Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00398

 

П.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02167 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/2237 дугаар магадлалтай

П.Э-ын нэхэмжлэлтэй

“Г”-т холбогдох

“Г” /GIZ/-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 844 333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Г” /GIZ/-ийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд мэргэжилтнээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний нэр дээр мэдэгдэл ирүүлж, мэдэгдэлд “хөдөлмөрийн гэрээ дууссан тул ажлаас чөлөөлөв” гэсэн байсан. Уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг ажил олгогч баримталсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд “Г” (GIZ)-ийн П.Э- надад холбогдох тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж, байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тушаал хэлбэрээр гаргана гэж заасан. Тушаал гэдэг нь Монгол Улсад хэрэглэгдэх оноосон нэр бөгөөд хариуцагч байгууллагын хувьд тухайн ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан мэдэгдэх хуудас хүргүүлснээр хүчин төгөлдөр гэж үзнэ. Тус мэдэгдэх хуудсыг шүүхэд ирүүлсэн. Үүнийг Монгол Улсын хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч П.Э- нь хариуцагч байгууллагад хуульчаар ажиллаж байсан бөгөөд байгууллагын дотоод дүрэм, журмыг маш сайн мэдэж байгаа. Хариуцагч тал хэзээ ч төслийн хэрэгжих хугацаанаас давуулж гэрээ байгуулдаггүй бөгөөд энэ талаар манай байгууллагын ажил эрхлэлтийн гарын авлага дээр тодорхой заагдсан байгаа. Энэ журмын дагуу төсөл хэрэгжих хугацааг дуусах хүртэлх хугацаагаар гэрээ байгуулагдсан. Хариуцагч байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч талуудын яриад байгаа шиг байнгын эсхүл түр ажлын байр гэсэн ойлголт байхгүй бөгөөд дэлхийн 120 гаруй оронд 3 жилийн хугацаатай төслөө хэрэгжүүлдэг байгууллага учраас байнгын ажлын байр гэж байдаггүй. Түүнчлэн тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоод дараагийн төслийг эхлүүлэхдээ өмнө нь ажиллаж байсан эсэхээс үл хамаарч дараагийн ажилтнуудыг заавал сонгон шалгаруулалтын журмаар авдаг журамтай. Нэхэмжлэгч тал энэ талаар сайн мэдэж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан төсөл дуусах гэж байгаа талаар өмнө нь анхааруулж, мэдэгдэх хуудсыг хугацаанд нь өгсөн боловч тэрээр дараагийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын дотоод журмыг зөрчсөн атлаа нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02167 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Э-ыг “Г” /GIZ/-ийн Төсвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 854 333 төгрөгийг хариуцагч “Г” /GIZ/-ээс гаргуулж, нэхэмжлэгч П.Э-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Г” /GIZ/-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Г” /GIZ/-ээс 188 619 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/2237 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02167 шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Э-ын “Г”т холбогдуулан гаргасан “Г” /GIZ/-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, төсвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 844 333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Г”ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Байнгын ажлын байранд нэхэмжлэгчийг анх ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон нөхцөл тодорхойгүйн улмаас “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл нь хуульд нийцсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд хэрэв талууд тодорхой нөхцөл зааж харилцан тохиролцсон, эсхүл эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болдог. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаарх талуудын тохиролцоо болон хуульд заасан нөхцөл тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Хэрэв ажил олгогч нь ажилтанг хугацаатай ажиллуулах болсон үндэслэл, шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1  дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг дүгнэхдээ, “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, улмаар буруу жишиг тогтоох үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т нийцсэн байна.

П.Э- нь “Г”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар П.Э- нь Монгол дахь “Г”-т Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хуулийн зөвлөх албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил олгогчийн мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулснаас гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор батлагдсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг байнгын ажлын байр” гэж тодорхойлсон байх бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, 23.2.2.-т дээр дурдсан хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан байна.

Хариуцагч “Г” нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газрын санхүүжилт, захиалгаар хөгжлийн бодлогын хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр хөгжиж буй орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага байна.

Тус төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь  төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ажил олгогч, түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч, гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно.

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1./4/-т “тус хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж харилцан тохиролцсон байх ба гэрээний хугацаа сунгагдаагүй тул ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 31-нээр ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/2237 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э-ын өмгөөлөгч Ч.Жадамбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД