцэцэг нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан БГ/14/0060 дугаар барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг орон сууц нь хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь 000212072 дугаар гэрчилгээгээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Түүнчлэн, хариуцагч М.Мөнхзаяа нь хариуцагч Г.Мөнгөнцэцэгээр овоглодог, түүний төрсөн охин болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх барьцааны гэрээг байгуулах үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хариуцагч М.Мөнхзаяа нь 18 насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх үедээ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргах үед тэрээр 18 насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон байна.

 

Хэдийгээр хариуцагч М.Мөнхзаяа нь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх үедээ барьцааны гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байх боловч түүний хууль ёсны төлөөлөгч болох хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь мөн гэрээнд хамтран барьцаалуулагчаар оролцсон байна. Түүнчлэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 50 055 056 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 427 844 төгрөгийг, хариуцагч М.Мөнхзаяад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс 50 055 056 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 427 844 төгрөгийг, хариуцагч М.Мөнхзаяад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2205020721 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоотод байршилтай, 30.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнгөнцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 408 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН