Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/02212

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/02212

 

 

ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХХ нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 117 158 724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Хариуцагч ХХХ

ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ

ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ ХХК нь хариуцагч ХХХ,  ХХХХ  нарт нийт 7 237 600 иений  үнэ бүхий автомашины хуучин дугуй болон бусад эд зүйлийг явуулсан. Үүнд:

1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 533 000 иений үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг ХХХХын нэр дээр явуулсан.  

2. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 1 938 000 иений үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, нийт 1680 ширхэг эд зүйлийг ХХХХын нэр дээр явуулсан.

3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 257 400  иений үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг ХХХХын нэр дээр явуулсан. 

4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 305 600 иений үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг ХХХХын нэр дээр явуулсан.

5. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 203 600 иений үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг ХХХгийн нэр дээр явуулсан.  

Хариуцагч ХХХ, ХХХХ нараас Хаан банкны гүйлгээгээр нийт   2 250 000  иений төлбөрийг шилжүүлсэн. Хаан банкаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 иенийг ХХХХ, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 650 000 иенийг ХХХ, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000  иенийг ХХХ, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 иенийг ХХХ тус тус шилжүүлж төлбөр хийсэн байна. Үлдэгдэл төлбөр 4 987 600  иенийг хариуцагч нар төлж барагдуулаагүй байгаа тул Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн албан ёсны ханшийг үндэслэж ХХХ, ХХХХ нараас барааны үлдэгдэл төлбөрт 4 987 600 иен буюу 117 158 724  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар ХХХХ ХХК-иас контейнер буюу бараа хүлээж авсан эсэх тал дээр маргахгүй байна.  Хариуцагч нар ХХХХ ХХК-иас явуулсан эд бараа буюу автомашины дугуй, бусад дагалдах хэрэгслийг Монгол улсад зарж, борлуулаад мөнгийг нь явуулдаг. ХХХХ ХХК нь  өөрөө тээврийн хэрэгслийн сэлбэг, дугуй зэрэг дагалдах хэрэгслийг бусдаас худалдаж авдаг. ХХХХ ХХК нь Японд үйл ажиллагаа явуулдаг, хууль ёсны дагуу байгуулагдсан компани юм. Энэ компанийн нэрээр 7 237 600 иенийн үнэ бүхий эд зүйл Японы хилээр гарсан байдаг. Түүнчлэн хариуцагч тал албан ёсны гэрээ, хэлцэл байгуулаагүй, ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв талуудын хоорондын гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа бол үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал үүснэ. Мөн гаалийн татвар, тээврийн зардлыг хариуцагч тал төлсөн гэж тайлбарлаж байна. Япон дахь тээврийн зардал, татварыг ХХХХ ХХК төлсөн. Харин тухайн явуулсан бараа нь Монгол улсын хилээр орж ирсэн бол импортын татвар, тээврийн зардлыг хариуцагч тал төлөх ёстой. Нэхэмжлэгч явуулсан эд зүйлийг ямар өртгөөр Монголд борлуулах талаар хариуцагчтай тохирсон зүйл байхгүй. Японы хилээр бараа, материал гарсан талаар нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь Японы гаальд мэдүүлсэн хууль ёсны баримт юм. Хариуцагч ХХХ, ХХХгийн нар нь ХХХ-ийн контейнерийн төлбөр 1 210 000 иенийг шилжүүлсэн нь үнэн. Бид уг төлбөрийг ХХХ гэж хүний төлбөрт тооцож авсан. Уг мөнгийг хариуцагч нар нь ХХХгээс нэхэмжлэх боломжтой. Харин нэхэмжлэгчийн зүгээс явуулсан бараа, материалынхаа үнийг хариуцагч нараар төлүүлэх бөгөөд тэд нэг гэр бүлийн гишүүд тул төлбөрийн асуудлыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Хариуцагч нар ХХХ ХХК-ийн захирал ХХХ гэх хүнтэй ах дүү, найз нөхдийн холбоотой байсан гэдэг. Гэхдээ тэдний тайлбарласан шиг барааны төлбөрийг ХХХийн дүү болон өөрт бэлнээр өгч байсан удаа байхгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд, хариуцагч ХХХ, ХХХХ нараас барааны үлдэгдэл төлбөрт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч ХХХ, ХХХХ нар шүүхэд гаргасан болон хариуцагч ХХХХ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Бид хоёр ХХХХ ХХК болон захирал ХХХ-тэй 2010 оноос эхлэн бизнесийн харилцаатай болсон бөгөөд хамтран ажиллаж, ах дүүгийн шахуу харилцаатай байсан. Бид Японоос автомашины дугуй, зарим дагалдах хэрэгслийг ХХХ ХХК-ийн тусламжтай ачуулж, Монголд оруулж ирээд зарж, дараа нь барааны мөнгийг нь өгдөг байсан. Бид нэхэмжлэгч талын шаардаж буй шаардлага бүрд дараах байдлаар тайлбар өгч байна. Үүнд:

1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 533 000 иены үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг нэхэмжлэгч тал ХХХХ миний нэр дээр явуулсан. Явуулсан эд барааны тоо, хэмжээн дээр маргаан байхгүй. Харин уг явуулсан эд зүйлийн үнэ нь 1.201.000 орчим иен байх ёстой бөгөөд нэхэмжлэгч биднээс 332 000 иенийг үндэслэлгүйгээр илүү нэхэмжилж байна.

2. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 1 938 000 японы иен үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, 1680 ширхэг эд зүйлийг ХХХХ миний нэр дээр явуулсан. Уг бараанаас нийт 75 000 иений барааг нэхэмжлэгч тал миний нэр дээр биш харин хэрэгт гэрчээр асуугдсан ХХХ гэж хүн рүү явуулж, тэрээр өөрөө барааг хүлээж авсан. Мөн бид 1384 ширхэг дугуйг аваад, харин үлдсэн дугуйг ХХХ гэж хүн авсан. Уг бараа болон дугуйны үнийг бид төлөхгүй, нэхэмжлэгч илүү төлбөр нэхэмжилж байна.

 3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 257 400 японы иен үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг ХХХХ миний нэр дээр явуулсан. Эдгээр эд зүйлсийн тоо ширхэг, үнийн тал дээр бол маргаан байхгүй.

4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 305 600 японы иений үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг ХХХХ миний нэр дээр явуулсан. Нэхэмжилж буй барааны тоо, ширхэг, нэр төрөл дээр маргаан байхгүй, хүлээж авсан. Уг барааны үнийг нэхэмжлэгч тал мөн л илүү нэхэмжилж байна. Явуулсан барааг анх тохирсон үнээсээ хэт өндрөөр үнэлж нэхэмжилж байна. Бид 1 031 400 иений үнэтэй бараа, материал хүлээн авсан, илүү нэхэмжилж байгаа 273 600 иенийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.  2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 203 600 японы иен үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг манай ээж ХХХгийн нэр дээр явуулсан. Мөн л нэхэмжлэлд дурдсан бараа, барааны тоо ширхэг дээр маргаангүй. Харин нэхэмжлэгч нь энэхүү контейнерт явуулсан дугуйнуудаас бусад эд зүйлс, бараануудыг бидэнд үнэгүй өгсөн. Тэгсэн атлаа одоо мөнгийг нь нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бид 934 200 иений барааг хүлээн авсан, харин 269.600 иений барааны үнийг биднээс үндэслэлгүй нэхэмжилж байна.

Ингээд бидний тооцоогоор нэхэмжлэгч хариуцагч нарт 5 814 800 орчим иений барааг шилжүүлсэн байна. Үүнээс бид 5 402 250 орчим иенийг нэхэмжлэгчийн дансаар, нэхэмжлэгч компанийн захирлын дүүд нь болон өөрт нь бэлнээр өгсөн. Одоо бид барааны үлдэгдэл төлбөрт 412 550 иенийг л төлнө. Бид 5 402 250 орчим иенийг төлсөн болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд:

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 650 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 130 000 иенийг ХХХХ би өөрийнхөө картанд хийсэн. Учир нь миний карт ХХХ ХХК-ийн захирал ХХХэд явж байсан бөгөөд түүний хүсэлтээр би өөрийнхөө данс руу уг мөнгийг хийсэн болно. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 400 000 иенийг ХХХ гэж хүний нэр дээр орж ирсэн контейнерийн татвар болон гаалийн төлбөр, тээврийн хөлсөнд төлсөн. Үүнийг гэрч ХХХ өөрөө шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Уг төлбөр нь ХХХ ХХК-ийн захирал ХХХ бид хоёрын хоорондын тооцооны асуудал бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 850 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд төлж, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 240 000 иенийг ХХХ ХХК-ийн захирал ХХХийн дүү ХХХ-д бэлнээр өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 450 000 иенийг ХХХ ХХК-ийн захирал ХХХэд өөрт нь бэлнээр өгч, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 360 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 иенийг ХХХ ХХК-ийн дансанд, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 300 000 иенийг  ХХХ ХХК-ийн захирал ХХХийн дансанд тус тус тушаасан. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 406 250 иенийг ХХХэд өөрт нь бэлнээр өгсөн. 

Тус хэрэгт гэрчээр оролцсон ХХХд ирүүлсэн барааг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүйгээс гадна тухайн үед бидэнд бэлэглэсэн эд зүйлийг өндөр үнээр үнэлж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс миний гадаад гуйвуулгаар төлж байсан төлбөр болон захирал ХХХийг Монголд ирэхэд нь бэлнээр өгч байсан мөнгийг хасч тооцоогүй байна. Иймээс бид төлбөрийг гадаад гуйвуулгаар шилжүүлэхээс гадна компанийн дансаар биш ХХХийн өөрийн хувийн данс руу шилжүүлж, бэлнээр өгч, өөрийн картаа ашиглуулж байсан. Гэтэл нэхэмжлэгч барааг худалдахаар анх тохирсон үнээсээ өндөр үнээр тооцон шилжүүлчихээд, биднээс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Японоос бараа явуулахдаа зүгээр үнэ наагаад явуулдаг. Учир нь Японы бүх байгууллагууд хуучин, ашиглагдсан барааг экспортолсноор тухайн байгууллагад жилийн эцэст урамшуулал орж ирдэг. Иймээс хэдийн чинээ их контейнер явуулна, тэр хэмжээгээр урамшуулал орж ирдэг учраас тоо, хэмжээ, чанарт анхаардаггүй. Харин бид буулгахдаа хэмжээгээр нь, чанараар нь ялгадаг тул чанар муутай гэх асуудал гарч ирдэг. Бид ХХХХ ХХК-иас нийт 5 814 800 орчим иенийн барааг хүлээн авсан. Үүнээс 5 402 250 орчим иенийг нь төлсөн. Одоо 412 550 иенийг ХХХХ ХХК-д төлнө, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн  243  дугаар зүйлийн  243.1  дэх  хэсэгт заасныг  баримтлан  хариуцагч ХХХ, ХХХХ нараас  78 404 922 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгч ХХХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 753 802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ, ХХХХ нараас 549 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ... 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 850 000 иен, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 360 000 иен буюу нийт 1 210 000 иенийг хариуцагч нар "ХХХ" ХХК руу шилжүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй боловч тэрээр "... уг мөнгө нь иргэн ХХХ-ийнх бөгөөд түүний контейнерийн мөнгийг хариуцагч нар шилжүүлсэн ..." гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Мөн гэрч мэдүүлэхдээ 2014 оны намар ХХХэд мөнгө өгсөн гэдэг бөгөөд тэр жилийн намар ХХХ Монголд байгаагүй. Харин 2015 оны 4 дүгээр сард ХХХэд өгсөн бөгөөд гэрч цаг хугацааг андуурсан байдаг. Харин ХХХ гэрч ХХХ-ийн өгсөн 12 000 000 төгрөгийг н.Туяад өгч шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд таарч, 12 000 000 төгрөг нь тэр үеийн иений хөрвөх ханштай таарч, 850 000 иен болсон. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шилжүүлсэн 360 000 иен нь гэрч ХХХ-ийн авсан 1 дэх контейнерийн мөнгөний үлдэгдэл төлбөр юм.

2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч ХХХгаас ХХХэд шилжүүлсэн 300 000 иенийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах нь зүйтэй гэж шүүхээс үзсэн байна. Учир нь уг мөнгийг "ХХХ" ХХК-ийн данс руу хийгээгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг мөнгө "дугуйны үнэ"-д төлөгдсөн эсэх талаар маргаагүй гэжээ. Хэрэв "дугуйтай" холбоотой мөнгө байсан бол бусад гүйлгээний адил байгууллагын дансаар хүлээн авна.

Түүнчлэн шүүх ... 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр явуулсан бараанаас 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц нийт 75 000 иений үнэтэй барааг иргэн ХХХ авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг 75 000 иенийг хасав ..." гэжээ. Гэрч ХХХ уг барааг авсан эсэх, ХХХ-ийнх байсан эсэх нь хэрэгт хамааралгүй. Харин түүний үнэ болон аливаа төлбөрүүд нь "ХХХ" ХХК-ийн данснаас гарч, аливаа хэлбэрийн мэдүүлгүүд нэхэмжлэгч компанийн нэр дээр хийгдсэн байдаг. Гэрч ХХХ нь "ХХХ" ХХК-ийн захирал ХХХтэй аливаа байдлаар хамаарал бүхий этгээд биш бөгөөд хариуцагч нартай хамаарал бүхий этгээд юм. ХХХ гэрчийн мэдүүлэг өгөхдөө зарим цаг хугацааг санаатай болон санамсаргүй байдлаар зөрүүтэй хэлсэн. Үнэн хэрэгтээ тэрээр болсон үйл явдал, маргааныг хамгийн сайн мэдэх хүн юм.

Мөн шүүх ... 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр явуулсан бараанаас будаа агшаагч, хуучин компьютер, гутал, машины угаагч шингэн зэрэг нийт 64 800 иений барааг нэхэмжлэгч талаас хариуцагч нарт үнэгүй өгсөн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх тул нийт 196 800 иенийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасав ..." гэжээ. Гаалийн баримт бичигт бичигдсэн бараа, материалыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үнэ төлбөргүй шилжүүлж байгаа талаар баримт байхгүй. Харин үзлэг хийсэн баримтанд дугуйны үнийн асуудал яригдсан байдаг. Тухайн эд зүйлийн үнийг бичээгүй бол үнэ төлбөргүй, зээл, тусламжийн бараа гэх мэтээр тэмдэглэл хийлгэдэг ба харин тоо ширхэгийг нь тэмдэглэдэг. Талуудын дунд хуучин бараа болон зарим нэг шинэ барааг худалдах, худалдан авах харилцаа үүссэн болохоос үнэ төлбөргүй шилжүүлэх аливаа хэлбэрийн харицаа үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хасаж шийдвэрлэсэн 38 753 802 төгрөгийг нэмж хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ, ХХХХ болон өмгөөлөгч ХХХ нар давж заалдах гомдолдоо: Шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Зохигчид маргааны зүйл болох дугуйг худалдах, худалдан авах гэрээгээр тохироогүй бөгөөд зөвхөн ачуулсан дугуйг ангилж түүний хэлснээр худалдаалж байсан нь нэг талаас барааг зээлээр авч байсан, нөгөө талаас даалгаварын дагуу үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэж болохоор байна. Гэрээний гол нөхцөл болох үнийг тохироогүй байхад шүүх худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй. Иймээс, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг хянуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 7 237 600 иений барааг хариуцагч нарт явуулсан гэдэг боловч тухайн бараанд төлсөн нэг ч татварын баримт хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7 237 600 иений барааг хариуцагч нарт ирүүлсэн, хариуцагч нар 5 814 800 иений барааг хүлээн авсан, Гаалийн ерөнхий газрын жишиг үнээр 6 359 117 иений барааг ХХХХ ХХК-иас хариуцагч нарт ирүүлсэн гэж үнийг өөр өөрөөр тодорхойлж байгаа тул нотлох баримтыг харьцуулан үнэлж зохигчдын үнээр бус гаалийн үнийг баримталж хэргийг шийдвэрлэж болох байсан. Хариуцагч нэхэмжлэлийн 3 дахь шаардлага дээр маргадаггүй учраас 1 257 000 иен дээр бусад шаардлагын үнийн дүнг Гаалийн ерөнхий газрын жишиг үнээр үнэлж 4 874 557 иенийг нэмбэл 6 131.557 иений дугуйг хүлээж авсан байна. Тийм учраас нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд гаргасан үнийг баримтлахгүйгээр Монгол улсын Гаалийн үнийг баримталж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагч ХХХгаас 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 203 600 иений 1038 ширхэг барааг ирүүлсэн ба дугуйнаас бусад эд зүйлийн үнэ болох 64 900 иений барааг шүүх хасч шийдвэрлэсэн бөгөөд харин ХХХийн дүү ХХХ-д 2015 оны 10 дугаар сарын 10-нд өгсөн 240 000 иен, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд өгсөн Цэцэг төвөөс 118 500 иенийг худалдаж аваад ХХХ-д бэлнээр өгсөн 450 000 иен, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд Цэцэг төвийн валют арилжааны төвөөс үүдэнд 6 800 000 төгрөгийг 406 250 иенд тооцож өгснийг шүүх нотлох баримтгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхад нэхэмжлэлийн шаардлагаас 856 490 иенийг хасч тооцоогүйд гомдолтой байна. Мөн шүүх ХХХ-ийн дугуйны үнэ 196 800 иенийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс дутуу хасч тооцсон. Нэхэмжлэгч, хариуцагч нарын үнэ зөрүүтэй байхад шүүх Гаалийн ерөнхий газрын жишиг үнийг баримталж 6 131 557 иенээр тооцоод, бэлнээр дансанд шилжүүлсэн 3 760 000 иен, бусад бэлнээр төлсөн 1 603 290 иенийг хасч тооцоод үлдэгдэл болох 768 267 иенийг төлөх тооцоолол гарч байна. Үүнээс хариуцагч ХХХХ 746 800 иен, хариуцагч ХХХ 856 490 иенийг тус тус хасч тооцохоор байгааг анхаарч үзэж хариуцагч нар нэхэмжлэгчид хичнээн иен төлөхийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтанд ХХХХ ХХК нь 1 гишүүнтэй компани бөгөөд дээрх төлбөрийг ХХХ ХХК-ийн данс руу заавал хийнэ гэсэн тохиролцоо зохигчдын хооронд байхгүй, ХХХийн өөрийнх нь хүсэлтийн дагуу бэлнээр өгч байсан иенийг хасч тооцохгүй байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүхийн журмаар Гаалийн ерөнхий газраас тухайн үед ирүүлж байсан контейнерийн гаалийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргуулсан ба уг баримтаар контейнер авах бүрт гаалийн үнэ 16,45-аас 16,62 иений хооронд байсан нь нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар иений ханшийг 23,49 гэж тооцсон. Зөвхөн ханшийн зөрүүнээс 34 264 812 төгрөгийн зөрүү үүсч, хариуцагч нарт их хэмжээний алдагдал гарч байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч ХХХ, ХХХХ нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар үнийн дүнг эс зөвшөөрөн маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч нарт 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1296 төрлийн эд зүйлийн үнэ 1 533 000 иен, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 1680 ширхэг эд зүйлийн үнэ 1 938 000 иен, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1342 ширхэг эд зүйлийн 1 257 400 иен, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1146 ширхэг эд зүйлийн 1 305 600 иен, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1038 ширхэг эд зүйлийн үнэ 1 203 600 иен, нийт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1296 төрлийн эд зүйлийн тоо ширхэг дээр маргаагүй боловч үнийн дүнг 1 201 000 иенээр төлөхийг, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1468 ширхэг эд зүйлийн үнэ /дугуй/ 1 391 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1342 ширхэг эд зүйлийн 1 257 400 иенийг төлөхийг, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1146 ширхэг эд зүйлийн/дугуй/ 1 031 400 иенээр төлөхийг, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1038 ширхэг эд зүйлийн үнэд 934 200 иен төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбар гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь:

- 4 ширхэг хүүхдийн сандал, 6 ширхэг дугуйны гинжийг надад бэлэглэсэн,

- 196 800 иен буюу 102 ширхэг дугуй нь иргэн ХХХгийнх, ХХХ өөрөө ирээд 195-65-15 маркын 272 ширхэг дугуй, 115-65-15 маркын 80 ширхэг дугуй, 205-55-16, 215-60-16 маркын 124 ширхэг дугуйнуудыг хямдруулан зарахаар тохиролцсон гэсэн тайлбарыг гаргаж, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц нийт 75 000 иений үнэтэй барааг иргэн ХХХ авсан,

- хуучин будуу агшаагч 1 ширхэг, хуучин компьютер 1 ширхэг, усны хос гутал 2 ширхэг, машин угаагч шингэн саван 2 ширхэгийг хаях гэж байгаа эд зүйл гэхээр нь контейнерт хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

Зохигчид гэрээний үнийн дүнгийн талаар маргаж өөр өөр тайлбар гаргаж, мэтгэлцэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дахь хэсэгт заасан бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа ,төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг заах учиртай. Гэтэл талууд гэрээг дээрх нөхцлийг тусгасан бичгийн гэрээг байгуулаагүй худалдах-худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, эд зүйлийг хүлээн аваад, үнийг нь шилжүүлж байсан байх тул талуудын хоорондын харилцаанд зээлээр худалдах-худалдан авах гэрээний онцлог зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХ, ХХХХ нар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч нар уг үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ХХХХ ХХК нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ХХХ, ХХХХ нараас үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч нар гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 5 814 600 /1 201 000 + 1 391 000 + 1 257 000 + 1 031 400 + 934 200/ иенийн барааны үнийг буцаан төлөх төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. /1хх-ийн 62-64 тал/

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч ХХХ, ХХХХ нараас барааны үлдэгдэл төлбөрт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч талаас Худалдааны нэхэмжлэх хуудас-ыг нотлох баримтаар ирүүлсэн байгаа боловч уг баримтыг худалдах, худалдан авах гэрээний үнэ гэж үзэх боломжгүй байна. Харин зохигчид зээлийн гэрээний үүрэгт 2 250 000 иенийг буцаан төлсөн асуудлаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчид 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 850 000 иен, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 360 000 иен , гэрч ХХХгийн ачуулсан гэх эд зүйлийн үнэ 75 000 иен, контейнерт ирсэн хуучин эд зүйлс буюу будаа агшаагч 1 ширхэг, хуучин компютер 1ширхэг, усны хос гутал 2 ширхэг, машин угаагч шингэн саван 2 ширхэгийн үнэ 64 800 иенийг төлөх үнийн дүнгээс хасч тооцсоныг буруутгах боломжгүй байна.

 

 

 

 

Хариуцагч нар нь 300 000 иенийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ХХХийн дансанд шилжүүлсэн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээрх мөнгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх 300 000 иенийг хасч тооцсон нь буруу болжээ.

 

Хариуцагч ХХХ, ХХХХ нар 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж зэрэг хуучин барааг өөрт нь бэлэглэсэн гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал дээрх эд зүйлсийг хариу төлбөртэйгээр худалдсан гэх байдлаа нотлоогүй байна.

 

Хариуцагчид болон тэдний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...худалдах, худалдан авах гэрээний үнийг Монгол Улсын гаалийн мэдүүлэгт бичигдсэн үнийн дүнгээр тооцно гэсэн үндэслэл заасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хариуцагч нарын хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан гэрээний үнээс гаалийн мэдүүлэгт бичигдсэн үнэ нь бага байх тул уг үнээр тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 5 814 600 иенээс талуудын маргаагүй 2 250 000 иен, ХХХ ХХК-ийн дансанд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 850 000 иен, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 360 000 иен, гэрч ХХХ-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа эд зүйлийн үнэ 75 000 иен, 102 ш дугуйны үнэ буюу 196 800 иен, мөн хуучин эд зүйлийн үнэ 64 800 иен, нийт 3 796 600 иенийг хасч үлдэх 2 018 000 иенийг төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх иенийн ханшийг тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдэрт зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...78 404 922 төгрөг ... гэснийг ...47 402 820 төгрөг .. гэж,

 

2 дахь заалтын 549 975 төгрөг гэснийг 394 964 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч ХХХ, ХХХХ нараас төлсөн 467 957 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО