Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/02167

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш ХХК- д холбогдох

 

 Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А,  хариуцагчийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Ш ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, хамтран ажиллаж тус компанийн барьсан орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулахад зуучлалын үйлчилгээ үзүүлж ажилласан.

Хамтын гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт худалдан борлуулсан обьектын үнийн дүнгийн 4 хувиар тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 51.600.000 төгрөгийг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч хариуцагч компанийн зүгээс төлбөр төлөх талаар санаачлага гаргахгүй байх тул “Ш ” ХХК-иас манай компанид тооцоо нийлж хандсан 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №16/49 тоот тодорхойлолтод дурдсан 51.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээ байгуулж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ гэрээг дүгнэх үед би өвчтэй байсан учраас захирал хариуцлагагүй хандаж, 51.600.000 төгрөг дээр гарын үсэг зурсан байсан.

Энэ барилга анхнаасаа банкны зээлтэй байсан. Ордер гаргуулах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан боловч зээлийн төлөлтийн хэмжээ хангалттай болоогүй байгаа учраас одоогоор боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Түүнээс бүр хураалгасан асуудал бол биш. Борлуулалтын алба яагаад хариуцлагагүй хандсан гэхээр 14 захиалагч буцаалт хийлгэсэн байгаа.

Гэрээний дүнгээр 1 тэрбум гаруй төгрөгийн буцаалт айл өрхүүд хийсэн байгаа. Тухайн үедээ тооцоо нийлсэн акт үйлдээд явсан боловч буцаалт хийсэн айлын тооцоо үнийн дүнгээс хасагдах ёстой байсан. 51.600.000 төгрөгийг тухайн үедээ шүүхийн шийдвэрт юмаа хураалгах гээд байгаа юм гэх мэт тухайн үед янз бүрийн шаардлага тавьж байгаад нотолгоо гаргуулж авсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б  ХХК нь хариуцагч Ш  ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй боловч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зуучлалын гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй, олон байр буцаалт хийгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 13-001 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Шүрэн ХХК-ийн талбайд барих 80 айлын орон сууц болон гараашийг гэрээнд заасан зуучлан борлуулж, зуучлалын хөлс авахаар харилцан тохиролцсон байна.

 

2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 дугаар “Шүрэн ХХК болон Б  ХХК хооронд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээ /13-001/-ний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, Б  ХХК-ийн ажлын хөлс 4 хувь байх ба 130.752.000 төгрөгөөс үл хэтэрнэ гэж тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ш  ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14/31-ний өдөр хамтран ажиллах гэрээг үндэслэн “...зүүн корпус 7 давхрын 2 өрөө 41.49 м.кв талбай бүхий орон сууцыг Б  ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь үнэн болно” гэж, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16/49 тоот албан бичгээр “...Уг байрны борлуулалтаас орсон 51.600.000 төгрөгийг танай компанид дараах хуваарийн дагуу “Б  ХХК”-д эргүүлэн төлөх боломжтой байна. Үүнд: 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны 11.600.000 төгрөг, ...Бид барилга ашиглалтад өгсний дараа захиалагчдаас үлдэгдэл төлбөрийг авч дээр дурдсан төлбөрийг барагдуулах боломжтой болох юм” гэж тодорхойлолт гаргаж өгчээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь уг тодорхойлолтыг нэхэмжлэгч талын гуйлтын дагуу гаргасан, байрны борлуулалтаас буцаалт хийгдсэн тооцоо нийлж, тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлнэ гэж тайлбарлах боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Үүрэг бүхий этгээд бусдад төлөх төлбөрийн үнийг зааж, хугацаа тогтоосон албан бичгийг үүрэг гүйцэтгэх баталгаа гэж үзэх ба уг албан бичигт заасан үнийн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...нотлох баримт гаргах боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

Б  ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж аваад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Хариуцагч Ш  ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Дашравдан гардаж авсан, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудас дахин хүргүүлэхэд Идэр гардаж авсан атлаа шүүхийг үл хүндэтгэн хүрэлцэн ирээгүй.

 

Хариуцагч талаас 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлөөлөгч томилж, нэхэмжлэлийн хувийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариуцагчийн тайлбар ирүүлээгүй тул хүсэлт шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Б.Дашравданд өмгөөлөгч авах эрхийг итгэмжлэлээр олгосон байхад захирлыг гадаадаас ирэхээр өмгөөлөгч авна гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ш  ХХК-иас 51.600.000 /тавин нэгэн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б  ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч Ш  ХХК-иас 51.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б  ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 415.950 төгрөг гаргуулж, хариуцагч Б  ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР