Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/02237

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/02237

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02167 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХХ-т холбогдох

 

ХХХХ-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 844 333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ХХХХ-ийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд мэргэжилтнээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний нэр дээр мэдэгдэл ирүүлж, мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээ дууссан тул ажлаас чөлөөлөв гэсэн байсан. Уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг ажил олгогч баримталсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдолыг гаргаж байна. Иймд ХХХХ-ийн ХХХХ надад холбогдох тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж, байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тушаал хэлбэрээр гаргана гэж заасан. Тушаал гэдэг нь Монгол улсад хэрэглэгдэх оноосон нэр бөгөөд хариуцагч байгууллагын хувьд тухайн ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан мэдэгдэх хуудас хүргүүлснээр хүчин төгөлдөр гэж үзнэ. Тус мэдэгдэх хуудсыг шүүхэд ирүүлсэн. Үүнийг Монгол улсын хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ХХХХ нь харуицагч байгууллагад хуульчаар ажиллаж байсан бөгөөд байгууллагын дотоод дүрэм, журмыг маш сайн мэдэж байгаа. Хариуцагч тал хэзээ ч төслийн хэрэгжих хугацаанаас давуулж гэрээ байгуулдаггүй бөгөөд энэ талаар манай байгууллагын ажил эрхлэлтийн гарын авлага дээр тодорхой заагдсан байгаа. Энэ журмын дагуу төсөл хэрэгжих хугацааг дуусах хүртэлх хугацаагаар гэрээ байгуулагдсан. Хариуцагч байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч талуудын яриад байгаа шиг байнгын эсхүл түр ажлын байр гэсэн ойлголт байхгүй бөгөөд дэлхийн 120 гаруй оронд 3 жилийн хугацаатай төслөө хэрэгжүүлдэг байгууллага учраас байнгын ажлын байр гэж байдаггүй. Түүнчлэн тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоод дараагийн төслийг эхлүүлэхдээ өмнө нь ажиллаж байсан эсэхээс үл хамаарч дараагийн ажилтануудыг заавал сонгон шалгаруулалтын журмаар авдаг журамтай. Нэхэмжлэгч тал энэ талаар сайн мэдэж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан төсөл дуусах гэж байгаа талаар өмнө нь анхааруулж, мэдэгдэх хуудсыг хугацаанд нь өгсөн боловч тэрээр дараагийн сонгон шалгаруулалтанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын дотоод журмыг зөрчсөн атлаа нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч ХХХХыг ХХХХ-ийн Төсвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 854 333 төгрөгийг хариуцагч ХХХХ-ээс  гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХХХХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  ХХХХ-ээс 188 619 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй. Шүүх нэхэмжлэгч ХХХХыг "байнгын ажлын байранд ажиллаж байсан" гэж үзсэн нь эрх зүйн алдаатай дүгнэлт болжээ. Ажил олгогч болон ажилтаны хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 1.4-т "төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна" гэж тохиролцжээ. Энэ тохиролцоог хууль бус, эс зөвшөөрөх талаар нэхэмжлэгчийн зүгээс аливаа гомдол, санал, хүсэлт гаргаагүй болно. Иймд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний эрхзүйн байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй атлаа ХХХХ-ын "албан тушаал хадгалагдаж байгаа" гэж, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн хийсвэр дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч ХХХХ өмнөх төслийн хугацаа дууссаныг мэдэж байсан тул шинэ төсөл эхлэн хэрэгжихэд үргэлжлэн ажиллах сонирхолтой байсан бол сонгон шалгаруулалтанд орох бүрэн боломжтой байсан. Шүүх "өмнөх төсөл үргэлжилж байгаа" гэж үзэхдээ уг төслийн үил ажиллагааны чиглэл, зорилго, агуулгын өөрчлөлтийг анхаараагүй байна. Нэхэмжлэгчийн "албан тушаал хадгалагдаж байгаа" гэж шүүх алдаатай дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааны үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй.

Монгол дахь ХХХХ ийн ажил эрхлэлтийн гарын авлага"-ын 3 дугаар зүйлийн 3.1-т ХХХХ ийн Суурин Төлөөлөгчийн Газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас хэтрэхгүй байна. Мөн гэрээ нь Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль" болон ХХХХ -ийн дотоод дүрэм, журам, зохицуулалтуудын хүчинтэй хувилбар нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохоор зохицуулсныг ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар ажилтанд тавигдах шаардлага, гэрээ ба ажил эрхлэлтийн гарын авлагад тусгагдсан заалтуудыг хүлээн гэж зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасан. Мөн гарын авлагын 10-т "боловсон хүчний цомхотгол нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох" үндэслэл болно гэсний дагуу ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас 1 сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болох хугацааг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан болно. Иймд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой хэмээн дүгнэж, ажил олгогчийг буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснийг үндэслэсэн нь буруу. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох болон ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тухай эрх зүйн зохицуулалтын ялгааг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээг цуцалсанаас биш ажилтныг ажлаас нь халаагүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХХ-т холбогдуулан тус нийгэмлэгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 844 333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...нэхэмжлэгч ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заавал тушаал, шийдвэр гаргах шаардлагагүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХтай Хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор мэдэгдэл өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 3-10 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар албан ёсны шийдвэр гаргаагүй гэж тодорхойлсон.

 

Анхан шатны шүүх ажил олгогч, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө албан ёсны шийдвэр гаргахгүй хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргасан нь буруу, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан гэрээ дуусгавар болсныг мэдэгдэж, мэдэгдлийг нэхэмжлэгч ХХХХт өгчээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоход ажил олгогчийн зүгээс тусгайлан тушаал гаргах талаар хуульд заагаагүй тул энэхүү мэдэгдэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг илэрхийлсэн баримт бичиг болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар Ажилтаны буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажил олгогч нь тусгайлан тушаал, шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл бүрддэг.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөлдөлдмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснийг ажил олгогчийн санаачилгаар ажилтанг ажлаас нь халсан тохиолдолд хэрэгжүүлэх заалт гэж үзнэ. Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нөхцөл хамаарахгүй тул ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан боловч тус зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан тул анхан шатны шүүхээс байнгын ажлын байранд хариуцагч байгууллага хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг буруутгасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Талууд Хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хугацааны хувьд талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Ажил олгогч ХХХХ нь ажилтан ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02167 шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХХХХ-ын ХХХХХХ-т холбогдуулан гаргасан ХХХХ-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, төсвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 844 333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО