Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 44

 

Б.О нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 22 дугаар магадлалтай, Б.О, Г.П, Н.О нарт холбогдох 1916001060062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Г овогт Б.О, 

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Г.П,

3.Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Р овогт Н.О.

Шүүгдэгч Б.О, Г.П, Н.О  нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.О, Г.П нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Оыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Оыг 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Оын өмчлөлийн 52-05 ГАА улсын дугаартай Мицүбиши эл-200 загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 68-79 УБЯ улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, 01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Эрдэнэсүхэд буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Энхзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, магадлалынхаа тодорхойлох хэсэгт “Б.О, Г.П нарыг шүүгдэгч Н.Отай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байна” гэж дүгнэсэн атлаа шүүх бүрэлдэхүүн дараах зүйлийг нарийвчлан анхаараагүй.

1.2019 оны 3 дугаар сарын 8-нд Б.О, Г.П нарт хулгай хийх, өвс авах гэсэн санаа зорилго, хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Миний хоёр үйлчлүүлэгч Алтай сумаас Цогт сум руу хувийн ажлаар явж байсан ба өвс авалцаад өгөөч гэсэн Н.Оын үгэнд итгэж хамт явсан.

2.Б.О, Г.П нар нь Цогт суманд өвсний байршил, хашаа хаана байдаг эсэх, орчин газар мэдэхгүй, нутгийн иргэн Н.Оын үгэнд орж явахдаа хулгайн зүйл гэдгийг мэдээгүй, Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч дуудахаар Б.О, Г.П нар мэддэг.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж миний 2 үйлчлүүлэгчийн үйлдлийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдэл хийхэд нь нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй. Аливаа гэмт хэргийн субъектив шинж нь нотлогдсон байх ёстой. Гэтэл Б.О, Г.П нар сэдэлт, зорилго, ашиг сонирхлоороо нэгдсэн субъектив шинж нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Б.О, Г.П нарт өвс авч ашиглах зорилго байгаагүй, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхэд зайлшгүй байх гэм буруугийн санаатай хэлбэр нь тогтоогдоогүй байхад анхаарч үзэлгүй, яллах талыг хэт барьж дүгнэлт хийж магадлал гаргасан тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.О, Г.П, Б.О нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдэн, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогджээ.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Истана маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар уг тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгож ирүүлсэн байхад шүүгдэгч нараас үнийг гаргуулахаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.О, Г.П, Н.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.О, Г.П, Н.О нарыг бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэл ашиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газарт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О, Г.П нар нь шүүгдэгч Н.Отай хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр харилцан тохиролцоогүй, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгоогүй, түүнчлэн шүүгдэгч Н.Оыг гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй, өөрийнхөө авах ёстой зүйлээ авч байна гэж ойлгон түүнд нь тусалсан болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О, Г.П нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Б.О, Г.П, Н.О нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд шүүгдэгч нар нь Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны газрын Захуйн-Ус гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас өвс хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “...яллах талыг хэт барьж магадлал гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                                  ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                                  ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН   

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН          

                                                                                                                           Д.ГАНЗОРИГ     

                                                                                                                           Ч.ХОСБАЯР