Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 5806

 

 

 

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/05806

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 33 дугаар байрны 38 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5476658 регистртэй, “Буман дусал ББСБ” ХХК-ийн

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотод оршин суух, УС67080202 регистртэй, “Баян нөмрөг” ХХК-д нягтлан бодогч ажилтай, Боржгон овогт Галсаннамжилын Мөнгөнцэцэгт холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүрэгт 53,648,100 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Мөнгөнцэцэг нь манай байгууллагад 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хандаж өөрийн эгчийн эрхэлдэг барилгын бизнест хөрөнгө оруулах гэж байгаа тул 30,000,000 төгрөгийг 4 сарын хуагцаатай зээл олгохыг хүссэн. Түүний хүсэлт болон бусад холбогдох бичиг баримттай танилцаад, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотын орон сууцыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг байгуулан, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,183,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 349,000 төгрөг, нийт 8,532,500 төгрөг төлсөн байна. Манай байгууллагын зүгээс Г.Мөнгөнцэцэгт хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удалгүй төлнө, хугацаа өгөөч гэж шалтаг тоочин өдийг хүрлээ. Тэрээр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22,365,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 4,283,100 төгрөг, нийт 53,648,100 төгрөгийг нэхэмжилж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаанд байгаа хөрөнгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нь шүүхээс хурлын товыг лавлах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа учир түүний эзгүйд шүүх хуралдааныг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч тал нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрдөг боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гээд байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие “Буман дусал ББСБ” ХХК-тай байгуулсан ЗГ-14/0060 тоот гэрээгээр авсан 30,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эгчийнхээ барилгын ажилд зарцуулсан болно. Миний эгч Алтанцэцэг нь дээрх зээлийг өөрийн барьж байсан барилгад зарцуулсан боловч сүүлийн жилүүдэд болж байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын үйл явц удааширч, ашиглалтанд өгсөн боловч түрээслэгч нарын шахалтаар түрээсийн төлбөрөө бууруулсан нь зээлий нэргэн төлөлтөнд нөлөөлж, санхүүгийн алдагдалд орж байгаа билээ. Дээрх нэхэмжлэлд дурдсан 30,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 8,532,500 төгрөг төлсөн боловч хүүгээс нь дөнгөж 3,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 5,532,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцсон байгаа. Одоо нэхэмжилж байгаа 27,000,000 төгрөг дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү нь 22,365,500 төгрөг буюу нийт 53,648,100 төгрөг болсон байна. Анх авсан зээлээсээ 2 дахин илүүг төлөх болж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж, надаас нэхэмжилж байгаа 27,000,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 26,648,100 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шиинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь харуицагч Г.Мөнгөнцэцэгт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 22,365,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,283,100 төгрөг, нийт 53,648,100 /тавин гурвавн сая зургаан зуун дөчин найман мянга нэг зуун/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харицуагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боловч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд шаардсан 26,648,100 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг өвчний улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, түүнийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэвч дахин товлогдсон 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 42-44/

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2011 онд олгогдсоны үндсэн дээр мөнгөн хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Г.Мөнгөнцэцэг нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл хүсэн баталгаа гаргаж байжээ. /хх 12/

“Буман дусал ББСБ” ХХК нь Г.Мөнгөнцэцэгтэй 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-14/0060 тоот Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотод байрлах 000212072 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205020721 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг БГ/14/0060 тоот Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 7-11/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлжээ. 

Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,183,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 349,000 төгрөг, нийт 8,532,500 төгрөгийн төлөлт хийжээ. /хх 14/

Харин дээрх зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүүнд 22,365,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,283,100 төгрөг, нийт 53,648,100 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргасан зээлдэгч Г.Мөнгөнцэцэгийн зээл, хүүгийн тооцоолол, Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 8, 14/

            Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн байна.

Зээл болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 51 тоотод байрлах 000212072 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205020721 тоот улсын бүртгэлийн дугаартай, 30,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар УС67080202 регистртэй, Боржгон овогт Галсаннамжилийн Мөнгөнцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 53,648,100 /тавин гурван сая зургаан зуун дөчин найман мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА