Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01855

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01855

 

 

 

Эс си ти и си эм ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эс си ти и си эм ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бодь даатгал ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Насны зам ХХК

 

Баталгааны үүрэгт нийт 2 394 878 435 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 7 сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баасандорж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шин дэ хү /Shin Dae Ho/ нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Базар,

Орчуулагч: Э.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эс си ти и си эм ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төсөл (цаашид NUBIA Төсөл гэх)-ийн тэргүүн туслан гүйцэтгэгч юм. Бид NUBIA төслийн барилгын ажлын хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахдаа Монгол Улсад болон Олон Улсад тогтсон жишгийн дагуу хөндлөнгийн санхүүгийн чадамжтай этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг өөрийн компанийн нэр дээр гаргуулдаг ба эдгээр баталгааны үндсэн дээр ажлаа эхлүүлэхийг зөвшөөрч, дээрх төлбөрийн баталгаануудыг үндэслэн урьдчилгаа төлбөр болон явцын гүйцэтгэлийн төлбөрүүдийг тухай бүр төлж ажилладаг. Бодь даатгал ХХК нь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох Насны зам ХХК-ийн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Олон Улсын худалдааны танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журам (ICC Uniform Rules for Demand Guarantees 458, 758)-ийн дагуу Эс си ти и си эм ХХК-ийн нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаартай 1.090.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №02 дугаартай 2.180.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа тус тус гаргаж өгсөн. Уг баталгааны дагуу Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-ийг Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд Эс си ти и си эм ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгааны нөхцлийн дагуу Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-ийг NUBIA төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд хэрэв баталгааг эзэмшигч Эс си ти и си эм ХХК (бэнифициар)-аас Насны зам ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл гаргаж, баталгаанд заасан дүнгийн хэмжээнд төлбөр төлөх шаардлагыг бичгээр хүргүүлсэн нөхцөлд Бодь даатгал ХХК нь үл маргах журмаар нэхэмжилж буй шаардлага, төлбөрийн дүнг нотлохыг шаардахгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Олон Улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ болох баталгааны нэгдсэн журам буюу URDG-ийн хүрээнд гаргаж өгдөг энэ төрлийн баталгааг баталгааны нэгдсэн журам-ын 2-р зүйлд тодорхой заасны дагуу арилжааны банк, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагууд гаргаж өгдөг бөгөөд уг гаргаж өгсөн баталгаа нь буцаан үл дуудагдах, үл маргах журмаар буюу баталгаа хүлээн авагчийн анхны шаардлагаар төлөгддөг гол онцлог нөхцлөөрөө дотоодын болон олон улсын практикт нэгэнт хэвшин тогтсон санхүүгийн хэрэгсэл юм. Энэхүү баталгааны ерөнхий зохицуулалтыг 2002 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно" гэж тодорхой тусгасан байдаг. Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дээр дурьдсан баталгаа өгсөн тул Эс си ти и си эм ХХК-ийн зүгээс Насны зам ХХК-д ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгон, урьдчилгаа төлбөр болон бусад төлбөр тооцоог төлж ажиллаж эхэлсэн. Улмаар барилгын ажлын явцад Насны зам ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул Эс си ти и си эм ХХК нь Насны зам ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, баталгааны төлбөрийг үл маргах журмаар төлөх шаардлагыг баталгаа гаргагчид хүргүүлсэн боловч Бодь даатгал ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаад байгаа юм. Бодь даатгал XXK нь Эс си ти и си эм ХХК-ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа үндэслэлдээ Насны зам ХХК нь холбогдох төлбөр, хураамжийг төлөөгүй тухай мэдэгдсэн. Бодь даатгал ХХК-ийн гаргаж өгсөн эдгээр баталгаанд уг баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээр зохицуулагдахаар заажээ. Олон Улсын хэмжээнд URDG-ийн дагуу гаргасан аливаа баталгаа нь нэмэлт нотлох баримт шаардахгүйгээр үл маргах журмаар, анхны шаардлагаар төлөгдөх хууль зүйн хүчин төгөлдөр баталгаанд тооцогддог учиртай. Иймд эдгээр баталгаа нь гуравдагч этгээдийн зүгээс гаргасан санхүүгийн бие даасан баталгаа бөгөөд хууль зүйн хувьд (i) Бодь даатгал ХХК болон Насны зам ХХК-иудын хоорондын харилцаа, (ii) Эс си ти и си эм ХХК болон Насны зам ХХК-ийн харилцаанаас тусдаа, бие даасан үүргийн харилцаа юм. Батапгааны нэгдсэн журам 458-ийн 27-р зүйл, Баталгааны нэгдсэн журам 758-ийн 34 (а)-р зүйлийн дагуу баталгаатай холбоотой аливаа харилцааг хэрэв баталгаанд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хууль тогтоомжоор зохицуулах журам тогтоож өгсөн байдаг. Иймд эдгээр баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээс гадна Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 234.1 дэх зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно", 234.3 дахь зүйлд Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй гэж заасны дагуу эдгээр баталгаа нь баталгаа гаргагчийн нэг талын санаачилгаар үл цуцлагдах, үл маргах журмаар төлөгдөх баталгаа бөгөөд баталгаа гаргагч Бодь даатгал ХХК болон баталгааг хүлээн авсан Эс си ти и си эм ХХК-ийн хооронд үүссэн бие даасан үүргийн харилцаа мөн. Иймд баталгааны нөхцлийн дагуу баталгаа төлбөрийг Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-иас үл хамааран төлж барагдуулах, улмаар Эс си ти и си эм ХХК-д төлсөн мөнгөн төлбөрийг Насны зам ХХК-иар буцаан нөхөн төлүүлэх асуудал нь Бодь даатгал ХХК-ийн бие даан шийдэх харилцаа юм.Үүнээс гадна эдгээр баталгааг гаргаж өгөхдөө Бодь даатгал ХХК нь албан бичгээр Насны зам ХХК- тай баталгааны даатгалын FGI0313401072826 тоот гэрээг 2013 оны 7 сарын 17-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан тухай Эс си ти и си эм ХХК-д мэдэгдэж байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 234.3 дахь зүйлд гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүйБаталгааны нэгдсэн журам буюу URDG-H 4, 5-р зүйлд баталгаа нь баталгаанд тийнхүү дурьдаагүй байсан ч баталгааг гаргасан үеэс irrevocable буюу буцаан ул дуудагдах гэж ойлгогдоно" гэж тус тус заасны дагуу эдгээр баталгаа нь хүчин төгөлдөр юм. Эдгээр үндэслэл, нөхцлийн дагуу бидний зүгээс Бодь даатгал ХХК-д удаа дараа бичгээр албан хүсэлт, тайлбар хүргүүлсэн бөгөөд бодит байдал, учир холбогдлыг тайлбарласан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Бодь даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Манай компани 2015 оны 8 сарын 06-ны өдөр СЗХ-д SCT-NUBIA-LTR-2978 тоот албан бичгээр Бодь даатгал ХХК нь баталгааны дагуу төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа талаар гомдлыг хүргүүлсэн. Улмаар СЗХ-ноос 2015 оны 8 сарын 25-ны өдөр №1/3812 тоот хариу албан бичгээрээ энэ баталгааны дагуу шаардаж буй мөнгөн, төлбөрийн харилцаа нь үүргийн биелэлттэй холбоотой асуудал тул гомдлоо хэргийн харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн. Иймд Иргэний хуулийн 234.1, 234.3-р зүйлийн дагуу Бодь даатгал ХХК-ийг баталгааны дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч Бодь даатгал ХХК-иас манай компанийн өмнө урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж урьдчилгаа төлбөрийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 214 878 435 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 2 180 000 000 төгрөг, нийт дүнгээр 2 394 878 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хэд хэдэн үндэслэл байгаа гэж бид үзэж байна. Юуны өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлийн тодорхой заалтуудын дагуу хууль бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд тус гэрээнүүдийн үндсэн дээр төлбөр нэхэмжилж буй шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үндсэн үүрэг хүчин төгөлдөр дуусгавар болоогүй байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн Насны зам ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байгаа. Хэрэгт авагдсан ёсоор нэхэмжлэгч нь Бодь даатгал ХХК-иас баталгааны төлбөр шаардахаас өмнө тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 05-ны өдрийн гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд 03 дугаар зөвлөмжийн 11.1 дэх хэсгийн төгсгөлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болно гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4 дэх хэсэгт Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Иймд баталгааны дагуу төлбөр нэхэмжлэхийн тулд баталгаа бүхий үндсэн үүрэг хүчин төгөлдөр байх ёстой. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч хоорондын баталгааны бүхий үүргээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан нь үүний нотолгоо юм. Нэхэмжлэгч компани нь урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааны гэрээнүүд, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх заалтыг тус тус үндэслэн баталгааны төлбөр нэхэмжилсэн. Хуулийн дээрх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь баталгааны төлбөр нэхэмжлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал байх ёстой. Энэ нь, шүүхийн практикт ч тогтсон зүйл гэж бодож байна. Тухайлбап, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудаснуудад Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. ... Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно гэж тайлбарласан байна. Гэвч, үүрэг гүйцэтгэгч болох Насны зам ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ гүйцэтгээгүй болохыг нэхэмжлэгч нотлоогүй (нотлох шаардлагагүй гэж тайлбарласан), энэ тухай үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн, шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн нөхцөл байдал байхгүй. Иймд Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нарын Насны зам ХХК үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран Бодь даатгал ХХК баталгааны үүргээ гүйцэтгэх ёстой" гэж тайлбарлаж байгаа нь хуульд үл нийцэх юм. Гагцхүү банкны баталгааны гэрээнд тийнхүү журам үйлчилнэ. Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасан. Харин ердийн баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас ... шаардана гэж заасны дагуу баталгаа гаргагчид шаардлага гаргахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх ёстой. Эрх бүхий этгээд баталгааны төлбөр шаардаагүй тухай: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасны дагуу баталгааны төлбөр гapгyyлax хүсэлт нь хэлцэл, иргэний эрх, үүргийг үүсгэх хэлцэл юм. Иймд түүнийг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргах ёстой. Гэтэл Бодь даатгал ХХК-иас баталгааны төлбөр шаардах хүсэлтүүд нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий этгээдийн буюу гүйцэтгэх захирал, эсвэл түүнээс итгэмжлэл авсан этгээд байгаагүй. Иймд тус хүсэлт нь Бодь даатгал ХХК-д баталгааны дагуу төлбөр төлөх үүргийг үүсгэхгүй юм. Нэхэмжлэгч компани нь үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буй тухай: Нотлох баримтын 4 дэх хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой түүний хийх ажлыг өөрөө болон бусдаар хийлгэсэн бөгөөд ингэснээр 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тайлбарласан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус үнийн дүнг гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.08.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 090 000 000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч компани өөрөө тайлбарлаж байгаагаар Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан билээ. Иймд дээрх төлбөр нь ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаагаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичгийг Бодь даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэг Эс си ти и си эм ХХК-д гаргасан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 87.1-д Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно гээд 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасан байдаг. Учир нь: Тус баталгааны бичгүүдийг 2013 оны 7 сарын 17-ны өдөр Бодь даатгал ХХК-иас гаргасан бөгөөд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн баланс гэдэгт 2013 оны 6 сарын 30-ны өдөр гаргасан 2-р улирлын санхүүгийн тайлан хамаарах бөгөөд тус тайлангаар Бодь даатгал ХХК-ийн нийт актив буюу хөрөнгө 12 424 410 491.36 төгрөг байсан бөгөөд үүний 25 хувь нь 3 106 102 622.5 төгрөг байна. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Бодь даатгал ХХК-ийн дүрмийн 9.8.14-т Компаниин тухай хуульд заасан журмыг баримтлан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл олгох"-оор заасан, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2008 оны 12 сарын 8-ны өдөр С.Оюунчимэгтэй байгуулсан Бодь даатгал" ХХК-ийн гүйцэттэх захиралтай байгуулах гэрээний 2.3.2-т Гүйцэтгэх захирал нь гадаад, дотоодын байгууллагатай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 3 тэрбум төгрөг хүртэл үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг бие даан хийх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 3 сая төгрөг хүртэл зардлыг гаргах эрхтэй бөгөөд үүнээс дээш үнийн дүнтэй хэлцлийг зөвхөн ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийх гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаагаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичиг нь тухайн үеийн компанийн нийт хөрөнгийн 26,32 хувьтай тэнцэх бөгөөд энэхүү хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаргасан байна. Компанийн тухай хуулийн 88.1-д Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана, 88.2-т Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг суудлыг хуралд оролцож байгаа хувъцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Бодь даатгал ХХК нь ТУЗ-тэй компани байтал ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн асуудлаа оруулахгүйгээр гүйцэтгэх захирал компанийн тухай хууль, Компанийн дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчиж хийсэн үйлдэл юм. Иймд тус баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Түүнчлэн Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 1-ны өдөр FGI0313401072826 дугаар баталгааны даатгал гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тоггоолын хавсралтаар баталсан сайн дурын даатгалын хэлбэрийн 1.13-т тус тус заасныг үндэслэн байгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй NUBIA төслийн Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын газар, шорооны болон ус зайлуулах ажлын гүйцэтгэгч буюу даатгуулагч Насны зам ХХК-ийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг хамгаалах зорилготой байсан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэгт даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд олгох гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс даатгалын зүйл, эрсдлийн төрөл, үргэлжлэх хугацаа зэрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг тусгаж, гэрээ байгуулсны нотолгоо болгон даатгалын баталгааг гаргуулдаг. Үүнтэй холбоотойгоор даатгагч Бодь даатгал ХХК-ийн тухай үеийн гэрээ байгуулсан гүйцэттэх захирал, ажилтнууд баталгааны даатгалын үндсэн гэрээнд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гарган өгч байна гэж ойлгон 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл баталгаануудын төлбөр төлөгдөх нөхцөл, хүргүүлэх мэдэгдэл зэрэг нь даатгагч, даатгуулагчийн тохиролцооны зүйл, анхны үндсэн гэрээний агуулга, хүсэл зорилгод нийцээгүй, даатгалын баталгааны загвартай адил байснаас ноцтой төөрөгдөлд хүргэсэн тул 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 03/512 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-д нэн даруй мэдэгдсэн болно. Уг албан бичигт даатгуулагч Насны зам ХХК-тай байгуулсан 2013 оны FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын үндсэн гэрээний нөхцөлд заасан эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгох зэрэг гэрээний нөхцлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн юм. Дээрх үйл явцыг дүгнэвэл, Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай байгуулсан гэрээнд үндэслэн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүргийн хүрээнд даатгалын баталгааг олгож байна гэж ойлгож BD/C130051 дугаарт урьдчилгаа төлбөрийн баталгаа болон BD/C130052 дугаарт гүйцэтгэлийн баталгааг Эс си ти и си эм ХХК-иас ирүүлсэн загварын дагуу гаргаж хүргүүлснээс талуудын хооронд төөрөгдөл үүссэн байна. Тухайлбал Насны зам ХХК-тай Бодь даатгал ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын гэрээг байгуулсан бөгөөд Эс си ти и си эм ХХК-д олгосон BD/C130051, BD/C130052 дугаар бүхий Даатгалын баталгаануудад заасан гэрээний дугаар хэсэгт FGI0313401072826 гэсэн гэрээний дугаарыг зааж өгсөн байгаа нь Бодь даатгал ХХК-ийн зүгээс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын гэрээний даатгалын баталгааг гаргаж өгсөнийг харуулж байна. Үүний улмаас Бодь даатгал ХХК нь даатгалын баталгаа өгч байна, Эс си ти и си эм ХХК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргуулж авсан гэж зөрүүтэй ойлгосноос талууд хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.17-д урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг гаргах эрхтэй субьектийг тодорхой хуульчилснаас үзэхэд банкны баталгаа, Засгийн газрын баталгаа, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгох бөгөөд үүнд даатгалын компани хамаардаггүй. Тиймээс нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-ийн хувьд ч даатгалын баталгааг дээрх хуульд заагдсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гэж ойлгож, агуулгын хувьд төөрөгдөж байна. Иймд хариуцагч Бодь даатгал ХХК нь даатгуулагч Насны зам ХХК-тай байгуулсан 2013 оны FG10313401072826 дугаар баталгааны даатгалын үндсэн гэрээний шинж, үндсэн агуулга, хүсэл зорилгод нийцээгүй баталгааг гарган өгч ноцтой төөрөгдсөн тул 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм. Тиймээс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.2.3-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох үндэслэлүүдийг аль алийг нь харгалзан үзэж хүчингүй хэлцэл болохыг тогтоож өгнө үү. ... Маргаан бүхий баталгаанууд Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр заасан. Иймд даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын үйл ажиллагаанд хамаарахгүй тул даатгагч баталгаа гаргах нь Даатгалын тухай хуулийн дээрх заалтыг зөрчих юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд гарах үед буюу 2013 онд ердийн даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн заавар батлах тухай 80 дугаар тогтоолоор тодорхойлж байсан. Үүнд, даатгагч мөнгөө банкинд хадгалуулах, бонд худалдан авах, түрээсийн үйл ажиллагаа явуулах, хадгаламжийн сертификат худалдаж авах, богино хугацаат зээл олгох зэрэг үйл ажиллагааг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулан үзэж, даатгагч тэдгээр үйл ажиллагааг явуулж болохоор заасан. СЗХ-ны тус тогтоолоор баталгаа гаргахыг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулсан зүйл байхгүй. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар хязгаарлаж заасан нь даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Хэрэв ийнхүү хязгаарлахгүй бол даатгагч даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн үйл ажиллагааны улмаас алдагдал хүлээхэд даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх, даатгуулагчид хохирох нөхцөл байдалд хүрэх боломжтой. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй 2,4 тэрбум төгрөгийг Бодь даатгал ХХК төлсөн нөхцөлд энэ нь түүний даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах санхүүгийн чадварт ноцтойгоор нөлөөлнө. Хууль тогтоогч ийм байдал үүсэх буюу нийтийн (даатгуулагчдын) ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж, даатгагчийн үйл ажиллагааны хүрээг зөвхөн даатгалын үйл ажиллагаагаар хязгаарласан байна. Даатгагч нь олон даатгуулагчаас тус бүрээс нь бага хэмжээний хураамж төвлөрүүлэн, тэдгээрийн ирээдүйд гарч болох их хэмжээний эрсдэлийг үүрч байдаг. Иймд даатгагч төвлөрүүлсэн даатгалын хураамжаа зүй зохистойгоор зарцуулах нь нийтийн ашиг сонирхлын шаардлага юм. Даатгагчаас 2.4 тэрбум төгрөгийг гаргуулснаар тухайн компанид даатгуулсан даатгуулагчдын эрх ашиг хөндөгдөх буюу тэдгээр даатгуулагчдад учирсан хохирлыг даатгагч төлж чадахгүй байх эрсдэл үүсэх боломжтой. Ийм эрсдэл үүсэхээс хамгаалах үүднээс хууль тогтоогч нь даатгагчид зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр, даатгагч өөр төрлийн бизнес хийх, бусдын үүрэгт баталгаа гаргах зэргээр даатгалын нөөц санг алдагдалтай болгох, эрсдэлд учруулахаас сэргийлж буй юм. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар түүний санхүүгийн байдалд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих, даатгагч өөрийн нөөц хөрөнгөө зөв удирдах боломжтой болох юм. Учир нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар даатгалын үйл ажиллагааны улмаас учирч болох эрсдэл, санхүүгийн зүй зохистой байдлаа актаар тооцооллын дагуу тооцоолох боломж бүрдэж байдаг билээ. Даатгалын тухай хуулийн 4.1.8 дахь заалтад зааснаар актаар гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг ойлгодог. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж тайлбарлавал хуулийн 25.5 болон 49.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөхгүй ойлгогдох юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах тухай заасан. Даатгалын тухай хуулийн 25.1 дэх хэсэгт Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ гэж, дээрх журмын 1.4 дэх хэсэгт даатгалын компани энэ журмаар зөвшөөрөгдсөн даатгалын нөөц сан байгуулах, нөөц сангийн хэмжээг тооцох бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна гэж тус тус заасан. Эндээс дүгнэхэд, хууль тогтоогч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөөц сангийн хөрөнгийг зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зарцуулахаар хязгаарласан. Даатгагч нь даатгалын болон түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болох нь дараах хууль тогтоомжуудаар мөн адил нотлогдоно. Үүнд, Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн заавар батлах тухай 80 дугаар тогтоолоор баталсан, ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврын 4.1 дэх хэсэгт Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн буюу энэ зааврын 3.1-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19-д заасны дагуу хариуцлага тооцно гэж заасан. (Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн тус хэсэг өөрчлөн найруулагдсан) Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж, зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журам зөрчсөн бол түүнийг Даатгалын тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхээр тодорхой заасан. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө, маргаан бүхий баталгаанууд гарах үед Даатгалын тухай хуулийн 83 дүгээр зүйлийн 83.1.19 дэх хэсэгт энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчийг 500000-1000000 төгрөгөөр торгох гэж заалт байсан. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчсөн нөхцөлд даатгагч нь хариуцлага хүлээхээр заасан нь даатгалын буй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болохыг илтгэнэ. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон нь холбогдох этгээд буюу компанитай хамааралтай этгээдэд давуу байдал олгохгүй байхыг заасан хэрэг болохоос бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргахыг зөвшөөрсөн заалт биш юм. Хуулийн тус заалтыг тэгж ойлгохгүй бол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт, 83.1.19 дэх заалт, 25.5 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсгүүд хоорондоо зөрчилдөх болно. Өмнө энэхүү маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт болон 27.1.4 дэх заалтуудыг тийнхүү хоорондын зөрчилгүй тайлбарлах үндэслэлтэй тухай дүгнэсэн. Бид тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байна. Санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани нь нийтийн мөнгийг удирдаж байдаг учир нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвхөн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоодог юм. Тухайлбал, Банкны тухай хуулийн 6.1, 6.2, 7.1 дэх хэсгүүдэд банк зөвхөн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан. Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд ч үүнтэй ижил зохицуулалт юм. Баталгаанууд нь их хэмжээний хэлцэл, гүйцэтгэх захирлын эрх хэмжээнээс хэтэрсэн хэлцэл байсан тухай: Маргаан бүхий урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүд нь Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх хэсэгт хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дунгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл байсан. Тус гэрээнүүд нь тухайн үеийн компанийн балансын нийт активын 25 хувиас хэтэрч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Бодь даатгал ХХК-ийн тухайн үеийн санхүүгийн тайлангаас харагдана. Компанийн тухай хуулийн 76.116 дахь заалтын дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох нь компанийн ТУЗ-ийн бүрэн эрх билээ. Гэтэл, компанийн гүйцэтгэх захирал нь тухайн хэлцлийн тухай ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй байсан. Бид тус хэлцэлд ТУЗ зөвшөөрөл олгох эсэхийг сүүлд ТУЗ-өөр хэлэлцүүлэхэд ТУЗ зөвшөөрөл олгохоос татгалзсан. Иймд маргаан бүхий баталгааны хэлцлүүд компанийг тухайн асуудлаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь банкны баталгаа тул Иргэний хуулийн 56.1.8, 189.3 дахь заалтуудын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Иргэний хуулийн 234 дугаар зүйлд баталгааны хэлцлийн тухай заасан бол хуулийн 457 дугаар зүйлд банкны баталгааны гэрээний тухай заасан. Бодь даатгал ХХК-ийн гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь эдгээрийн аль нь болохыг тогтоох нь чухал. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар банкны баталгаа гаргах нь Монголбанкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх банкны үйл ажиллагаа билээ. Хэрэв Бодь даатгал ХХК-ийн гаргасан баталгаанууд нь банкны баталгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Бидний зүгээс маргаан бүхий баталгаануудыг банкны баталгаа байна гэж үзэж байна. Учир нь, банкны баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хоорондын гэрээний харилцаанаас үл хамаарах, бие даасан байх шинжээрээ ердийн баталгаанаас ялгагдана. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардана гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагатай. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудсуудад дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно гэж дүгнэсэн байна. Харин банкны баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасны дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран үүрэг хүлээх юм. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанд тус баталгаанууд нь Олон Улсын худалдааны танхимын 458 дугаар болон 758 дугаар Баталгааны нэгдсэн журмаар зохицуулагдахыг заасан. Энэ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.17 дахь хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбоотой бусад харилцааг Олон Улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна гэж заасны дагуу маргаан бүхий баталгаанууд гарсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгааны Олон Улсын туршлага, зохицуулалтын дагуу гарсан банкны баталгааны гэрээ байна. 758 дугаар Баталгааны нэгдсэн журмын 5(a) хэсэг. (Баталгааны бие даасан байдал) Баталгаа нь үндсэн гэрээ болон баталгаа гаргуулах хүсэлтээс үл хамааралтай бөгөөд баталгаа гаргагч нь эдгээр харилцаатай аливаа байдлаар холбогдож үүрэг хүлээхгүй гэж тус тус заасан. 458 дугаар Баталгааны нэгдсэн журмын 2(a) хэсэгт мөн адил агуулгаар заасан. Энэ нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэх журамтай нийцэж байна. Иймд маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан абстракт шинжийг хангасан банкны баталгааны гэрээ байна. Нэхэмжлэгч компаниас Насны зам ХХК-иар дамжуулж хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний нөхцөлд баталгаа гаргагчийн тухай тэмдэглэхдээ баталгаа гаргагч банк, банкны нэр гэх зэрэг тэмдэглэсэн байгаа нь үүний нэг нотолгоо юм. Банкны баталгааны гэрээ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа бөгөөд Бодь даатгал ХХК нь тийнхүү тусгай зөвшөөрөлгүй учир маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалт, 189 дүгээр зүйлийн 189 2 дахь заалтуудын дагуу тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч компани нь дээрх нөхцөл байдлаас зайлсхийх, нуух үүднээс маргаан бүхий баталгаануудыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан ердийн баталгааны хэлцэлд хамааруулан тайлбарлаж ирсэн гэж бид үзэж байна. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж, 58.2.2 дахь хэсэгт хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж тус тус заасны дагуу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл юм. Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай гүйцэтгэлийн баталгааны гэх даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан. Харин, нэхэмжлэгч компанид үл маргах журмаар төлөгдөх баталгаа гаргах сонирхол байгаагүй. Компанийн тухайн үеийн удирдлагууд баталгааны хэлцэл нь үл маргах журмаар төлбөр төлөгдөх үр дагавартайг ойлгож мэдэлгүй, баталгааны даатгалын гэрээний баталгааг гарган өгч байна хэмээн эндүүрч маргаан бүхий баталгаануудыг гаргасан. Үүнийг хэрэгт авагдсан баримтуудад дүн шинжилгээ хийх замаар, дараах байдлаар нарийвчлан тайлбарлаж байна. Бодь даатгал ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг. Даатгалын тухай хуулиар даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан тул даатгалын гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулах, үйл ажиллагаа явуулах зүйл хийдэггүй. Тус компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Насны зам ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 тоот баталгааны даатгалын гэрээ байгуулсан. Бодь даатгал ХХК-ийн жинхэнэ, хүссэн гэрээний хүсэл зориг бол тус даатгалын гэрээ юм. Тус даатгалын гэрээгээр Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-ийн хэрэгжүүлэхээр шалгарсан Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал NUBIA төслийн газар шорооны болон ус зайлуулалтын ажил төсөлтэй холбогдуулан Насны зам ХХК, түүний туслан гүйцэтгэгч нарын хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, итгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө завших, шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх зэрэг үйлдлүүдийн улмаас Эс си ти и си эм ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус компанид хохирол учирсан нөхцөлд урьдчилгаа төлбөрийн хувьд 1 090 000 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны хувьд 2 180 000 000 төгрөг хүртэлх хэмжээнд даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна. Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгал нь СЗХ-ноос зөвшөөрөгдсөн чин шударгын баталгааны даатгал юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолоор сайн дурын даатгалын хэлбэрүүдийг тогтоосон бөгөөд тус журмын хавсралтын 1.13 дахь хэсэгт итгэлцлийн даатгалыг тодорхойлсон. Үүнд, Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал (Performance Insurance), чин шударгын баталгааны даатгал (Fidelity guarantee Insurance) даатгал үүнд хамаарна гэж тайлбарласан. Бодь даатгал болон Насны зам ХХК-иудын хоорондын баталгааны даатгал бол чин шударгын баталгааны даатгал юм. Учир нь Бодь даатгал ХХК-ийн СЗХ-нд бүртгүүлсэн чин шударгын баталгааны даатгалын нөхцөл, гэрээний загвар, түүнд заасан даатгалын эрсдэлийн дагуу баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл Бодь даатгал ХХК-ийн хүсэл зориг бол СЗХ-ны дээрх тогтоолоор зөвшөөрөгдсөн чин шударгын гүйцэтгэлийн баталгааны даатгалд хамаарах баталгааны даатгалын гэрээний дагуу Насны зам ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн бол (зөвхөн гэрээнд заасан эрсдэлийн улмаас) даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцох явдал байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчдын зүгээс Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж, түүний үндсэн дээр буюу тус гэрээний дагуу бидэнд баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Бодь даатгал ХХК нь баталгааны даатгалыг хэрхэн байгуулах тухай журмаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бөгөөд СЗХ-ноос тус журмыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн. Баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд тус гэрээтэй холбоотой бие даасан хэлцэл болох баталгаа гаргах тухай тус даатгалын бүтээгдэхүүний журамд заагаагүй. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий баталгаануудыг гаргаж өгсөний дараа 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгч байсан байдаг. Тус албан бичиг нь Бодь даатгал ХХК төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохыг нотлох юм. Үүнд; тус албан бичиг 4 догол мөртэй бөгөөд эхний догол мөрөнд Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан тухай, 2 дахь догол мөрөнд тус гэрээний дагуу ямар нөхцөлд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгох тухай бичсэн байна. Хэрэв баталгааны гэрээ байгуулснаа мэдэж байсан бол дээрх агуулгаар бичиг өгөхгүй байх байсан. Тухайлбал, URDG баталгааны нэгдсэн журамд зааснаар нэхэмжлэх ирснээс хойш 5 хоногт төлбөр олгох ёстой. Гэтэл хариуцагч ажлын 30 хоногийн дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж байсан нь баталгааны даатгалын гэрээний 9.5 дахь заалтыг баримталж байсныг харуулна. Мөн нэхэмжлэгч компанид төлбөр олгохын тул баталгааны даатгалын гэрээнд заасан баримтуудыг бүрдүүлэн авсны үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох тухай заасан. Тус албан бичгийн 2 дахь догол мөрөнд даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийн улмаас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох тухай агуулга байгаа. Эдгээр нь нэхэмжлэгч компанид төлбөр олгох ажиллагаа баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана гэж ойлгож байсныг буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулагдсан тухай огтоос мэдэхгүй, ойлгоогүй байсныг нотлох юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон Насны зам ХХК-тай байгуулсан мөн өдрийн баталгааны даатгалын гэрээнүүд бүгд нэгэн адил FGI0313401072826 гэсэн дугаартай байгаа нь маргаан бүхий хэлцлүүд ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох зүйл юм. Учир нь хэрэв компанийн тухайн үеийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон баталгааны даатгалын гэрээ тусдаа хэлцэл гэж ойлгож байсан бол тус гурван хэлцлийг нэг ижил байдлаар дугаарлахгүй байх байсан. Харин гэрээнүүдийг бие биеэс нь ялгах, зөв бүртгэх зорилгоор ондоо дугаарлалт өгөх байсан. Бодь даатгал ХХК энэ зорилгоор өөрийн байгуулсан бүх гэрээнүүдээ тодорхой журмын дагуу бүртгэдэг. Тухайлбал, одоогийн байдлаар компанийн гүйцэтгэх захирлын 2017.10.26-ны өдрийн даатгалын бүтээгдэхүүний шинэчилсэн бүртгэл, бүтээгдэхүүний кодчилол, даатгалын гэрээний дугаарыг шинэчлэн батлах тухай А/056 дугаар тушаалаар гэрээний дугаарлалт хийгдэж байна. Тус тушаалын 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дугаар нь цор ганц, давтагдашгүй байх юм. Тус гурван хэлцэл бүгд ижил дугаартай байгаа учир нь Бодь даатгал ХХК, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс баталгааны даатгалын гэрээний хавсралт болгож даатгалын баталгааг гарган өгч байна гэсэн ойлголттой байсантай холбоотой. Иргэний хуулийн 433 1 дэх хэсэгт "Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй гэж, Даатгалын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт Даатгагч даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүрэгтэй гэж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд түүний нотолгоо, гэрчлэх баримт болох Даатгалын баталгаа олгогддог Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт Энэхүү гэрээний хавсралт, гэрээт баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан нь даатгагч тус даатгалын гэрээнд гэрээт баталгаа олгосон болохыг харуулах бөгөөд хуулийн дээрх заалтууд, даатгалын гэрээний энэхүү заалтын дагуу даатгалын баталгаа гаргаж өгөхдөө төөрөгдөл явагдсан байна. Баталгааны даатгалын гэрээт баталгаа гэсэн өөр баримт бичиг байхгүй тул урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь тус даатгалын гэрээний хавсралт болох нь ойлгомжтой. Тухайн үед Бодь даатгал ХХК-д үйлчилж байсан гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн журам батлах тухай ОЗ/Б/102 дугаар тушаалаар батлагдсан даатгалын гэрээ байгуулах аргачилсан журмын 2.15 дахь хэсэгт Даатгалын гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурсны дараа даатгагч даатгуулагчид даатгалын гэрээт баталгаа бичиж олгоно гэж, 2.13 дах хэсэгт Даатгалын гэрээний хавсралт нь дараах шаардлагыг хангасан байна, 2.13.1 дэх заалтад Даатгалын гэрээтэй ижил дугаартай байх бөгөөд хавсралтыг дугаарласан дэд дугаартай байна гэж тус тус заасан. Журмын тус заалтаас дүгнэхэд даатгалын гэрээний хавсралтад даатгалын гэрээний дугаар тавигдах бөгөөд нэмэлтээр дэд дугаар тавигддаг байсан байна. Маргаан бүхий баталгаануудад баталгааны даатгалын гэрээний FGI0313401072826 гэх дугаар тавигдсан байгаа нь тус баталгаануудыг даатгалын гэрээний хавсралт буюу гэрээт баталгаа гэж ойлгож байсныг гэрчилнэ. Харин урьдчилгаа төлбөрийн баталгааны BD/C130051 гэх дугаар, гүйцэтгэлийн баталгааны BD/C130052 гэх дугаар нь тус тус журмын 2.13.1 дэх заалтад заасан дэд дугаар болохыг илтгэж байна. Мөн маргаан бүхий баталгаануудын FGI0313401072826 гэх дугаарлалт нь тус гэрээг даатгалын баталгаа гэж ойлгож байсныг илтгэх өөр хүчин зүйлс байна. Тодруулбал, дугаарлалт FGI гэж эхэлж байгаа нь Fidelity Guarantee insurance буюу чин шударгын баталгааны даатгал гэх үгийн товчлол юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолын хавсралтын 1.13 дэх хэсэгт чин шударгын баталгааны даатгалыг англи хэл дээр Fidelity Guarantee Insurance гэх нэр томьёогоор илэрхийлсэн. Бодь даатгал ХХК нь СЗХ-ноос тогтоосон албан ёсны нэршлийн дагуу тус бүтээгдэхүүнээ нэрлэж, дугаарлалтад нэршлийн эхний үсэгтнүүдийг FGI гэж товчилж ашигласан байна. Харин гэрээний 40107 гэх дугаар нь гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээг илэрхийлэх код юм. Өөрөөр хэлбэл урьдчилгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын гэрээ дугаарлалтын журмын дагуу дугаарлагдсан байна. 2013 оны 7 дугаар сард үйлчилж байсан гэрээ дугаарлалт болон 2014.06.25-ны өдрийн журам батлах тухай ОЗ/Б/174 дүгээр тушаалаар гэрээнүүд дээрх байдлаар дугаарлагддаг байсан байна. Хэрэв Бодь даатгал ХХК төөрөгдөөгүй буюу бие даасан хэлцэл болох баталгаа гарган өгч байна гэж ойлгож байсан бол тус гэрээний дугаарлалтыг даатгалын гэрээний дугаарлалт ёсоор хийхгүй. Тэр дундаа урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгааг баталгааны даатгалын гэрээний дугаарлалт ёсоор дугаарласан, тэр дугаар нь Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалтай ижил байгаа нь тус хэлцэл төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох юм. Бодь даатгал ХХК төөрөгдөхөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйлс бол баталгааны даатгалын гэрээг анх хийсэн явдал, Олон Улсын баталгааны нэгдсэн журмын дагуу баталгаа гаргаж байгаагүй болон урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгаануудын нөхцлийг нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-иас боловсруулж ирүүлсэн явдлууд юм. Монгол Улсын арилжааны даатгалын салбарт чин шударгын, гүйцэтгэлийн баталгаа зэрэг итгэлцлийн даатгалууд их хийгддэггүй. Бодь даатгал ХХК-ийн хувьд ч гэсэн итгэлцлийн даатгал их хийдэггүй бөгөөд Насны зам ХХК-тай хийсэн баталгааны даатгалын гэрээ нь тус компанийн анхны итгэлцлийн (Баталгааны) даатгал байсан. Үүнээс өмнө ямар нэгэн компанид Олон Улсын баталгааны нэгдсэн журмуудын дагуу баталгаа гаргаж байсан туршлага байхгүй. 3 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх талуудад авагдсан Бодь даатгал ХХК-ийн дотоод цахим шууданд хийсэн үзлэгт тогтоогдсон ёсоор Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж байсан, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Хангай нь нөхөн төлбөрийн хэлтсийн захирал Мөнхтулгад бичсэн цахим захидалдаа энэ гэрээ манай компанийн хувьд хамгийн анхны Баталгааны даатгалын гэрээ байсан тул албан бичгийг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Насны зам ХХК (нэхэмжлэгч) ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан гэж бичиж байсан. Энэ нь болсон бодит байдлыг буюу төөрөгдлийн улмаас баталгаа гаргасан болохыг илтгэх, нотлох баримт юм. Хариуцагч байгууллага нь баталгааг гаргахдаа төөрөгдсөн болохыг тус цахим шууданд нарийвчлан дүн шинжилгээ хийх замаар ойлгож болно. (1) Нөхөн төлбөрийг татгалзана vv гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ хийгдсэн гэж ойлгож байсныг нотлох юм. Учир нь Эс си ти и си эм ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг баталгааны даатгалын гэрээний дагуу нэхэмжилж буй даатгалын нөхөн төлбөр гэж ойлгосныг харуулна. Хэрэв баталгааны хэлцлийн дагуу төлбөр нэхэмжилж байна гэж ойлгосон бол ингэж бичихгүй байсан. Нөхөн төлбөр гэдэг бол даатгалын гэрээний үндсэн дээр олгогддог учирсан хохирлыг барагдуулах төлбөр байдаг. Баталгааны гэрээний үндсэн дээр нөхөн төлбөр олгогддоггүй. (2) Гэрээ болон баталгааны бичиг 3-4 жилийн хугацаатай хийгдсэн гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ болон баталгааны гэрээнүүдийн тухай ярьж буй хэрэг. Ингэхдээ даатгалын гэрээг гэрээ гэж, харин баталгаануудыг баталгааны бичиг гэж бичсэн байгаа нь баталгааг бие даасан хэлцэл гэж бус даатгалын гэрээний баталгаа (сертификат) гэж ойлгож байсныг илтгэнэ. Даатгалын гэрээний дагуу барьцаа хөрөнгө бүртгүүлэх, хураамжаа төлөх гэж бичиж байсан нь Бодь даатгал ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хүмүүс даатгалын гэрээ байгуулагдсан тул тус гэрээний дагуу харилцаа зохицуулагдана гэж ойлгож байсныг илтгэнэ. Хэрэв баталгааны гэрээ байгуулсан гэж ойлгож байсан бол тус гэрээ даатгалын гэрээнээс бие даасан гэрээ болохыг ойлгож, даатгалын гэрээг гол болгож ярихгүй байсан. Тухайлбал, баталгааны гэрээ байгуулагдсан нөхцөлд Насны зам ХХК нь баталгааны шимтгэл төлөх ёстой. Гэтэл дээрх цахим шууданд Насны зам ХХК баталгааны шимтгэлээ төлөөгүй гэж бус, даатгалын хураамжаа төлөөгүй гэж бичигдсэн байна. Хураамж төлөхгүй бол манайх нөхөн төлбөр төлөхгүй гэсэн гэрээ байгаа гэж бичиж байсан нь тус харилцаа даатгалын гэрээний дагуу зохицуулагдахаар ойлгож байсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрэгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байсныг илтгэх юм. Хэрэв төөрөгдөөгүй буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулснаа мэдэж байсан бол даатгалын гэрээний дагуу төлбөрийг шийдвэрлэх тухай ярихгүй байх байсан. Манай компанийн хувьд хамгийн анхны гүйцэтгэлийн баталгааны гэрээ байсан тул албан бичиг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж бичсэн нь төөрөгдөл явагдсан нэг шалтгааныг харуулна. Учир нь: Бодь даатгал ХХК баталгааны даатгалын гэрээг өмнө хийж байгаагүй бөгөөд энэхүү Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан нь анхны тохиолдол байсан. Ингэхдээ тус гэрээний баталгааны гэрээнээс ялгагдах ялгааг нь мэдэхгүйгээс болон баталгааны тухай мэдлэггүйгээс болж төөрөгдөл үүссэн байна. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн даатгалын бүтээгдэхүүн боловч Бодь даатгал ХХК төдийгүй монголын бусад даатгалын компаниудын хувьд ч гэсэн төдийлөн хийгддэггүй, танил бус бүтээгдэхүүн билээ. Энэ нь төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргах нэг шалтгаан болсон байна. Насны зам ХХК цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан гэж бичсэн байгаа нь төөрөгдөл явагдах болсон нөхцөл байдлыг тодруулна. Үүнд, бидний тайлбарлаж байгаагаар баталгааны гэрээнүүдийн нөхцөл, загварыг нэхэмжлэгч нь англи хэл дээр боловсруулж, Насны зам ХХК нь Бодь даатгал ХХК-д өгч, гарын үсэг зуруулж байсан юм. Яагаад нэхэмжлэгч боловсруулж өгч байсан бэ гэвэл өмнө Бодь даатгал ХХК-иас баталгаа гэсэн нэртэй бичиг хийж өгч байсан боловч даатгалын баталгаа л өгч байсан нь баталгааны гэрээ биш байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс манай шаардлагыг хангахгүй, баталгаа биш байна гэж буцааж байсан байна. Иймд тэдний шаардлагыг хангуулах үүднээс тэдний боловсруулж ирүүлсэн нөхцөл, загвараар нь гарын үсэг зурж, гаргаж өгч байсан байна. Цахим шуудангийн дээрх хэсэгт энэ тухай бичигдсэн байна. Цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар өөрчлүүлж гэж бичсэн байгаа нь хариуцагч компанийн анхны гаргасан баталгаа гэх бичгийг нэхэмжлэгч нь буцааж, нэхэмжлэгчийн хийж өгсөн загвар, нөхцөлөөр хариуцагч баталгаа гаргасан тухай бичсэн хэрэг юм. Насны зам ХХК руу мөн холбогдох гэрээ хүчингүй болсон талаар албан бичиг төлөвлөж хүргүүлнэ үү гэсэн байгаа нь даатгалын хураамж төлөгдөөгүйтэй холбоотой баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй болохыг Насны зам ХХК-д мэдэгдэх тухай бичсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн төлбөр нь баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана хэмээн ойлгож байсныг илтгэнэ. Харин тус цахим шууданд баталгааны гэрээ гэж ямар ч бичигдээгүй байгаа нь Бодь даатгал ХХК өөрсдийн гаргаж өгсөн баталгааг бие даасан хэлцэл гэж огт мэдээгүй, харин даатгалын гэрээт баталгаа гаргаж өгсөн гэж буруу ойлгож байсныг илтгэх юм. Өөрсдийн гаргаж өгсөн баталгаа нь бие даасан гэрээ болохыг огт мэдээгүй, ойлгоогүй тул баталгааны гэрээний тухай ямар ч яригдаагүй байгаа юм. Энэ бол ноцтой төөрөгдөл явагдсаныг нотлох зүйл юм. Хэрэв хариуцагч төөрөгдөөгүй бол даатгалын гэрээний тухай ярих бус баталгааны төлбөрийг хэрхэн шийдвэрлэх тухай буюу баталгааны хэлцлийн тухай ярих байсан. Тодруулбал, Бодь даатгал ХХК нь нэхэмжлэгчид баталгаа олгосноо мэдэж байсан, төөрөгдөөгүй бол нэхэмжлэгчээс баталгааны төлбөр нэхэмжлэх үед ямар агуулгатай майл бичигдэх байсан тухай авч үзье. Үүнд, дараах агуулгатай дотоод майл бичигдэх байсан. Самсунг ХХК нь баталгааны төлбөр гаргуулахаар албан бичиг ирүүлсэн байна. Бид тус компанид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгч байсан. Үүнд, Насны зам ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж Самсунг ХХК үзэж, баталгааны төлбөр гаргуулахыг хүссэн нөхцөлд бид баталгаануудад заасан үнийн дүнгийн хэмжээнд баталгааны төлбөр төлөх үүрэгтэй. Баталгаа нь Эс си ти и си эм ХХК болон Бодь даатгал ХХК-иудын хоорондын бие даасан харилцаа бөгөөд үл маргах журмаар төлбөр төлөгдөх журамтай учир бид Насны зам XXК гэрээний үүргээ зөрчсөн, үгүй эсэхээс үл хамааран Самсунг ХХК-д баталгааны хязгаарт багтаан төлбөр төлөх үүрэгтэй. Иймд төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя гэх байдлаар майл бичигдэх байсан байх. Бодь даатгал ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зоригийг тайлбарлах тухай: Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчид бие даасан баталгаа гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчид баталгааны төлбөрийг ямар журмаар олгох тухай тайлбар хүргүүлэхдээ даатгалын гэрээний журмаар шийдвэрлэх тухай хүргүүлж байсан. Иймд тус компани нь баталгааны хэлцэл байгуулах хүсэл зоригтой байсан эсэх эсвэл баталгааны даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан эсэхийг тодруулах, дүгнэх нь чухал. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу тус компанийн хүсэл зоригийг тогтоох учиртай. Бид хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн Бодь даатгал ХХК-ийн хүсэл зориг нь баталгааны хэлцэл байгуулах бус баталгааны даатгалын гэрээ байгуулах, тус гэрээнд заасан журмын дагуу даатгалын нөхөн төлбөр олгох явдал байсныг нотолж байгаа гэж бодож байлаа. Баталгаа гаргах бус даатгалын гэрээ байгуулах нь Бодь даатгал ХХК-ийн хэрэгцээг, шаардлагад нийцэх юм. Өөрөөр хэлбэл Бодь даатгал ХХК тухайн нөхцөл байдалд баталгаа гаргах сонирхол, хэрэгцээ, шаардлагагүй байна. Бодь даатгал ХХК нь маргаан бүхий гэрээнүүдийг ойлгоогүй болох нь бусад баримтуудаар ч тогтоогдоно. Тухайлбал, компанийн тухайн үеийн санхүүгийн тайланд энэ тухай тусгагдаагүй, Насны зам ХХК-тай баталгааны тухай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бусад албан бичигт, баримтуудад ч компани баталгаа гаргасан тухай тусгагдаагүй байгаа нь компанийн удирдлагууд тухайн баталгааны эрх зүйн үр дагаврыг мэдэлгүй, баталгааны даатгалын гэрээний хавсралт бүхий даатгалын баталгаа нь гэж андуурч байсныг нотлох юм. Өмнө энэхүү хэргийг тус шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн зүгээс ч Бодь даатгал ХХК нь төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүдийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 10 дахь тал, 2 дахь догол мөрөнд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: Хуулийн этгээд төөрөгдөж болно гэх хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ нь өөрийн үндсэн бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээтэйгээр эрх зүйн харилцаанд орох, хэлцэл хийгч нөгөө тал болон өөрийн эрх ашиг, бизнесийг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс хамгаалах бүх талын чадавхтай боловч уг чадавхаа ашиглаагүй хайнга хандсан мэргэшсэн санхүүгийн субъектийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл байна шударга, зөв гэж үзэх боломжгүй. Энэ нь Бодь даатгал XXК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргахдаа хайхрамжгүй хандаж, төөрөгдсөн болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс бидний үндэслэлийг няцаагаагүй бөгөөд харин дахин сайтар тодруулах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Баталгаануудыг гаргахдаа төөрөгдсөн болохоо хэзээ мэдсэн тухай авч үзье. Анхан шатны шүүхийн зүгээс өмнө тус хэргийг шийдвэрлэхдээ урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга, зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байсан. Үүнтэй холбоотой бид тайлбар гаргах нь зөв байх. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд хэлцэл байгуулагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл байгуулсан бол хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан тул маргаан бүхий хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцохын тулд хэлцэл хийгч ноцтой төөрөгдсөн эсэхийг тодруулах бөгөөд төөрөгдсөн зүйл байвал хүчин төгөлдөр бусад тооцох юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга бус байдал гаргахгүй. Учир нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн ... үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу Бодь даатгал ХХК хайхрамжгүй хандсан бол нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсоны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй юм. Иймд нэхэмжлэгч нь энэ журмаар өөрт учирсан хохирлоо арилгах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга ёсыг бий болгох юм. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Бодь даатгал ХХК нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсний дараа нэхэмжлэгч нь баталгааны төлбөрийг хэрхэн олгох, шийдвэрлэх журмаа ирүүлэхийг Бодь даатгал компаниас хүссэн байдаг. Үүний хариу болгож, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгсөн бөгөөд тус албан бичигт баталгааны даатгалын гэрээнд заасан ёсоор төлбөр олгох тухай тайлбарлаж байсан. Эндээс дүгнэхэд, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Бодь даатгал ХХК төөрөгдөж, бие даасан хэлцэл болох баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан. Хожим 2015 онд нэхэмжлэгч нь Бодь даатгал ХХК-д албан бичиг хүргүүлж, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудын дагуу төлбөр нэхэмжилсэн. Энэ үед компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анх маргаан бүхий гэрээ, хэлцлүүдийг компанийг төлөөлөн байгуулж байсан Б.Хангай (гэрч) нь нэхэмжлэгчийн тус хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх тухай компанийн нөхөн төлбөрийн хэлтсийн захиралд дотоод майл бичсэн. Тус мэйлээс харвал тухайн үед Бодь даатгал ХХК нь нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн бөгөөд тэдгээр нь даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл гэж ойлгоогүй байсан болох нь харагддаг. Харин тус компанийн нэхэмжлэлийг баталгааны даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байна хэмээн ойлгож, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах тухай майл бичсэн байна. Мөн үүний дагуу хоёр ч удаа (2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 1 дүгээр хавтаст хэргийн 24, 29 дэх талууд) даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тухай нэхэмжлэгч компанид албан бичгээр хариу явуулж байсан байна. Өөрөөр хэлбэл тухай үед ч компани ноцтой төөрөгдөж баталгаа гаргасан болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан байна. Үүний дараа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхэд хариу тайлбар гаргахдаа мөн адил даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар өгч байсан. Энэ нь шүүхээс хэрэг үүсгэсэн үед ч хариуцагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргасан болохоо мэдээгүй байсныг нотлох юм. Үүний дараа энэ тухай банк, санхүүгийн чиглэлээр түлхүү хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг КЕ партнерс өмгөөллийн нөхөрлөлөөс энэ талаар хууль зүйн зөвлөгөө авсан байдаг. Тухайн зөвлөгөө авч компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь баталгааны даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл болохыг ойлгож эхэлсэн буюу төөрөгдөж тус хэлцлийг байгуулсан болохоо ойлгож эхэлсэн байна. Хэдийгээр тус өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан бидний гэрээ, өмгөөллийн нөхөрлөлийн бидэнд өгсөн хууль зүйн дүгнэлт нь байгууллагын нууцлалд хамаарах ч бид ноцтой төөрөгдөл явагдсаныг хэзээ мэдсэнийг нотлох үүднээс КЕ партнерс өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан хууль зүйн үйлчилгээ авах тухай гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт, тус өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс өгсөн хууль зүйн дүгнэлтийг тус тус гаргаж өгөв. Ийнхүү төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдсэний дараа тус хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн тул шүүхийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөлд хэлцлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс ноцтой төөрөгдөл байгаагүй болохыг нотлох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, өгөх боломжгүй байгаа болохыг тэмдэглэж байна. Учир нь, Бодь даатгал компанийн тухайн үеийн удирдлагууд баталгааны даатгалын гэрээний даатгалын баталгааг гаргаж өгч байна гэсэн ойлголтоор хандаж, баталгааны учир холбогдлыг ойлголгүй буюу ноцтой төөрөгдөж маргаан бүхий баталгаануудыг гаргасан нь бодит байдал билээ. Иймд маргаан бүхий баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Бодь даатгал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Эс си ти и си эм ХХК нь Бодь даатгал ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу их хэмжээний хэлцлийн хууль зүйн үр дагавар нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид үүсэх бөгөөд ашиг сонирхол нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хэлцлийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал байх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын зүгээс хийсэн хэлцлийг гуравдагч этгээдийн зүгээс шалгах, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн дотоод асуудал байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны агуулгаас харвал эдгээр баримт бичгүүд нь бие даасан хэлцэл, баримт бичгүүд байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус компанийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарж гаргаж өгсөн байх атал баталгааны дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үед ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй, бусдыг хохироосон залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн нотлох баримтууд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахад өөрийн үндэслэлийг нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Аливаа этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл бол нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмын дараа орох талуудын хооронд заавал биелэгдэх үүрэг үүсгэдэг гол тохиролцоо, хоорондын дүрэм, баталгаа, хэлцлийн мөн чанар гэж бид ойлгож байнаИймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, баталгааны дагуу төлбөрийг олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1-д зааснаар хариуцагч Бодь даатгал ХХК-иас 2 394 878 435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар хариуцагч Бодь даатгал ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 02 тоот гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 290 292 төгрөг, хариуцагч Бодь даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 507 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бодь даатгал ХХК-иас 12 132 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтыг хэрэглээгүй тухай: Бид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтын дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан. Хуулийн тус заалтуудыг хэрэглэх тухай үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс бидний тус үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй байна. урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь хууль зөрчсөн хэлцэл биш гэж дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 21 дэх тал, 6 дахь догол мөрнөөс Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар даатгалын байгууллага нь гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан байх ба мөн хуульд даатгалын байгууллагыг дээр дурдсанчлан бусад этгээдийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн талаар баталгаа гаргахыг хориглосон хязгаарлалт байхгүй ... гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүхийн тус дүгнэлт нь илт үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь, Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт "зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ" гэж заасан нь түүнээс бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон агуулгатай болох нь ойлгомжтой зүйл билээ. Энэ ч үүднээс даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчиж, бусад үйл ажиллагаа эрхэлсэн бол даатгагчийг 500 000 - 1 000 000 төгрөгөөр торгохоор Даатгалын тухай хуулийн 83.1.19 дэх хэсэгт заасан. Тус хууль нь Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө буюу маргаан бүхий гэрээ, хэлцлүүдийн үед хүчинтэй байсан хуулийн зохицуулалт юм. Одоогийн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт мөн адил даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн бол зөрчил гэж үзэж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний (10 сая) төгрөгөөр торгох-оор заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн "Заавар батлах тухай" 80 дугаар тогтоолоор баталсан ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврын 4.1 дэх хэсэгт Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн буюу энэ зааврын 3.1-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19-д заасны дагуу хариуцлага тооцно" гэж заасан. (Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн тус хэсэг өөрчлөн найруулагдсан) Эдгээр хуулийн зохицуулалт нь даатгагч зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчих, өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хууль бус болохыг хангалттай харуулах юм. Хууль тогтоогчийн зүгээс нэгэнт даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг даатгагчид хориглосон тул хууль зүйн техникийн хувьд урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг гаргаж болохгүй гэх зэргээр эрхэлж болохгүй үйл ажиллагааг нэг бүрчлэн тоочих, нарийвчлан заах шаардлага байхгүй. Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны журмуудыг харах юм бол бусад этгээдийн төлөх төлбөрт баталгаа гаргах нь даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа нь тодорхой. Үүнтэй нэхэмжлэгчийн зүгээс ч энэ талаар маргадаггүй.

Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулах-аар хязгаарлаж заасан нь даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Хэрэв ийнхүү хязгаарлахгүй бол даатгагч даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн үйл ажиллагааны улмаас алдагдал хүлээхэд даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх, даатгуулагчид хохирох нөхцөл байдалд хүрэх боломжтой. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй 2,4 тэрбум төгрөгийг "Бодь даатгал" ХХК төлсөн нөхцөлд энэ нь түүний даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах санхүүгийн чадварт ноцтойгоор нөлөөлнө. Хууль тогтоогч ийм байдал үүсэх буюу нийтийн (даатгуулагчдын) ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж, даатгагчийн эрхлэх үйл ажиллагааны хүрээг зөвхөн даатгалын үйл ажиллагаагаар хязгаарласан байна.

Даатгагч нь олон даатгуулагчаас тус бүрээс нь бага хэмжээний хураамж төвлөрүүлэн, тэдгээрийн ирээдүйд гарч болох их хэмжээний эрсдэлийг үүрч байдаг. Иймд даатгагч төвлөрүүлсэн даатгалын хураамжаа зүй зохистойгоор зарцуулах нь нийтийн ашиг сонирхлын шаардлага юм. Даатгагчаас 2.4 тэрбум төгрөгийг гаргуулснаар тухайн компанид даатгуулсан даатгуулагчдын эрх ашиг хөндөгдөх буюу тэдгээр даатгуулагчдад учирсан хохирлыг даатгагч төлж чадахгүй байх эрсдэл үүсэх болно. Ийм эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль тогтоогч нь даатгагчид зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр, даатгагч өөр төрлийн бизнес эрхлэх, бусдын үүрэгт баталгаа гаргах зэргээр даатгалын нөөц санг алдагдалтай болгох, эрсдэлд учруулахаас сэргийлж буй юм. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар түүний санхүүгийн байдалд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих, даатгагч өөрийн нөөц хөрөнгөө зөв удирдах боломжтой болох юм. Учир нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар даатгалын үйл ажиллагааны улмаас учирч болох эрсдэл, санхүүгийн зүй зохистой байдлаа актуар тооцооллын дагуу тооцоолох боломж бүрдэж байдаг билээ. Даатгалын тухай хуулийн 4.1.8 дахь заалтад зааснаар актуарч гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг ойлгодог. Хэрэв даатгагч нь даатгалаас өөр төрлийн гэрээ, хэлцэл байгуулах, үйл ажиллагаа эрхлэх юм бол актуарч тооцоолол хийх боломжгүй болно. Учир нь, даатгалын гэрээг маш олон тоогоор байгуулдаг тул даатгалын гэрээнээс гарч болох эрсдэлийг компанийн даатгалын өнгөрсөн түүхэд үндэслэн тооцоолж болдог бол өөр төрлийн гэрээ, хэлцлийн хувьд хохирол учрах магадлалыг тооцоолох боломжгүй болно.

Даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3 дахь заалтуудаар даатгалын компанийн нөөц сан, төлбөрийн чадварын үзүүлэлт хуульд заасан хэмжээнд хүрээгүй бол ногдол ашиг хувиарлахыг хориглосон нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалж буйн илэрхийлэл юм. Бусад салбарын компаниудын хувьд тухайн жилдээ ашигтай ажиллаж байвал тухайн жилийн ашгаас ногдол ашиг хувиарлах боломжтой байдаг. Гэтэл, даатгагчийн хувьд тухайн жилдээ ашигтай ажилласан ч нөөц сан, төлбөрийн чадварын үзүүлэлт нь хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байвал ногдол ашиг хувиарладаггүй. Энэ нь, хууль тогтоогч нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс даатгагчид хязгаарлалт тогтоож буйг харуулах юм. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт "Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно" гэж заасан. Энэ нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах, компанийн нөөц санг зөвхөн даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулах зорилгоор ашиглахыг баталгаажуулсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийн зохицуулалттай утга нэг юм. Хэрэв "Баталгаа гаргах нь даатгагчид зөвшөөрөгдөнө" гэж тайлбарлавал даатгагч баталгааны төлбөр олгоход хүрэх бөгөөд энэ нь Даатгалын тухай хуулийн 25.5 дахь хэсгийн зохицуулалттай зөрчилдөх буюу даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын бус зориулалтаар зарцуулахад хүрэх болно. Харин даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж тайлбарлавал хуулийн 25.5 болон 49.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөхгүй тайлбарлагдах юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн
70 дугаар тогтоолоор ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах,
түүнд хяналт тавих журмыг баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг
зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах тухай заасан.
Даатгалын тухай хуулийн 25.1 дэх хэсэгт "Даатгагч нь гэрээний явцад үүссэн
үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ" гэж,
дээрх журмын 1.4 дэх хэсэгт "даатгалын компани энэ журмаар
зөвшөөрөгдсөн даатгалын нөөц сан байгуулах, нөөц сангийн хэмжээг тооцох
бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх
хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна" гэж тус тус заасан. Эндээс дүгнэхэд, хууль тогтоогч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөөц сангийн хөрөнгийг зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зарцуулахаар хязгаарласан. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон нь холбогдох этгээд буюу компанитай хамааралтай этгээдэд давуу байдал олгохгүй байхыг заасан хэрэг болохоос бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргахыг зөвшөөрсөн заалт биш юм. Хуулийн тус заалтыг тэгж ойлгохгүй бол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт, 83.1.19 дэх заалт, 25.5 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсгүүдтэй зөрчилдөх болно. Өмнө энэхүү маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт болон 27.1.4 дэх заалтуудыг тийнхүү хоорондын зөрчилгүй байдлаар тайлбарлах үндэслэлтэй тухай дүгнэсэн. Бид тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө даатгагч зөвхөн холбоотой этгээдэд баталгаа гаргах нь хориглогдсон байна гэж тайлбарлаж байсан боловч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд тийнхүү агуулгатай тайлбар хэлээгүй. Иймд тус асуудлаар нэхэмжлэгч нь бидний тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолын 5.6 дахь хэсэгт "Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл ..." гэж тайлбарласан байна. Бодь даатгал ХХК нь бусдын төлбөр төлөх үүрэгт баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд тус үйл ажиллагаа нь Бодь даатгал ХХК-ийн тусгай зөвшөөрөлд хамаарахгүй. Санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани нь олон нийтийн мөнгийг удирдаж байдаг учир хууль тогтоогчийн зүгээс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвхөн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоодог. Тухайлбал, Банкны тухай хуулийн 6.1, 6.2, 7.1 дэх хэсгүүдэд банк зөвхөн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан. Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд ч үүнтэй ижил зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхийн зүгээс хэрэглэвэл зохих хууль болох Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтуудыг хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

Их хэмжээний хэлцэлд ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүйтэй холбоотой дүгнэлтийн тухайд: Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх хэсэгт "хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дунгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл" гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл байсан. Тус гэрээнүүд нь тухайн үеийн компанийн балансын нийт активийн 25 хувиас хэтэрч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Бодь даатгал ХХК-ийн тухайн үеийн санхүүгийн тайлангаас харагдана. Компанийн тухай хуулийн 76.116 дахь заалтын дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох нь компанийн ТУЗ-ийн бүрэн эрх билээ. Гэтэл, компанийн гүйцэтгэх захирал нь тухайн хэлцлийн тухай ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй байсан. Бид тус хэлцэлд ТУЗ зөвшөөрөл олгох эсэхийг сүүлд ТУЗ-өөр хэлэлцүүлэхэд ТУЗ зөвшөөрөл олгохоос татгалзсан. Иймд маргаан бүхий баталгааны хэлцлүүд компанийг тухайн асуудлаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх заалт нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хэлцэлд хамаарахгүй гэж маргадаг. Гэвч, бусдын төлбөр төлөх үүрэгт баталгаа гаргах нь Бодь даатгал ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн зүгээс бидний дээрх үндэслэлийг хүлээж авах үндэслэлгүй тухай дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: "Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон, тухайн баталгааг гаргасан гүйцэтгэх захирал С.Оюунчимэгийн "хийх хэлцлийн үнийн дүнгийн хэмжээний хувьд надад хязгаарлалт байгаагүй, тухайн компанид орж ирсэн бүх хэлцэл дээр би гарын үсэг зурдаг байсан бөгөөд МИАТ-ын 100 тэрбумын онгоцны даатгалын гэрээг ч хийдэг байсан гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна" гэж дүгнэсэн байна. Гүйцэтгэх захирал үнийн дүнгийн хувьд ямар гэрээ, хэлцэлд гарын үсэг зурах нь Компанийн тухай хуулиар тодорхойлогдоно. Гүйцэтгэх захирал бодит байдал дээр бусад гэрээ, хэлцлүүдэд ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй байгаа нь түүнд Компанийн тухай хуульд заасан ТУЗ-өөс зөвшөөрөл авах журам хамаарахгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн зүгээс энэ талаар гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон мөртлөө ноцтой төөрөгдсөн гэх асуудлаар гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Учир нь, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Оюунчимэг гэрчийн мэдүүлгээс тэрээр "маргаан бүхий баталгаануудыг даатгалын гэрээний тухай албан бичиг гэж ойлгож, үл маргах журмаар төлбөр шаардах агуулгатай болохыг нь мэдэлгүйгээр гарын үсэг зурсан" буюу ноцтой төөрөгдсөн болох нь тогтоогдож байсан. Иймд анхан шатны шүүх энэ тухай Компанийн тухай хуулийн 87.1.1, Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгаа болох тухайд: Бид маргаан бүхий баталгаанууд нь хэлцлийн шинжийн хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан банкны баталгаа байна гэж үзсэн. Учир нь: Банкны баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хоорондын гэрээний харилцаанаас үл хамаарах, бие даасан байх шинжээрээ ердийн баталгаанаас ялгагдана. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардана" гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагатай. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудаснуудад дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно" гэж дүгнэсэн байна. Харин, банкны баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт "Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ" гэж заасны дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран үүрэг хүлээх юм. 758 дугаар баталгааны нэгдсэн журмын 5(а) хэсэг, (Баталгааны бие даасан байдал) "Баталгаа нь үндсэн гэрээ болон баталгаа гаргуулах хүсэлтээс үл хамааралтай бөгөөд баталгаа гаргагч нь эдгээр харилцаатай аливаа байдлаар холбогдож үүрэг хүлээхгүй" гэж тус тус заасан. 458 дүгаар баталгааны нэгдсэн журмын 2(а) хэсэгт мөн адил агуулгаар заасан. Энэ нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан "Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэх" журамтай нийцэж байна. Иймд маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан абстракт, бие даасан шинжийг хангасан Банкны баталгааны гэрээ байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн
шаардлагаа ихэсгэсэн тухай тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
бид нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг нотлох, учирсан хохирлыг нотлох
шаардлагагүй. Баталгаа гаргагч нь үүнтэй холбоотой баримт
шаардахгүйгээр баталгааны төлбөр олгох ёстой. Баталгаа бол бие даасан хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт заасан бие даасан шинжийг хангаж буй банкны баталгаа болохыг нотлох тайлбар юм. Нэхэмжлэгч компаниас "Насны зам" ХХК-д хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний нөхцөлд баталгаа гаргагчийн тухай тэмдэглэхдээ "баталгаа гаргагч банк, банкны нэр" гэх зэрэг тэмдэглэсэн байгаа нь маргаан бүхий баталгаанууд банкны баталгаа болохын нэг нотолгоо юм. Түүнчлэн, маргаан бүхий баталгаануудад ишлэгдсэн 758, 458 дугаар баталгааны нэгдсэн журмуудыг Олон Улсын худалдааны танхимын банкны зохицуулалтын хорооноос батлан гаргадаг байна. Энэ нь, тус нэгдсэн журмууд нь банкны баталгаанд хэрэглэгддэг журам болохыг илтгэнэ. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.17 дахь хэсэгт "Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбоотой бусад харилцааг Олон Улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна" гэж заасан. Маргаан бүхий баталгаануудад ишлэгдсэн 758, 458 дугаар баталгааны нэгдсэн журмууд нь банкны баталгааны тухай Олон Улсын хэмжээнд хэрэглэгдэх нийтлэг зохицуулалт байна. Иймд маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгааны тухай Олон Улсын нийтлэг зохицуулалтын дагуу боловсруулагдсан банкны баталгаа гэж үзэх үндэслэлтэй юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар банкны баталгаа гаргах нь Монголбанкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх банкны үйл ажиллагаа билээ. Маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгаа байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт "хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь, Бодь даатгал ХХК нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш. Нэхэмжлэгч нь маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгаа гэдгийг мэдэж байгаа хэдий ч Бодь даатгал ХХК банкны тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдэж байгаа тул энэ байдлаас бултуулахын тулд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх заалтын дагуу анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Бодь даатгал ХХК нь банк, санхүүгийн эрх зүйн чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн "КЕ Партнерс" нөхөрлөлөөс зөвлөгөө авахад тухайн өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс ч маргаан бүхий баталгаануудыг банкны баталгаа гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүхийн зүгээс бидний энэхүү дүгнэлтийг хүлээж авалгүй, маргаан бүхий баталгаануудыг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгаанаас ямар шинжээрээ өөр, ялгаатай болох тухай тайлбарлаагүй. Маргаан бүхий баталгаанууд нь дээр тайлбарласан ёсоор Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан банкны баталгааны шинжийг бүрэн хангаж байгаа билээ. Анхан шатны шүүх маргаан бүхий баталгаануудыг Иргэний хуулийн 540.1 дэх хэсэгт заасан шинж бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь, Иргэний хуулийн тус хэсэгт "Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан хянан шийдвэрлэхэд ... Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно" гэж заасан. Олон Улсын худалдааны танхимаас боловсруулан гаргасан баталгааны нэгдсэн журмууд нь Олон Улсын байгууллагаас санал болгож буй баталгааны гэрээний нөхцөлийн жишиг заалт болохоос аль нэг улсын хууль тогтоомж, заншлын хэм хэмжээ биш юм. Тодруулбал, тус баталгааны нэгдсэн журмыг аль нэг улсаас батлаагүй. Мөн энэ нь заншлын хэм хэмжээ биш, бичигдмэл эрх зүйн баримт бичиг билээ. Олон Улсын худалдааны танхимын банкны зохицуулалтын хорооноос батлан гаргасан баталгааны нэгдсэн журмууд нь Иргэний хуулийн 457.17 дахь хэсэгт заасан банкны баталгаатай холбогдсон Олон Улсын хэрэглэгдэх нийтлэг зохицуулалт юм. Иймд шүүх Иргэний хуулийн 540.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн зүгээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт "хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасныг хэрэглэх, маргаан бүхий баталгаанууд хүчин төгөлдөр бус болох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь заалтуудыг хэрэглээгүй тухай: Бид маргаан бүхий баталгаанууд нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох тухай тайлбарлаж, энэ үндэслэлээр тус хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь, анх Бодь даатгал ХХК нь нэхэмжлэгчээс төслийг нь англи хэл дээр боловсруулж, гуравдагч этгээд Насны зам ХХК-иар дамжуулж гаргуулсан маргаан бүхий баталгаануудыг тийнхүү "Баталгаа" гэх бие даасан хэлцэл болох, үл маргах журмаар төлбөр төлөгдөхийг шаардах үр дагавартай болохыг мэдэлгүй, гагцхүү "Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны гэрээнд нэмэлт тодруулга авч байна хэмээн ойлгож гаргасан, гарын үсэг зурсан байсан. Бодь даатгал ХХК-д баталгаа гаргах хүсэл зориг байгаагүй бөгөөд баталгааны тухай ойлголтгүй байсан болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар өмнө ч нотлогдож байсан бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан С.Оюунчимэгийг гэрчээр асууж, тус нөхцөл байдлыг тодруулахад энэ нь илүү тодорхой болсон. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс маргаан бүхий баталгаанууд нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох тухай бидний шүүхэд гаргасан дэлгэрэнгүй тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 23 дахь талд "... зэрэг тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн тухай нотлох баримтгүй, ... төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгцээ нэн дариу нөгөө талдаа мэдэгдэх үүргээ гүйцэтгэсэн тухай нотлох баримтгүй байх тул ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй" гэх дүгнэлтийг л хийсэн байна. Иргэний хуулийн 58.6 дахь хэсэгт ноцтой төөрөгдсөн этгээд энэ тухайгаа мэдмэгц нөгөө талдаа мэдэгдэх нь тус хэлцлийн улмаас учрах хохирлоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий зохицуулалт бөгөөд тийнхүү мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн, үгүй эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахад хязгаарлалт болохгүй юм. Түүнчлэн, Бодь даатгал ХХК нь ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн болохоо тухайн үед мэдээгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн билээ. Тийнхүү мэдээд хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ хүртэл ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл байгуулсан болохоо мэдээгүй нь анх нэхэмжлэгчийн төлбөр нэхэмжилсэн албан бичгүүдэд өгсөн хоёр удаагийн хариу албан бичиг, шүүхэд өгсөн хариу тайлбаруудаас нь ойлгогдоно. Учир нь, нэхэмжлэгч компанийн албан бичигт хариу өгөхдөө болон шүүхэд хариу тайлбараа гаргахдаа ч баталгаа гаргасан болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх агуулгатай хариу тайлбар өгч байсан байдаг. Анхан шатны шүүх биднийг ноцтой төөрөгдсөн тухай нотлох баримтгүй гэх дүгнэлтийг хийсэн нь биднийг их гайхшруулж байна. Учир нь бид энэ тухай өөрт байгаа бүхий л нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус баримтууд нь ямар учраас ноцтой төөрөгдсөн болохыг хэрхэн нотлох тухай дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд анхан шатны шүүх бидний тус тайлбаруудад дүн шинжилгээ хийлгүйгээр "ноцтой төөрөгдлийн тухай нотлох баримт байхгүй" гэх дүгнэлт хийсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт байна. "Бодь даатгал" ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр "Насны зам" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 тоот баталгааны даатгалын гэрээ байгуулсан. "Бодь даатгал" ХХК-ийн хүссэн гэрээний хүсэл зориг бол тус даатгалын гэрээ юм. Тус даатгалын гэрээгээр "Бодь даатгал" ХХК нь "Насны зам" ХХК-ийн хэрэгжүүлэхээр шалгарсан Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал NUBIA төслийн газар шорооны болон ус зайлуулалтын ажлын төсөлтэй холбогдуулан "Насны зам" ХХК, түүний туслан гүйцэтгэгч нарын хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, итгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө завших, шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх үйлдлүүдийн улмаас нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус компанид хохирол учирсан нөхцөлд урьдчилгаа төлбөрийн хувьд 1 090 000 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны хувьд 2 180 000 000 төгрөг хүртэлх хэмжээнд даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна. (2013.08.01-ний өдрийн "Баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай" албан бичиг, баталгааны даатгалын гэрээний 3.2, 4.1 дэх заалтууд, гэрээний 1 дүгээр хавсралттай тус тус танилцана уу) Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгал нь СЗХ-ноос зөвшөөрөгдсөн чин шударгын баталгааны даатгал юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай" 356 дугаар тогтоолоор сайн дурын даатгалын хэлбэрүүдийг тогтоосон бөгөөд тус журмын хавсралтын 1.13 дахь хэсэгт итгэлцлийн даатгалыг тодорхойлсон. Үүнд: Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал (Performance insurance), чин шударгын баталгааны даатгал (Fidelity quarantee insurance) үүнд хамаарна" гэж тайлбарласан. "Бодь даатгал" ХХК-ийн СЗХ-нд бүртгүүлсэн чин шударгын баталгааны даатгалын нөхцөл, гэрээний загвар, түүнд заасан даатгалын эрсдэлийн дагуу баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Бодь даатгал ХХК-ийн хүсэл зориг бол СЗХ-ны дээрх тогтоолоор зөвшөөрөгдсөн чин шударгын гүйцэтгэлийн баталгааны даатгалд хамаарах баталгааны даатгалын гэрээний дагуу Насны зам ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн бол (зөвхөн гэрээнд заасан эрсдэлийн улмаас) даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцох явдал байсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчдын зүгээс Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж, түүний үндсэн дээр буюу тус гэрээний дагуу бидэнд баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл, энэ нь огтоос үндэслэлгүй тайлбар юм. Бодь даатгал ХХК нь баталгааны даатгалыг хэрхэн байгуулах тухай журмаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бөгөөд СЗХ-ноос тус журмыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал) баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд тус гэрээтэй холбоотой бие даасан хэлцэл болох баталгаа гаргах тухай тус даатгалын бүтээгдэхүүний журам болон гэрээний нөхцөлд заагаагүй. Тэгээд ч баталгааны хэлцэл нь даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл тул даатгалын гэрээний үндсэн дээр баталгааны хэлцэл хийгддэггүй. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэж байгаа. Хэрэв даатгалын гэрээний үндсэн дээр баталгааны хэлцэл хийгдэнэ гэж тайлбарлавал даатгагчийн төлбөр төлөх ажиллагааны баталгааны хэлцлийн дагуу эсвэл даатгалын гэрээний дагуу зохицуулагдах эсэх нь тодорхой бус, ойлгомжгүй болох бөгөөд тус гэрээнүүд хоорондоо зөрчилдөх болно. Түүнчлэн, даатгалын гэрээг Насны зам ХХК-тай байгуулах бол баталгааны хэлцлийг нэхэмжлэгч компанитай байгуулах шаардлагатай тул эдгээр хэлцлүүдийг тийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж буй байдлаар тайлбарлах үндэслэлгүй юм. Насны зам ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнд нэхэмжлэгч компанид бие даасан хэлцэл болох баталгаа гаргаж өгөх тухай нэг ч заалт байхгүй байгаа нь даатгалын гэрээний дагуу баталгаа гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болохыг тодорхой илтгэх юм. Иргэний хуулийн 433.1 дэх хэсэгт "Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй" гэж, Даатгалын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт "Даатгагч даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүрэгтэй" гэж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт "Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө" гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд түүний нотолгоо, гэрчлэх баримт болох даатгалын баталгаа олгогддог. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу өгч буй даатгалын баталгаа бол бие даасан хэлцэл бус даатгалын гэрээнд хамрагдсан болохыг нотлох баримт буюу сертификат байдаг. Томоохон даатгалуудын хувьд тийнхүү сертификат олгогдох тухай гэрч Оюунчимэгийн зүгээс ч мэдүүлсэн. Тухайлбал, онгоцны даатгалын хувьд даатгалын баталгаа олгогддог. Учир нь, иргэний агаарын тээврийн нисэх онгоц нь хариуцлагын даатгалгүйгээр нислэг үйлдэхгүй байх нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зохицуулалт тул хариуцлагын даатгалд хамрагдсаны нотолгоо болгож онгоцонд даатгалын баталгааг байршуулдаг. Иймд хуулийн тус зохицуулалтуудын дагуу Бодь даатгал ХХК баталгаа гаргасан гэж үзэх, даатгалын компани баталгааны хэлцэл байгуулдаг гэж тайлбарлах үндэслэлгүй. Хуулийн тус хэсгүүдэд заасан баталгаа бол баталгааны хэлцэл биш, даатгалын гэрээнд хамрагдсаныг нотлох сертификат юм. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий баталгаануудыг гаргаж өгсний дараа 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгч байсан байдаг. Тус албан бичиг нь "Бодь даатгал" ХХК төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохыг нотлох юм. Тус албан бичиг 4 догол мөртэй бөгөөд эхний догол мөрөнд "Насны зам" ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан тухай, 2 дахь догол мөрөнд тус гэрээний дагуу ямар нөхцөлд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгох тухай бичсэн байна. Хэрэв, Бодь даатгал ХХК баталгааны гэрээ байгуулснаа мэдэж, ойлгож байсан бол дээрх агуулгаар бичиг өгөхгүй байх байсан. Тухайлбал, Насны зам ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нөхөн төлбөр олгох тухай заасан нь Бодь даатгал ХХК-ийн гэрээ байгуулах үеийн ойлголт, хүсэл зоригийг илтгэж буй юм. URDG Баталгааны нэгдсэн журамд зааснаар нэхэмжлэх ирснээс хойш 5 хоногт төлбөр олгох ёстой. Гэтэл, хариуцагч ажлын 30 хоногийн дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж тус албан бичигт заасан нь баталгааны даатгалын гэрээний 9.5 дахь заалтыг баримталж байсныг харуулна. Мөн нэхэмжлэгч компанид төлбөр олгохын тулд баталгааны даатгалын гэрээнд заасан баримтуудыг бүрдүүлэн авсны үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох тухай заасан. Маргаан бүхий баталгаануудад ишлэсэн баталгааны нэгдсэн журам ёсоор баталгаа гаргагч ямар ч баримт шаардах ёсгүй. Хэрэв Бодь даатгал ХХК баталгаа гаргаснаа мэдэж, ойлгож байсан бол 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт "Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийн баримтуудыг авч байж нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэж заахгүй байсан. Тус албан бичгийн 2 дахь догол мөрөнд даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийн улмаас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох тухай агуулга байгаа. Эдгээр нь нэхэмжлэгч компанид төлбөр олгох ажиллагаа баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана гэж ойлгож байсныг буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулагдсан тухай огтоос мэдэхгүй, ойлгоогүй байсныг нотлох юм. Харин СЗХ-нд бүртгүүлсэн чин шударгын баталгааны даатгалын гэрээний журамд заасан эрсдэлүүдийн улмаас даатгалын гэрээ байгуулсан болохыг илтгэх юм.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон "Насны зам" ХХК-тай байгуулсан мөн өдрийн баталгааны даатгалын гэрээнүүд бүгд нэгэн адил FGI0313401072826 гэсэн дугаартай байгаа нь маргаан бүхий хэлцлүүд ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох зүйл юм. Учир нь, хэрэв компанийн тухайн үеийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон баталгааны даатгалын гэрээнүүд тусдаа хэлцэл гэж ойлгож байсан бол тус гурван хэлцлийг нэг ижил байдлаар дугаарлахгүй байх байсан. Харин гэрээнүүдийг бие биенээс нь ялгах, зөв бүртгэх зорилгоор ондоо дугаарлалт өгөх байсан. "Бодь даатгал" ХХК энэ зорилгоор өөрийн байгуулсан бүх гэрээнүүдээ тодорхой журмын дагуу бүртгэдэг. Тухайлбал, одоогийн байдлаар компанийн гүйцэтгэх захирлын 2017.10.26-ны өдрийн даатгалын бүтээгдэхүүний шинэчилсэн бүртгэл, бүтээгдэхүүний кодчилол, даатгалын гэрээний дугаарыг шинэчлэн батлах тухай" А/056 дугаар тушаалаар гэрээний дугаарлалт хийгдэж байна. Тус тушаалын 3.1 дэх хэсэгт зааснаар "гэрээний дугаар нь цор ганц, давтагдашгүй" байх юм. Тус гурван хэлцэл бүгд ижил дугаартай байгаа учир нь "Бодь даатгал" ХХК, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс маргаан бүхий баталгаануудад гарын үсэг зурахдаа "Насны зам ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнд нэмэлт, тодруулга өгч байна" гэж ойлгож байсантай холбоотой байна. Тухайн үед "Бодь даатгал" ХХК-д үйлчилж байсан гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Журам батлах тухай" ОЗ/Б/102 дугаар тушаалаар батлагдсан Даатгалын гэрээ байгуулах аргачилсан журмын 2.13 дах хэсэгт "Даатгалын гэрээний хавсралт нь дараах шаардлагыг хангасан байна". 2.13.1 дэх заалтад "Даатгалын гэрээтэй ижил дугаартай байх бөгөөд хавсралтыг дугаарласан дэд дугаартай байна" гэж тус тус заасан. Журмын тус заалтаас дүгнэхэд даатгалын гэрээний хавсралтад даатгалын гэрээний дугаар тавигдах бөгөөд нэмэлтээр дэд дугаар тавигддаг байсан байна. Маргаан бүхий баталгаануудад баталгааны даатгалын гэрээний FGI0313401072826 гэх дугаар тавигдсан байгаа нь тус баталгаануудыг даатгалын гэрээний хавсралт буюу нэмэлт тодруулга, албан бичиг гэж ойлгож байсныг гэрчилнэ. Харин урьдчилгаа төлбөрийн баталгааны BD/С130051 гэх дугаар, гүйцэтгэлийн баталгааны BD/С130052 гэх дугаар нь тус тус журмын 2.13.1 дэх заалтад заасан дэд дугаар болохыг илтгэж байна. Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт "Энэхүү гэрээний хавсралт, гэрээт баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна" гэж заасны дагуу баталгааны даатгалын гэрээнд нэмэлт тодруулга өгч байгаа тул тус гэрээний дугаарлалт ёсоор маргаан бүхий баталгаануудыг дугаарласан байна. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, маргаан бүхий хэлцлүүдэд гарын үсэг зурсан С.Оюунчимэг гэрчийн өгсөн мэдүүлэг нь үүнтэй ижил агуулгатай байгаа билээ. Баталгаануудын дугаарлалт "FQI" гэж эхэлж байгаа нь "Fidelity quarantee insurance" буюу "чин шударгын баталгааны даатгал" гэх үгийн товчлол байна. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолын хавсралтын 1.13 дахь хэсэгт чин шударгын баталгааны даатгалыг англи хэл дээр "Fidelity quarantee insurance" гэх нэр томъёогоор илэрхийлсэн. Бодь даатгал ХХК нь СЗХ-ноос тогтоосон албан ёсны нэршлийн дагуу тус бүтээгдэхүүнээ нэрлэж, дугаарлалтад нэршлийн эхний үсэгнүүдийг FQI гэж товчилж ашигласан байна. Харин гэрээний "40107" гэх дугаар нь гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээг илэрхийлэх код юм. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын гэрээ дугаарлалтын журмын дагуу дугаарлагдсан байна. Хэрэв маргаан бүхий баталгаануудыг даатгалын гэрээ бус, бие даасан хэлцэл гэж ойлгож байсан бол чин шударгын баталгааны даатгалын гэрээ ёсоор дугаарлахгүй байсан. 2013 оны 7 дугаар сард үйлчилж байсан гэрээ дугаарлалт болон 2014.06.25-ны өдрийн "Журам батлах тухай" ОЗ/Б/174 дүгээр тушаалаар гэрээнүүд дээрх байдлаар дугаарлагддаг байсан байна. (Сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн) Хэрэв, "Бодь даатгал" ХХК төөрөгдөөгүй буюу бие даасан хэлцэл болох баталгаа гарган өгч байна гэж ойлгож байсан бол тус гэрээний дугаарлалтыг даатгалын гэрээний дугаарлалт ёсоор хийхгүй. Тэр дундаа урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгааг баталгааны даатгалын гэрээний дугаарлалт ёсоор дугаарласан, тэр дугаар нь Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалтай ижил байгаа нь тус хэлцэл төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох юм. "Бодь даатгал" ХХК төөрөгдөхөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйлс бол баталгааны даатгалын гэрээг анх хийсэн явдал, Олон Улсын баталгааны нэгдсэн журмын дагуу баталгаа гаргаж байгаагүй болон урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгаануудын нөхцөлийг нэхэмжлэгч "Эс си ти и си эм" ХХК-иас боловсруулж ирүүлсэн явдлууд юм. Монгол Улсын арилжааны даатгалын салбарт чин шударгын, гүйцэтгэлийн баталгаа зэрэг итгэлцлийн даатгалууд их хийгддэггүй. Бодь даатгал ХХК-ийн хувьд ч гэсэн (тухайн үед ч одоо ч) итгэлцлийн даатгал (Баталгааны даатгал) их хийдэггүй бөгөөд Насны зам ХХК-тай хийсэн баталгааны даатгалын гэрээ нь тус компанийн анхны итгэлцлийн (Баталгааны) даатгал байсан. Үүнээс өмнө баталгааны даатгалын гэрээ байгуулж байсан, ямар нэгэн компанид Олон Улсын баталгааны нэгдсэн журмуудын дагуу баталгаа гаргаж байсан туршлага байхгүй. 3 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх талуудад авагдсан "Бодь даатгал" ХХК-ийн дотоод цахим шууданд хийсэн үзлэгт тогтоогдсон ёсоор Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж байсан, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Хангай нь нөхөн төлбөрийн хэлтсийн захирал Мөнхтулгад бичсэн цахим захидалдаа "Энэ гэрээ манай компанийн хувьд хамгийн анхны баталгааны даатгалын гэрээ байсан тул албан бичгийг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Насны зам ХХК цаад талаас (нэхэмжлэгч) ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунгэд өгч байсан" гэж бичиж байсан байна. Энэ нь болсон бодит байдлыг буюу төөрөгдлийн улмаас баталгаа гаргасан болохыг илтгэх, нотлох баримт юм. Гэрч, тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэгийн зүгээс ч тийнхүү агуулгаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Тодруулбал, "тухайн даатгалын гэрээ нийтлэг бус, их хийгдээд байдаггүй, Бодь даатгал ХХК-ийн хамгийн анхны хийсэн хэлцэл байх гэж мэдүүлэг өгсөн билээ. Мөн "Бодь даатгал" ХХК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны нөхцөлийг өөрөө боловсруулж, гаргаж өгсөн бол түүний агуулга, үр дагаварыг сайтар мэдэж байсан гэж тайлбарлах боломжтой байх. Гэтэл баталгаануудыг Бодь даатгал" ХХК боловсруулаагүй. Баталгаануудыг нэхэмжлэгч компани нь боловсруулж, тус компанийн зардлын инженер (Cost engineer) Seunghwan Lee Насны зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Болормаа руу цахим шуудангаар явуулж байсан байна. Улмаар Насны зам ХХК-иас "Бодь даатгал" ХХК-д хүргэгдсэн байна. Харин "Бодь даатгал" ХХК нь хайхрамжгүйгээр хандаж нэхэмжлэгч компанийн боловсруулсан тус нөхцөлд гарын үсэг зурж, тамга дарж гаргаж өгсөн байна. Энэ нь "Бодь даатгал" ХХК хэрхэн, ямар учраас төөрөгдөж, маргаан бүхий баталгаануудыг гаргаж өгснийг нотлох юм. Бодь даатгал ХХК төөрөгдсөний үндсэн дээр баталгаа гаргаж өгсөн болох нь Насны зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болормаагийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараас тодорхой харагдаж байна. Анх баталгааны хэлцэл болон даатгалын гэрээ байгуулж байх үед "Насны зам" ХХК-иас компанийн гүйцэтгэх захирал Ч.Болормаа оролцож байсныхаа хувьд тэрээр гэрээтэй холбоотой нөхцөл байдлуудыг гэрчлэх чадвартай хүн билээ. Тэрээр давж заалдах шатны шүүхэд дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: Бид шинэ нисэх онгоцны буудлын газар шорооны ажил гүйцэтгэх ажлыг авахаар нэхэмжлэгч компанитай хэлэлцээр хийж байх үед тус компанийн нэг шаардлага нь банкны баталгаатай байх явдал байсан. Гэвч, банкнуудын баталгаа олгох шаардлага нь өндөр, баталгааны шимтгэл нь өндөр үнийн дүнтэй байсан зэргээр бид банкны баталгаа авах боломжгүй, хүндрэлтэй байсан. Энэ үед даатгалын компаниуд баталгаа гаргадаг гэж сонсоод өөрийн танил, "Бодь даатгал" ХХК-д даатгалын газрын ахлах менежерээр ажилладаг Б.Хангайтай уулзаж, баталгаа гаргаж өгөх боломжтой эсэхийг асууж лавласан. Б.Хангай "Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн баталгааны даатгал гэсэн бүтээгдэхүүн байдаг. Бид өмнө ийм төрлийн бүтээгдэхүүн зарж, гэрээ байгуулж байгаагүй. Тус гэрээ байгуулж, баталгаа гаргаж өгөх боломжтой байх гэж судлахаар болсон. Үүний дараа "Бодь даатгал" ХХК-д бид баталгааны үнийн дүн, ажлын тухай мэдээлэл өгч, тэдний зүгээс баталгааны даатгалын гэрээний төслийг боловсруулж, тус гэрээг байгуулсан. Бидний зүгээс даатгалын гэрээ нь Самсунгийн шаардлагыг хангавал бид даатгалын хураамж төлөхөд бэлэн, харин тийм хариу авах хүртэл даатгалын хураамж төлөх боломжгүй" гэж санал тавьж, тийнхүү тохиролцсон. Бид тус гэрээгээ Самсунгад үзүүлэхэд тэдний шаардлагыг хангахгүй байсан. Тэдний зүгээс анхны шаардлагаар, үл маргах журмаар төлөгдөх баталгаа байх ёстой гэдэг шаардлага тавьж байсан. Тийм болохоор бид "Бодь даатгал" ХХК-тай дахин ярилцаж, баталгааны даатгалын гэрээний нөхөн төлбөрийг үл маргах журмаар, анхны шаардлагаар буюу хурдан шуурхай олгох тухай баталгааны бичиг гаргаж өгсөн. Гэвч тухайн бичиг мөн адил Самсунг компанийн шаардлагыг хангахгүй байсан тул Самсунг тус бичгийг буцааж бид ийм нөхцөл загвараар баталгаа гаргуулах шаардлага тавьж байгаа гэж өөрсдийн нөхцөлөө явуулсан. Бид түүнийг "Бодь даатгал" ХХК, Б.Хангайд уламжилж гарын үсэг зуруулж авч байсан. Тухайн үед бид Самсунгийн хохирлыг барагдуулах ажиллагаа баталгааны даатгалын гэрээний дагуу төлөгдөхөөр ойлгож байсан болохоос сүүлд гаргаж өгсөн баталгааны бичгүүд нь ямар ч маргаангүйгээр төлбөр төлөгдөх үр дагавартай гэж ойлгож байгаагүй гэсэн байдаг. Энэхүү тайлбараас "Бодь даатгал" ХХК болон "Насны зам" ХХК-иуд нэхэмжлэгч компанийн эрсдэлийг даатгалын гэрээний үндсэн дээр хаах хүсэл зоригтой байсныг нотлох юм. 3 дугаар хавтаст хэргийн 37, 38 дахь талуудад буй үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар баталгааны даатгалын гэрээнд "Бодь даатгал" ХХК-ийг төлөөлсөн хожим тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан (гэрч) Б.Хангай нь нэхэмжлэгч компаниас ирсэн нэхэмжлэлтэй холбоотой ажлын дотоод цахим шуудангаар "Бодь даатгал" ХХК-ийн нөхөн төлбөрийн газрын захирал Б.Мөнхтулгад нөхөн төлбөрийг татгалзана уу, хэдийгээр гэрээ болон баталгааны бичиг 3-4 жилийн хугацаатай хийгдсэн ч даатгалын гэрээний дагуу Насны зам ХХК гүйцэтгэх захирал Болормаад барьцаа хөрөнгө манайд бүртгүүлэх болон 2014 оны хураамжаа төлнө үү гэж удаа дараа анхааруулсан боловч манайд барьцаа бүртгүүлэх болон хураамж төлөх аль аль зүйлсийг хийж гүйцэтгээгүй. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд хураамж төлөхгүй бол манайх нөхөн төлбөр төлөхгүй гэсэн заалттай гэрээ байгаа. Энэ гэрээ манай компанийн хувьд хамгийн анхны гүйцэтгэлийн баталгааны гэрээ байсан түл албан бичиг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Насны зам ХХК цаад талаа ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунгад өгч байсан. Насны зам ХХК-руу мөн холбогдох гэрээ хүчингүй болсон талаар албан бичиг төлөвлөж хүргүүлнэ үү гэж бичиж байсан нь төөрөгдөл явагдсаныг нотлох баримт юм. Хариуцагч байгууллага нь баталгааг гаргахдаа төөрөгдсөн болохыг тус цахим шууданд нарийвчлан дүн шинжилгээ хийх замаар ойлгож болно.

(1) "Нөхөн төлбөрийг татгалзана уу" гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ хийгдсэн гэж ойлгож байсныг нотлох юм. Учир нь, Эс си ти и си эм ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг баталгааны даатгалын гэрээний дагуу нэхэмжилж буй даатгалын нөхөн төлбөр гэж ойлгосныг харуулна. Хэрэв, баталгааны хэлцлийн дагуу төлбөр нэхэмжилж байна гэж ойлгосон бол ингэж бичихгүй байсан. Нөхөн төлбөр гэдэг бол даатгалын гэрээний үндсэн дээр олгогддог учирсан хохирлыг барагдуулах төлбөр байдаг. баталгааны гэрээний үндсэн дээр нөхөн төлбөр олгогддоггүй.

(2) Гэрээ болон баталгааны бичиг 3-4 жилийн хугацаатай хийгдсэн гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ болон баталгааны гэрээнүүдийн тухай ярьж буй хэрэг. Ингэхдээ даатгалын гэрээг "гэрээ" гэж, харин баталгаануудыг "баталгааны бичиг" гэж бичсэн байгаа нь баталгааг бие даасан хэлцэл гэж бус даатгалын гэрээний баталгаа (сертификат) гэж ойлгож байсныг илтгэнэ.

(3) "даатгалын гэрээний дагуу ... хураамжаа төлөөгүй ..." гэж бичиж байсан нь "Бодь даатгал" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хүмүүс даатгалын гэрээ байгуулагдсан тул тус гэрээний дагуу харилцаа зохицуулагдана" гэж ойлгож байсныг илтгэнэ. Хэрэв баталгааны гэрээ байгуулсан гэж ойлгож байсан бол тус гэрээ даатгалын гэрээнээс бие даасан гэрээ болохыг ойлгож, даатгалын гэрээг гол болгож ярихгүй байсан. Тухайлбал баталгааны гэрээ байгуулагдсан нөхцөлд Насны зам ХХК нь баталгааны шимтгэл төлөх ёстой. Гэтэл дээрх цахим шууданд "Насны зам" ХХК баталгааны шимтгэлээ төлөөгүй гэж бус, даатгалын хураамжаа төлөөгүй гэж бичигдсэн байна.

(4) "Хураамж төлөхгүй бол манайх нөхөн төлбөр төлөхгүй гэсэн гэрээ байгаа" гэж бичиж байсан нь тус харилцаа даатгалын гэрээний дагуу зохицуулагдахаар ойлгож байсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт "...тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байсныг илтгэх юм. Хэрэв төөрөгдөөгүй буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулснаа мэдэж байсан бол даатгалын гэрээний дагуу төлбөрийг шийдвэрлэх тухай ярихгүй байх байсан.

(5) "манай компанийн хувьд хамгийн анхны гүйцэтгэлийн баталгааны гэрээ байсан түл албан бичиг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй" гэж бичсэн нь төөрөгдөл явагдсан нэг шалтгааныг харуулна. Учир нь, Бодь даатгал ХХК баталгааны даатгалын гэрээг өмнө хийж байгаагүй бөгөөд энэхүү Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан нь анхны тохиолдол байсан. Ингэхдээ тус гэрээний баталгааны гэрээнээс ялгагдах ялгааг нь мэдэхгүйгээс болон баталгааны тухай мэдлэггүйгээс болж төөрөгдөл үүссэн байна. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн даатгалын бүтээгдэхүүн боловч Бодь даатгал ХХК төдийгүй монголын бусад даатгалын компаниудын хувьд ч гэсэн төдийлөн хийгддэггүй, танил бус бүтээгдэхүүн билээ. Энэ нь, төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргах нэг шалтгаан болсон байна.

(6) "Насны зам ХХК цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунгад өгч байсан гэж бичсэн байгаа нь төөрөгдөл явагдах болсон нөхцөл байдлыг тодруулна. Үүнд бидний тайлбарлаж байгаагаар баталгааны гэрээнүүдийн нөхцөл, загварыг нэхэмжлэгч нь англи хэл дээр боловсруулж, Насны зам ХХК нь "Бодь даатгал" ХХК-д өгч, гарын үсэг зуруулж байсан байна. Яагаад нэхэмжлэгч боловсруулж өгч байсан бэ гэвэл өмнө "Бодь даатгал" ХХК-иас баталгаа гэсэн нэртэй бичиг хийж өгч байсан боловч даатгалын баталгаа л өгч байсан нь баталгааны гэрээ биш байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс "манай шаардлагыг хангахгүй, баталгаа биш байна" гэж буцааж байсан байна. Иймд тэдний шаардлагыг хангуулах үүднээс Насны зам ХХК нь нэхэмжлэгчийн боловсруулж, ирүүлсэн нөхцөл, загвараар нь гарын үсэг зуруулж, гаргуулж өгч байсан байна. Цахим шуудангийн дээрх хэсэгт энз тухай бичигдсэн байна. "Цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар ... өөрчлүүлж авч" гэж бичсэн байгаа нь хариуцагч компанийн анхны гаргасан баталгаа гэх бичгийг нэхэмжлэгч нь буцааж, нэхэмжлэгчийн хийж өгсөн загвар, нөхцөлөөр хариуцагч баталгаа гаргасан тухай бичсэн хэрэг юм.

(7) "Насны зам ХХК-руу мөн холбогдох гэрээ хүчингүй болсон талаар албан бичиг төлөвлөж хүргүүлнэ үү гэсэн байгаа нь даатгалын хураамж төлөгдөөгүйтэй холбоотой баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт "... тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй болохыг Насны зам ХХК-д мэдэгдэх тухай бичсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн төлбөр нь Баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана хэмээн ойлгож байсныг илтгэнэ.

(8) Харин тус цахим шууданд баталгааны гэрээ гэж ямар ч бичигдээгүй байгаа нь "Бодь даатгал" ХХК өөрсдийн гаргаж өгсөн баталгааг бие даасан хэлцэл гэж огт мэдээгүй, харин даатгалын гэрээт баталгаа гаргаж өгсөн гэж буруу ойлгож байсныг илтгэх юм. Өөрсдийн гаргаж өгсөн баталгаа нь бие даасан гэрээ болохыг огт мэдээгүй, ойлгоогүй тул баталгааны гэрээний тухай ямар ч яригдаагүй байгаа юм. Энэ бол ноцтой төөрөгдөл явагдсаныг нотлох зүйл юм.

(9) Хэрэв, хариуцагч төөрөгдөөгүй бол даатгалын гэрээний тухай ярих бус баталгааны төлбөрийг хэрхэн шийдвэрлэх тухай буюу баталгааны хэлцлийн тухай ярих байсан. Тодруулбал, "Бодь даатгал" ХХК нь нэхэмжлэгчид баталгаа олгосноо мэдэж байсан, төөрөгдөөгүй бол нэхэмжлэгчээс баталгааны төлбөр нэхэмжлэх үед ямар агуулгатай майл бичигдэх байсан тухай авч үзье. Үүнд, дараах агуулгатай дотоод майл бичигдэх байсан. "Самсунг ХХК нь баталгааны төлбөр гаргуулахаар албан бичиг ирүүлсэн байна. Бид тус компанид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгч байсан. Үүнд Насны Зам ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж Самсунг ХХК үзэж, баталгааны төлбөр гаргуулахыг хүссэн нөхцөлд бид баталгаануудад заасан үнийн дүнгийн хэмжээнд баталгааны төлбөр төлөх үүрэгтэй. Баталгаа нь Эс си ти и си эм ХХК болон Бодь даатгал ХХК-ийн хоорондын бие даасан харилцаа бөгөөд үл маргах журмаар төлбөр төлөгдөх журамтай учир бид Насны зам ХХК гэрээний үүргээ зөрчсөн, үгүй эсэхээс үл хамааран Самсунг ХХК-д баталгааны хязгаарт багтаан төлбөр төлөх үүрэгтэй. Иймд төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцая" гэх байдлаар майл бичигдэх байсан байх.

Бодь даатгал ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зоригийг тайлбарлах тухай:
"Бодь даатгал" ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ
байгуулсан боловч нэхэмжлэгчид бие даасан баталгаа гаргаж өгсөн, мөн
нэхэмжлэгчид баталгааны төлбөрийг ямар журмаар олгох тухай тайлбар
хүргүүлэхдээ даатгалын гэрээний журмаар шийдвэрлэх тухай хүргүүлж
байсан. Иймд тус компани нь баталгааны хэлцэл байгуулах хүсэл зоригтой
байсан эсэх эсвэл баталгааны даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой
байсан эсэхийг тодруулах, дүгнэх нь чухал. Иргэний хуулийн 41 дүгээр
зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй
бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс
үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана"
гэж заасны дагуу тус компанийн хүсэл зоригийг тогтоох учиртай. Бид хавтаст
хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн, Бодь даатгал ХХК-ийн хүсэл
зориг нь баталгааны хэлцэл байгуулах бус баталгааны даатгалын гэрээ
байгуулах, тус гэрээнд заасан журмын дагуу даатгалын нөхөн төлбөр олгох
явдал байсныг нотолж байгаа гэж бодож байна. Тодруулбал, Насны зам
ХХК-тай байгуулсан баталгааны даатгалын гэрээ, 2013 оны 08 дугаар сарын
01-ний өдрийн баталгаа нь гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх
ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичиг, баталгааны даатгалын
гэрээг Бодь даатгал ХХК-ийг төлөөлж байгуулсан Б.Хангайн дотоод цахим
шуудан, нэхэмжлэгчийн баталгааны төлбөр нэхэмжилсэн албан бичигт өгсөн
хоёр удаагийн хариу албан бичиг, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон
гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэгийн гэрчийн мэдүүлэг нь
Бодь даатгал ХХК Баталгааны даатгалын гэрээ байгуулахаас өөр
баталгааны хэлцэл байгуулах хүсэл зориггүй байсныг нотолно. Баталгаа гаргах бус даатгалын гэрээ байгуулах нь Бодь даатгал ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцэх юм. Өөрөөр хэлбэл, Бодь даатгал ХХК тухайн нөхцөл байдалд баталгаа гаргах сонирхол, хэрэгцээ, шаардлагагүй байна. Бодь даатгал" ХХК нь маргаан бүхий гэрээнүүдийг ойлгоогүй болох нь бусад баримтуудаар ч тогтоогдоно. Тухайлбал, компанийн тухайн үеийн санхүүгийн тайланд энэ тухай тусгагдаагүй, Насны зам ХХК-тай баталгааны тухай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бусад албан бичигт, баримтуудад ч компани баталгаа гаргасан тухай тусгагдаагүй байгаа нь компанийн удирдлагууд тухайн баталгааны эрх зүйн үр дагаварыг мэдэлгүй, баталгааны даатгалын гэрээний хавсралт бүхий нэмэлт, тодруулга гэж андуурч байсныг нотлох юм. Өмнө энэхүү хэргийг тус шүүхэд анхан шатны журмаар хянан
шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн зүгээс ч Бодь
даатгал ХХК нь төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон
гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүдийг хийсэн болохыг хүлээн зөвшөөрсөн
дүгнэлт хийсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэг, 10 дахь
тал, 2 дахь догол мөрөнд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: "Хуулийн этгээд төөрөгдөж болно гэх хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ нь өөрийн үндсэн бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээтэйгээр эрх зүйн харилцаанд орох, хэлцэл хийгч нөгөө тал болон өөрийн эрх ашиг, бизнесийг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс хамгаалах бүх талын чадавхтай боловч уг чадавхиа ашиглаагүй хайнга хандсан ... субьектын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл байна. ... Шударга, зөв гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн. Энэ нь "Бодь даатгал" ХХК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргахдаа хайхрамжгүй хандаж, төөрөгдсөн болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс бидний тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлт хийгээгүй бөгөөд харин дахин сайтар тодруулах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Давж заалдах шатны шүүхийн хэргийг анхан шатны шүүх руу дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа бид тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэгийг олж, гэрчийн мэдүүлэг авхуулсан. Гэрчээс мэдүүлэг авч, маргаан бүхий баталгаануудыг яагаад гаргасан, ямар ойлголттой байсныг тодруулахад баталгаа гаргаж өгч байна гэж ойлгоогүй, харин баталгааны даатгалын гэрээнд нэмэлт тодруулгыг албан бичгээр өгч байна гэсэн ойлголтоор гарын үсэг зурсан болохоо илэрхийлсэн. Баталгааны нэгдсэн журам, баталгааны хэлцлийн тухай шүүх хуралдааны үед ч мэдэхгүй байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагаа явагдана, энэ бол гэрээ биш, албан бичиг гэж тайлбарлаж байсан. Шүүх хуралдааны явцад англи хэлний сайн мэдлэггүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд албан бичигт гарын үсэг зурахдаа даатгалын гэрээний дугаар байгаа эсэх, даатгалын үнэлгээний дүн, даатгуулагчийн нэрс үнэн зөв бичигдсэн эсэхийг шалгасан гэдгээ илэрхийлсэн. Энэ нь тус баримт бичигт ноцтой төөрөгдлийн үндсэн дээр гарын үсэг зурсан болохыг илтгэж байна. Түүнчлэн, томоохон даатгалуудын хувьд даатгуулагчид даатгалын гэрээний тухай нэмэлт тодруулга, албан бичиг авах явдал байдаг үүнтэй ижил байдлаар даатгалын гэрээний тухай нэмэлт тодруулга авч байна гэж ойлгож байснаа мэдүүлсэн. Гэрчээс баталгааны нэгдсэн журам гэж юу болохыг мэдэх эсэх, Deemend (Анхны шаардлагаар төлөгдөх) гэж юу гэсэн агуулгатай үг болохыг асуухад мэдэхгүй байсан нь ноцтой төөрөгдлийн улмаас маргаан бүхий баталгаанууд гарсан болохыг илтгэх юм.

Анхан шатны шүүхийн зүгээс их хэмжээний хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүй хийсэн гэх асуудлаар гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн мөртлөө маргаан бүхий хэлцлүүдийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн тухай асуудлаар гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт үндэслээгүй нь бидэнд шүүгч аль нэг талд үйлчлэлгүй, хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Учир нь, гэрчийн мэдүүлгээс зарим хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлж байгаа нь гэрчийн мэдүүлэг хууль ёсны нотлох баримт болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ. Гэтэл, шүүх гэрчийн мэдүүлгийн нэхэмжлэгч компанийн тайлбарыг дэмжиж буй хэсгийг үнэлээгүй нь байна. Нотлох баримтыг гаргаж өгөх журмыг зөрчсөн, хууль бус аргаар цуглуулсан бол шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Иймд тус үндэслэл байхгүй нөхцөлд нотлох баримтыг үнэн зөв гэж үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиртай. Гэрчийн мэдүүлгийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх үндэслэлүүд байгаагүй. Мөн хэрэгт авагдсан бусад баримтуудтай нийцэж байсан. С.Оюунчимэг гэж хүнийг гэрчээр оролцуулахаас өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс баталгаанд гарын үсэг зурсан хүн С.Оюунчимэг гэж хүн. Та нар тэр хүний бодлыг таамаглаж ярих нь үндэслэлгүй хэрэг гэж тайлбарладаг байсан. Үүнтэй холбоотой бид тус хүний гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд түүний мэдүүлэг нь бидний тайлбар үнэн зөв болохыг нотолж байсан. Бидэнд ноцтой төөрөгдсөн болох тухай үүнээс илүү гаргаж өгөх боломжтой ямар ч баримт байхгүй. Иймд шүүх үүнээс илүү, нэмэлт баримт гаргаж өгөхийг шаардах нь биднээс ямар ч боломжгүй зүйл шаардаж буй хэрэг юм. Бидний гаргаж өгсөн баримтууд дутуу, хангалтгүй гэж үзэж байвал өөр ямар баримт гаргаж өгөх шаардлагатай, боломжтой эсэх талаас нь харах хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас Бодь даатгал ХХК-ийн гаргасан гэх өөр нэг баталгааг гаргаж өгсөн. Энэ нь Бодь даатгал ХХК ноцтой төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргаж өгч байсныг нотлох баримт гэж бид үзэж байна. Учир нь, тус баталгаа нь цаг хугацааны хувьд маргаан бүхий баталгаатай ойрхон буюу нэг сар хүрэхгүй хугацаанд гарсан байх бөгөөд баталгааны төгсгөлд төлбөр олгох ажиллагаа даатгалын гэрээ, журмын дагуу зохицуулагдана гэж заасан нь Бодь даатгал ХХК-ийн удирдлагууд баталгааны учир холбогдлыг мэдээгүй байсныг илтгэж байна. Учир нь, хэрэв баталгаа нь бие даасан хэлцэл болохыг мэдэж байсан бол төлбөр олгох ажиллагаа нь даатгалын гэрээний дагуу зохицуулагдана гэж заахгүй байсан. Энэ нь баталгааны үл маргах журмаар төлбөр төлөгдөх, бие даасан шинжтэй байх үндсэн шинжийг алдагдуулах, ойлгомжгүй, тодорхой бус байдал үүсгэх зүйл юм. Тодруулбал, Бодь даатгал ХХК нэхэмжлэгч компанид баталгааны хэлцлийн дагуу төлбөр олгох эсэх эсвэл даатгалын гэрээний дагуу төлбөр олгох эсэх болон талуудын хооронд баталгааны хэлцэл байгуулагдсан гэж үзэх эсвэл даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус болж байна. Цаг хугацааны хувьд маргаан бүхий баталгаануудтай ойрхон хугацаанд гаргасан тул тус баталгаануудыг гаргахдаа Бодь даатгал ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нэг ойлголттой буюу баталгааны тухай мэдлэггүй байсныг илтгэж байна. Түүнчлэн, тус баталгаанд дандаа сертификат гэх үгийг хэрэглэсэн байгаа нь тус баталгааг бие даасан хэлцэл гэж ойлгоогүй, даатгалын гэрээний сертификат гэж ойлгож байсныг илтгэх юм. Тус баримтыг шүүх хуралдааны үед гаргаж, бидэнд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй олгоогүй болохыг тэмдэглэж байна. Иймд анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь заалтуудыг хэрэглэх, маргаан бүхий баталгаануудыг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж дүгнэж, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тухай бидний хариу тайлбарт анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Нотлох баримтын 4 дэх хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч нь "Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой түүний хийх ажлыг өөрөө болон бусдаар хийлгэсэн бөгөөд ингэснээр 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тайлбарласан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус үнийн дүнг гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.08.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 090 000 000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч компани өөрөө тайлбарлаж байгаагаар Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан билээ. Иймд тус төлбөрөөс их үнийн дүнгээр шаардаж буй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь ямар ч үндэслэлгүй дүн юм. Баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үндсэн үүрэг хүчин төгөлдөр дуусгавар болоогүй байх шаардлагатай. Гэтэл, нэхэмжлэгчийн "Насны зам" ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байгаа. Хэрэгт авагдсан ёсоор нэхэмжлэгч нь "Бодь даатгал" ХХК-иас баталгааны төлбөр шаардахаас өмнө тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд 03 дугаар зөвлөмжийн 11.1 дэх хэсгийн төгсгөлд "Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болно" гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4 дэх хэсэгт "Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө" гэж заасан. Иймд баталгааны дагуу төлбөр нэхэмжлэхийн тулд баталгаа бүхий үндсэн үүрэг хүчин төгөлдөр байх ёстой. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт "Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ" гэж заасны дагуу баталгаан нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч хоорондын баталгааны бүхий үүргээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн 77.1 дэх хэсэгт "Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна" гэж заасан нь үүний нотолгоо юм. Нэхэмжлэгч нь Насны зам ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул баталгааны хэлцлүүдийн дагуу шаардах эрхгүй болох тухай бидний тус тайлбарт анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцох, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК нь хариуцагч Бодь даатгал ХХК-д холбогдуулан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дагуу нийт 2 394 878 435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төслийн тэргүүн туслан гүйцэтгэгчээр шалгарсан байх бөгөөд тэрээр уг төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч компаниар Насны зам ХХК-ийг сонгож, улмаар Насны зам ХХК-тай 2013 оны 7 сарын 18-ны өдөр, газар шороо болон ус зайлуулах байгууламжийн ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан, энэ гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах үйл баримтын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /нотлох баримт 3-р хавтас/

 

Нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК нь ажил гүйцэтгэгч Насны зам ХХК-тай гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл болгож гуравдагч этгээдээс баталгаа гаргуулсан байхыг шаардсан ба хариуцагч Бодь даатгал ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай 1 090 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдөр 02 дугаартай 2 180 000 000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргаж, уг баталгааг нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК хүлээн авсны үндсэн дээр нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК болон Насны зам ХХК-ийн хооронд дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна./1-р хх-ийн 15-18-р тал/

 

Дээрхи 2 баталгаа нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, мөн зүйлийн 234.2 хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч болох Насны зам ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар энэ харилцаанд гуравдагч этгээд болох Бодь даатгал ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч болох Эс си ти и си эм ХХК-д баталгаа гаргасан ба уг баталгааны агуулгаас үзвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Бодь даатгал ХХК-ийн баталгаа гаргах хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, уг хүсэл зоригийн илэрхийллийг Эс си ти и си эм ХХК хүлээн авсан тул хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Харин анхан шатны шүүх дээрх 2 баталгааг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэхдээ үндэслэлээ заагаагүй нь буруу болжээ.

 

Дээрх хоёр баталгаанд үндэслэн хариуцагч Бодь даатгал ХХК нь Насны зам ХХК-тай 2013 оны 7 сарын 17-ны өдөр баталгааны даатгалын гэрээг байгуулсан байгааг дурдах нь зүйтэй байна. /1-р хх-ийн 107-113-р тал/

 

Насны зам ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар талууд маргаагүй, уг ажил гүйцэтгэх гэрээг захиалагч тал болох Эс си ти и си эм ХХК цуцалсан байна.

 

Анхан шатны шүүхэд хариуцагч Бодь даатгал ХХК-ийн гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Бодь даатгал ХХК нь Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй нь тогтоогдсон. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж заасан байх бөгөөд Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хязгаарлалтад ажил гүйцэтгэх гэрээнд баталгаа гаргах гаргах үйл ажиллагаа хамаарахгүй байна.

Мөн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т.Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно гэж заасан байх бөгөөд Бодь даатгал ХХК-ийн дүрмээс үзвэл бусдад баталгаа гаргаж өгөх үйл ажиллагааг мөн хязгаарлаагүй байна. Иймд маргаан бүхий 2 баталгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл, мөн зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч Бодь даатгал ХХК-ийн 2013 оны 7 сарын 17-ны өдөр Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалын гэрээний дөрөв дэх заалт, хавсралт 1 зэрэгт урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны агуулга, үнийн дүнг тодорхой тусгасан байгаа зэргээс үзэхэд дээрх хоёр баталгааг хариуцагч Бодь даатгал ХХК нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн тайлбарласнаар даатгалын баталгааны гэрээний дугаар нь урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дугаартай адил байгаа нь ноцтой төөрөгдөлд тооцохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдсөн байх нөхцөл нь хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх байдал нь гэрээний дугааруудаар тодорхойлогдохгүй, харин гэрээний агуулга, талуудын хүлээх үүргээр тодорхойлогдох юм.

 

Хариуцагч Бодь даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэгтэй байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ /хэргийн 2 дугаар хавтасны 219-220 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар биш гэж байгааг анхан шатны шүүх шийдвэртээ дурджээ. Гүйцэтгэх захирал С.Оюунчимэгийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, баталгаа гаргасан нь тогтоогдоогүй байна гэж дүгнэх нь зүйтэй байна. Учир нь урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаа нь тус тусдаа үйлдсэн, өөр өөр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох тул нэгтгэсэн дүнгээр тооцохгүй, тус тусад нь тооцвол Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамааруулж дүгнэхээргүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Эс си ти и си эм ХХК нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар баталгааны үүргийг үл маргах журмаар гүйцэтгэхийг хариуцагч Бодь даатгал ХХК-иас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Бодь даатгал ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаагаар гаргасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Мөн дээрх нөхцөлүүдийг Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Энэ хуулийн 8.2-т заасны дагуу компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарласан нь уг хязгаарлалтыг мэдэхгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн өмнө уг компанийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасантай нэгтгэн дүгнэвэл хариуцагч Бодь даатгал ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Бодь даатгал ХХК-иас урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дагуу нийт 2 394 878 435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эс си ти и си эм ХХК-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

:

 

1. Чингэлтэй 俿н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар рийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1 ... гэснийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ