Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00147

 

 “Э С Т И С Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1855 дугаар магадлалтай,

“Э С Т И С Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Б Д” ХХК-д холбогдох

Баталгааны үүрэгт нийт 2 394 878 435 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 7 сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, Шин дэ хү /Shin Dae Ho/, орчуулагч Э.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э С Т И С Э”ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төсөл (цаашид NUBIA Төсөл гэх)-ийн тэргүүн туслан гүйцэтгэгч юм. Бид NUBIA төслийн барилгын ажлын хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахдаа Монгол Улсад болон Олон Улсад тогтсон жишгийн дагуу хөндлөнгийн санхүүгийн чадамжтай этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг өөрийн компанийн нэр дээр гаргуулдаг ба эдгээр баталгааны үндсэн дээр ажлаа эхлүүлэхийг зөвшөөрч, дээрх төлбөрийн баталгаануудыг үндэслэн урьдчилгаа төлбөр болон явцын гүйцэтгэлийн төлбөрүүдийг тухай бүр төлж ажилладаг. “Б Д” ХХК нь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох Насны зам ХХК-ийн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Олон Улсын худалдааны танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журам (ICC Uniform Rules for Demand Guarantees 458, 758)-ийн дагуу “Э С Т И С Э”ХХК-ийн нэр дээр 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаартай 1.090.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №02 дугаартай 2.180.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа тус тус гаргаж өгсөн. Уг баталгааны дагуу “Б Д” ХХК нь Насны зам ХХК-ийг Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд “Э С Т И С Э”ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгааны нөхцлийн дагуу “Б Д” ХХК нь Насны зам ХХК-ийг NUBIA төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд хэрэв баталгааг эзэмшигч “Э С Т И С Э”ХХК (бэнифициар)-аас Насны зам ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл гаргаж, баталгаанд заасан дүнгийн хэмжээнд төлбөр төлөх шаардлагыг бичгээр хүргүүлсэн нөхцөлд “Б Д” ХХК нь үл маргах журмаар нэхэмжилж буй шаардлага, төлбөрийн дүнг нотлохыг шаардахгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Олон Улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ болох баталгааны нэгдсэн журам буюу URDG-ийн хүрээнд гаргаж өгдөг энэ төрлийн баталгааг баталгааны нэгдсэн журам-ын 2-р зүйлд тодорхой заасны дагуу арилжааны банк, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагууд гаргаж өгдөг бөгөөд уг гаргаж өгсөн баталгаа нь буцаан үл дуудагдах, үл маргах журмаар буюу баталгаа хүлээн авагчийн анхны шаардлагаар төлөгддөг гол онцлог нөхцлөөрөө дотоодын болон олон улсын практикт нэгэнт хэвшин тогтсон санхүүгийн хэрэгсэл юм. Энэхүү баталгааны ерөнхий зохицуулалтыг 2002 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно" гэж тодорхой тусгасан байдаг. “Б Д” ХХК нь Насны зам ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дээр дурьдсан баталгаа өгсөн тул “Э С Т И С Э”ХХК-ийн зүгээс Насны зам ХХК-д ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгон, урьдчилгаа төлбөр болон бусад төлбөр тооцоог төлж ажиллаж эхэлсэн. Улмаар барилгын ажлын явцад Насны зам ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул “Э С Т И С Э”ХХК нь Насны зам ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, баталгааны төлбөрийг үл маргах журмаар төлөх шаардлагыг баталгаа гаргагчид хүргүүлсэн боловч ”Б Д” ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаад байгаа юм. Бодь даатгал XXK нь “Э С Т И С Э”ХХК-ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа үндэслэлдээ Насны зам ХХК нь холбогдох төлбөр, хураамжийг төлөөгүй тухай мэдэгдсэн. “Б Д” ХХК-ийн гаргаж өгсөн эдгээр баталгаанд уг баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээр зохицуулагдахаар заажээ. Олон Улсын хэмжээнд URDG-ийн дагуу гаргасан аливаа баталгаа нь нэмэлт нотлох баримт шаардахгүйгээр үл маргах журмаар, анхны шаардлагаар төлөгдөх хууль зүйн хүчин төгөлдөр баталгаанд тооцогддог учиртай. Иймд эдгээр баталгаа нь гуравдагч этгээдийн зүгээс гаргасан санхүүгийн бие даасан баталгаа бөгөөд хууль зүйн хувьд (i) “Б Д” ХХК болон Насны зам ХХК-иудын хоорондын харилцаа, (ii) “Э С Т И С Э”ХХК болон Насны зам ХХК-ийн харилцаанаас тусдаа, бие даасан үүргийн харилцаа юм. Батапгааны нэгдсэн журам 458-ийн 27-р зүйл, Баталгааны нэгдсэн журам 758-ийн 34 (а)-р зүйлийн дагуу баталгаатай холбоотой аливаа харилцааг хэрэв баталгаанд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хууль тогтоомжоор зохицуулах журам тогтоож өгсөн байдаг. Иймд эдгээр баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээс гадна Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 234.1 дэх зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно", 234.3 дахь зүйлд Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй гэж заасны дагуу эдгээр баталгаа нь баталгаа гаргагчийн нэг талын санаачилгаар үл цуцлагдах, үл маргах журмаар төлөгдөх баталгаа бөгөөд баталгаа гаргагч “Б Д” ХХК болон баталгааг хүлээн авсан “Э С Т И С Э”ХХК-ийн хооронд үүссэн бие даасан үүргийн харилцаа мөн. Иймд баталгааны нөхцлийн дагуу баталгаа төлбөрийг “Б Д” ХХК нь Насны зам ХХК-иас үл хамааран төлж барагдуулах, улмаар “Э С Т И С Э”ХХК-д төлсөн мөнгөн төлбөрийг Насны зам ХХК-иар буцаан нөхөн төлүүлэх асуудал нь “Б Д” ХХК-ийн бие даан шийдэх харилцаа юм.Үүнээс гадна эдгээр баталгааг гаргаж өгөхдөө “Б Д” ХХК нь албан бичгээр Насны зам ХХК-тай баталгааны даатгалын FGI0313401072826 тоот гэрээг 2013 оны 7 сарын 17-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан тухай “Э С Т И С Э”ХХК-д мэдэгдэж байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 234.3 дахь зүйлд гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй, Баталгааны нэгдсэн журам буюу URDG-H 4, 5-р зүйлд баталгаа нь баталгаанд тийнхүү дурьдаагүй байсан ч баталгааг гаргасан үеэс irrevocable буюу буцаан ул дуудагдах гэж ойлгогдоно" гэж тус тус заасны дагуу эдгээр баталгаа нь хүчин төгөлдөр юм. Эдгээр үндэслэл, нөхцлийн дагуу бидний зүгээс “Б Д” ХХК-д удаа дараа бичгээр албан хүсэлт, тайлбар хүргүүлсэн бөгөөд бодит байдал, учир холбогдлыг тайлбарласан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. “Б Д” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Манай компани 2015 оны 8 сарын 06-ны өдөр СЗХ-д SCT-NUBIA-LTR-2978 тоот албан бичгээр “Б Д” ХХК нь баталгааны дагуу төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа талаар гомдлыг хүргүүлсэн. Улмаар СЗХ-ноос 2015 оны 8 сарын 25-ны өдөр №1/3812 тоот хариу албан бичгээрээ энэ баталгааны дагуу шаардаж буй мөнгөн, төлбөрийн харилцаа нь үүргийн биелэлттэй холбоотой асуудал тул гомдлоо хэргийн харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн. Иймд Иргэний хуулийн 234.1, 234.3-р зүйлийн дагуу “Б Д” ХХК-ийг баталгааны дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б Д” ХХК-иас манай компанийн өмнө урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж урьдчилгаа төлбөрийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 214 878 435 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 2 180 000 000 төгрөг, нийт дүнгээр 2 394 878 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хэд хэдэн үндэслэл байгаа гэж бид үзэж байна. Юуны өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлийн тодорхой заалтуудын дагуу хууль бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд тус гэрээнүүдийн үндсэн дээр төлбөр нэхэмжилж буй шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үндсэн үүрэг хүчин төгөлдөр дуусгавар болоогүй байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн Насны зам ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байгаа. Хэрэгт авагдсан ёсоор нэхэмжлэгч нь “Б Д” ХХК-иас баталгааны төлбөр шаардахаас өмнө тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 05-ны өдрийн гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд 03 дугаар зөвлөмжийн 11.1 дэх хэсгийн төгсгөлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болно гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4 дэх хэсэгт Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Иймд баталгааны дагуу төлбөр нэхэмжлэхийн тулд баталгаа бүхий үндсэн үүрэг хүчин төгөлдөр байх ёстой. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч хоорондын баталгааны бүхий үүргээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан нь үүний нотолгоо юм. Нэхэмжлэгч компани нь урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааны гэрээнүүд, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх заалтыг тус тус үндэслэн баталгааны төлбөр нэхэмжилсэн. Хуулийн дээрх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь баталгааны төлбөр нэхэмжлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал байх ёстой. Энэ нь, шүүхийн практикт ч тогтсон зүйл гэж бодож байна. Тухайлбап, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудаснуудад Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. ... Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно гэж тайлбарласан байна. Гэвч, үүрэг гүйцэтгэгч болох Насны зам ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ гүйцэтгээгүй болохыг нэхэмжлэгч нотлоогүй (нотлох шаардлагагүй гэж тайлбарласан), энэ тухай үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн, шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн нөхцөл байдал байхгүй. Иймд Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нарын Насны зам ХХК үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран “Б Д” ХХК баталгааны үүргээ гүйцэтгэх ёстой" гэж тайлбарлаж байгаа нь хуульд үл нийцэх юм. Гагцхүү банкны баталгааны гэрээнд тийнхүү журам үйлчилнэ. Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасан. Харин ердийн баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас ...шаардана гэж заасны дагуу баталгаа гаргагчид шаардлага гаргахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх ёстой. Эрх бүхий этгээд баталгааны төлбөр шаардаагүй тухай: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасны дагуу баталгааны төлбөр гapгyyлax хүсэлт нь хэлцэл, иргэний эрх, үүргийг үүсгэх хэлцэл юм. Иймд түүнийг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргах ёстой. Гэтэл “Б Д” ХХК-иас баталгааны төлбөр шаардах хүсэлтүүд нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий этгээдийн буюу гүйцэтгэх захирал, эсвэл түүнээс итгэмжлэл авсан этгээд байгаагүй. Иймд тус хүсэлт нь “Б Д” ХХК-д баталгааны дагуу төлбөр төлөх үүргийг үүсгэхгүй юм. Нэхэмжлэгч компани нь үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буй тухай: Нотлох баримтын 4 дэх хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой түүний хийх ажлыг өөрөө болон бусдаар хийлгэсэн бөгөөд ингэснээр 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тайлбарласан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус үнийн дүнг гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.08.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 090 000 000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч компани өөрөө тайлбарлаж байгаагаар Насны зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан билээ. Иймд дээрх төлбөр нь ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаагаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичгийг “Б Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунчимэг “Э С Т И С Э”ХХК-д гаргасан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 87.1-д Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно гээд 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасан байдаг. Учир нь: Тус баталгааны бичгүүдийг 2013 оны 7 сарын 17-ны өдөр “Б Д” ХХК-иас гаргасан бөгөөд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн баланс гэдэгт 2013 оны 6 сарын 30-ны өдөр гаргасан 2-р улирлын санхүүгийн тайлан хамаарах бөгөөд тус тайлангаар “Б Д” ХХК-ийн нийт актив буюу хөрөнгө 12 424 410 491.36 төгрөг байсан бөгөөд үүний 25 хувь нь 3 106 102 622.5 төгрөг байна. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ”Б Д” ХХК-ийн дүрмийн 9.8.14-т Компанийн тухай хуульд заасан журмыг баримтлан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл олгох"-оор заасан, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2008 оны 12 сарын 8-ны өдөр С.Оюунчимэгтэй байгуулсан “Б Д” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний 2.3.2-т Гүйцэтгэх захирал нь гадаад, дотоодын байгууллагатай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 3 тэрбум төгрөг хүртэл үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг бие даан хийх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 3 сая төгрөг хүртэл зардлыг гаргах эрхтэй бөгөөд үүнээс дээш үнийн дүнтэй хэлцлийг зөвхөн ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийх гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл  урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаагаар нийт 3 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичиг нь тухайн үеийн компанийн нийт хөрөнгийн 26,32 хувьтай тэнцэх бөгөөд энэхүү хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаргасан байна. Компанийн тухай хуулийн 88.1-д Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана, 88.2-т Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг суудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд “Б Д” ХХК нь ТУЗ-тэй компани байтал ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн асуудлаа оруулахгүйгээр гүйцэтгэх захирал компанийн тухай хууль, Компанийн дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчиж хийсэн үйлдэл юм. Иймд тус баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Түүнчлэн “Б Д” ХХК нь Насны зам ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 1-ны өдөр FGI0313401072826 дугаар баталгааны даатгал гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тогтоолын хавсралтаар баталсан сайн дурын даатгалын хэлбэрийн 1.13-т тус тус заасныг үндэслэн байгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй NUBIA төслийн Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын газар, шорооны болон ус зайлуулах ажлын гүйцэтгэгч буюу даатгуулагч Насны зам ХХК-ийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг хамгаалах зорилготой байсан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэгт даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд олгох гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс даатгалын зүйл, эрсдэлийн төрөл, үргэлжлэх хугацаа зэрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг тусгаж, гэрээ байгуулсны нотолгоо болгон даатгалын баталгааг гаргуулдаг. Үүнтэй холбоотойгоор даатгагч “Б Д” ХХК-ийн тухай үеийн гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал, ажилтнууд баталгааны даатгалын үндсэн гэрээнд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гарган өгч байна гэж ойлгон 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл баталгаануудын төлбөр төлөгдөх нөхцөл, хүргүүлэх мэдэгдэл зэрэг нь даатгагч, даатгуулагчийн тохиролцооны зүйл, анхны үндсэн гэрээний агуулга, хүсэл зорилгод нийцээгүй, даатгалын баталгааны загвартай адил байснаас ноцтой төөрөгдөлд хүргэсэн тул 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 03/512 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-д нэн даруй мэдэгдсэн болно. Уг албан бичигт даатгуулагч Насны зам ХХК-тай байгуулсан 2013 оны FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын үндсэн гэрээний нөхцөлд заасан эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгох зэрэг гэрээний нөхцлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн юм. Дээрх үйл явцыг дүгнэвэл, “Б Д” ХХК нь Насны зам ХХК-тай байгуулсан гэрээнд үндэслэн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүргийн хүрээнд даатгалын баталгааг олгож байна гэж ойлгож BD/C130051 дугаарт урьдчилгаа төлбөрийн баталгаа болон BD/C130052 дугаарт гүйцэтгэлийн баталгааг “Э С Т И С Э”ХХК-иас ирүүлсэн загварын дагуу гаргаж хүргүүлснээс талуудын хооронд төөрөгдөл үүссэн байна. Тухайлбал Насны зам ХХК-тай “Б Д” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын гэрээг байгуулсан бөгөөд “Э С Т И С Э”ХХК-д олгосон BD/C130051, BD/C130052 дугаар бүхий Даатгалын баталгаануудад заасан гэрээний дугаар хэсэгт FGI0313401072826 гэсэн гэрээний дугаарыг зааж өгсөн байгаа нь “Б Д” ХХК-ийн зүгээс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий баталгааны даатгалын гэрээний даатгалын баталгааг гаргаж өгсөнийг харуулж байна. Үүний улмаас “Б Д” ХХК нь даатгалын баталгаа өгч байна, “Э С Т И С Э”ХХК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргуулж авсан гэж зөрүүтэй ойлгосноос талууд хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.17-д урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг гаргах эрхтэй субьектийг тодорхой хуульчилснаас үзэхэд банкны баталгаа, Засгийн газрын баталгаа, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгох бөгөөд үүнд даатгалын компани хамаардаггүй. Тиймээс нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-ийн хувьд ч даатгалын баталгааг дээрх хуульд заагдсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гэж ойлгож, агуулгын хувьд төөрөгдөж байна. Иймд хариуцагч “Б Д” ХХК нь даатгуулагч Насны зам ХХК-тай байгуулсан 2013 оны FG10313401072826 дугаар баталгааны даатгалын үндсэн гэрээний шинж, үндсэн агуулга, хүсэл зорилгод нийцээгүй баталгааг гарган өгч ноцтой төөрөгдсөн тул 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм. Тиймээс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.2.3-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох үндэслэлүүдийг аль алийг нь харгалзан үзэж хүчингүй хэлцэл болохыг тогтоож өгнө үү. ...Маргаан бүхий баталгаанууд Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр заасан. Иймд даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын үйл ажиллагаанд хамаарахгүй тул даатгагч баталгаа гаргах нь Даатгалын тухай хуулийн дээрх заалтыг зөрчих юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд гарах үед буюу 2013 онд ердийн даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн заавар батлах тухай 80 дугаар тогтоолоор тодорхойлж байсан. Үүнд, даатгагч мөнгөө банкинд хадгалуулах, бонд худалдан авах, түрээсийн үйл ажиллагаа явуулах, хадгаламжийн сертификат худалдаж авах, богино хугацаат зээл олгох зэрэг үйл ажиллагааг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулан үзэж, даатгагч тэдгээр үйл ажиллагааг явуулж болохоор заасан. СЗХ-ны тус тогтоолоор баталгаа гаргахыг даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамруулсан зүйл байхгүй. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт даатгагч нь зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар хязгаарлаж заасан нь даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Хэрэв ийнхүү хязгаарлахгүй бол даатгагч даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн үйл ажиллагааны улмаас алдагдал хүлээхэд даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх, даатгуулагчид хохирох нөхцөл байдалд хүрэх боломжтой. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй 2,4 тэрбум төгрөгийг “Б Д” ХХК төлсөн нөхцөлд энэ нь түүний даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах санхүүгийн чадварт ноцтойгоор нөлөөлнө. Хууль тогтоогч ийм байдал үүсэх буюу нийтийн (даатгуулагчдын) ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж, даатгагчийн үйл ажиллагааны хүрээг зөвхөн даатгалын үйл ажиллагаагаар хязгаарласан байна. Даатгагч нь олон даатгуулагчаас тус бүрээс нь бага хэмжээний хураамж төвлөрүүлэн, тэдгээрийн ирээдүйд гарч болох их хэмжээний эрсдэлийг үүрч байдаг. Иймд даатгагч төвлөрүүлсэн даатгалын хураамжаа зүй зохистойгоор зарцуулах нь нийтийн ашиг сонирхлын шаардлага юм. Даатгагчаас 2.4 тэрбум төгрөгийг гаргуулснаар тухайн компанид даатгуулсан даатгуулагчдын эрх ашиг хөндөгдөх буюу тэдгээр даатгуулагчдад учирсан хохирлыг даатгагч төлж чадахгүй байх эрсдэл үүсэх боломжтой. Ийм эрсдэл үүсэхээс хамгаалах үүднээс хууль тогтоогч нь даатгагчид зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр, даатгагч өөр төрлийн бизнес хийх, бусдын үүрэгт баталгаа гаргах зэргээр даатгалын нөөц санг алдагдалтай болгох, эрсдэлд учруулахаас сэргийлж буй юм. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар түүний санхүүгийн байдалд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих, даатгагч өөрийн нөөц хөрөнгөө зөв удирдах боломжтой болох юм. Учир нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулснаар даатгалын үйл ажиллагааны улмаас учирч болох эрсдэл, санхүүгийн зүй зохистой байдлаа актаар тооцооллын дагуу тооцоолох боломж бүрдэж байдаг билээ. Даатгалын тухай хуулийн 4.1.8 дахь заалтад зааснаар актаар гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг ойлгодог. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж тайлбарлавал хуулийн 25.5 болон 49.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөхгүй ойлгогдох юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах тухай заасан. Даатгалын тухай хуулийн 25.1 дэх хэсэгт Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ гэж, дээрх журмын 1.4 дэх хэсэгт даатгалын компани энэ журмаар зөвшөөрөгдсөн даатгалын нөөц сан байгуулах, нөөц сангийн хэмжээг тооцох бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна гэж тус тус заасан. Эндээс дүгнэхэд, хууль тогтоогч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөөц сангийн хөрөнгийг зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зарцуулахаар хязгаарласан. Даатгагч нь даатгалын болон түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болох нь дараах хууль тогтоомжуудаар мөн адил нотлогдоно. Үүнд, Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн заавар батлах тухай 80 дугаар тогтоолоор баталсан, ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврын 4.1 дэх хэсэгт Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн буюу энэ зааврын 3.1-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19-д заасны дагуу хариуцлага тооцно гэж заасан. (Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн тус хэсэг өөрчлөн найруулагдсан) Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж, зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журам зөрчсөн бол түүнийг Даатгалын тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхээр тодорхой заасан. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө, маргаан бүхий баталгаанууд гарах үед Даатгалын тухай хуулийн 83 дүгээр зүйлийн 83.1.19 дэх хэсэгт энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчийг 500000-1000000 төгрөгөөр торгох гэж заалт байсан. Зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчсөн нөхцөлд даатгагч нь хариуцлага хүлээхээр заасан нь даатгалын буй үйл ажиллагаа эрхлэх нь хууль бус болохыг илтгэнэ. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон нь холбогдох этгээд буюу компанитай хамааралтай этгээдэд давуу байдал олгохгүй байхыг заасан хэрэг болохоос бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргахыг зөвшөөрсөн заалт биш юм. Хуулийн тус заалтыг тэгж ойлгохгүй бол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт, 83.1.19 дэх заалт, 25.5 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсгүүд хоорондоо зөрчилдөх болно. Өмнө энэхүү маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт болон 27.1.4 дэх заалтуудыг тийнхүү хоорондын зөрчилгүй тайлбарлах үндэслэлтэй тухай дүгнэсэн. Бид тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байна. Санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани нь нийтийн мөнгийг удирдаж байдаг учир нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвхөн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоодог юм. Тухайлбал, Банкны тухай хуулийн 6.1, 6.2, 7.1 дэх хэсгүүдэд банк зөвхөн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан. Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтууд ч үүнтэй ижил зохицуулалт юм. Баталгаанууд нь их хэмжээний хэлцэл, гүйцэтгэх захирлын эрх хэмжээнээс хэтэрсэн хэлцэл байсан тухай: Маргаан бүхий урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүд нь Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх хэсэгт хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дунгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл байсан. Тус гэрээнүүд нь тухайн үеийн компанийн балансын нийт активын 25 хувиас хэтэрч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Б Д” ХХК-ийн тухайн үеийн санхүүгийн тайлангаас харагдана. Компанийн тухай хуулийн 76.116 дахь заалтын дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох нь компанийн ТУЗ-ийн бүрэн эрх билээ. Гэтэл, компанийн гүйцэтгэх захирал нь тухайн хэлцлийн тухай ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй байсан. Бид тус хэлцэлд ТУЗ зөвшөөрөл олгох эсэхийг сүүлд ТУЗ-өөр хэлэлцүүлэхэд ТУЗ зөвшөөрөл олгохоос татгалзсан. Иймд маргаан бүхий баталгааны хэлцлүүд компанийг тухайн асуудлаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь банкны баталгаа тул Иргэний хуулийн 56.1.8, 189.3 дахь заалтуудын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Иргэний хуулийн 234 дугаар зүйлд баталгааны хэлцлийн тухай заасан бол хуулийн 457 дугаар зүйлд банкны баталгааны гэрээний тухай заасан. “Б Д” ХХК-ийн гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь эдгээрийн аль нь болохыг тогтоох нь чухал. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар банкны баталгаа гаргах нь Монгол банкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх банкны үйл ажиллагаа билээ. Хэрэв “Б Д” ХХК-ийн гаргасан баталгаанууд нь банкны баталгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж, 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Бидний зүгээс маргаан бүхий баталгаануудыг банкны баталгаа байна гэж үзэж байна. Учир нь, банкны баталгаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хоорондын гэрээний харилцаанаас үл хамаарах, бие даасан байх шинжээрээ ердийн баталгаанаас ялгагдана. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардана гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардахын тулд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагатай. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудсуудад дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234 4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно гэж дүгнэсэн байна. Харин банкны баталгааны гэрээний хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасны дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран үүрэг хүлээх юм. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанд тус баталгаанууд нь Олон Улсын худалдааны танхимын 458 дугаар болон 758 дугаар Баталгааны нэгдсэн журмаар зохицуулагдахыг заасан. Энэ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.17 дахь хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбоотой бусад харилцааг Олон Улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна гэж заасны дагуу маргаан бүхий баталгаанууд гарсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгааны Олон Улсын туршлага, зохицуулалтын дагуу гарсан банкны баталгааны гэрээ байна. 758 дугаар Баталгааны нэгдсэн журмын 5(a) хэсэг. (Баталгааны бие даасан байдал) Баталгаа нь үндсэн гэрээ болон баталгаа гаргуулах хүсэлтээс үл хамааралтай бөгөөд баталгаа гаргагч нь эдгээр харилцаатай аливаа байдлаар холбогдож үүрэг хүлээхгүй гэж тус тус заасан. 458 дугаар Баталгааны нэгдсэн журмын 2(a) хэсэгт мөн адил агуулгаар заасан. Энэ нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэх журамтай нийцэж байна. Иймд маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан абстракт шинжийг хангасан банкны баталгааны гэрээ байна. Нэхэмжлэгч компаниас Насны замХХК-иар дамжуулж хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний нөхцөлд баталгаа гаргагчийн тухай тэмдэглэхдээ баталгаа гаргагч банк, банкны нэр гэх зэрэг тэмдэглэсэн байгаа нь үүний нэг нотолгоо юм. Банкны баталгааны гэрээ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа бөгөөд ”Б Д” ХХК нь тийнхүү тусгай зөвшөөрөлгүй учир маргаан бүхий баталгаанууд нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалт, 189 дүгээр зүйлийн 189 2 дахь заалтуудын дагуу тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч компани нь дээрх нөхцөл байдлаас зайлсхийх, нуух үүднээс маргаан бүхий баталгаануудыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан ердийн баталгааны хэлцэлд хамааруулан тайлбарлаж ирсэн гэж бид үзэж байна. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох тухай: Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж, 58.2.2 дахь хэсэгт хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж тус тус заасны дагуу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл юм. “Б Д” ХХК нь Насны зам ХХК-тай гүйцэтгэлийн баталгааны гэх даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан. Харин, нэхэмжлэгч компанид үл маргах журмаар төлөгдөх баталгаа гаргах сонирхол байгаагүй. Компанийн тухайн үеийн удирдлагууд баталгааны хэлцэл нь үл маргах журмаар төлбөр төлөгдөх үр дагавартайг ойлгож мэдэлгүй, баталгааны даатгалын гэрээний баталгааг гарган өгч байна хэмээн эндүүрч маргаан бүхий баталгаануудыг гаргасан. Үүнийг хэрэгт авагдсан баримтуудад дүн шинжилгээ хийх замаар, дараах байдлаар нарийвчлан тайлбарлаж байна. “Б Д” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг. Даатгалын тухай хуулиар даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулахаар хязгаарласан тул даатгалын гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулах, үйл ажиллагаа явуулах зүйл хийдэггүй. Тус компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Насны зам ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 тоот баталгааны даатгалын гэрээ байгуулсан. “Б Д” ХХК-ийн жинхэнэ, хүссэн гэрээний хүсэл зориг бол тус даатгалын гэрээ юм. Тус даатгалын гэрээгээр “Б Д” ХХК нь Насны зам ХХК-ийн хэрэгжүүлэхээр шалгарсан Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал NUBIA төслийн газар шорооны болон ус зайлуулалтын ажил төсөлтэй холбогдуулан Насны зам ХХК, түүний туслан гүйцэтгэгч нарын хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, итгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө завших, шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх зэрэг үйлдлүүдийн улмаас “Э С Т И С Э”ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тус компанид хохирол учирсан нөхцөлд урьдчилгаа төлбөрийн хувьд 1 090 000 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны хувьд 2 180 000 000 төгрөг хүртэлх хэмжээнд даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна. Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгал нь СЗХ-ноос зөвшөөрөгдсөн чин шударгын баталгааны даатгал юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолоор сайн дурын даатгалын хэлбэрүүдийг тогтоосон бөгөөд тус журмын хавсралтын 1.13 дахь хэсэгт итгэлцлийн даатгалыг тодорхойлсон. Үүнд, Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал (Performance Insurance), чин шударгын баталгааны даатгал (Fidelity guarantee Insurance) даатгал үүнд хамаарна гэж тайлбарласан. Бодь даатгал болон Насны зам ХХК-иудын хоорондын баталгааны даатгал бол чин шударгын баталгааны даатгал юм. Учир нь “Б Д” ХХК-ийн СЗХ-нд бүртгүүлсэн чин шударгын баталгааны даатгалын нөхцөл, гэрээний загвар, түүнд заасан даатгалын эрсдэлийн дагуу баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл “Б Д” ХХК-ийн хүсэл зориг бол СЗХ-ны дээрх тогтоолоор зөвшөөрөгдсөн чин шударгын гүйцэтгэлийн баталгааны даатгалд хамаарах баталгааны даатгалын гэрээний дагуу Насны зам ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн бол (зөвхөн гэрээнд заасан эрсдэлийн улмаас) даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцох явдал байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчдын зүгээс “Б Д” ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж, түүний үндсэн дээр буюу тус гэрээний дагуу бидэнд баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь үндэслэлгүй тайлбар юм. “Б Д” ХХК нь баталгааны даатгалыг хэрхэн байгуулах тухай журмаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бөгөөд СЗХ-ноос тус журмыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн. Баталгааны даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд тус гэрээтэй холбоотой бие даасан хэлцэл болох баталгаа гаргах тухай тус даатгалын бүтээгдэхүүний журамд заагаагүй. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий баталгаануудыг гаргаж өгсөний дараа 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгч байсан байдаг. Тус албан бичиг нь “Б Д” ХХК төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохыг нотлох юм. Үүнд; тус албан бичиг 4 догол мөртэй бөгөөд эхний догол мөрөнд Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан тухай, 2 дахь догол мөрөнд тус гэрээний дагуу ямар нөхцөлд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгох тухай бичсэн байна. Хэрэв баталгааны гэрээ байгуулснаа мэдэж байсан бол дээрх агуулгаар бичиг өгөхгүй байх байсан. Тухайлбал, URDG баталгааны нэгдсэн журамд зааснаар нэхэмжлэх ирснээс хойш 5 хоногт төлбөр олгох ёстой. Гэтэл хариуцагч ажлын 30 хоногийн дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж байсан нь баталгааны даатгалын гэрээний 9.5 дахь заалтыг баримталж байсныг харуулна. Мөн нэхэмжлэгч компанид төлбөр олгохын тул баталгааны даатгалын гэрээнд заасан баримтуудыг бүрдүүлэн авсны үндсэн дээр даатгалын нөхөн төлбөр олгох тухай заасан. Тус албан бичгийн 2 дахь догол мөрөнд даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийн улмаас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох тухай агуулга байгаа. Эдгээр нь нэхэмжлэгч компанид төлбөр олгох ажиллагаа баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана гэж ойлгож байсныг буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулагдсан тухай огтоос мэдэхгүй, ойлгоогүй байсныг нотлох юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон Насны зам ХХК-тай байгуулсан мөн өдрийн баталгааны даатгалын гэрээнүүд бүгд нэгэн адил FGI0313401072826 гэсэн дугаартай байгаа нь маргаан бүхий хэлцлүүд ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох зүйл юм. Учир нь хэрэв компанийн тухайн үеийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон баталгааны даатгалын гэрээ тусдаа хэлцэл гэж ойлгож байсан бол тус гурван хэлцлийг нэг ижил байдлаар дугаарлахгүй байх байсан. Харин гэрээнүүдийг бие биеэс нь ялгах, зөв бүртгэх зорилгоор ондоо дугаарлалт өгөх байсан. “Б Д” ХХК энэ зорилгоор өөрийн байгуулсан бүх гэрээнүүдээ тодорхой журмын дагуу бүртгэдэг. Тухайлбал, одоогийн байдлаар компанийн гүйцэтгэх захирлын 2017.10.26-ны өдрийн даатгалын бүтээгдэхүүний шинэчилсэн бүртгэл, бүтээгдэхүүний кодчилол, даатгалын гэрээний дугаарыг шинэчлэн батлах тухай А/056 дугаар тушаалаар гэрээний дугаарлалт хийгдэж байна. Тус тушаалын 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дугаар нь цор ганц, давтагдашгүй байх юм. Тус гурван хэлцэл бүгд ижил дугаартай байгаа учир нь ”Б Д” ХХК, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс баталгааны даатгалын гэрээний хавсралт болгож даатгалын баталгааг гарган өгч байна гэсэн ойлголттой байсантай холбоотой. Иргэний хуулийн 433 1 дэх хэсэгт "Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй гэж, Даатгалын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт Даатгагч даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүрэгтэй гэж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээ байгуулагдсан нөхцөлд түүний нотолгоо, гэрчлэх баримт болох Даатгалын баталгаа олгогддог Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт Энэхүү гэрээний хавсралт, гэрээт баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан нь даатгагч тус даатгалын гэрээнд гэрээт баталгаа олгосон болохыг харуулах бөгөөд хуулийн дээрх заалтууд, даатгалын гэрээний энэхүү заалтын дагуу даатгалын баталгаа гаргаж өгөхдөө төөрөгдөл явагдсан байна. Баталгааны даатгалын гэрээт баталгаа гэсэн өөр баримт бичиг байхгүй тул урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь тус даатгалын гэрээний хавсралт болох нь ойлгомжтой. Тухайн үед Бодь даатгалХХК-д үйлчилж байсан гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн журам батлах тухай ОЗ/Б/102 дугаар тушаалаар батлагдсан даатгалын гэрээ байгуулах аргачилсан журмын 2.15 дахь хэсэгт Даатгалын гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурсны дараа даатгагч даатгуулагчид даатгалын гэрээт баталгаа бичиж олгоно гэж, 2.13 дах хэсэгт Даатгалын гэрээний хавсралт нь дараах шаардлагыг хангасан байна, 2.13.1 дэх заалтад Даатгалын гэрээтэй ижил дугаартай байх бөгөөд хавсралтыг дугаарласан дэд дугаартай байна гэж тус тус заасан. Журмын тус заалтаас дүгнэхэд даатгалын гэрээний хавсралтад даатгалын гэрээний дугаар тавигдах бөгөөд нэмэлтээр дэд дугаар тавигддаг байсан байна. Маргаан бүхий баталгаануудад баталгааны даатгалын гэрээний FGI0313401072826 гэх дугаар тавигдсан байгаа нь тус баталгаануудыг даатгалын гэрээний хавсралт буюу гэрээт баталгаа гэж ойлгож байсныг гэрчилнэ. Харин урьдчилгаа төлбөрийн баталгааны BD/C130051 гэх дугаар, гүйцэтгэлийн баталгааны BD/C130052 гэх дугаар нь тус тус журмын 2.13.1 дэх заалтад заасан дэд дугаар болохыг илтгэж байна. Мөн маргаан бүхий баталгаануудын FGI0313401072826 гэх дугаарлалт нь тус гэрээг даатгалын баталгаа гэж ойлгож байсныг илтгэх өөр хүчин зүйлс байна. Тодруулбал, дугаарлалт FGI гэж эхэлж байгаа нь Fidelity Guarantee insurance буюу чин шударгын баталгааны даатгал гэх үгийн товчлол юм. СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 дугаар тогтоолын хавсралтын 1.13 дэх хэсэгт чин шударгын баталгааны даатгалыг англи хэл дээр Fidelity Guarantee Insurance гэх нэр томьёогоор илэрхийлсэн. “Б Д” ХХК нь СЗХ-ноос тогтоосон албан ёсны нэршлийн дагуу тус бүтээгдэхүүнээ нэрлэж, дугаарлалтад нэршлийн эхний үсэгтнүүдийг FGI гэж товчилж ашигласан байна. Харин гэрээний 40107 гэх дугаар нь гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээг илэрхийлэх код юм. Өөрөөр хэлбэл урьдчилгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь даатгалын гэрээ дугаарлалтын журмын дагуу дугаарлагдсан байна. 2013 оны 7 дугаар сард үйлчилж байсан гэрээ дугаарлалт болон 2014.06.25-ны өдрийн журам батлах тухай ОЗ/Б/174 дүгээр тушаалаар гэрээнүүд дээрх байдлаар дугаарлагддаг байсан байна. Хэрэв “Б Д” ХХК төөрөгдөөгүй буюу бие даасан хэлцэл болох баталгаа гарган өгч байна гэж ойлгож байсан бол тус гэрээний дугаарлалтыг даатгалын гэрээний дугаарлалт ёсоор хийхгүй. Тэр дундаа урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгааг баталгааны даатгалын гэрээний дугаарлалт ёсоор дугаарласан, тэр дугаар нь Насны зам ХХК-тай байгуулсан баталгааны даатгалтай ижил байгаа нь тус хэлцэл төөрөгдлийн улмаас хийгдсэн болохыг нотлох юм. “Б Д” ХХК төөрөгдөхөд нөлөөлсөн дараагийн хүчин зүйлс бол баталгааны даатгалын гэрээг анх хийсэн явдал, Олон Улсын баталгааны нэгдсэн журмын дагуу баталгаа гаргаж байгаагүй болон урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгаануудын нөхцлийг нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-иас боловсруулж ирүүлсэн явдлууд юм. Монгол Улсын арилжааны даатгалын салбарт чин шударгын, гүйцэтгэлийн баталгаа зэрэг итгэлцлийн даатгалууд их хийгддэггүй. “Б Д” ХХК-ийн хувьд ч гэсэн итгэлцлийн даатгал их хийдэггүй бөгөөд Насны замХХК-тай хийсэн баталгааны даатгалын гэрээ нь тус компанийн анхны итгэлцлийн (Баталгааны) даатгал байсан. Үүнээс өмнө ямар нэгэн компанид Олон Улсын баталгааны нэгдсэн журмуудын дагуу баталгаа гаргаж байсан туршлага байхгүй. 3 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх талуудад авагдсан “Б Д” ХХК-ийн дотоод цахим шууданд хийсэн үзлэгт тогтоогдсон ёсоор Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулж байсан, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Хангай нь нөхөн төлбөрийн хэлтсийн захирал Мөнхтулгад бичсэн цахим захидалдаа энэ гэрээ манай компанийн хувьд хамгийн анхны Баталгааны даатгалын гэрээ байсан тул албан бичгийг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Насны зам ХХК (нэхэмжлэгч) ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан гэж бичиж байсан. Энэ нь болсон бодит байдлыг буюу төөрөгдлийн улмаас баталгаа гаргасан болохыг илтгэх, нотлох баримт юм. Хариуцагч байгууллага нь баталгааг гаргахдаа төөрөгдсөн болохыг тус цахим шууданд нарийвчлан дүн шинжилгээ хийх замаар ойлгож болно. (1) Нөхөн төлбөрийг татгалзана vv гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ хийгдсэн гэж ойлгож байсныг нотлох юм. Учир нь “Э С Т И С Э”ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг баталгааны даатгалын гэрээний дагуу нэхэмжилж буй даатгалын нөхөн төлбөр гэж ойлгосныг харуулна. Хэрэв баталгааны хэлцлийн дагуу төлбөр нэхэмжилж байна гэж ойлгосон бол ингэж бичихгүй байсан. Нөхөн төлбөр гэдэг бол даатгалын гэрээний үндсэн дээр олгогддог учирсан хохирлыг барагдуулах төлбөр байдаг. Баталгааны гэрээний үндсэн дээр нөхөн төлбөр олгогддоггүй. (2) Гэрээ болон баталгааны бичиг 3-4 жилийн хугацаатай хийгдсэн гэж бичсэн нь баталгааны даатгалын гэрээ болон баталгааны гэрээнүүдийн тухай ярьж буй хэрэг. Ингэхдээ даатгалын гэрээг гэрээ гэж, харин баталгаануудыг баталгааны бичиг гэж бичсэн байгаа нь баталгааг бие даасан хэлцэл гэж бус даатгалын гэрээний баталгаа (сертификат) гэж ойлгож байсныг илтгэнэ. Даатгалын гэрээний дагуу барьцаа хөрөнгө бүртгүүлэх, хураамжаа төлөх гэж бичиж байсан нь ”Б Д” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хүмүүс даатгалын гэрээ байгуулагдсан тул тус гэрээний дагуу харилцаа зохицуулагдана гэж ойлгож байсныг илтгэнэ. Хэрэв баталгааны гэрээ байгуулсан гэж ойлгож байсан бол тус гэрээ даатгалын гэрээнээс бие даасан гэрээ болохыг ойлгож, даатгалын гэрээг гол болгож ярихгүй байсан. Тухайлбал, баталгааны гэрээ байгуулагдсан нөхцөлд Насны зам ХХК нь баталгааны шимтгэл төлөх ёстой. Гэтэл дээрх цахим шууданд Насны зам ХХК баталгааны шимтгэлээ төлөөгүй гэж бус, даатгалын хураамжаа төлөөгүй гэж бичигдсэн байна. Хураамж төлөхгүй бол манайх нөхөн төлбөр төлөхгүй гэсэн гэрээ байгаа гэж бичиж байсан нь тус харилцаа даатгалын гэрээний дагуу зохицуулагдахаар ойлгож байсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байсныг илтгэх юм. Хэрэв төөрөгдөөгүй буюу бие даасан баталгааны хэлцэл байгуулснаа мэдэж байсан бол даатгалын гэрээний дагуу төлбөрийг шийдвэрлэх тухай ярихгүй байх байсан. Манай компанийн хувьд хамгийн анхны гүйцэтгэлийн баталгааны гэрээ байсан тул албан бичиг гаргаж өгөхдөө алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж бичсэн нь төөрөгдөл явагдсан нэг шалтгааныг харуулна. Учир нь: “Б Д” ХХК баталгааны даатгалын гэрээг өмнө хийж байгаагүй бөгөөд энэхүү Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан нь анхны тохиолдол байсан. Ингэхдээ тус гэрээний баталгааны гэрээнээс ялгагдах ялгааг нь мэдэхгүйгээс болон баталгааны тухай мэдлэггүйгээс болж төөрөгдөл үүссэн байна. Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн даатгалын бүтээгдэхүүн боловч “Б Д” ХХК төдийгүй монголын бусад даатгалын компаниудын хувьд ч гэсэн төдийлөн хийгддэггүй, танил бус бүтээгдэхүүн билээ. Энэ нь төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргах нэг шалтгаан болсон байна. Насны зам ХХК цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар анхны нэг жилээр гаргаж өгсөн албан бичгийг өөрчлүүлж авч Самсунг-д өгч байсан гэж бичсэн байгаа нь төөрөгдөл явагдах болсон нөхцөл байдлыг тодруулна. Үүнд, бидний тайлбарлаж байгаагаар баталгааны гэрээнүүдийн нөхцөл, загварыг нэхэмжлэгч нь англи хэл дээр боловсруулж, Насны зам ХХК нь ”Б Д” ХХК-д өгч, гарын үсэг зуруулж байсан юм. Яагаад нэхэмжлэгч боловсруулж өгч байсан бэ гэвэл өмнө ”Б Д” ХХК-иас баталгаа гэсэн нэртэй бичиг хийж өгч байсан боловч даатгалын баталгаа л өгч байсан нь баталгааны гэрээ биш байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс манай шаардлагыг хангахгүй, баталгаа биш байна гэж буцааж байсан байна. Иймд тэдний шаардлагыг хангуулах үүднээс тэдний боловсруулж ирүүлсэн нөхцөл, загвараар нь гарын үсэг зурж, гаргаж өгч байсан байна. Цахим шуудангийн дээрх хэсэгт энэ тухай бичигдсэн байна. Цаад талаас ийм бичиг хийж өг гэсэн гэдэг байдлаар өөрчлүүлж гэж бичсэн байгаа нь хариуцагч компанийн анхны гаргасан баталгаа гэх бичгийг нэхэмжлэгч нь буцааж, нэхэмжлэгчийн хийж өгсөн загвар, нөхцөлөөр хариуцагч баталгаа гаргасан тухай бичсэн хэрэг юм. Насны зам ХХК руу мөн холбогдох гэрээ хүчингүй болсон талаар албан бичиг төлөвлөж хүргүүлнэ үү гэсэн байгаа нь даатгалын хураамж төлөгдөөгүйтэй холбоотой баталгааны даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй болохыг Насны зам ХХК-д мэдэгдэх тухай бичсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн төлбөр нь баталгааны даатгалын гэрээний дагуу зохицуулагдана хэмээн ойлгож байсныг илтгэнэ. Харин тус цахим шууданд баталгааны гэрээ гэж ямар ч бичигдээгүй байгаа нь “Б Д” ХХК өөрсдийн гаргаж өгсөн баталгааг бие даасан хэлцэл гэж огт мэдээгүй, харин даатгалын гэрээт баталгаа гаргаж өгсөн гэж буруу ойлгож байсныг илтгэх юм. Өөрсдийн гаргаж өгсөн баталгаа нь бие даасан гэрээ болохыг огт мэдээгүй, ойлгоогүй тул баталгааны гэрээний тухай ямар ч яригдаагүй байгаа юм. Энэ бол ноцтой төөрөгдөл явагдсаныг нотлох зүйл юм. Хэрэв хариуцагч төөрөгдөөгүй бол даатгалын гэрээний тухай ярих бус баталгааны төлбөрийг хэрхэн шийдвэрлэх тухай буюу баталгааны хэлцлийн тухай ярих байсан. Тодруулбал, “Б Д” ХХК нь нэхэмжлэгчид баталгаа олгосноо мэдэж байсан, төөрөгдөөгүй бол нэхэмжлэгчээс баталгааны төлбөр нэхэмжлэх үед ямар агуулгатай майл бичигдэх байсан тухай авч үзье. Үүнд, дараах агуулгатай дотоод майл бичигдэх байсан. Самсунг ХХК нь баталгааны төлбөр гаргуулахаар албан бичиг ирүүлсэн байна. Бид тус компанид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгч байсан. Үүнд, Насны зам ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж Самсунг ХХК үзэж, баталгааны төлбөр гаргуулахыг хүссэн нөхцөлд бид баталгаануудад заасан үнийн дүнгийн хэмжээнд баталгааны төлбөр төлөх үүрэгтэй. Баталгаа нь “Э С Т И С Э”ХХК болон “Б Д” ХХК-иудын хоорондын бие даасан харилцаа бөгөөд үл маргах журмаар төлбөр төлөгдөх журамтай учир бид Насны зам XXК гэрээний үүргээ зөрчсөн, үгүй эсэхээс үл хамааран Самсунг ХХК-д баталгааны хязгаарт багтаан төлбөр төлөх үүрэгтэй. Иймд төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя гэх байдлаар майл бичигдэх байсан байх. “Б Д” ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зоригийг тайлбарлах тухай: “Б Д” ХХК нь Насны зам ХХК-тай баталгааны даатгалын гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчид бие даасан баталгаа гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчид баталгааны төлбөрийг ямар журмаар олгох тухай тайлбар хүргүүлэхдээ даатгалын гэрээний журмаар шийдвэрлэх тухай хүргүүлж байсан. Иймд тус компани нь баталгааны хэлцэл байгуулах хүсэл зоригтой байсан эсэх эсвэл баталгааны даатгалын гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан эсэхийг тодруулах, дүгнэх нь чухал. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу тус компанийн хүсэл зоригийг тогтоох учиртай. Бид хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн “Б Д” ХХК-ийн хүсэл зориг нь баталгааны хэлцэл байгуулах бус баталгааны даатгалын гэрээ байгуулах, тус гэрээнд заасан журмын дагуу даатгалын нөхөн төлбөр олгох явдал байсныг нотолж байгаа гэж бодож байлаа. Баталгаа гаргах бус даатгалын гэрээ байгуулах нь “Б Д” ХХК-ийн хэрэгцээг, шаардлагад нийцэх юм. Өөрөөр хэлбэл “Б Д” ХХК тухайн нөхцөл байдалд баталгаа гаргах сонирхол, хэрэгцээ, шаардлагагүй байна. “Б Д” ХХК нь маргаан бүхий гэрээнүүдийг ойлгоогүй болох нь бусад баримтуудаар ч тогтоогдоно. Тухайлбал, компанийн тухайн үеийн санхүүгийн тайланд энэ тухай тусгагдаагүй, Насны зам ХХК-тай баталгааны тухай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бусад албан бичигт, баримтуудад ч компани баталгаа гаргасан тухай тусгагдаагүй байгаа нь компанийн удирдлагууд тухайн баталгааны эрх зүйн үр дагаврыг мэдэлгүй,баталгааны даатгалын гэрээний хавсралт бүхий даатгалын баталгаа нь гэж андуурч байсныг нотлох юм. Өмнө энэхүү хэргийг тус шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн зүгээс ч “Б Д” ХХК нь төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны хэлцлүүдийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 10 дахь тал, 2 дахь догол мөрөнд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: Хуулийн этгээд төөрөгдөж болно гэх хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ нь өөрийн үндсэн бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээтэйгээр эрх зүйн харилцаанд орох, хэлцэл хийгч нөгөө тал болон өөрийн эрх ашиг, бизнесийг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс хамгаалах бүх талын чадавхтай боловч уг чадавхаа ашиглаагүй хайнга хандсан мэргэшсэн санхүүгийн субъектийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл байна шударга, зөв гэж үзэх боломжгүй. Энэ нь Бодь даатгал XXК урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргахдаа хайхрамжгүй хандаж, төөрөгдсөн болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс бидний үндэслэлийг няцаагаагүй бөгөөд харин дахин сайтар тодруулах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Баталгаануудыг гаргахдаа төөрөгдсөн болохоо хэзээ мэдсэн тухай авч үзье. Анхан шатны шүүхийн зүгээс өмнө тус хэргийг шийдвэрлэхдээ урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга, зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байсан. Үүнтэй холбоотой бид тайлбар гаргах нь зөв байх. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд хэлцэл байгуулагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл байгуулсан бол хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан тул маргаан бүхий хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцохын тулд хэлцэл хийгч ноцтой төөрөгдсөн эсэхийг тодруулах бөгөөд төөрөгдсөн зүйл байвал хүчин төгөлдөр бусад тооцох юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь шударга бус байдал гаргахгүй. Учир нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн ... үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу “Б Д” ХХК хайхрамжгүй хандсан бол нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсоны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй юм. Иймд нэхэмжлэгч нь энэ журмаар өөрт учирсан хохирлоо арилгах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга ёсыг бий болгох юм. 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Б Д” ХХК нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсний дараа нэхэмжлэгч нь баталгааны төлбөрийг хэрхэн олгох, шийдвэрлэх журмаа ирүүлэхийг Бодь даатгал компаниас хүссэн байдаг. Үүний хариу болгож, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталгааны гэрээний нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагааны тухай 03/512 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид гарган өгсөн бөгөөд тус албан бичигт баталгааны даатгалын гэрээнд заасан ёсоор төлбөр олгох тухай тайлбарлаж байсан. Эндээс дүгнэхэд, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “Б Д” ХХК төөрөгдөж, бие даасан хэлцэл болох баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан. Хожим 2015 онд нэхэмжлэгч нь “Б Д” ХХК-д албан бичиг хүргүүлж, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаануудын дагуу төлбөр нэхэмжилсэн. Энэ үед компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анх маргаан бүхий гэрээ, хэлцлүүдийг компанийг төлөөлөн байгуулж байсан Б.Хангай (гэрч) нь нэхэмжлэгчийн тус хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх тухай компанийн нөхөн төлбөрийн хэлтсийн захиралд дотоод майл бичсэн. Тус мэйлээс харвал тухайн үед “Б Д” ХХК нь нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн бөгөөд тэдгээр нь даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл гэж ойлгоогүй байсан болох нь харагддаг. Харин тус компанийн нэхэмжлэлийг баталгааны даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байна хэмээн ойлгож, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах тухай майл бичсэн байна. Мөн үүний дагуу хоёр ч удаа (2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 1 дүгээр хавтаст хэргийн 24, 29 дэх талууд) даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тухай нэхэмжлэгч компанид албан бичгээр хариу явуулж байсан байна. Өөрөөр хэлбэл тухай үед ч компани ноцтой төөрөгдөж баталгаа гаргасан болохоо мэдээгүй, ойлгоогүй байсан байна. Үүний дараа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхэд хариу тайлбар гаргахдаа мөн адил даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар өгч байсан. Энэ нь шүүхээс хэрэг үүсгэсэн үед ч хариуцагч нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр баталгаа гаргасан болохоо мэдээгүй байсныг нотлох юм. Үүний дараа энэ тухай банк, санхүүгийн чиглэлээр түлхүү хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг КЕ партнерс өмгөөллийн нөхөрлөлөөс энэ талаар хууль зүйн зөвлөгөө авсан байдаг. Тухайн зөвлөгөө авч компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанууд нь баталгааны даатгалын гэрээнээс тусдаа, бие даасан хэлцэл болохыг ойлгож эхэлсэн буюу төөрөгдөж тус хэлцлийг байгуулсан болохоо ойлгож эхэлсэн байна. Хэдийгээр тус өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан бидний гэрээ, өмгөөллийн нөхөрлөлийн бидэнд өгсөн хууль зүйн дүгнэлт нь байгууллагын нууцлалд хамаарах ч бид ноцтой төөрөгдөл явагдсаныг хэзээ мэдсэнийг нотлох үүднээс КЕ партнерс өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан хууль зүйн үйлчилгээ авах тухай гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт, тус өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс өгсөн хууль зүйн дүгнэлтийг тус тус гаргаж өгөв. Ийнхүү төөрөгдсөний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаануудыг гаргаж өгсөн болохоо мэдсэний дараа тус хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн тул шүүхийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөлд хэлцлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс ноцтой төөрөгдөл байгаагүй болохыг нотлох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, өгөх боломжгүй байгаа болохыг тэмдэглэж байна. Учир нь, Бодь даатгал компанийн тухайн үеийн удирдлагууд баталгааны даатгалын гэрээний даатгалын баталгааг гаргаж өгч байна гэсэн ойлголтоор хандаж, баталгааны учир холбогдлыг ойлголгүй буюу ноцтой төөрөгдөж маргаан бүхий баталгаануудыг гаргасан нь бодит байдал билээ. Иймд маргаан бүхий баталгаануудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Б Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: “Э С Т И С Э”ХХК нь “Б Д” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу их хэмжээний хэлцлийн хууль зүйн үр дагавар нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид үүсэх бөгөөд ашиг сонирхол нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хэлцлийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал байх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын зүгээс хийсэн хэлцлийг гуравдагч этгээдийн зүгээс шалгах, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн дотоод асуудал байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны агуулгаас харвал эдгээр баримт бичгүүд нь бие даасан хэлцэл, баримт бичгүүд байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус компанийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарж гаргаж өгсөн байх атал баталгааны дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үед ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй, бусдыг хохироосон залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн нотлох баримтууд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахад өөрийн үндэслэлийг нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Аливаа этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл бол нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмын дараа орох талуудын хооронд заавал биелэгдэх үүрэг үүсгэдэг гол тохиролцоо, хоорондын дүрэм, баталгаа, хэлцлийн мөн чанар гэж бид ойлгож байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, баталгааны дагуу төлбөрийг олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1-д зааснаар хариуцагч “Б Д” ХХК-иас 2 394 878 435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар хариуцагч “Б Д” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 02 тоот гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Эс си ти и си эмХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 290 292 төгрөг, хариуцагч “Б Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 507 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Д” ХХК-иас 12 132 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1855 дугаар магадлалаар Чингэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 540 дүгээр зүйлийн 540.1 ...гэснийг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргав. 1 . Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 234.1, 234.4 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй байсан тухай: 1. Давж заалдах шатны шүүхийн зугээс Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234,1, 234.4 дэх заалтуудыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт орулсан. Бидний зүгээс шүүх Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаа нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлд заасан “Баталгааны хэлцэл” бус Иргэний хуулийн 457 дугаар зуйлд заасан банкны баталгааны хэлцэл гэж бид үзэж байна. 2. Иргэний хуулийн 234.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардана” гэж заасны дагуу Баталгааны хэлцлийн хувьд Баталгаа гаргагчаас төлбөр гаргуулахын тулд “үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх” урьдчилсан нөхцөлийг шаарддаг. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01285 дугаар тогтоолоор Баталгаатай холбоотой маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолын хянавал хэсэг, 8, 9 дэх хуудсуудад “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234,4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай. ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно” гэж дүгнэсэн байна. Харин Банкны баталгааны хувьд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт “Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ” гэж заасны дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэхээс үл хамааран үүрэг хүлээх онцлогтой. 3. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаанд тус баталгаанууд нь Олон улсын худалдааны танхимаас боловсруулсан 458 дугаар болон 758 дугаар Баталгааны нэгдсэн журмаар зохицуулагдахаар заасан. 758 дугаар Баталгааны нэгдсэн журмын 5(а) хэсэг, (Баталгааны бие даасан байдал) “Баталгаа нь үндсэн гэрээ болон баталгаа гаргуулах хүсэлтээс үл хамааралтай бөгөөд баталгаа гаргагч нь эдгээр харилцаатай аливаа байдлаар холбогдож үүрэг хүлээхгүй” гэж, 458 дугаар Баталгааны нэгдсэн журмын 2(а) хэсэгт мөн адил агуулгаар заасан. Энэ нь Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан “Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэх” журамтай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 234.4 дэх хэсэгт заасан “үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх” урьдчилсан нөхцлийг шаардахгүй байгаа. Иймд маргаан бүхий Баталгаанууд нь Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан абстракт, бие даасан шинжийг хангасан Банкны баталгааны гэрээ байна. 4. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бид нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг нотлох, учирсан хохирлыг нотлох шаардлагагүй, Баталгаа гаргагч нь үүнтэй холбоотой баримт шаардахгүйгээр баталгааны төлбөр олгох ёстой. Баталгаа бол бие даасан хэлцэл” гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий Баталгаанууд нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2 дахь хэсэгт заасан “бие даасан” шинжийг хангаж буй Банкны баталгаа болохыг нотлох тайлбар юм. 5. Нэхэмжлэгч компаниас “Насны Зам” ХХК-д цахим шуудангаар хүргүүлсэн Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааны төсөлд баталгаа гаргагчийн тухай тэмдэглэхдээ “баталгаа гаргагч банк, банкны нэр” гэх зэрэг тэмдэглэсэн байгаа нь маргаан бүхий баталгаанууд Банкны баталгаа болохын нэг нотолгоо юм. 6. Түүнчлэн, маргаан бүхий Баталгаануудад ишлэгдсэн 758, 458 дугаар Баталгааны нэгдсэн журмуудыг Олон улсын худалдааны танхимын Банкны зохицуулалтын хорооноос батлан гаргадаг байна. Энэ нь, тус нэгдсэн журмууд нь Банкны баталгаанд хэрэглэгддэг журам болохыг илтгэнэ. 7. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.17 дахь хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбоотой бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна” гэж заасан. Маргаан бүхий баталгаануудад ишлэгдсэн 758, 458 дугаар Баталгааны нэгдсэн журмууд нь Банкны баталгааны тухай олон улсын хэмжээнд хэрэглэгдэх нийтлэг зохицуулалт юм. Иймд маргаан бүхий баталгаанууд нь банкны баталгааны тухай олон улсын нийтлэг зохицуулалтын дагуу боловсруулагдсан Банкны баталгаа гэж үзэх үндэслэлтэй юм. Хоёр. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6.1.4, Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж, 189.3 дахь заалтыг тус тус хэрэглэх үндэслэлтэй байсан тухай: 1. Шүүхийн зүгээс дээрх хуулийн заалтуудыг хэрэглэх буюу маргаан бүхий Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгааг зөвшөөрөлгүйгээр хийгдсэн Банкны баталгааны хэлцэл гэж үзэх нь үндэслэлтэй гэж бид үзэж байна. Учир нь, маргаан бүхий Баталгаанууд нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамаарсан шинжээрээ Иргэний хуулийн 457.2 дахь хэсэгт заасан Банкны баталгааны шинжийг хангаж байгаа тухай дээр тайлбарласан. 2. Банкны баталгаа гаргах нь Банкны тухай хуулийн 6.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1 дзх заалтуудын дагуу Монгол банкнаас олгогдох банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх хэлцэл юм. “Б Д” ХХК нь банкны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул маргаан бүхий хэлцлүүд нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. 3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь тусгай зөвшөөрөл шаардагдах гэрээ нь уг зөвшөөрлийг авсан нөхцөлд хүчин төгөлдөр болохыг заасан хэрэг гэж үзэж байна. Гурав. Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй тухай: 1. Хэрэв шүүх Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгааг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан Баталгааны хэлцэл гэж үзээд Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх гэж байгаа бол хуулийн тус хэсэгт заасан “үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх” урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай. 2. Давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалын 30 дахь талд “Насны зам ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар талууд маргаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм. Бид Насны Зам ХХК гэрээний үүргээ зөрчсөн гэж, мөн үүний улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн бүхий хохирол учирсан гэж хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн туслан гүйцэтгэгч компаниудтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээтэй холбоотой гарсан маргааныг Сингапур улс дахь арбитраар шийдвэрлүүлэх гэрээний стандарт нөхцөл тулгаж оруулсан тул Насны Зам болон бусад туслан гүйцэтгэгч компаниуд нэхэмжлэгч компанитай маргаж чадаагүй, хохирч үлдсэн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч компани нь үндсэн үүрэг гүйцэтгэгч Насны Зам ХХК-д холбогдуулан шүүх, арбитрийн байгууллагад нэхэмжлэл гаргаагүй, шүүх, арбитрийн зүгээс тэдгээрийн хоорондын гэрээний эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй учир Насны Зам ХХК гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Насны Зам ХХК гэрээний үүргээ зөрчсөнийг нотлох баримт энэ хэрэгт гаргаж өгөөгүй. 3. Нэхэмжлэгч нь “Насны Зам ХХК гэрээний үүргээ зөрчсөн тул бид түүний гүйцэтгэх байсан ажлыг өөрсдөө болон бусдаар гүйцэтгүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан” гэж тус үнийн дүнг Гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Бид үүнтэй холбоотой тийнхүү нэмэлт зардал гарсан эсэхийг тогтоолгохоор хэд хэдэн удаа шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Шүүхийн зүгээс тус нөхцөл байдлыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай биш гэж бидний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Хэрэв Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэвэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болох Насны Зам ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол эсэхийг тогтоох шаардлагатай. Үүний тулд шинжээч томилох зайлшгүй шаардлагатай юм. Иймд хэрэв шүүхийн зүгээс Иргэний хуулийн 234.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэвэл шинжээч томилох үүднээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэлтэй болно. Дөрөв. Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй тухай: 1. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт “Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасны дагуу даатгагч Баталгаа гаргах нь хууль зөрчсөн хэрэг гэж бид маргасан. Давж заалдах шатны шүух бидний тус үндэслэлийг няцаахдаа “Компанийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт Компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хязгаарлалтад баталгаа гаргах үйл ажиллагаа хамаарахгүй” гэж дүгнэсэн байна. 2. Гэвч, Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйл бол даатгагч бусдаас урьдчилгаа авах болон бусдад зээл олгохтой холбоотой нарийвчилсан зохицуулалт тул даатгагчид хориглогдох үйл ажиллагааг зөвхөн тус заалтаар ойлгох үндэслэлгүй. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт “Даатгагч гагцхүү даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан нь даатгагчид зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нэрлэн заасан хэрэг тул үүнээс бусад үйл ажиллагаа хориглогдох юм. Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 16 арилжааны, ердийн даатгалын компани багагүй мөнгөн хөрөнгөтэй мөртлөө яагаад барилга барих, гадаад худалдаа хийх зэрэг ашигтай бусад үйл ажиллагаа, бизнес хийхгүй ирсэн вэ гэвэл “даатгалын компани зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх нь зөвшөөрөгдсөн, бусад үйл ажиллагаа эрхлэх нь хориглогдсон” гэж ойлгодог. Хэрэв шүүхийн зүгээс даатгагч бусад үйл ажиллагаа эрхлэх нь хориглогдоогүй гэж дүгнэвэл бусад бүх даатгалын компаниуд ирээдүйд даатгуулагчдад учирч болох эрсдэлийг төлөхөд зориулагдах учиртай мөнгөн хөрөнгөөр өөр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, даатгуулагчдыг хохироох үр дагаварт хүргэх болно. 3. Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт “даатгагч гагцхүү даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан нь даатгалаас бусад үйл ажиллагаа хориглогдох агуулгатай болох нь хуулийн бусад заалтуудаар ч ойлгогдоно. Хэрэв даатгагчид хориглогдох үйл ажиллагааг зөвхөн Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар ойлговол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсэгт заасан “гагцхүү даатгалын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасантай зөрчилдөх болно. 4. Даатгалын тухай 83.1.19 дэх хэсэгт даатгагч даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчиж, бусад үйл ажиллагаа эрхэлсэн бол даатгагчийг 500 000-1 000 000 төгрөгөөр торгохоор заасан нь даатгагч даатгалаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосныг илтгэнэ. Даатгалын тухай хуулийн 83.1.19 дэх заалт нь маргаан бүхий Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаа гарсан 2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль юм. 5. Одоогийн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт мөн адил даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн бол зөрчил гэж үзэж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний (10 сая) төгрөгөөр торгохоор заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн “Заавар батлах тухай” 80 дугаар тогтоолоор батласан Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврын 4.1 дэх хэсэгт “Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн буюу энэ зааврын 3.1-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19-д заасны дагуу хариуцлага тооцно” гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалт нь даатгагч зөвхөн даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх журмыг зөрчих, өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хууль бус болохыг хангалттай харуулах юм. Хууль тогтоогчийн зүгээс нэгэнт даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг даатгагчид хориглосон тул хууль зүйн техникийн хувьд Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгааг гаргаж болохгүй гэх зэргээр эрхэлж болохгүй үйл ажиллагааг нэг бүрчлэн тоочих, нарийвчлан заах шаардлага байхгүй. 6. Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны журмуудыг харах юм бол бусад этгээдийн төлөх төлбөрт Баталгаа гаргах нь даатгал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа нь тодорхой. Үүнтэй нэхэмжлэгчийн зүгээс ч энэ талаар маргадаггүй. 7. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно” гэж заасан. Энэ нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах, компанийн нөөц санг зөвхөн даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулах зорилгоор ашиглахыг баталгаажуулсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийн зохицуулалттай утга нэг юм. Хэрэв “Баталгаа гаргах нь даатгагчид зөвшөөрөгдөнө” гэж тайлбарлавал даатгагч Баталгааны төлбөр олгоход хүрэх бөгөөд энэ нь Даатгалын тухай хуулийн 25.5 дахь хэсгийн зохицуулалттай зөрчилдөх буюу даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын бус зориулалтаар зарцуулахад хүрэх болно. Харин даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж тайлбарлавал хуулийн 25.5 болон 49.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөхгүй тайлбарлагдах юм. 8. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах тухай заасан, Даатгалын тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ” гэж, дээрх журмын 1.4 дэх хэсэгт “даатгалын компани энэ журмаар зөвшөөрөгдсөн даатгалын нөөц сан байгуулах, нөөц сангийн хэмжээг тооцох бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна” гэж тус тус заасан. Эндээс дүгнэхэд, хууль тогтоогч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөөц сангийн хөрөнгийг зөвхөн даатгалын үйл ажиллагаанд зарцуулахаар хязгаарласан. 9. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон нь холбогдох этгээд буюу компанитай хамааралтай этгээдэд давуу байдал олгохгүй байхыг заасан хэрэг болохоос бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргахыг зөвшөөрсөн заалт биш юм. Хуулийн тус заалтыг тэгэж ойлгохгүй бол Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт, 83.1.19 дэх заалт, 25.5 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсгүүдтэй зөрчилдөх болно. Өмнө энэхүү маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалт болон 27.1.4 дэх заалтуудыг тийнхүү хоорондын зөрчилгүй байдлаар тайлбарлах үндэслэлтэй тухай дүгнэсэн. Бид тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байна. 10. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолын 5.6 дахь хэсэгт “Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл...” гэж тайлбарласан байна. “Б Д” ХХК нь бусдын төлбөр төлөх үүрэгт баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд тус үйл ажиллагаа нь “Б Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд хамаарахгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтуудтай холбоотой бидний тайлбарт дүгнэлт, няцаалт хийгээгүй. 11. Давж заалдах шатны шүүх магадлалын 30, 31 дэх талд “Компанийн тухай хуулийн 8.2-т “Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно” гэж заасан байх бөгөөд “Б Д” ХХК-ийн дүрмээс үзвэл бусдад баталгаа гаргаж өгөх үйл ажиллагааг мөн хязгаарлаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, бид баталгаа гаргах нь компанийн дүрмээр хязгаарлагдсан тул маргаан бүхий хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Иймд Компанийн тухай хуулийн 8.3 дахь заалтыг хэрэглэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй. Учир нь, даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулах нь компани өөрийн дүрмээр хязгаарласан хэрэг бус Даатгалын тухай хуулиар хориглогдсон зүйл юм. Иймд шүүхийн зүгээс Даатгалын тухай хуулийн 25.5, 49.1 дэх заалтуудыг хэрэглэх, маргаан бүхий Баталгаануудыг “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм. Тав. Ноцтой төөрөгдлийн тухай давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй тухай: (Иргэний хуулийн 58.2.1, 58.2.2 дахь заалтуудыг хэрэглээгүй тухай) 1. Давж заалдах шатны шүүхийн зүгээс “маргаан бүхий Баталгаанууд нь ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн” гэх бидний үндэслэлийг хүлээж аваагүй бөгөөд энэ тухай дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Баталгааны даатгалын гэрээний 4 дэх заалт, хавсралт 1 зэрэгт урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны агуулга, үнийн дүнг тодорхой тусгасан байгаа зэргээс үзэхэд дээрх хоёр баталгааг хариуцагч ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн гэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. 2. Гэвч, “Б Д” ХХК нь “Баталгааны даатгалын гэрээний дагуу Урьдчилгаа төлбөр болон Гүйтцэтгэлийн төлбөрт Баталгааны даатгал хийх” хүсэл зоригтой байсан тул Баталгааны даатгалын гэрээнд тийнхүү Урьдчилгаа төлбөр болон Гүйцэтгэлийн баталгаа гэж тусгагдсан юм. Харин давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж байгаа шиг Баталгааны даатгалын гэрээний хүрээнд Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаа гаргах хүсэл зоригтой байгаагүй бөгөөд Баталгааны даатгалын гэрээ нь тийм агуулгагүй юм. “Б Д” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн Баталгааны даатгалын гэрээ, Чин шударгын баталгааны даатгалын гэрээний нөхцөл, журам болон Насны Зам ХХК-тай байгуулсан Баталгааны даатгалын гэрээнд Даатгалын гэрээний үндсэн дээр Баталгааны хэлцэл байгуулах тухай заагаагүй юм. 3. Баталгааны даатгалын гэрээ нь зөвхөн түүнд заасан эрсдлүүдийн улмаас хохирол учирсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох агуулга бүхий гэрээ бол Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаа нь хохирол учирсан шалтгаанаас үл хамааран, ямар ч нөхцөлд төлбөр олгох агуулга бүхий гэрээ. Өөрөөр хэлбэл, тус хоёр гэрээ нь ондоо агуулга бүхий хэлцлүүд. Иймд Баталгааны даатгалын гэрээний үндсэн дээр Баталгааны хэлцэл хийгдэх боломжгүй бөгөөд тэгсэн нөхцөлд хоёр хэлцэл хоорондоо зөрчилдөж, төлбөрийг аль гэрээний үндсэн дээр олгох нь ойлгомжгүй зүйл болно. 4. Баталгааны даатгалын гэрээ болон Баталгааны хэлцэл нь хоёр ондоо хэлцэл боловч гуравдагч этгээдэд учирч болох эрсдлээс хамгаалах шинжээрээ нэг. “Б Д” ХХК тус хоёр ондоо хэлцлийн алийг нь байгуулах хүсэл зоригтой байсныг баримтууд дээр тулгуурлан авч үзэх хэрэгтэй. Учир нь, дээр тайлбарласанчлан тус хоёр хэлцэл нь ондоо агуулгатай хэлцлүүд тул “Б Д” ХХК эдгээрийн аль нэгнээр нь нэхэмжлэгч компанид учирч болох эрсдлийг хаах сонирхолтой байх юм. Хэрэгт авагдсан баримтуудыг харвал, “Б Д” ХХК Урьдчилгаа төлбөрийн болон Гүйцэтгэлийн баталгаа гаргах хүсэл зоригтой байсан гэж үзэх ганц баримт байгаа нь тэдгээр баталгаанууд өөрөө юм. Харин “Б Д” ХХК Баталгааны даатгалын гэрээ байгуулах хүсэл зориггой байсан боловч төөрөгдөж Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаа гаргасан гэж үзэх маш олон баримтууд байгаа. Давж заалдах шатны шүүхийн зүгээс ноцтой төөрөгдөлтэй холбоотой байгаа ганц баримт нь гэрээний дугаарлалт мэтээр тайлбарласан байна. Гэвч, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн гэх хэд хэдэн баримт, нөхцөл байдлууд байгааг бид анхан болон давж заалдах шатанд дэлгэрэнгүй тайлбарласан. 5. Иймд шүүхийн зүгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь заалтуудыг хэрэглээгүй нь үндэслэлгүй бөгөөд, маргаан бүхий Баталгааны хэлцлуүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Зургаа. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх заалтыг буруу тайлбарласан тухай: 1. Давж заалдах шатны шүүхийн зүгээс маргаан бүхий Баталгааны хэлцлүүдийг их хэмжээний хэлцэл биш гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Тодруулбал, “урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь тус тусдаа үйлдсэн, өөр өөр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох тул нэгтгэсэн дүнгээр тооцохгүй, тус тусад нь тооцвол их хэмжээний хэлцэлд хамааруулж дүгнэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан хэрэг юм. 2. Учир нь компанийн тухай хуулийн 87.1.1. дэх хэсэгт “хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл” гэж заасны дагуу хоорондоо холбоотой хэлцлүүдийн дүнг нэгтгэж бодох юм. Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Гүйцэтгэлийн баталгаа нь Насны Зам ХХК-ийн нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, нэхэмжлэгч компанид нэг өдөр олгогдсон баталгаа тул хоорондоо шууд холбоотой хэлцлүүд юм. Бид тус хоёр хэлцэлтэй холбоотой маргааныг нэг иргэний хэргээр, нэг үйл баримт, хууль хэрэглээний дагуу шийдвэрлэж байгаа нь үүнийг нотлох юм. Иймд тэдгээрийн үнийн дүнг нэгтгэж бодох учиртай. 3. Хавтаст хэргийн 219-220 дугаар талд авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд бид тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан дахин гаргаж өгч байсан. Долоо. Бусад: 1. Нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тухай бидний хариу тайлбарт анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Нотлох баримтын 4 дэх хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичигт нэхэмжлэгч нь “Насны Зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой түүний хийх ажлыг өөрөө болон бусдаар хийлгэсэн бөгөөд ингэснээр 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж тайлбарласан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад тус үнийн дүнг Гүйцэтгэлийн баталгааны дагуу нэхэмжилсэн. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.08.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1 090 000 000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч компани өөрөө тайлбарлаж байгаагаар Насны Зам ХХК-ийн гэрээ цуцлагдсантай холбоотой 1 219 950 903 төгрөгийн нэмэлт зардал гарсан билээ. Иймд тус төлбөрөөс их үнийн дүнгээр шаардаж буй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь ямар ч үндэслэлгүй дүн юм. 2. Баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үндсэн үүрэг хүчин төгөлдөр дуусгавар болоогүй байх шаардлагатай. Гэтэл, нэхэмжлэгчийн “Насны Зам” ХХК-тай байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байгаа. Хэрэгт авагдсан ёсоор нэхэмжлэгч нь “Бодь Даатгал" ХХК-иас Баталгааны төлбөр шаардахаас өмнө тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” 03 дугаар зөвлөмжийн 11.1 дэх хэсгийн төгсгөлд “Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болно” гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4 дэх хэсэгт “Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Иймд баталгааны дагуу төлбөр нэхэмжлэхийн тулд баталгаа бүхий үндсэн үүрэг хүчин төгөлдөр байх ёстой. 3. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу Баталгаан нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч хоорондын баталгааны бүхий үүргээс салгаж үл болох эрх юм. Иргэний хуулийн 77.1 дэх хэсэгт “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж заасан нь үүний нотолгоо юм. Бидний дээрх тайлбар, үндэслэлд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК нь хариуцагч “Б Д” ХХКомпаниас 2 394 878 435 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг үндэслэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх хоёр баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа “...зохих этгээд буюу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр гэрээг хийсэн, гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг зөрчсөн, даатгалын үйл ажиллагаанаас гадуур хуулиар хориглосон хэлцлийг байгуулсан, ...хэлцлийг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн..., хэлцэл нь банкны баталгааны шинжтэй бөгөөд “Б Д” ХХК нь банк бус тул хэлцэл хүчин төгөлдөр бус...” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой сонгож, хэрэглэсэн боловч хоёр шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг хэмжээг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

“Э С Т И С Э”ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төслийн тэргүүн туслан гүйцэтгэгч байх ба уг төслийн хүрээнд Насны зам ХХК-тай 2013 оны 7 сарын 18-ны өдөр, газар шороо болон ус зайлуулах байгууламжийн ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр талаар  шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийжээ.

“Э С Т И С Э”ХХК нь гэрээний үүргийг хангуулахын тулд гуравдагч этгээдээс баталгаа гаргуулах шаардлагыг Насны зам ХХК-д тавьсан, “Б Д” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай 1 090 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдөр 02 дугаартай 2 180 000 000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргасан, уг баталгааг хүлээн авсны үндсэн дээр нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК болон Насны зам ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж эхэлсэн үйл баримтыг зохигчид маргаагүй байна./1-р хх-ийн 15-18-р тал/

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.”, мөн зүйлийн 234.2 хэсэгт “Баталгааны гэрээг бичгээр байгуулна.” гэж тус тус заажээ.

“Б Д” ХХК нь Насны зам ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч болох “Э С Т И С Э”ХХК-д урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргасан, эдгээр баталгаанд “...баталгаа гаргуулагч нь туслан гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл, анхны шаардлагыг хүлээн авмагц, нэхэмжилсэн үнийн дүн, шаардлага гаргасан үндэслэлийг нотлохыг шаардахгүйгээр нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд төлөх баталгааг гаргаж байна...” гэсэн үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасан гэрээний шинжийг агуулсан, түүний хүсэл зоригийн илэрхийллийг “Э С Т И С Э”ХХК хүлээн авсан тул хэлцэл хүчин төгөлдөр байна.

Баталгаа нь нэг талын, үүрэг хүлээсэн хэлцэл бөгөөд Бодь  даатгал ХХК нь баталгаа гаргаснаар, баталгаанд дурдсан тохиолдол бий болсон нөхцөлд “Э С Т И С Э”ХХК-ийн өмнө, гэрээнд заасан мөнгөн төлбөрийн хэмжээгээр үүрэг хүлээхээр болжээ.

 

1.Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх ёстой байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д даатгалын компанийн хориглох үйл ажиллагааг тусгайлан нэрлэн заажээ.

Даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болох бөгөөд хуулийн хүрээнд, даатгагч бизнесийн үйл ажиллагаа явуулж болдог байна. “Э С Т И С Э”ХХК нь “Б Д” ХХК-д холбогдуулан гомдол гаргасныг  Санхүүгийн зохицуулах хороо хянаад, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/3812 тоот албан бичгээр, харьяалалын дагуу шүүхэд хандахыг мэдэгджээ.

“Б Д” ХХКомпанийн гаргасан баталгаа Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, бизнесийн үйл ажиллагааны хүрээнд баталгаа гаргасан байх тул баталгааг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. “Б Д” ХХК нь арилжааны хэлцэл, байгуулсан, уг хэлцэл нь хүчин төгөлдөр тул хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзнэ.

Насны зам ХХК нь гэрээний дагуу ажил гүйцэтгэх, “Э С Т И С Э”ХХК нь хөлс төлөх үүрэгтэй ба Насны зам ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд “Б Д” ХХК нь үл маргах журмаар, баталгааны хэмжээгээр хариуцлага хүлээх үүрэгтэй.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана...” гэж заасан байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрх “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй” буюу “үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон байх” тохиолдолд үүсэхийг хуульд хуулийн дээрх зохицуулалтад заажээ. Үүргээ гүйцэтгээгүй гэдэгт үүргээ огт гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн, тогтоосон хугацааг зөрчсөн, чанарын шаардлага хангаагүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээг цуцлахад хүргэсэн үүргийн зөрчил аль аль нь хамаарна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э С Т И С Э”ХХК нь 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаа Насны зам ХХК-д мэдэгдсэн, гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хөлс төлөгдсөн, урьдчилгаа төлбөрийг буцааж өгөөгүйгээс өөрөөр хөлсийг илүү шилжүүлсэн, шилжүүлсэн хөлсөд тохирох ажил хийгдээгүй, ажлын үр дүн доголдолтой байсан зэрэг эрсдэл учраагүй байна.

“Э С Т И С Э”ХХК нь дээрх үйл баримтыг маргаагүй бөгөөд Насны зам ХХК-ийг ажлаа хугацаандаа гүйцэтгээгүйгээс төлөвлөсөн нийт ажлын хугацаа алдагдахад хүрч, хийгдээгүй ажлыг богино хугацаанд бусдаар, заримыг өөрөө хийж гүйцэтгэснээс 1 219 950 903 төгрөгийн зардал илүү гаргаж хохирсон, гэрээг цуцалсанд Насны зам ХХК буруутай гэсэн үндэслэлээр гүйцэтгэлийн баталгааны гэрээний дагуу “Б Д” ХХК-ийг 2 180 000 000 төгрөгийг төлөх ёстой гэснээс үзвэл ажил гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн гэж тодорхойлсон байна.

2. “Э С Т И С Э”ХХК нь дээр дурдсан хоёр баталгааны гэрээний дагуу үүргийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг нотолж чадаагүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

А. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Насны зам ХХК-ийг урьдчилгаа төлбөрийг ажлын хөлснөөс суутгуулан буцаан төлөх үүргээ зөрчсөн гэдгийг нотолсон тул урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс буцааж төлөгдөөгүй 214 878 435 төгрөгийг баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангасан шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

“Б Д” ХХК урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тул “Э С Т И С Э”ХХК нь 2013 оны 07 сарын 18-ны өдөр 1 089 997 775 төгрөгийн урьдчилгааг Насны зам ХХК-д шилжүүлжээ./ нотлох баримт-1 хавтасын 15 дугаар хуудас/. “Э С Т И С Э”ХХК нь Насны зам ХХК-д урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр ажлыг зохих ёсоор явуулах нөхцөлийг бүрдүүлснээс гадна гүйцэтгэж эхэлсэн ажлын хөлсийг тухай бүр төлж, харин ажлын хөлснөөс 5 хувийг нь суутгаж урьдчилгаа 1 090 000 000 төлбөрийг буцааж авахаар тохирсон, уг суутгалыг хийснээр 875 119 340 төгрөгийг буцааж авсан үйл баримтыг зохигчид маргаагүй юм.

 

Ажил гүйцэтгэх гэрээнд урьдчилгаа төлбөрийг “хүүгүй зээл” хэлбэрээр олгоно гэж заасан хэдий ч энэ нь зээлийн гэрээний агуулгагүй, санхүүжилтийг хангаж, гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлэх зорилготой байх тул уг гэрээний үүргийг хангуулахыг баталж, баталгаа гаргасан “Б Д” ХХК-ийн баталгааг Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан “холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргах.” хориглох үйл ажиллагаанд хамаарахгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөд нийт 13 111 176 504 төгрөгийг шилжүүлсэн боловч урьдчилгаа төлбөрт 875 119 340 төгрөгийг суутгаж авсан байна.

Иймд үлдэх 214 878 435 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуульд нийцжээ.

Б.Нэхэмжлэлийн шаардлагаас гүйцэтгэлийн баталгааны гэрээний дагуу 2 180 000 000 төгрөг шаардсныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд баталгаа гаргагч гэрээний дагуу үл маргах журмаар үүргээ биелүүлэх ёстой байна. Үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс баталгаа гаргагчаас үүргийг шаардах бол үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй гэдгийг мэдэгдэх нь хангалтгүй бөгөөд энэ талаар  нотолсон байхыг хуульд заасан байна.

“Э С Т И С Э”ХХК нь нотолгоо шаардахгүйгээр үүргийг шаардах эрхтэй гэж гэрээг үндэслэхдээ үүнд үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн эсэхийг нотлох явдал хамаарахгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Дээрх тохиолдолд нотолгоо шаардахгүй гэх ойлголт нь нэхэмжлэлийн шаардлага буюу мөнгөн төлбөрийн үүрэгт хамааралтай болохоос үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй гэдгийг нотлох нь баталгааны гэрээний дагуу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь юм. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК-ийг үүргээ зөрчсөн гэдгийг нотолсон бол харин мөнгөн төлбөрийн хэмжээг нотлохгүйгээр баталгааны гэрээгээр хүлээсэн хэмжээгээр шаардах эрхтэй болно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Насны зам ХХК үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн хэтрүүлсэн, гэрээг цуцалсанд Насны зам ХХК буруутай эсэхийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Хэрэв гэрээг цуцалсанд нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК өөрөө буруутай бол Насны зам ХХК-ийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд баталгаа гаргагчаас шаардах эрх үүсэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэлээс 214 878 435 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн баталгааны гэрээний дагуу үүргийг шаардах үндэслэл тогтоогдоогүй тул 2 180 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар  сарын 17-ны өдрийн 1855 дугаар магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Б Д” ХХКомпаниас 214 878 435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э С Т И С Э”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 180 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...12 132 342...гэснийг 1 232 342...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 507 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА